sonin.mn

ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат, Чингис хаан олон улсын буудалд программ сүлжээний инженерээр ажиллаж байсан, Электрон Системс ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Батболд нарт холбогдох хэргийг шүүхээр хэлэлцэж, гэм буруутайд тооцон, ял оноожээ.

Тэднийг “Чингис Хаан Олон улсын буудалд Зорчигч бүртгэлийн сүлжээний операторыг” сонгон шалгаруулах тендерийн хороог хууль бусаар байгуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  8.2, 9.2-т заасныг тус тус зөрчин “Оператор”-ын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “Электрон системс” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, байгууллагын эд хөрөнгийг завшиж улсад 1.062.959.200 төгрөгийн хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөнийхөө хууль бус эх үүсвэрийг нь халхавчлах, нуун далдлах, түүнчлэн аливаа этгээдийг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор мөнгө угаасан” гэсэн хэрэгт сэжиглэн, хяналтын прокурор Н.Амарсанаа, Р.Очирсүрэн нар зэрэгцэн хяналт тавьж,  яллах дүгнэлт үйлдэн харъяаллын дагуу Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлсэн юм.

Уг хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх энэ сарын 19-20-ны өдрүүдэд хянан хэлэлцээд, шүүгдэгч С.Батмөнхийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, байгууллагын эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, 150 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сарын хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлж, улсад учруулсан хохиролд 278 сая төгрөгийг гаргуулахаар, шүүгдэгч М.Батболдыг хууль бус эх үүсвэрийг халхавчлах, нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийхэд тусласан, байгууллагын эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, 33.400.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, улсад учруулсан хохиролд 278 сая төгрөгийг гаргуулахаар, шүүгдэгч Д.Эрдэнэбатыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, байгууллагын эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, 14 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлж, улсад учруулсан хохиролд 278 сая төгрөгийг гаргуулахаар тус тус шийтгэсэн байна.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг