sonin.mn

ИСЛАМАБАД. /Xinhua/. Пакистаны засгийн газраа эсэргүүцэн жагсагчид Ерөнхий сайдаа огцрохыг шаардан нийслэл Исламабад хотын харуул хамгаалалт чанга бүс рүү өчигдөр орой нэвтэрчээ.

Сөрөг хүчний нам болох Пакистаны шударга ёсны төлөө хөдөлгөөний хэдэн мянган дэмжигч лалын нэг байгууллагын гишүүдийн хамт өнгөрсөн бямба гарагаас хойш нийслэл хотдоо жагсаал цуглаан хийсээр байгаа билээ.

Өнгөрсөн онд болсон парламентын сонгуульд ихээхэн луйвар оруулсан гэж Ерөнхий сайд Наваз Шарифыг тэд буруутгаж, энэ пүрэв гараг гэхэд огцрохыг шаардсаар байна. Гэхдээ Шариф энэ уриалгаас татгалзаж байгаа юм.

Өчигдөр орой эсэргүүцэгчид засгийн газрын ордон байрладаг бүс рүү орох замыг хаан саад болгон тавьсан чингэлгүүдийг холдуулан, тус бүс рүү нэвтэрчээ. Тэд парламентынхаа байрны өмнө суулт хийж эхэлсэн байна.

Цуст мөргөлдөөн болохоос зайлсхийн эсэргүүцэгчдийг тус бүс рүү нэвтрэхийг Засгийн газар нь зөвшөөрсөн учир ямар нэг ширүүн мөргөлдөөн болоогүй ажээ. Шарифын Засгийн газар яриа хэлцээ хийхийг хүсэж байна. Гэхдээ сөрөг хүчнийхэн яриа хэлцээ хийх ямар ч  шинжгүй байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг