sonin.mn

“Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-өөр хичээлээ хэрхэн явуулах талаар аймаг, сум, дүүрэг бүрийг бүсчлэн хувааж бага ангийн багш нарт сургалт явуулж байна.

Сургалтад нийт 17099 багш оролцож байгаа юм. БШУЯ-наас хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх “Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-ийг өнгөрсөн хичээлийн жилд 40 сургуульд туршсан. Туршиж боловсруулсан цөм хөтөлбөрөө энэ жил орон даяар хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Шинэ хөтөлбөрийн дагуу энэ жилээс эхлэн бага ангийн хичээлийн явц, багшийн заах арга, хүүхдийг үнэлэх үнэлгээ, багшийн ажлын үнэлгээ, сурах бичиг бүгд шинэчлэгдэж байгаа юм.

Бага боловсролын чанарыг сайжруулахын тулд нэн тэргүүнд үндэсний хэмжээний бүх сургуулийн захирал, сургалтын менежер, багш нарт шинээр баталсан тус хөтөлбөрийг танилцуулах шаардлагатай. Тиймээс БШУЯ-наас өнгөрсөн өдрүүдэд бүх ЕБС-иудын захирал, сургалтын менежерүүдэд сургалт зохион байгуулжээ.

Багш нарт заах арга зүйн зөвлөгөө өгөх, тэдний ур чадварыг шинэ түвшинд гаргах зорилгоор БШУЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институт өнгөрсөн жилээс эхлэн 30 мянга гаруй багшид сургалт зохион байгуулжээ.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг