sonin.mn

МОСКВА./РИА Новости/. Либерийн  нийслэл хотод эмнэлгийн байгууламжид зэвсэглэсэн бүлэг этгээдүүд халдаж, Эбола вирусийн халдвар авсан гэдэг оноштой 17 өвчтөн зугтсан тухай Франс-Пресс агентлаг мэдээллээ.

Дээрх явдал ням гарагт шилжих шөнө болжээ. “Тэд хаалгыг эвдэж, байгууламжийг дээрэмдсэн. Бүх өвчтөн зугтсан” гэж болсон явдлыг нүдээр үзсэн гэрчүүдийн нэг ярьсан байна. Энэ мэдээллийг мөн нутгийн оршин суугчид болон эмнэлгийн байгууллагын ажилтнууд нотолжээ.

Эмч нарын мэдээлснээр, өвчтөнүүдийг сургуулийн барилга дотор байрлуулж байсан аж. Тэнд нийтдээ эмч нар үхлийн аюулт өвчний онош тогтоогоод байсан 29 хүнийг хүлээн авсан байжээ. “Халдлагын үеэр 29 өвчтөнөөс 17 нь оргосон.

Өвчтөнүүдийн ес нь дөрөв хоногийн дотор нас барсан бол өөр гурван өвчтөнийг төрөл төрөгсөд нь авч явсан” гэж Либерийн Эмнэлгийн ажилтнуудын холбооны тэргүүн Жорж Уильямс мэдэгдсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг