sonin.mn

Адуучин залуусынхаа эрдэм ухааныг шалгаж тэднийг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монгол улсын аварга адуучин-2014” тэмцээнийг хоёр дахь жилдээ энэ сарын 23-нд Хүй долоо хутагт зохион байгуулна.

Энэ жилийн тэмцээн илүү хүрээгээ тэлж, зохион байгуулалт сайжирч, өмнөх жилүүдээс онцлогтой болж байгааг зохион байгуулагчид хэллээ. Уг тэмцээнд 21 аймгаас шалгарсан 21 адуучин оролцох бөгөөд энэ жил анх удаа “Аварга адуучин” цолоор шилдэг залуусыг шагнахаар болжээ. Мөн ирэх жилээс эхлэн тус тэмцээнийг эрийн гурван наадмын нэг хэсэг бүрэлдэхүүн болгож баяр наадмын 5 хоногийн хөтөлбөрт багтааж зохион байгуулахаар болсон байна.

Тэмцээнд оролцогч залуус уран уургач, уран бугуйлч, уурга ташуур шүүрэх, эмнэг  хангал сургагч гэсэн төрлөөр өрсөлдөх аж. Тэргүүн байр эзэлсэн адуучин найман сая, удаах байр зургаан сая, гуравдугаар байрын эзэн  дөрвөн сая төгрөг гардах юм.  Тэмцээний үеэр урлагийн тоглолт болон хувцас загварын шоу, адуу адуучны эдлэл хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах аж.

М.Үүрийнтуяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг