sonin.mn

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2014” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль хоёр орны өвөг дээдсийн амжилт, ялалтаа дархалсан Дорнодын их талд өрнөж байна. Хоёр орны уламжлалт найрсаг харилцааны нэгэн илэрхийлэл болсон эл сургууль өнөө жил Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойтой давхцан зохион байгуулагдаж анх удаа тал хээрийн бүсэд явагдаж байгаагаараа онцлог юм.

Түүнчлэн жилээс жилд хоёр улсын талаас оролцох бүрэлдэхүүний тоо нэмэгдэж, сургуулийн цар хүрээ өргөжин тэлж байгаа нь энэ жилийн сургуулиас бэлхэнээ харагдаж байна. Тодруулбал, хоёр орны хүчжүүлсэн мотобуудлагын батальон, нисэх хүчний гээд нийт 1000 гаруй цэргийн алба хаагч, 100 гаруй нэгж техниктэйгээр өнөө жилийн хамтарсан сургуульд оролцож байгаа юм.

Монгол Улс, ОХУ-ын хоорондын стратегийн түншлэлийн түвшинг гүнзгийрүүлэх, хоёр орны Зэвсэгт хүчний харилцаа, цэрэг-техникийн хамтын ажиллагааны ололтыг бүх талаар бэхжүүлэх, хил орчмын бүсэд олон улсын терроризмын аюултай тэмцэх зорилгоор хоёр улсын цэргийн хүчийг хамтарч ашиглах асуудлыг боловсруулж, хоёр талын цэргийн салбаруудын жигдрэлтийг нэмэгдүүлэх, бие бүрэлдэхүүнийг дадлагажуулах, Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойн баярыг угтаж хоёр орны дайчдын байгуулсан ялалтыг мөнхжүүлэх, ард иргэдэд сурталчилан таниулах, Чойбалсан хот дахь Монгол, Зөвлөлтийн дайчдад зориулсан зарим хөшөө, дурсгалуудыг сэргээн засварлах, орчин тойрныг тохижуулах, хоёр орны Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа, дайчин замналыг орон нутгийн ард иргэдэд сурталчилан таниулах, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх зэрэг олон зорилгыг агуулсан “Сэлэнгэ-2014” хээрийн сургууль амжилттай явагдаж байна.

Бэлтгэл болон сургалт дадлага амжилттай...
Сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд хээрийн байрлалд бие бүрэлдэхүүнийг байрлуулах, хооллох, эрүүл мэндийн хангалт, угаалга, цэвэрлэгээг зохион байгуулахад шаардлагатай орон сууц, эмнэлэг, ахуйн хангалтын бүхий л зүйлийг бий болгон сургуульд оролцогчдын ажиллаж, амьдрах ая тухтай орчныг бүрдүүлснийг дурдахгүй өнгөрч боломгүй.

Түүнчлэн хамтарсан сургуулийн үеийн монголын талын батальон, дивизионуудын жигдрэлтийн сургуулийн төлөвлөгөөг боловсруулж, сургуульд оролцох салбар, нэгжүүдтэй 6 хоногийн тасаг, салааны жигдрэлтийн сургууль, байлдааны буудлага, жолоодлого, тактик-жагсаалын хичээл, тактикийн хичээлүүдийг явуулсны дээр ОХУ-аас ирсэн багш нартай хамтран танкчдын сургалт, салаа, салбарын захирагч нарын сургалтуудыг зохион байгуулсан бөгөөд сургуулийн төгсгөлийн шатанд буюу энэ сарын 25-нд явагдах нэгдсэн буудлагад бэлэн болоод байна.

Дөрвөн орны ламаар уул, усаа аргадууллаа
Байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн өмнө уул, усаа аргадан ном хуруулдаг уламжлал бий. Өнөө жил Энэтхэг, Түвд, Буриад, Монголын лам нар Чойбалсан хотоос баруун тийш 10 гаруй км-т орших Хан-Уул тахилгат хайрханд гарч ном хурлаа.

Бэсрэг наадам хийж, үндэсний өв соёлоо сурталчилав
Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан уламжлалт “Сэлэнгэ” хээрийн сургууль хоёр орны цэрэг дайчдад мэргэжлийн дадлага туршлагаа хуваалцаж, харилцан бие, биеэсээ суралцах өргөн боломжийг бүрдүүлдгийн зэрэгцээ, хоёр орны түүх соёл, зан заншил, өв уламжлалын талаар мэдээлэл солилцох, танин мэдэх гарцыг ч бий болгодог билээ.

Энэ жилийн хамтарсан сургууль Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог бөгөөд эртнээс нааш ах дүүгийн найрсаг харилцаатай хоёр хөршийн мөрдэс нэгт дайчид өвөг дээдсийнхээ баатарлаг гавьяа, аугаа их ялалтаар бахархан омогшиж, энэхүү аугаа их ялалттай холбоотой мэдээ мэдээлэл солилцох, түүхэн баримтат кино, нэвтрүүлгүүд үзэх зэргээр чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж байна.

Үүний зэрэгцээ хоёр орны соёлын өдрүүдийн хүрээнд монгол цэргүүд бэсрэг наадам зохион байгуулж үйлс, зорилго нэгт нөхөддөө үндэсний өв соёл, зан заншил, монгол ахуйгаа сурталчилан таниуллаа. Хүчит 48 бөх зодоглож, 30 гаруй хурдан шандаст хүлэг тоосоо өргөн, 20 гаруй эрхий мэргэн харваач хараа цэцээ сорьж “Сэлэнгэ-2014” хамтарсан сургуульд оролцогч үйлс, зорилго нэгт хөрш орны дайчиддаа эх орон, түүх соёлоо сурталчиллаа.

ОХУ-ыг суртачлах өдрөөр...
Тус улсын бие бүрэлдэхүүн Зэвсэгт хүчнээ сурталчлах өдөрлөгийн хүрээнд буухиа тэмцээн, олс таталт, гардан тулааны үзүүлэх тоглолт болон урлагийн хэсэгчилсэн тоглолт зохион байгуулсаны дээр хоёр орны найрамдалт харилцааг илтгэсэн гэрэл зургийн үзэсгэлэн, тэр дундаа өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж байсан “Сэлэнгэ” хамтарсан сургуулийн түүхийг өгүүлэх сонирхолтой гэрэл зураг, сонин зэргийг дэлгэн харуулсан нь сургуульд оролцогчдын сонирхлыг татаж байлаа. Түүнчлэн ОХУ-ын цэргийн зэвсэглэлд ашиглагдаж байгаа орчин үеийн зэвсэг техникүүдийг дэлгэн танилцуулга хийсэн нь манай улсын цэрэг дайчдад шинэ мэдээлэл боллоо.

Алба хаах хугацаандаа “Сэлэнгэ”-д оролцох боломж олдлоо
Дмитрий Евгеньевич Багрий
/Дорнод цэргийн тойргийн Хиагт дахь ангийн түрүүч/
  -Анх удаа хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан хээрийн сургуульд оролцож байна. Хугацаат цэргийн алба хаах хугацаанд маань энэ сургуульд оролцож, монгол оронд хөл тавих боломж гарсанд баяртай байгаа. Сургуульд оролцох, монголд ирж үзэх сонирхолтой олон дайчид байсан ч тоо, шалгуур хязгаартай учраас тэр бүр ирж чадахгүй шүү дээ. Тийм болохоор очоод хамтдаа цэргийн алба хааж байгаа найз нөхөддөө сургуулийн болон монголын тухай ярьж өгнө.

Монгол орон үнэхээр уудам юм бас монгол цэргүүд их найрсаг юм. Анх ирэхэд сургуулийн полигон маш их таалагдсан. Бас өглөө бүр монголын өргөн уудам талд бүрээн дуунаар сэрээд л их сайхан мэдрэмж төрж байна. Түүнчлэн цөөнгүй сайхан найзуудтай болж байгаадаа сэтгэл хангалуун байна.

Үүнээс гадна сургуулийн явцад маш их зүйлд суралцаж байгаа маань хугацаат цэргийн алба хаагч бидний хувьд хамгийн том боломж гэж ойлгож байгаа. Сургуулийн явцад илүү их зүйлд суралцахыг хичээнэ. Энэ дашрамд сургуульд оролцогч хоёр орны цэрэг дайчиддаа өндөр амжилт хүсье.

Соёл хүмүүжлийн чиглэлийн ажлаас ямагт шинэ санаатай буцдаг
Сергей Анатольевич Копыцин
/Дорнод цэргийн тойргийн, батальоны соёл хүмүүжлийн офицер, хошууч/
  -Би “Сэлэнгэ” сургуульд 5 дахь удаагаа оролцож, монголд 3 дахь удаагаа ирж байна. Ялангуяа, энэ жил уламжлалт хамтарсан сургууль маань Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойтой давхцаж, сургуулийн үеэр энэхүү баатарлаг түүхэн үйл явдалтай уялдуулж, соёл хүмүүжил, бүтээн байгуулалтын цөөнгүй арга хэмжээ зохион байгуулж байгаа нь эрт үеэс ах дүүгийн найрсаг элгэмсэг харилцаатай хоёр орны цэрэг дайчдад харилцан мэдээлэл солилцох өргөн боломжийг бүрдүүлж байна.

Миний хувьд энэ сургуульд оролцох бүртээ монгол цэргүүдээс шинэ санаа, дадлага туршлага хуримтлуулаад буцдаг. Ялангуяа, өөрийнхөө үндсэн ажилтай холбоотойгоор соёл хүмүүжлийн ажлыг хэрхэн зохион байгуулж байна, ямар техник хэрэгсэл ашиглаж байна, яаж бага зардлаар их хэмжээний үр дүн гаргадаг вэ гээд л санаа авах зүйл маш их бий.

Өнгөрсөн жилийн сургуулиар л гэхэд хээрийн нөхцөлд кино театр дэлгэсэн байсан  түүнээс суралцаж, энэ жил би яг тийм кино театр авчирсан. Ер нь монгол цэргүүдийн арга ухаан, аливааг удирдан зохион байгуулах чадвараар үргэлж бахархдаг. Оролцсон анхны сургуулиас эхлээд л олон сайхан найз, нөхөдтэй болсон. Тийм болохоор тэдэнтэйгээ уулзахаар жил бүрийн хамтарсан сургуулийг хүлээж, яардаг болсон шүү.

Энэ дашрамд хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан энэхүү сургууль улам бүр өргөжин тэлж, илүү их баяжиж байгаа гэж сургуульд оролцогчийн хувьд хэлье. Төгсгөлд нь хоёр орныхоо үйлс, зорилго нэгт дайчдад амжилт хүсье.

Өвөг дээдсийнхээ тулалдаж явсан тал нутагт ирсэндээ омогшиж байна
Дылыков Саян Очирович
/Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн тасгийн захирагч, ахлах ахлагч/
-Би энэхүү хамтарсан сургуульд тасралтгүй оролцож байна. Эрт дээр үеэс ах дүүгийн найрсаг харилцаатай хоёр орны цэрэг дайчид энх тайван цагт ч хамтарсан сургууль зохион байгуулж, харилцан дадлага, туршлагаа хуваалцдаг уламжлалт сургуультай болсонд цэргийн алба хаагчийнхаа хувьд баяртай явдаг.

Тэр дундаа эртнээс нааш найрсаг хөршийн харилцаатай хоёр орны дайчид өвөг дээдсийнхээ ялалтын нутагт 75 жилийн дараа хамтарсан сургуулиа зохион байгуулж байгаа нь энэ жилийн хувьд бидний бахархал омогшлыг төрүүлж байна.

Дорнод аймгаас ахлах дэслэгч Д.Мэндбаяр