sonin.mn

ВАШИНГТОН. /ВВС/. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэл АНУ-д заналхийлж байна гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл мэдэгдлээ. Тус бүлэглэл нь Ирак болон Сирид нөлөөгөө бэхжүүлж байгаа юм.

“Лалын улс” шиг туршлагатай, сайн санхүүжилттэй террорист байгууллагыг Пентагон урьд нь харж байгаагүй гэж Хейгл хэвлэл, мэдээллийнхэнд мэдэгдсэн байна.  “Лалын улс”-ын цэргийн нарийн стратеги болон тактикийн ур чадварыг зүгээр нэг террорист бүлэглэлийнхтэй харьцуулшгүй гэж тэрбээр хэлжээ.

Энэ аюул заналхийллийг дарахын тулд Пентагон бэлтгэлтэй байх ёстой гэж Хейгл хэлсэн юм. АНУ-ын сэтгүүлч Жеймс Фоулиг тус бүлэглэлийн босогчид хөнөөснийг Батлан хамгаалахын сайд иш татан “Энэ террорист байгууллага АНУ болон Европт аюул заналхийлж байна” гэжээ.

Мөн Иракийн хойд нутгаас Сири хүртэл АНУ агаарын цохилтоо өргөжүүлж магадгүй гэж тэрбээр хэлсэн юм.  Түүний хэлсэнчлэн, энэ ажиллагаа нь АНУ-ын иргэдийг хамгаалах зорилготой бөгөөд босогчдын цэрэгжсэн бүлэглэлтэй тэмцэх бүх хувилбарыг Пентагон үргэлжлүүлэн судлах ажээ.

Мөн энэ аюулыг дарахын тулд олон улс хамтран ажиллах нь чухал гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд онцлон тэмдэглэлээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг