sonin.mn

МОСКВА. /Xinhua/.ОХУ-ын хэрэглэгчийн эрхийн төлөө газар Москва хот дахь “МакДональдс”-ын дөрвөн рестораныг эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэсэн шалтгааны улмаас түр хугацаагаар хаалаа.

“Наймдугаар сарын 18-20-нд хийсэн гэнэтийн шалгалтын явцад, түргэн хоолны эдгээр газар нь эрүүл ахуйн ахуйн дүрэм журмыг зөрчиж байсныг илрүүлсэн. Эхний ээлжинд захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд шүүхэд шилжүүлнэ” гэж Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалахад хяналт тавих улсын албанаас мэдэгдэв.

"МакДональдс"-ын сүлжээ ресторан нь ОХУ даяар 430 гаруй салбартай ажээ. Цезарь ороомог болон хүнсний ногооны салатаас “Эшериха Коли”  нян буюу гэдэсний савханцар илэрсэн бөгөөд байж болох хэвийн түвшнээс 10 дахин их байсан аж.

Украины хямралтай холбогдуулан ОХУ болон Өрнөд хоорондын байдал хурцадмал байгаа энэ үед эдгээр рестораныг хаалаа. Украины хямралтай холбогдуулан улсад нь авсан хориг арга хэмжээний хариуд АНУ, Европын Холбоо болон Өрнөдийн бусад улсаас хүнсний бүтээгдэхүүн импортлохыг ОХУ энэ сарын эхээр “бүрэн хориглосон” юм.

АНУ-тай хүйтэн дайны улмаас үүдсэн хурцадмал байдлыг намжааж буйн илрэл болгон ЗХУ задрахын өмнөхөн 1990 онд Москвагийн Пушкины талбайд Орос “МакДональдс”-ын анхны салбарыг нээж байжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг