sonin.mn

ЛОНДОН. /France-Press/. Баруун Африкт Эбола вирусийн халдвар тархсаны улмаас агаарын тээврийн “British Airways” компани Либери болон Сьерра-Леон улсад үйлддэг нислэгээ зогсоосон байна. Эдгээр улсад арванхоёрдугаар сарын 31 хүртэл нислэг үйлдэхгүй.

“British Airways” компаниас гадна “Emirates”, “ASKY”, “Korean Air” зэрэг хэд хэдэн компани аюултай вирусээр үүсгэгдсэн өвчний тохиолдол бүртгэгдсэн орнуудад үйлдэх нислэгээ цуцалсан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ өчигдөр Сьерра-Леоны зүүн нутаг дахь лабораториос мэргэжилтнүүдээ татсан байна. Тус байгууллагын ажилтнуудын нэг нь Эбола вирусийн халдвар авсны дараа ийм шийдвэр гаргажээ. "Энэ нь ажилтнуудынхаа аюулгүй байдлыг зайлшгүй хангахын тулд түр хугацаанд авсан арга хэмжээ" гэж тус байгууллагын хэвлэлийн нарийн бичгийн дарга Кристи Фейг мэдэгдсэн байна.

Эбола вирусийн дэгдэлт энэ оны хоёрдугаар сард Гвиней улсад эхэлсэн юм. Дараа нь хөрш Сьерра-Леон, Либери болон Нигери улсад тархсан байна. Аюултай вирус Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад дэгдсэн нь наймдугаар сарын 25-нд тодорхой болсон.

Тус улсад уг вирусээр наад зах нь хоёр хүн нас баржээ. ДЭМБ-ын хамгийн сүүлийн мэдээллээр, вирусийн халдвараар 1427 хүн нас барсан бол халдвар авсан 2600 гаруй тохиолдол бүртгэгджээ.

Д.Жаргал

Эх сурважл: "Монцамэ" агентлаг