sonin.mn

ПАРИС. /ИТАР-ТАСС/. Чад улсын цэргийн албан хаагчид “Боко харам” бүлэглэлийн босогчдын барьцаалан, тус улсын нутаг дэвсгэр рүү авч явсан Нигерийн 85 иргэнийг сулласан тухай Франс-Пресс агентлаг мэдээлжээ.

Лалын хэт давруу үзэлтнүүдийн “Боко харам” бүлэглэлийн босогчид хэд хоногийн өмнө Нигерийн хойд нутагт оршдог Борно мужийн Дорон-Бага гэдэг загасчидын сууринд халдсан байна. Халдлагын улмаас тус суурингийн 30 орчим оршин суугч амиа алдаж, босогчид 100 орчим залууг болон хэд хэдэн эмэгтэйг барьцаалжээ. Тэд моторт завиар нуур гатлан барьцааны хүмүүсийг хөрш Чад улс руу авч явсан байна.

Борно мужийн засаг захиргааны төв болох Майдугури хотын аюулгүй албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, Чад улсын цэргийн албан хаагчид барьцааны хүмүүсийн сууж явсан  автобусны цувааг нуурын эргээр явж байх үед замаас нь барьж авсан байна. Цувааг ердийн үзлэг хийхээр зогсоосон боловч маш олон тооны хүн тээвэрлэж байсан нь сэжиг төрүүлжээ.

Хүчнийхэн барьцааны бүх хүнийг суллаж чадаагүй байна. Босогчдын зарим нь моторт завиар зугтжээ. Тэдний гарт Нигерийн 30 орчим хүн үлдсэн байна. Суллагдсан хүмүүс одоогийн байдлаар Чад улсын эрх баригчдын хамгаалалтад байгаа аж.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг