sonin.mn

Улсын хэмжээнд дутагдалтай байгаа цус цусан бүтээгдэхүүний нөөцөд хувь нэмэр оруулж өнөөдөр Тахарын албаныхан “Цус бэлэглэх өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.

Тус албаны ажилтан, алба хаагч нар амь нас нь хором мөчөөр хэмжигдэж байгаа өвчин зовлонд нэрвэгдсэн, цус цусан бүтээгдэхүүн зайлшгүй шаардлагатай байгаа дөнгөж төрсөн нярай болон эхчүүд, гэнэтийн гамшиг, авто осолд орон шаналж байгаа хүн бүрт туслахаар цусаа хандивласан юм.

Цус цусан бүтээгдэхүүний нөөц бүлгийн хамааралттайгаар хомсдолтой байгаа бөгөөд жирийн өдрүүдэд 80-100 орчим иргэн цусаа өгдөг байна. Хангалттай нөөц бүрдүүлэхийн тулд энэ хэмжээг нэмэгдүүлж хоёр дахин их хүн цусаа өгөх шаардлагатай гэдгийг тус төвийн захирал Н.Эрдэнэбаяр хэллээ.

ДЭМБ-аас тухайн улсын нийт хүн амын гурван хувь нь байнгын донор байхад тухайн улс орон өөрийн орны цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж  байна гэж үздэг. Гэтэл манайд энэ үзүүлэлт 0.8 хувьтай байдаг аж. Тус үйл ажиллагаанд Тахарын ерөнхий газрын 80 гаруй ажилтан, алба хаагч оролцов.

Ж.Болор

Эх сурважл: "Монцамэ" агентлаг