sonin.mn

ЖЕНЕВ. /Reuters/. “Эбола” вирусийг дарахаар гаргасан, туршигдаагүй эмийг хэрэглэсэн Либерийн гурван өвчтөний бие сайжирсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, “Эбола”-гийн халдвар авсан хоёр эмч, нэг сувилагч энэ эмийг хэрэглээд бие нь сайжирсан байна. АНУ-ын компанийн үйлдвэрлэсэн энэ эмийг хоёр америк мөн хэрэглэжээ. Тэд Либерид байхдаа энэ вирусийн халдвар авч, эмчлүүлэхээр АНУ руу буцсан юм.

“Эбола” вирусийг дарах баталгаатай вакцин, эм тариа хараахан гараагүй байгаа билээ. Харин туршилтын эмийг хэрэглэхийг ДЭМБ өнгөрсөн долоо хоногт зөвшөөрсөн юм. Гэхдээ эмийн нөөц хязгаарлагдмал байна.

Шинжээчид туршилтын эмийн хэр үр нөлөөтэй байгааг нарийн үнэлэх шаардлагатай байна. Энэ асуудлыг хэлэлцэхээр ДЭМБ-ын шинжээчид ирэх сарын 4-5-нд уулзах ажээ. Баруун Африкт “Эбола”-гаар нас барагсдын тоо 1350 болсны 576 нь Либерид бүртгэгдсэн байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг