sonin.mn

ЛОНДОН. /Ройтерс/. Өмнө нь “Лалын Ирак улс ба Левант” нэртэй байсан “Лалын улс” бүлэглэлийн босогчид хоёр жил орчим сураггүй алга болсонд тооцогдож байсан Америкийн сэтгүүлч Жеймс Фоулиг цаазаар авчээ.

Фоулигийн мэдэгдэл болон түүнийг цаазаар авч байгааг бичсэн “A Message To America” /Америкт илгээх илгээлт/ нэртэй дүрс бичлэгийг наймдугаар сарын 19-нд интернэтэд байрлуулсан байна.

“Daily Mail” сонинд тэмдэглэж байгаагаар, босогчид Иракаас цэргүүдээ гаргахыг АНУ-д уриалсан байна. Хэрэв энэ болзлыг биелүүлэхгүй бол олзлон авсан “Time” сэтгүүлийн сэтгүүлч Жоэл Сотлоффыг цаазлах болно гэж сүрдүүлжээ.

Идэвхтэн гэрэл зурагчин Фоули цаазлуулахын өмнө хэлсэн үгэндээ өөрийн үхэлд Америкийн эрх баригчдыг буруутгасан байна.

“Миний аминд хүрсэн жинхэнэ алуурчин АНУ-ын Засгийн газрыг эсэргүүцэн босохыг би найзууд, гэр бүл болон хайртай хүмүүстээ уриалж байна. Надад тохиолдсон энэ бүхэн тэдний амиа хичээсэн болон гэмт үйлдлийн улмаас болсон. Эцэг, эхдээ үлдээх миний гэрээслэл: сэтгэл санаагаа тайван байлгаж, саяхан Иракт цэргийн ажиллагаа эхлүүлэн миний авсны сүүлчийн хадаасыг хадсан тэр хүмүүсээс миний амиа алдсаны нөхөн төлбөрийг битгий аваарай” гэж тэрбээр хэлжээ.

Фоули үгийнхээ төгсгөлд америк хүн болж төрсөндөө харамсаж буйгаа хэлсэн байна. Түүний зэрэгцээ “Associated Press” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын эрх баригчид дүрс бичлэгийг жинхэнэ эсэхийг шалгаж байгаа аж. Хэрэв дүрс бичлэг үнэхээр үнэн бол АНУ “ямар ч буруугүй сэтгүүлчийн амийг зэрлэгээр хөнөөсөнд гайхаж байна” гэж Цагаан ордны дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Кэйтлин Хейден мэдэгджээ.

Иракт босогчдын байрлалд өгч буй агаарын цохилтоо зогсоохгүй бол америкчуудад халдана гэж босогчид өмнө нь сүрдүүлж байсан юм. Иракт өгч байгаа агаарын цохилт үр дүнтэй болж, Мосул хотын дүүрэг дэх стратегийн чухал даланд хяналтаа сэргээх боломж олгосон гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама наймдугаар сарын 18-нд буюу даваа гарагт мэдэгджээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг