sonin.mn

НЬЮ-ЙОРК. /АР/. Америкийн цэргүүдийн Сирид суллахыг оролдож байсан барьцаалагдсан хүмүүсийн дотор “Лалын улс” бүлэглэлийнхэнд цаазлагдсан сэтгүүлч Жеймс Фоули байсан тухай Пентагоны тэргүүн Чак Хейгл хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.

Нууц ажиллагааг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тушаалаар явуулсан байна. Америкийн тусгай албаныхан барьцааны хүмүүсийн байсан газрыг илрүүлсэн гэж үзээд тусгай албаныхныг илгээсэн боловч барьцаалагдсан хүмүүсийг олоогүй байна.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кейтлин Хэйдэн уг ажиллагааны талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Хоёр жилийн турш сураггүй алга болсонд тооцогдож байсан Америкийн сэтгүүлч Жеймс Фоулиг цаазаар авч буй бичлэг наймдугаар сарын 20-нд шилжих шөнө интернэтэд гарсан юм.

Үүний дараа удалгүй АНУ-ын эрх баригчид уг бичлэгийг үнэн болохыг хүлээн зөвшөөрсөн билээ. Сирид явуулсан ажиллагаа амжилтгүй болсныг Пентагоны албан ёсны төлөөлөгч Жон Кирби пүрэв гарагт хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ тэрбээр барьцаалагдсан хүмүүсийн дотор Фоули байсан эсэхийг дурдаагүй юм.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг