sonin.mn

"Удахгүй Путин ирнэ". Ийм нэгэн уур амьсгал хүмүүсийг олон хоногийн өмнөөс хөл хөдөлгөөнд оруулж эхлэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин төрийн өндөр албан тушаалтны хувьд гурав дахь удаагаа ирэх гэж байна. Санктпетербургт хотын даргын орлогчоор ажиллаж байхдаа нэг удаа чив чимээгүй ирээд буцсан юмдаг. Үүнийг мэддэг цөөхөн хүний нэг нь миний бие билээ.

Монголчууд наадмын маргааш намар эхэлдэг гэж ярьдаг. Наадам цэнгэл, найр хурим дүүрэн зуны улирал өндөрлөж налгар намар эхэлж байна. Удахгүй хичээлийн шинэ жил эхэлж, ажил алба жигдрэн цэгцэрч хатуу, хүйтэн өвлийг өнтэй давах их бэлтгэл ажилдаа шамдана.

Их ажлын улирал эхэлж байгаа налгар намрын эхэнд хоёр хөршийн терийн тэргүүнүүд ирэх нь ээ. Би олон монголчуудынхаа өмнөөс бид бүхний сэтгэлийг чилээж байдаг хамгийн энгийн зүйлийн талаар бичмээр санагдав. Ерөнхийлөгч уншихгүй ч гэсэн албаны хүмүүсийнх нь чих, сонорт хүрч юуны магад.

Нэгэн зүйл. Бидэнд заримдаа энүүхэн Улаан-Үүд хот орох хэрэг гардаг. Энэ хавар манай зарим нөхөд албан ажлаар явах болж ОХУ-ын виз хэрэг болсон тул юун түрүүнд Элчин сайдын яамны консулын албанд хандав. Консулын хэлтсийн давчуухан өрөөнд өглеөний 9.15 цагг очиход бидний өмнө хоёрхон хүн байлаа. Гэтэл бидний өмнүүр хүмүүс орсоор байгаад өдрийн 12.00 цаг хүргэж, үдээс хойш 14.00 цагт ирэхээр хойшлов.

Биднийг баримт бичгээ гар дээрээ авахад 16.35 цаг болж байлаа. Бараг бүтэн өдөр болохдоо би хүмүүсийн амнаас маш олон үг сонсов. Энэ бүхнийг бичих нь хэрэг. Бас үг дуугүй өнгөрөөх нь дэндүү шударга бус явдал. Энэхүү дараалалгүй ордог хүмүүс нь манай иргэдэд ОХУ-ын виз гаргаж өгдөг дархан эрхтнүүд гэнэ.

Ажил хэргийн шугамаар ОХУ-д очих албаны хүмүүсийн визийг дэс дараалал харгалзахгүй гаргаж өгөх нь мэдээж байж болох асуудал. Гэтэл иргэдээс үлэмж хэмжээний мөнгө авч, ОХУ-ын виз гаргаж өгдөг хүмүүсийн асуудлыг цэгцэлж болохгүй гэж үү. Тэгээд ч манай иргэдтэй хамгийн ойр дотны харьцаатай мөнхийн хөрш оронд ажил, албаны хэргээр зорчихын тулд хэн нэгэнд мөнгө төлж байх, бас ном журмынхаа дагуу виз авахаар очсон хүмүүс энэ бүхний дараа үйлчлүүлж, ажил албаны хайран цагаа үрэх ёстой гэж үү.

Ийм нэгэн сонин журмыг Элчин сайдын яам тогтоосон юм уу, эсвэл аяндаа ийм албан бус жишиг тогтоод удаж байгаа юм уу. Энэ журам Консулын албаны ажлыг хөнгөвчилж өгдөг сайн талтай байж болох боловч манай улсад байгаа бусад орнуудын Дипломат төлөөлөгчийн газрууд ийм сонин аргыг бараг хэрэглэдэггүй гэдгийг дашрамд дурьдахад илүүдэхгүй.

Тэгээд ч Консулын хэлтсийн хүлээх танхим дэндүү давчуу, тэнд үзэж харах сонин сэтгүүл ховорхон, очих бүрт уур уцаар, хэл ам болж байх юм. Юун сонин, ном. Энэ бүхнийг эрс өөрчилж болно доо. Тэгээд ч ОХУ-ын ЭСЯ байр сав сайтай шүү дээ.

Зөвхөн ганц жишээ хэлэхэд, Японы ЭСЯ-ны консулын хэлтэс ирсэн хүмүүст хоёр өнгийн дугаар олгодог. Улаан дугаараар бичиг баримт өгөх гэж байгаа, цэнхэр дугаараар хариугаа авах гэж байгаа хүмүүс нэвтрэн орж, хүлээх танхимд ном, сонин сэтгүүл гарчиглан тав тухтай сууж ээлж дарааллаа хүлээдэг. Дэндүү тайван, ялаа ниссэн ч сонсогдохоор орчинд цөөхөн хором амарч амждаг билээ.

Нэгэн зүйл. Улаанбаатар-Улаан-Үүдийн хооронд хүмүүс ихэвчлэн автобусаар зорчдог. Намайг нэг удаа зорчиход Улаан-Үдийн автобусын жолооч зорчигчдын шаардлагаар бүтэн гурван цагийн дараа арай хийж нэг зогсов.

Зорчигчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байсныг хэлэх үү, бие засах ая тохьтой газар байхгүй, хэдхэн минутын дараа жолооч жиггэйхэн чанга дуут дохио өгч бас баахан харааж загнав.  Орос хүний занг дэндүү сайн мэдэх бидний хувьд байдаг л зүйл. Гэхдээ энэ шугамын автобусаар зөвхөн манай хоёр орны иргэд зорчдоггүй нь харамсалтай.

Нэгэн зүйл. Би одоогоос арав гаруй жилийн өмнө "Өнөөдөр" сонинд "Дэлхийд байхгүй бүдүүлэг хил, гааль зөвхөн Хиагтад байна" гэсэн гарчигтай өгүүлэл бичиж байсан удаатай. Гэтэл одоо бүр ч дордсон тухай олон хүмүүс ярьж байна. Зорчигч 35 кг-аас илүүгүй ачаатай явах ёстой.

Хэрэв илүү байвал биедээ шингээхээс өөр аргагүй. Зуны халуунд хэн нэгэн хүн тэр тусмаа эмэгтэй хүн 15-20 давхар ноосон өмд, цамц өмсөөд хоёр улсын хил, гаалийн бүсийг давна гээд бодоод үз дээ.

Нэгэн зүйл. Улаанбаатар хотод Дорнод-Сибирийн технологи, удирдлагын Улсын их сургуулийн салбар, Оросын Г.Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийн салбар, ОХУ-ын бүрэн дунд боловсролын аттестат олгодог гурван дунд сургууль ажилладаг. Их сургуулиуд салбартаа компьютер, сургалтын тоног төхөөрөмж, хамгийн гол нь сурах бичиг, ном ирүүлж чаддаггүй.

Зөвхөн Москвагаас зөвшөөрөл авах, бас гаалийн татвар төлөх ёстой. Орос хэл дээр сургалттай хэд хэдэн дунд сургууль бий. Бас хүүхдийн цэцэрлэг хүртэл бий. Сургалтын эдгээр байгууллагууд сурах бичиг, холбогдох бусад хичээлийн хэрэглэгдэхүүнийг ихэвчлэн Улаан-Үүд, Эрхүү хотоос зөөдөг. Хил, гаалийн давхар, давхар дарамт олон хүнийг залхааж байна.

Уг нь орос хэлийг Монголын хүүхэд багачуудад эзэмшүүлэх, энэ гүрэн улсын ард түмний зан заншил, соёлоос суралцах гэсэн, сургах гэж мэрийж буй хүмүүсийн зүтгэл чармайлтыг төрийн бодлогын түвшинд дэмжих ёстой баймаар. Дээд түвшний хүмүүсийг ирэх бүр энэ тухай бүх л шатанд ярьдаг боловч манай хоёр оронд өрнөсөн ардчилсан хэмээх 20 гаруй жилийн хугацаанд ямар нэгэн өөрчлөлт, ахиц гарсангүй.

Хиагтын хил, гаалийн байгууллагынхны яавал хүмүүсийг чирэгдүүлж, аль болох удааж залхаах вэ гэсэн нэгэн гаж сэтгэлгээ улам ч даамжирчээ. Одоо бүр дипломат паспорт, бичиг баримттай хүмүүсийг ч эрээ цээргүй шалгаж, ачаа тээшийг нь онгичиж байдаг тухай саяхан Улаан-Үүд хотод ажиллаж байгаад ирсэн манай нэг дипломат ажилтан бидэнд тодорхой жишээ, баримттайгаар ярьсан юм.

20 жилийн өмнө бид биедээ зөвхөн 60 рубльтэй ЗХУ-ын хил давах эрхтэй байсан. Наушкийн өртөөний гаальчид хүн бүрийн ачаа тээшийг нэг бүрчлэн онгичиж, нүдэнд харагдсан илүү, дутуу бүхнийг хураан авдаг байж билээ. Түүнээс хойш дэлхий нэгэнтээ бүтэн шилгээж, орчлон ертөнцийн амьдрал орвонгоороо хувьсан өөрчлөгдсөн.

Гэтэл манай мөнхийн хөрш ОХУ-ын хил, гааль улам л хүнд сурталтай, энэ дэлхийн хаана ч байхгүй ааш авиртай хэвээрээ байсаар байх юм. ЭСЯ-ны ажилтнуудаас эхпээд энгийн жолооч хүртэл харааж загнаж, хашгичиж хэрэлдэж байх ёстой юм гэж үү.

Ноён Ерөнхийлөгч энэ айлчлалаараа ядахдаа хүүхдийн сурах бичиг, сургалтын тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлж өгөөд буцвал Леонид Ильич Брежнев гуай бүхэл бүтэн хорооллууд бэлэглэж байсан урьдын дурсамжит дэмжлэгтэй эн тэнцэх болчихоод байна даа.

Нэгэн зүйл. ОХУ Засгийн газар хоорондын тэтгэлгээр тус улсад суралцах оюутан, магистрант, аспирант, мэргэжил дээшлүүлэгчдийн тоог жил бүр нэмэгдүүлж ирсэнд Монголчууд бид талархалтай байдаг. Сайн ч мэргэжилтнүүд бэлтгэж өгч байна.

ОХУ-ын ЭСЯ манай улсын Боловсролын яамтай хамтран уралдаант шалгалт зохион байгуулж суралцагчдыг сонгон шалгаруулдаг. Суралцах хүмүүсийн бичиг баримтыг Москва дахь манай ЭСЯ-нд илгээж, тэндээс гарсан хариуг Монголын Боловсролын яам хүлээн авч хүүхдүүдээ явуулдаг байв.

Энэ хавраас энэхүү журам өөрчлөгдөн ОХУ-ын Улаанбаатар хот дахь Шинжлэх ухаан, соёлын төв хариуцдаг болсон. Россотрудничество гэсэн үг. Тэд энэ хаврын шалгалтыг Монголын талын оролцоогүй зохион байгуулав. Бүртгэлийн хураамж гэж 15 мянган төгрөг хурааж авсан. Байдаг л зүйл.

Шалгарсан хүүхдүүдийн баримт бичгийг зөвхөн ОХУ-ын ЭСЯ-ны консулын хэлтэст байрлах нотариатаар батлуулах шинэ журам гаргав. Нотариатчин өдөрт хоёрхон цаг ажиллаж, хуудас бүрийг зургаан доллараар баталгаажуулан, "мөнгө хийжээ".  300 гаруй хүн 5-15 хүртлэх хуудас бүрийг баталгаажуулна гээд тооцоход багагүй тоо гарна.

Эцэг, эхчүүд хонон өнжин дугаарласан. Монгол хүний эрх ашиг байгаа учраас тэдний хүсэлтээр би аргагүйн эрхэнд үүнийг бичиж байна. Суралцагчдын тэн хагас нь одоо хүртэл хариугаа аваагүй байна. Саяхан нэгэн танилынхаа хүсэлтээр ОХУ-ын Соёл, шинжпэх ухааны төвийн хариуцаж буй ажилтантай холбоо барив. "Монголын талд ямар ч хамаа байхгүй. Манай ЭСЯ-ны Консулын хэлтэст очиж хариугаа ав. Бид хоёр өдөр ажиллахгүй". Ийм хариу авав.

Нэгэн зүйл. Украины Донецк хотод суралцан сайн боловсрол эзэмшсэн оюутан цагийн анд маань утас цохиж байна. "Манай Донецкийнхан сүйд болж байна. Тэндэхийн оросуудын ихэнх нь дүрвэжээ. Манай Улс гэсэн дүрвэгсэдийг хэрэв хүсвэл хүлээн авч болно биз дээ. Тэгвэл танайх нэг айл хариуцна шүү".

Монгол хүний чин сэтгэл, үнэн үг ийм байна. Зах зээлийн хатуу хууль олон хүнийг танихын аргагүй өөрчилсөн боловч Орос орон, орос хүнийг гэсэн сэтгэлтэй иргэд Монгол Улсад олон бий.

Би Орос хүмүүстэй олон жил найзалж нөхөрлөн, тэдний ариун цагаан сэтгэл, үнэнч нехөрлөл, аливаад эрс шийдмэг, илэн далангүй ханддаг сайхан чанараар бахархаж явдаг. Надад ч бас "русский характер" бий. Эрдэм номын авшиг хишгээ хүртээж ээлээ өгсөн Орос орон маань хүчирхэг, аугаа байвал айл хөршийн бид ч амар амгалан амьдрах нигууртай.

Миний бие Орос орон, оросын ард түмнийг удам дамжин хүндэтгэж, итгэж, найдаж хэн нэгэн Боронскаягаас ч илүү хайрлаж явдаг учраас чин сэтгэлийн үгээ бичив.

Ноён Ерөнхийлөгч Владимир Путин та нарлаг Монгол оронд тавтай морилно уу-

Профессор, сэтгүүлч Вандангийн Алзахгүй