sonin.mn

Монголын Үйлдвэрчний Эвлэлүүд улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг үндэсний түвшинд хэлэлцэх шаардлагатай гэж үзжээ.

МҮЭ-ийн холбоо түүний гишүүн байгууллагын удирдлагууд энэ сарын 13-19-нд Орхон, Хөвсгөл аймагт ажиллав. Тэд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, иргэд хөдөлмөрчдийн амьжиргааны нэн тулгамдсан чухал асуудлуудаар шуурхай зөвлөлгөөн зохион байгуулсан байна.

Энэ үеэр аймаг, салбарын ҮЭ-ийн холбоодын дарга нар өөрийн аймгийн эдийн засаг, нийгмийн байдал, иргэдийн амьжиргааны талаар нухацтай ярилцаж цаашид авч явуулах арга хэмжээг нэгтгэн зохион байгуулахаар тогтлоо. МҮЭ-ийн холбоо нь улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж Засгийн газар, УИХ, Ажил олгогч эздэд хандсан санал, мэдэгдлийг удаа дараа хүргүүлж байсан юм.

Дээрх байгууллагуудаас МҮЭ-ийн санал, мэдэгдлийн хүрээнд хийгдсэн ажил, үр дүнгийн талаар хөдөлмөр, нийгмийн зөвшлийг үндэсний гурван талт хэлэлцээрийн түвшинд шийдэх шаардлагатай гэж үзэв. Түүнчлэн нийгмийн тогтвортой байдлыг чухалчилж нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах нь зүйтэй гэж үзсэн байна.
      
Д.Эрдэнэсувд    

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг