sonin.mn
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн, Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дах Ардчилсан намын бүлгийн дэд дарга, “Иргэн та-Баялаг” сангийн тэргүүн С.Одонтуяа нарын санаачилгаар хүүхэд өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх зорилготой “Эх орон-36” хөтөлбөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд хаалтын ажиллагаагаа хийлээ.
 
Тус хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил улсын хэмжээнд 10 мянга гаруй хүүхэд хамрагдсан нь өмнөх жилээс даруй хоёр дахин нэмэгджээ. Харин өнөөдрийн арга хэмжээнд нийт 560 гаруй хүүхэд оролцож өөрсдийн сурч мэдсэн зүйлээ үзүүлэх тоглолтоор харууллаа.
 
Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд гал түймрийн аюул тохиолсон үед биеэ хэрхэн хамгаалах, анхны тусламж хэрхэн үзүүлэх зэрэг 36 төрлийн чадварыг 36 цагт суралцаж эзэмшсэн байна.
 
Энэ удаагийн хөтөлбөрийн гол онцлог нь Булган, Завхан, Дорнод, Дундговь, Архангай аймгийн хүүхэд багачууд тус хөтөлбөрт хамрагджээ. Энэхүү хөтөлбөрийг ирэх жил үндэсний хэмжээний ажил болгож цаашлаад ерөнхий боловсролын сургалтын системд оруулахын тулд судалгааны ажил хийж байна.
 
“Эх орон-36” хөтөлбөрийн хүрээнд арга зүй, мэдээлэл сурталчилгааны баг ажиллаж, оролцогчдын өврийн дэвтэр, сургагч багш нарт зориулсан арга зүйн гарын авлагыг хэвлүүлэн гаргалаа.
 
Уг хөтөлбөрийг хамтран зохион байгуулагчдаар Хүүхдийн төлөө үндэсний газар, Олон улсын хүүхдийн “Найрамдал төв”, Батлан Хамгаалахын Их сургууль , Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг, Монголын Скаутын холбоо, Хил хамгаалах 151-р анги зэрэг байгууллагууд таван сарын турш хамтран ажиллаа.
 
Хүүхдийн төлөө үндэсний газар