sonin.mn

Орчлон ертөнцийн гол нууцыг танин мэдэхийн тулд эртний  хүмүүс олон аргыг хэрэглэдэг байсан бөгөөд тэдгээрийн гол жолоодлого болгож байсан онол нь байгаль ертөнц, бодисоос бүрддэг бөгөөд тэдгээр нь хоорондоо нягт уялдаа холбоотой гэж үздэг таван махбодийн онол, Арга билгийн сургаал юм. Энэ онол нь байгаль ертөнцийг танин мэдэх аргын гол жолоодлого болж байсныхаа нэгэн адил дорно дахины анагаах ухааны гол тулгуур онол болдог. Дорно дахины анагаах ухаанд хэрэглэдэг Хий, Шар, Бадганы онол , цул савын онол, үндсэн зургаан өвчний онол гэх мэт онол сургаалуудыг таван махбодь, арга билгийн онолоор задлан тайлбарладаг.

Аливаа бодисыг таван махбодид хураангуйлж таван махбодийн чадал, эрдэм, үйлдэл, харилцаа холбоонд түшиглэн байгаль ертөнц дэх юмс үзэгдлийн үүсэл, хөгжил, мөхлийн ерөнхий зүй тогтлыг тайбарласан ухааныг таван махбодийн онол гэнэ. Эртний Энэтхэг, Грек, Хятадын эрдэмтэд ертөнцийн түмэн бодис бол бурханы бүтээл биш хэдэн зүйлийн анхны бодис хувиран хөгжсөний үр дүн гэж үзэж байв.

Энэ хэдэн бодисыг эртний Энэтхэгийн эрдэмтэд шороо, ус, хий, төмөр, хожим нь огторгуй , эртний Грекийн эрдэмтэд шороо, ус, хий, төмер дөрвөн, эртний Хятадын эрдэмтэд мод, төмөр, шороо, гал, ус гэж үзэж байв. Тэд бодисын хувирап хөгжлийн явцад арга билгийн ёсоор эсрэг, тэсрэг хирнээ харилцан нэгдэх хууль байгааг мэдэж түүнийг тайлбарлахын тулд хүмүүсийн сайн мэддэг таван бодисын шинж чанар болон тэдгээрийн уялдаа холбоог гаргах оролдлого хийсэн.

Таван махбодийн сургааль нь ертөнц бол анхны зарим зүйлийн бодисоос үүсч,тэдгээрийн хувирал хөгжлийн дүнд бий болсон гэж үздэг гүн ухааны үзэл юм. Энэ сургаалын гол ач холбогдол нь эртний анагаах ухааны системчлэгдэхэд гол түлхүүр болсонд оршино.

Дорно дахины анагаах ухаанд таван махбодийн сургаал хоёр зүйл байв.
1.Эртний Энэтхэгээс гаралтай одон зурхайн таван махбодь Үүнд: шороо, ус, гал, хий, огторгуй
2.Эртний Хятадаас гаралтай хар зурхайн таван махбодь Үүнд: мод, гал, шороо, төмөр, ус Монгол АУ энэ хоёр зүйлийн таван махбодийн сургаалыг хэдэн зуун жил хэрэглэж ирсэн боловч Дорно дахины анагаах ухааны гол тулгуур онол болох Хий, Шap, Бадганы онолтой уялддагийн хувьд одон зурхайн таван махбодийн онолыг өргөн хэрэглэдэг.

Одон зурхайн таван махбодийн онол
Одон зурхайн таван махбодь нь шороо, ус, гал, хий, огторгуй юм. Эртний зохиолуудад таван язгуур эх, таван их гарал ч гэдэг. Эдгээр махбодийн шинж чанар хоорондын уялдаа холбоогоор байгаль ертөнц дэх юмс үзэгдлийн үүсэлт, шинж чанар, харилцан холбоог тайлбарлах онолыг Одон зурхайн таван махбодийн онол гэнэ.

Энэ онол нь Энэтхэгт буй болжээ. Одоогоос 2500 гаруй жилийн өмнө Энэтхэгийн эрдэмтэд шороо, ус, гал, хий дөрвөн махбодийн онол гаргасан ба хожим бодис юмс үзэгдлийн оршин тогтнох, арвижин дэлгэрэх, хөдөлгөөний зай завсар болох огторгуй махбодь нэмэгдсэнээр одон зурхайн махбодь бий болсон. Энэ нь эртний анагаах ухаан болох Аюурведийн онолын гүн ухааны жолоодлого болсон.

Хожим Түвд, Уйгараар дамжин XIV зууны үеэс Монголд нэвтэрсэн. Үүнээс хойш Монгол анагаах ухаанд хүний биеийг бүтээж буй гурван махбодь, долоон тамир, гурван хир, өвчин үүсгэх дөрвөн нөхцөл, өвчний зүй, өвчин таних ухаан, анагаах зарчим, засах ерөндөг зэргийг одон зурхайн таван махбодиор тайлбарлаж иржээ.

Одон зурхайн таван махбодийн тус тусын онцлог
Одон зурхайн таван махбодийн онолд махбодь тус бүрийн онцлог чанарыг чанар, эрдэм, үйлдэл гэсэн гурван зүйлээр тодорхойлдог. Одон зурхайн таван махбодийн онолоор ертөнцийн ахуй бодисын шинж чанарыг таван махбодид төрөлжүүлэх ба таван махбодийн холбогдлоор түүний үүсэл хувирал хөгжлийг тайлбарлана.

Ийм учраас бодисыг таван махбодид төрөлжүүлэхэд тус тусын онцлогийг мэдэх хэрэгтэй. Энэ тухай Бэсрид Санжаажамцын "Цагаан биндэрьяа " зохиолд бичсэнээр:
1. Шороо: Хатуу, чийрэг, хүнд чанартай дүрс, дуу, үнэр, амт хүрэлцэхүйн таван эрдэмтэй. Ахуй бодисын руурь түшиг болж, тогтворжуулах, хүндрүүлэх үйлдэлтэй.
2. Ус: Чийглэг, нойтон, үслэг шинж чанартай, дүрс, дуу, амт, хүрэлцэхүйн дөрвөн эрдэмтэй. Ахуй бодисыг төлжүүлэх, чийглэх, усжуулах үйлдэлтэй.
3. Гал: Халуун чанартай. Дүрс дуу хүрэлцэхүйн гурван эрдэмтэй. Ахуй бодисыг халаах, боловсруулах, шатаах үйлдэлтэй.
4. Хий: Хөнгөн хөлбөрөнгүй чанартай. Дуу, хүрэлцэхүйн хоёр эрдэмтэй. Ахуй бодисыг хөнгөрүүлэх, хөдөлгөх, арвижуулах үйлдэлтэй
5. Огторгуй: Хөндий хоосон чанартай. Дууны ганц эрдэмтэй. Ахуй бодисын орших, арвижих, хөдлөх, орон зай болох ба зай гаргах үйлдэлтэй.

Махбодийн чанар гэдэг нь махбодь тус бүрийн дотоод шинж чанар буюу мөн чанарыг тусгасан ойлголт юм. Махбодийн эрдэм гэдэг нь хүний мэдрэхүйд сэрэгдэх ахуй бодисын тусгалуудыг хэлнэ. Махбодийн үйлдэл гэдэг нь үзэгдэл юмсын үүсэл хувиралтад таван махбодь тус бүрийн үзүүлэх үйлдлийг хэлнэ. Таван эрхтэнд сэрэгдэх ахуй бодисын тусгалаас олсон сэрлийг системчлэн боловсруулж бодисыг танина. Өөрөөр хэлбэл, ямар нэг махбодийн чанар үйлдлийг нь таньж цаашид ашиглана.

Одон зурхайн таван махбодийн төрөлжүүлэлт
Тухайн бодист шороо, ус, гал, хий, огторгуй таван махбодийн алиных нь чанар, эрдэм, үйлдэл илүү байгаагаас нь хамаарч таван төрөлд хувааж төрөлжүүлдэг. Ахуй бодис бүхэнд таван махбодь агуулагдах боловч тэдгээрийн харьцаа нь харилцан адилгүй байдаг. Үүнээс болж бодис нэг бүр нь хоорондоо адилгүй байдаг.

Жишээ нь:
Ус: ус, шороо, гал, хий дөрвөн махбодиос бүтэж, огторгуй махбодиор орон зайд орших боловч усан махбодийн харьцаа дийлэнх эзлэх учир усан махбодид төрөлжүүлж, бусад бодисоос ялгаж байна. Эртний зохиолд биеийн бүрэлдэхүүн ба холбогдол бүхий бодисыг таван махбодид төрөлжүүлсэн.
-Хий, шар, бадганыг билиг чанарын үүднээс төрөлжүүлсэн нь: хий- хий, шар- гал, бадган- ус, шороо


-Биеийн бүрэлдэхүүн ба эрхтэний үүслийн талаар таван махбодид төрөлжүүлсэн нь :
Шороо- мах, яс, хамар, үнэртэх мэдрэл үүснэ.
Ус- цус, хэл, амтлах мэдрэл услагийн хувь үүснэ.
Гал- илч,өнгө, нүд, үзэх мэдрэл үүснэ.
Хий- амьсгал, арьс, хүрэлцэх мэдрэл үүснэ.
Огторгуй- сүв, чих, дуу үүснэ.

-Эрхтэнүүдийг шүтээний үүднээс таван махбодид төрөлжүүлбэл:
Дэлүү- шорооны тунгалаг голлосон чийрэг хүндийн шүтээн.
Бөөр- усны тунгалаг голлосон нойтон, чийгийн шүтээн.
Элэг- галын тунгалаг голлосон биеийн илчийн шүтээн.
Уушиг- хийн тунгалаг  голлосон дотор амьсгалын шүтээн.
Зүрх- огторгуйн тунгалаг голлосон сэтгэлийн шүтээн.

Эртний зохиолд: Цул гэдэг бол шимийн охь дээжийн хурааж авдаг таван махбодийн чанартай тунгалгуудын шүтээн болгосны хувиар цул гэжээ. Энэ таван цул нь таван махбодийн тунгалгийн шүтээн болдог гэсэн үг. Үүнээс:
- Зүрх сэтгэл хоёр огторгуйд түшиглэх
- Уушиг амьсгал хоёр хийд түшиглэх
- Элэг илч хоёр галд түшиглэх
- Дэлүү хүнд чийрэг бол шороод түшиглэх
- Бөөр нойтон чийглэг тул усанд түшиглэх юм гэж нэг бүрийг аль махбодийн тунгалгийн шүтээн болох үүднээс махбодид төрөлжүүлнэ. Зургаан савыг таван махбодид төрөлжүүлбэл:
Зургаан сав бол таван махбодийн чанартай тунгалгийн цөвийг хураах сав. Учир нь, идээ ундаа идэж уухад ходоодонд тунгалаг цөв ялгарч, байдгаас цөв ходоодны доод биед хурна. Тэр нь шороо махбодьтой салс байдаг.

Ходоод нь дэлүүтэй барьцалдсан шороо махбодьтой цөвииг хураах сав. Ходоодноос ялгарсан тунгалаг элгэнд Ходоод нь дэлүүтэй барьцалдсан шороо махбодьтой цөвийг хураах сав. Ходоодноос ялгарсан тунгалаг элгэнд очиж цус болно. Цөс элэгтэй барилдсан тул цусны цөвийг хураах сав мөн.

Идээний цөв нь гал тэгшитгэгч хийн үйлдлээр олгойд цуглана. Учир нь, олгой бол уушигтай барилдсан хий махбодьтой уушигны цөвийг хураах сав мөн. Идээ ундааны цөв өтгөн шингэн болж ялгарсны шингэн нь шээс болно. Усан махбодьтой бөөр давсагтай барилдсан тул бөөрний цөвийг хураах сав нь давсаг юм. Таван махбодийн чанартай идээний цев гэдсэнд хурна.

Гэдэс нь зүрхтэй барилдсан огторгуй махбодийн цөвийг хураах сав. Биеийн тамирын эцсийн ялгаралт цагаан улаан дуслын цөв самст хурна. Учир нь самс бол таван махбодь хурсан чанартай таван цултай барилдсан байдаг. Мөн эмийн амт, чанар, хүч зэрэг нь таван махбодид төрөлжигддөг. Энэ мэтээр бодисын чанар үйлдэл, харьцаа холбоог тайлбарлахад таван махбодийн сургаалын онлын үндэс оршино.

Одон зурхайн таван махбодийн төралжүүлэл нь ямар нэг бодисын дотор илүү агуулагдаж буй таван махбодийн чанараар тулгуурладаг ба зарим бодис нэг махбодь дийлэнх, зарим нь хоёр махбодь тэнцүү байхаас болж нэг юмуу хоёр махбодид төрөлжигддөг .

Жишээ нь: Ходоод шороо махбодьтой бөөр усан махбодьтой г.м
Нэг махбодиор, Бадган-шороо, усан махбодьтой давслаг амт гал усан махбодьтой хоёр махбодид төрөлжинө.

Таван махбодийн элэгдэл
Зурхайн ухаанд мод, гал, төмөр, ус шороо гэсэн таван махбодийг хар зурхайн таван мод гэж нэрлэдэг. Энэ таван махбод нь байгальд тус тусдаа оршдог ба хоорондоо харилцан эсрэг, бие биенээ дайсагналцах шинж чанартай боловч нэгддэг, хязгаарлалцах атлаа бие биенээ түшиглэн оршдог.

Байгаль дэлхийд оршигч бүхэн найрлаганд нь орсон байдаг. Энэ онцлогийг ашиглан таван махбодийг эх хөвүүн, дайсан нөхрийн харьцаагаар хувааж, юмс үзэгдлийг хоорондын харьцаагаар нь тайлбарладаг. Аливаа юмс үзэгдэл харилцан шүтэлцэл, үйлдэлцлийн үр дүнд үүсч хувирч, хөгжиж байдаг.

Таван махбодийн ийм онолыг ашиглан зурхайн ухаанд жил сар цагийг энэ таван махбодоор нэрлэж, хүний бие мабодод гарах олон хэмнэлийг тооцож гаргадаг билээ. Богдзонховын Лүндэн "Алтан хайрцаг" гэдэг номонд эдгээр таван махбод хүний биед дутагдсанаас илрэх шинж тэмдэгийг дурьдаад 60 насны дотор оточийн эм  хэрэггүй, эрүүл агаар, ургамал, идэвхитэй хөдөлгөөн хэрэгтэй хэмээн дурьдсан байдаг. Хүний биенд эдгээр таван махбод дутагдсанаас илрэх шинж тэмдгээс танилцуулъя.

1.Хүний биед гал махбод дутахад хоол шингэх нь удаан болно, бас юмны амт мэдэхдээ муудна, газрын өөд явахдаа амьсгаадна. Нүднээс нулимс гоожно.
2.Шороо махбод дутагдвал үг хэл хальтарна. Юмны үнэр мэдэхдээ муудна. Санаа сэтгэл уймарч үг буруу сонсоно.
3. Усан мабод тудагдвал нүдний хараа муудна, шээсний өнгө хувирна, биеийн илч муудаж хүйтэн сэрүүн болно. Бас чадал хүч тэнхээ буурна.
4. Модон махбод дутвал шүд унана, үс цайна, үе мөч суларна, нуруу бөгтөр болно.
5. Төмөр махбод харин хүнд хиртэй бол дутагдаггүй байна.

Нөгөө дөрвөн махбод дөрвүүл дутаж эхлэхээрээ өтгөн шингэн тогтворгүй болно, хүрдний оньс суларч, нус шүлс элбэгшинэ. Мөн гашуунаар хэхрүүлэх, зогьсох нь элбэгшдэг байна. Эдгээр шинж тэмдгийг ажиглагдаад ирвэл өөртөө дутагдсан махбодийг нөхөх идэвхитэй хөдөлгөөн хийх, ургамлаар эмчлэх, эрүүл агаарт явах заслыг хийвэл зохимжтой гэнэ.

Түүнээс гадна 60 нас хүртэл өөрийн биед хүчтэй эм аль болох хэрэглэхгүй, харин илэрсэн шинж тэмдгийн дагуу ямар гажиг, юу дутагдсаныг оношилж, тэр тал дээр нь анхаарч аль болох бага дээр нь зөөлөн аргаар засах нь чухал гэдгийг санyyлъя.

Б.Жаргалсайхан

Эх сурвалж: "Ган зам" сонин