sonin.mn

Энэ удаагийнхаа “Уран бүтээлч” буландаа УДЭТ-ын туслах найруулагч Э.Ёндоншаравыг урьж ярилцлаа.

-Та шинэ, залуу найруу­лагч. Үзэгчид таныг тө­дийлэн сайн мэдэх­гүй, зарим нь бол таны нэрийг огт дуулаагүй байж ч мэднэ.
-Тантай санал нэг байна. Юун түрүүнд “Өглөөний сонин”-ы уншигч­дад сайн сайхныг хүсээд шинэ, залуу найруулагч намайг олонд танигдсан, хүсч хүлээдэг болсон “Уран бүтээлч” буландаа урьсан явдалд гүнээ та­лархаж байна.

Намайг Э.Ёндоншарав гэдэг. Эхнэр, охины хамт амьдардаг. Эхнэр маань урлагийнх. Надтай адилхан Соёл, урлагийн их сургуулийг төгссөн. Харин аав, ээж маань жирийн л нэгэн мал­чин. Миний бие УДЭТ-т туслах найруулагчаар ажил­ладаг. Өөрийнхөө тухай ярихад ийм байна.

-Таны нутаг ус?
-Би Хэнтийн уугуул. Миний бага нас Батмөнх суманд өнгөрсөн.

-Ингэхэд УДЭТ-т ажил­лаад хэдэн жил болж бай­на вэ. Дэг жаяг хатуу, мэргэжлийн шалгуур өндөр­тэй гэгддэг театр гэх их айлд хөл тавьсан түүхийг тань сонсоё?
-Их сонин хувь то­хиолоор туслах най­руу­лагч болсон. Театрын ту­с­лах най­руулагчаар ажил­лаад хоёр жил л болж байна.

-Сонин хувь тохиол гэдэг нь?
-Яах аргагүй сонин хувь тохиол л доо. Их сургуулиа төгссөн жилээ УДЭТ-т шалгалт өгсөн ч тэнцээгүй. Дараа жил нь дахиад өгсөн. Тэгж байж УДЭТ-ын босгыг арай гэж алхсан.

Театрт жүжигчнээр ажиллаад удаа­гүй байхад тухайн үед туслах найруулагчаар ажиллаж байсан Батхүү ах жилийн чөлөө авсан юм. Чөлөө авахаасаа өмнө надтай уулзаж, өөрийг нь иртэл туслах найруулагчаар ажиллах санал тавьсан. Би маш их баярласан. Дуртай нь аргагүй зөвшөөрсөн.

-Найруулагч болохыг тэгтлээ их хүсч, мөрөөддөг байсан хэрэг үү?
-Тэгэлгүй яах вэ. Би найруулагч болохыг маш их хүсдэг. Бүр мөрөөддөг байсан. Одоо ч хэвээрээ.

-Гэхдээ та мөрөөдөлдөө хүрч чадсан байна. Энэ чинь л гоё шүү дээ?
-Мөрөөдөлдөө алхам алхмаар ойр­тож л явна. Олонд танигдсан, мундаг найруулагч болох хаа байсан юм. Зам урт, сурч мэдэх зүйл их байна.

-Тэгэлгүй яах вэ. Нөгөөтэйгүүр та их азтай хүн юм. Театрт хэн дуртай нь найруулагчаар ажиллаад байдаггүй. Би хувьдаа сор болсон, уран бүтээлээрээ дамжуулж үзэгчдэд та­нигдаж, хүндлэгдсэн най­руулагчид л энэ бай­гуул­лагыг чирч явдаг гэж боддог.
-Тийм ээ, үнэн. Театр маань дөрвөн мундаг най­руулагчтай. Тэд хэзээ ч давтагдашгүй, дөрвөн өөр ертөнц. Бүгд өөр өөр арга барилтай. Тэднийхээ хүчээр би өдий зэрэгтэй явна.

Театрын туслах найруулагч гэх орон тоон дээр ажиллаж байна. Жишээ нь УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наран­баатар ах орчин үеийн хайр дурлалын жүжиг тайзнаа тавихдаа мундаг шүү дээ.

Мөн Соёлын тэргүүний ажилтан, найруулагч Ч.Түвшин ах байна. Хүүх­дийн жүж­гийг ямар сайн найруулдаг билээ. Дээр нь найруулагч, Ур­лагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар,Ч. Найдандорж нар байна. Энэ дөрөвтэй би бүгдтэй нь ажиллаж үзсэн. Театрт ямар л уран бүтээл орж ирнэ түүнд нь би туслах найруулагчаар ажилладаг. Одоо ч гэсэн.

-Тиймээс л таныг би их азтай хүн гээд байгаа юм. Та тэдний ач, буянаар л театрын камерын долоон жүжгийн нэг “Буруугүй буруутан” жүжгийг най­руулж байна. Ингэж хэлж болох уу?
-Бололгүй яах вэ. Тантай би маргахгүй.

-Ирэх сарын 5-нд тайз­наа амилж, үзэгчдийн хүртээл болох “Буруугүй буруутан” жүжиг УДЭТ-ын тайзнаа тавьж байгаа таны анхны жүжиг. Шинэ, залуу найруулагч гэдэг утгаар үзэгчид танаас их зүйл харах байх?
-Энэ жүжиг миний тайз­ны анхны том бүтээл. УДЭТ-т орж ирээд удаагүй хэрнээ ийм том жүжгийг гардаж найруулна гэдэг хэн дуртайд нь заяагаад байдаггүй том аз.
Одоохондоо надад амьдралын болон уран бүтээлийн туршлага бага байна.

Би дөнгөж л найруулагч болох гэж явна. Харин Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагчаас зөвлөгөө авч байгаа. Ерөнхийд нь энэ хүн надад найруулагчийн хичээл зааж байна гэх үү дээ.

-Таны жүжигт Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Урнаа, Б.Жаргал­сайхан гээд театрт олон жил ажил­ласан жүжигчид тог­­лож байгаа. Тэдэнтэй ажил­лах танд шалгуур мэт санагд­даг уу, эсвэл тэднийг “командлах нь” сайхан зүйл үү?
-Эхлээд их сандарсан. Миний хажууд тэд 20, 30 жил ажиллачихсан томчууд, их урлагийн үнэмлэхүй мастерууд шүү дээ. Гэхдээ театрт бичигдээгүй хууль гэж бий. Чи найм, эсвэл 80 настай байсан ч найруулагч бол найруулагч.

Манай хэд ч надад “Энэ бол театр шүү дээ” гэж хэлсэн. Үүнээс сайхан үг хаана байна. Театрынхаа жүжигчдийг тү­шиж л энэ том жүжгийг тайзнаа амьдруулах гэж хичээж, зүтгэж явна.

-Гэхдээ үзэгчдийн дунд “Шинэ залуу найруулагч төрөн гарч ирэхгүй байна” гэх шүүмжлэл байдаг ч уран бүтээлчид “Жинхэнэ авьяастай найруулагч ол­дохгүй байна” гэсэн хариуг өгдөг.
-Би хувийн бодлоо л хэлий. Үнэхээр олдохгүй байгаа.

-Тийм гэж үү?
-Дэмжих хүсэл зөндөө байдаг. “Жинхэнэ найруу­лагчийг олж ил­рүүлэх ёстой” гэсэн театрын бод­лого хүртэл байна шүү дээ. Найруулагч төрдөг гэдэг­тэй би санал нэг байна. Үнэхээр байгалиас заяасан найруулагч төрдөг байх.

-Гэхдээ тань шиг най­руулагч болохыг хүсч, мөрөөддөг залуус бий шүү дээ?
-Тийм ээ, олон бий. Гэхдээ би ч гэсэн найруулагч болохгүй байж магадгүй. Жинхэнэ найруулагч бо­лохын төлөө хичээнэ. Өөрөө­сөө гарч болох бүхий л хүчээ шавхан зүтгэнэ. Харин эцсийн эцэст “Энэ хүүхэд л жинхэнэ найруулагч юм аа” гэдэг тамгыг үзэгчид л тавина.

-Тэр ч тийм шүү. Нэгэнт уулзсаных “Буруугүй бу­руутан” жүжгээс үзэгчид юуг ойлгож авах вэ?
-Би нийгэм гэж том ярьмааргүй байна. Ямар нэг их амьдрал үзэж, туршлага суусан хүн биш. Сүүлийн үед ажаад байх нь ээ, иргэдийн амьд­рал баян ядуу гэж хоёр хуваагдаж байна. Баян тансаг эцэг, эхчүүд нь үр хүүхдийнхээ амьдралыг автоматаар зохиож байна. Жишээ нь чи тэр сур­гуульд тийм мэргэжлээр сурах ёстой. Дараа нь энэ компанид ажиллана. Тэр айлын охинтой сууж, тэдэн хүүхэдтэй болно гэдэг ч юм уу. Гэтэл энэ амьдрал нь механик, хиймэл учраас эцэстээ яах аргагүй зогсоно биз дээ.

-Энэ бүхэн үр хүүхдээ сайхан амьдруулах гэсэн эцэг, эхийн буруу гэж үү?
-Үгүй дээ. Хүүхдийнхээ сайн сайх­ны төлөө амьд­ралыг нь зохиож өг­сөн тэдний буруу байхгүй. Гэхдээ хувь тавилангийн өмнө хамгийн том буруутан болж хувирч байгаа юм л даа.

-Яагаад?
-Чи бод л доо. Хүн мэргэжлээ зохиож, хүссэн ажлаа хийж болно. Гэвч хувь тавилан, зураг төөргийг хэзээ ч зохиож болохгүй. Жүжиг маань ч энэ санааг тусгаж өгсөн. Болох ёстой юм болдгоороо л болно.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Төрбат

Эх сурвалж: