sonin.mn

Монгол Улсын Мал эмнэлэг, үржлийн газар, Бүгд Найрамдах Литва Улсын Хүнс, мал эмнэлгийн газар Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах болжээ.

Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ), Дэлхийн Мал,амьтны эрүүл мэндийн байгууллагын (ДМАЭМБ) гишүүн орон бөгөөд Олон улсын худалдаанд оролцох, мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг импортлоход ДХБ-ын “SPS” буюу “Эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн  арга хэмжээг хэрэгжүүлэх тухай” хэлэлцээр, ДМАЭМБ-ын “Хуурай газрын амьтдын эрүүл мэндийн код”-ийг мөрддөг.

Дээрх хэлэлцээрүүдийн дагуу Мал эмнэлэг, үржлийн газар нь тухайн экспортлогч орны Мал эмнэлгийн байгууллагатай мал эмнэлэг, хорио цээрийн нөхцөл, мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээг харилцан тохиролцсоны дараа мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг импортлодог билээ.

Тус хэлэлцээрийг байгуулснаар талууд мал амьтны  гоц халдварт өвчнүүдтэй хамтран тэмцэх, мэргэжилтэн бэлтгэх, мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний экспорт, импорт, дамжин өнгөрүүлэхтэй холбогдсон хорио цээрийн асуудалд хамтран ажилласнаар худалдааны саад тотгорыг арилгах, бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байх нөхцлийг хангах ач тустай юм.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг