sonin.mn

ГАЗА. /ВВС/. Газын зурваст Израиль агаарын цохилт өгөх үеэр Палестины лалын “ХАМАС” бүлэглэлийн цэргийн жигүүрийн гурван дээд командлагч амь үрэгджээ.

Израилийн армийн мэдэгдсэнээр, амь үрэгдсэн командлагчдын нэг нь тус жигүүрт эрх мэдлээрээ дээрээсээ хоёрдугаарт ордог хүн байсан аж. Израиль руу нэвтрэхийн тулд газар доогуур хонгил барихад болон Синайн хойгоос хууль бусаар зэвсэг хил давуулахад тэрбээр гол үүрэг гүйцэтгэж байсан байна.

Мөн Израилийн арми энэ долоо хоногийн мягмар гарагт “ХАМАС”-ын дээд командлагчийн гэрт халдсан ч түүнийг устгаж чадаагүй аж. Харин түүний эхнэр болон хүү халдлагын золиос болжээ.

Израиль руу цаашид илүү олон пуужин харваж, ажиллагаагаа идэвхжүүлэх болно гэж тус жигүүр телевизээр мэдэгдсэн. Үүний хариуд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хэвлэлийн бага хурал хийхдээ “Израиль цэргийн ажиллагаагаа зогсоохгүй” гэсэн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг