sonin.mn

Урьд би вээр албаны хэргээр Өгий нуурт очиж л байсан бөлгөө. Тийн авч "Өгий нуурын хөвөөнд дахиж нэг очих юмсан" гэх нэгэн бодол хэдэн жил санаанаас гарахгүй сэтгэлд сүүмэлзэж явсаар сая л нэг юм бүтлээ. Хүрэхэд овоо амархан ч болж. Цардмал хөх замаар сүнгэнүүлсээр байгаад гурван зуун арван есөн тоот тэмдэгт шонгоор солгой тийш замаас гарч, Баясгалант хайрхны шилээр давж, хэдхэн мод газар уруудаад очих юм. Уулын сэрвээн дээр гараад ирэнгүүт Өгий нуур өмнө талд, өлмийд минь мэлтэлзэж байлаа. Мандалдаа туссан нарны гэрлийг ойлгон тэнгэр өөд нь буцаан цацалж харагдана.Толины хагархай лугаа адил гялтганаад. Ай Өгий нуур гэмээ нь: хөх тэнгэрээс унаж ирж, уул ухаадын завсар хавчуулан нуугдсан тунгалаг цэнхэр сувд аа...Хангай ханы алиа сэмхэн салхинд мишилзэн бидэртэх бажгар дурдан мандалдаа өдөр шувуутайгаа хамт нар хөвүүлж өнжөөд, шөнө загастайгаа цуг од хотлуулж хонодог тэнгэр газрын амин хүй бяцхан хөх диваажин...

Өгий нуурын эргэн тойрон энд тэндгүй жуулчны буурайхан отог буужээ. Зарим нь харин ашгүй жорлон саваа овоо гайгүй хийчихсэн нь олзуурхууштай. Бид харин тэднийг бараадалгүй, өмнө этгээдэд агч дүнхэр ухаагаас нуур руу хатгаж орсон, ар талдаа хөөрхен байц хад бүхий нэгэн намхан өвдөг дээр хэдэн шүхэр майхнаа босгож тохижлоо. Өчигдөр азарган бороо шаагиад өнгөрсөн болохоор тэнгэр үнэртээд, газар чийгтэй, өвс ногоо сэрж сэргэчихээд дуу аялах нь холгүй болчихсон нэн ч таатай байлаа. Хот газраас холдож үзээгүй хүүхэд шуухад нуурын бүлээхэн усанд умбаж шуугилдаад, зураг хөрөг татаж, хавч дун түүж ёстой л нэг үзээгүй юмаа үзэж байв даа. Бяцхан цохио хадны ирмэг дээр суугаад би вээр эргэн тойрон хараа сунган халиаж, энэхэн тэрхнийг санагалзан санаашрахуй дор олоон жилийн тэртээ энэ нутгийн нэгэн ухаант буурлын хөөрсөн хөлгөн домог санаанд буугаад ирвэй...


...Мартсан цагийн хойно гэнэ, манай цагийн өмнө гэнэ. Хөвчин хангай нутгийг үе үеэрээ мэдэн суудаг Орхон нэрт эрхмийнд охин үр заяажихуй. Аав ээж хоёр нь өлзий дэмбэрлийг бодож охиндоо Өлзий нэр хайрлаад алган дээрээ бөмбөрүүлж, газарт тавилгүй, гадаа гаргалгүй, энхрийлэн хайрлаж, эрхлүүлэн бөөцийлж, бойжуулан өсгөж, борвийг нь тэнийлгэж гэнэ ээ. Цаг одож ирж, цас орж хайлж, ус урсаж хөлдөж, уул ногоорч шарлаж, шөнө өдөр ээлжилж, шинэ хуучин солигдож, он жил орчиж, орчлон ертөнц эргэж.хойно өмнөө хоршиж, арван зургаан он ар араасаа хөврөхүй Өлзий охин өсөждэргэл cap шиг царайлаг,тэнгэрийн дагина шиг гоолиг энгүй сайхан авхай болов гэнээ. Хол ойрын харчуул хосгүй сайхан Өлзийн суу алдрыг дуулж,сураг чимээг сонсоод морь унаж мод тохон ирж, нүд унагаж, сэтгэл алдаж, олон ч эр хүй холбохыг гуйж, сүй талбихыг горилсон авч бүтлийг эс олжихуй.

Чингэхүйн чинад учрыг Өлзий гүнжээс өөр хэн ч эс мэдэж авсан аж. Чухам учир нь гэвээс саяхь авхай вээр дан дээлтэй, дагир морьтой, хөвч хангайн хөл хөсөр гөрөөчин, үе мултарсан ах, эцэгтэйгээ нэр нэгт, төлөгч нэгэн эрд охин сэтгэл алдан огоот дурласан юмсанжээ. Саяхь хоёр вээр уулын нуга,малын бэлчээрт сэм хэм уулзаж, янаглан учирч байхуй нэгэнтээ Орхон эцэг нь үзчихээд язгуур угсаа муу, ядуу хоосон хийгээд үе мултарсан ах эрд энхрий ганц охиноо эхнэр болгон өгөхгүй хэмээн хилэгнэн уурсаж, хэцүүрхэн хорьсон ажгуу. Янаг сэтгэлийн алдуурсан жолоо эргүүлэн татаж нэгэнт чадахгүй болсон Өлзий гүнж вээр орон гэрээсээ оргон босож, ор сураггүй алга болчихов ажээ.

Эцэг, эх хоёр нь эрх танхил охиноо эрж сурж эс олоод, үрээ санахын зовлонд унаж, үйл тамаа эдлэж, үхэх сэхэхийн зуур болов гэнээ. Чингээд арга тасрахын эрхээр охиныхоо янаг сэтгэлт мөнөөх төлөгч эрийнд очиж,"Мэргэ төлөгтөө үзэж ,охин үрийг минь олж егөөч. Азаргаар адуу.хотоор хонь, зэлээр үхэр өгч ачийг чинь хариулъя" хэмээн гуйсан юмсанж. Саяхь эр хариу: "Олж өгөхгүй ээ. Олж авна" хэмээжихүй.

Орхон эцэг вээр "Олж авч л байвал учир бий. Энэ хоосон ядуу хохь дагир эрд ганц охиноо өгөхгүй байх арга чарга олдох л байлгүй" хэмээн дотуур санаа өвөрлөөд: "Тэг,тэг. Чи олох л юм бол эхнэр болгон авахтун. Ураг барья" хэмээсэн аж. Чингээд мөнөөх төлөгч эр вээр үүр шөнийн заагаар үүдэн ууланд гарч, мэргэ төлгөө талбиж, мэдэж үзэж аваад ганц морио унаад газрын дөтийг бариад, уул давааг давж, ус голыг гатлаж, ухаа гүвээг дагаж, хотос хоолойг туулж, хол дүүлгэр одож, айл хунарт бууж асууж сураглаж явсаар Өлгий нэрт хоолой газарт хүрч очвоос Өлзий гүнж вээр урт зэлтэй айлд гүү саагаад сууж байв гэнээ. Янаг эрээ үзээд яльгүй гэрэвшив болсноо нар мандаж навч дэлгэртэл инээмсэглэн угтаж, саяхь хоёр учралдан гэр барьж, дэр нийлж, айл болж аж төржихүй.

Орхон эцэг олон хоног хүлээж ядаж атал телөгч мөнөөх эр төрсөн ганц охиныг нь эрж олоод эхнэрээ болгон авч, эр нь болон сууж бүхүйг адуу эрсэн нэгнээс андуу бус дуулаад зуун албатыг хурааж, босуул охиноо авчрах бошиг зарлигийг буулган бушуу түргэн одуулжээ. Нум сум агссан зуут вээр төлөгч эрийн толгойг тасдан, Өлзий гүнжийг булаасугай хэмээн Өлгий хоолойд довтолгон очиж, саяхь хоёрыг эрж олоод төлөгч эрийг онилон харвабаас Өлзий гүнж өмнүүр нь орж, эр эм хоёр нэгэн суманд нэвт сүлбүүлж тэврэлдэн үхэтхийн унасан ажгуу.  Чингээд тэр хоёр вээр нуур гол хоёр болон хувирсан гэнэм. Янаг хайрын шид гарахуйн орон хувилаад, Өлзий гүнж Өлгий нуур болж, Орхон нэрт хөгшин төлөгч эр Хөгшин Орхон гол болоод саяхь ариун нууранд цутган ус юуг нь тэтгэж, үүрд мөнх үл хагацахуйн хувийг олсон хэмээх ялгуун хийгээд гаслант домог ийн анам...

Өлгий нэртэй асан энэхүү нуур.монгол хэлний авиа ондоосох ёсоор яваандаа "л" авиа балархайшин балaрхайшсаaр бүр гээгдэж.өдгөө Өгий нуур хэмээх нэртэй болсон аюу...

...Хүнд бодолд дарагдан бузгай удаан суусан учир бие яггүй хөшсөн байлаа. Тийн биеийн чилээ гарган нуурын хевөө барин алхалж атал махчин аалзны эзгүйрсэн шүлс шиг өгөрсөн торны өрөөсөн сэжүүр намаг дороос цухуйж харагдлаа. Оросууд загас барьдаг энэ тор өдгөө ийн эзгүйрэн хэвтээ нь бас ч учир начиртай бөлгөө...

...Би цэргийн дээд захиргаанд чамгүй өндөр алба хэргэмтэй байсан цаг. Намар юмсан. Оросын цэргийн албанд байсан Мижиггов гэдэг буриад эр нэгэнтээ надтай уулзахдаа "Манай цэргийнхэн танай гол нуурыг дэлбэлэн загас барьж машин машинаар авчирч иддэг юм. Танай хууль журмаар бол дэлбэлж загас барих хориотой гэж дуулсан" гэж ярилаа. Би "Хаана тэгж дэлбэлж байна?" гэсэн чинь "Өө хаа сайгүй. Жишээ нь манай генералууд бямба, ням гараг болгон нисдэг тэргээр Өгий нуур, Хагийн Хар нуурт очиж дээр нь зогсож байгаад жижиг пуужин харваж дэлбэлдэг юм" гэдэг байна шүү. Уур хүрээд явчихлаа. Мижигтовыг гарангуут гарааш РУУ утасдаж, хөдөө ажлын тэрэг бэлд гэж тушаалаа. Би гэдэг чинь тэр цагт хот хөдөе хоёрт унадаг, хойно урдаа улаан үсэгтэй хоёр тэрэгтэй, албаны бөөн хэнээ явж дээ.
Чингээд нөгөөдөр нь бямба гаргийн шөнө дунд Өгий нуур тийш гараад өглөө. Би ч ганцаараа яваагүй ээ. Ерөнхий Штабын дарга генерал Гаваа Хагийн Хар нуур өөд явсан юмдаг. Мөнөөх Мижигтовын хэлснийг Гаваад дуулгаад тийшээ явахгүй юу гэсэн хэрэг. Би орос тэрэгний хар хурдаар давхисаар нар хөөрөх үед Өгий нуурын хөвөөнд буучихлаа. Тэртээ өмнө хөвөөнд нь хот хүрээ шиг юм хүрлийж барайж харагдана. "За, тэр л мөндөө" гэж бодоод тавьж хүрвээс урт дөрвөлжин чиргүүлтэй.цуваа зургаан дугуйтай том ногоон тэрэг зогсож байна. Хажууд нь том жижиг хэд хэдэн тэрэг байгаа нь өндөр хэргэмт нэгэн заларч буйн шинж. Ер нь ийм чиргүүлт тэргэнд ямар зэрэг зиндааний эрхэм тухалдгийг би сайн мэднэ л дээ. Дөрвөн дугуйтай томоо гээчийн чиргүүл нь саяхь эрхмийн албан гэр аваас харин зургаан дугуйт машины бүхээг мөнөөх эрхмийн унтаж нойрсдог газар нь юм. Энэ хоёр тэргэнд юм бүхэн бий. Бичиг хэргийн сандал ширээнээс авахуулаад унтаж хэвтэх ор дэр.зөөлөн буйдан, халуун усанд бие угаах онгоц шүршүүр, хөргүүр сэлт гээд.  Дулаацуулдаг уурын тогоотой. Бүр асаагаад гэрэл гаргачих жижигхэн цахилгаан хөдөлгүүр хүртэл бий. Цэргийн том мяндагтны хээрийн тэргэн өргөө. Би ингэж сайн мэддэг учир гэвээс би өөреө хээрийн сургуульд явахдаа яг ийм тэргэн өргөөнд ямбалдаг байсных бөлгөө. Өмнөх дарга нараас өвлөж ирсэн эд л дээ. Батлан хамгаалах яамны дээд зиндааны дарга нар тийм байсан. Би тэдний нэг л байсан юм чинь. "Хаан хүлгээ сойход царцаа гуяа сойв" гэгчээр, дэлхийг эзэгнэх санаа зорилго бүхүй Оросын цэргийнхнийг дуурайгаад бид ч "Адууныхаа хэрээр хашгирахгүй" их л увайгүй байсан даа.

Яг тийм нэгэн тэргэн өргөө Өгий нуурын хөвөөнд зогсож байлаа. Энэ дотор ямар шуухан эрхэм заларч байгааг би гадарласан л даа. Дөхөж очоод жолооч маань юу бодсон юм бэ,"Яваад очих уу" гэж байна. Би "Яагаад үгүй гэж?" хэмээн асуултаар хариулав. Тэгээд л бид хоёр тачигнуулж очоод тулгасхийн зогстол, бороогүй атал майхан цув хөдөрч, буу эгэлдэргэлсэн цэрэг санд мэнд гүйж ирж, өмнүүр орж зогслоо. Даргаа халуун цээжээрээ хамгаалж байгаа нь тэр л дээ. Харь газар яваа хойно арга ч үгүй юмсан уу? Би хаалгаа хагас онгойлготол мөнөөх цэрэг тойрч ирж харснаа яс гозойгоод гарыг малгайн саравчинд авч ёслоод хэлэх үгээ олж ядан бүлтгэнэлээ. Миний генерал мөрдөс сэлтийг үзээд тийн тэвдэж буй хэрэг л дээ. Би оросоор:

-Монголын генерал ирлээ гэж даргадаа илтгэ гэвээс мань цэрэг:

-Гүйцэтгэе гээд эргэж цувныхаа урд хормойг өвдгөөрөө өшигчин гүйлээ.

Төдхөн нүцгэн биен дээрээ цэрэг ногоон банзал цамц угласан, алтан шаргал үс сэгсийлгэсэн залуухан хүүхэн тэргэн өргөөнөөс санд мэнд гарч ирээд ор дэвсгэриин үнэр ханхлуулан хажуугаар енгөрөөд, бүдүүн цагаан шилбэ гялалзуулан, ац өгцөг андалзуулан гүйж тэртээд агч цэрэг ногоон майханд орж алга боллоо. Тэргэн ергөөнд нойрсогч генералын хээрийн янаг эм нь буйзаа. Хэн нэгэн дэслэгчийн авааль эхнэр ч байж магадгүй. Оросын генералуудад тийм явдал элбэг байдгийг би мэднэ. Тэд эрхмүүд архи хүүхэн хоёрт толгой мэдүүлэх алийг тэр гэх вэ. Жишээ гэвээс,Чойрт байсан Оросын дивизийн захирагч генерал нэгэн дэслэгчийнхээ эхнэр залуу хүүхэнд ухаан малгайгүй янаглан дурлаад салж хагацаж чадахгүй сүйд майд болоод сүүлдээ албан тушаалаасаа онхолдож нутаг буцаж санаа амарсан билээ. Амарсан ч гэж дээ, улам тарчилсан л байх аа даа, хөөрхий зайлуул.

Чингэж атал шадар хиа нь бололтой.сөөсгөр дэслэгч гүйж ирж ёслоод миний нэр усыг лавлаж байна. Би нэр ус.алба хэргэмээ хэлвээс дэслэгч даргадаа айлтгахаар эргэж гүйж тэргэн өргөөнд ороод дорхноо буцаж ирээд:

-Уучлаарай. Хамаандлагч таныг одоохон хүлээж авна гэлээ.

Тэр хамаандлагч нь намайг таних билээ. Би тэрэнтэй албаны хэргээр зөндөө уулзаж учирч,ярьж хөөрч байсан юм чинь. Нээрээ л огоот удсангүй тэр намайг тэргэн өргөөндөө урьж уулзлаа. Хатуу архи залуу эм хоёрт бие тэнхэл баахан сульдаж алжаасан тэр вээр нүд улаан.нүүр цэлхэр байх аж. Мань хүн "Айхгүй ч гэсэн арзайна" гэгчээр надаас жаахан жийрхсэн янз ил:

-Уучлаарай генерал аа. Би унтаж байгаад Таныг удаан хүлээлгэчихлээ. Таныг ирнэ гэж огг мэдсэнгүй гэж байна. Бид хоёр оросоор ярилцлаа.
Би ёсыг бодон: -Зүгээр зүгээр, та яаж мэдэх вэ. Би нэг их удаан хүлээгээгүй. Албаны хэргээр "явж байгаад энэ нуурыг нэг үзье гээд ирлээ гэж манж үг хэллээ.
Мань хүн сэжиг авсан янзгүй:

-Сайхан нуур. Та бидэн шиг цаг наргүи ажилтаи хүмүүс хааяа ирж амарч алжаал тайлж баймаар газар гэж байна. ЧинГэж хэлэхийг нь сонсож суухдаа би "Чи ч мөн амарч алжаал тайлсан шиг байна даа" хэмээн ёжлон бодоод авлаа.

-Тийм ээ,уг нь их сайхан нуур л даа. Загас жараахай элбэгтэй их баян нуур. Харин зарим хүмүүс энэ сайхан нуурын загасыг хайр гамгүй сүйтгэж байгаа мэдээ сураг гараад байгаа юм. Тэгээд л чухам юу болж байдгийг нэг ажиглая гэж ирлээ л дээ гэвэл мань хүний шартаж халуу шатсан дотор нь юу нэгэн хүйтэн юм дусах шиг болов уу даа. Тэгснээ сэхээ аван:

-Ийм сайхан байгалийг сүйтгэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тийм этгээдүүдтэй хайр найргүй тэмцэх хэрэгтэй гэхдээ дууны нь өнгө нэг л эвгүй, түгшүүртэй болж ирж байгааг нь ажиглалаа би.

-Харин тийм. Эрхбиш эзэнтэй газар гэдгийг элэг буруутай тэр этгээдүүдэд мэдүүлэх учиртай байх гэхдээ би эгдүүцлээ нууж чадсангүй. Тэгэхийг'4 мөнөөх генерал ажиглаатах шиг боллоо. Архи нэвчиж хүрэнтсэн царай нь цайвартаад ирж байх шиг. Тэгснээ тэр:

-Тэгэлгүй яах вэ. Оросууд бид ч гэсэн загас барих хорхойтой хүмүүс.Монголын хууль дүрэм зөрчиж хамаагүй барьж болохгүй гэдгийг манай хамаандлал. Би биечлэн байнга анхааруулж байдаг юм. Манайхан зөрчил гаргасан мэдээ байвал та бүхэн надад биечлэн хэлж байгаарай. Би хуйхлаад өгнө гэж сүрхий янзтай хэлэв.
Би яг энэ үгийг нь дагуулан:

-Генерал та ингэж хэлж байгаа чинь тун таатай байна. Та ингэж хэлж байгаа болохоор би дуулснаа шуудхан хэлье. Саяхан танай нэг офйцер надтай уулзаад танайхан Монголын нуур голын загасыг ёс бусаар барьж.сүйтгэж байна гэж илтгэсэн л дээ. Тэгээд л би...

-Хэн тэгж...

-Генерал аа.хэн хэлсэн нь гол биш.юу хэлсэн нь чухаг гэж та бодохгүй байна уу?

-Өе, миний буруу, тэгэлгүй яах вэ, генерал аа. Гэхдээ би үнэн худлын нь учрыг олох ёстой шүү дээ. Та намайг уучлаарай. Шал дэмий юм донгосож явдаг этгээд ч манайд бий шүү дээ. Тэр тусмаа ардчилал, ил тод байдал энээ тэрээ гээд одоо чинь...

-Харин тийм, генерал аа. Тэр ардчилал, ил тод ёсны чинь л буянаар иймэрхүү муу юмыг ярьж хөөрөх, улмаар засаж залруулж болох болж байна биш үү? Тиймгүйсэн бол би өдийд...

-Тэгэлгүй яах вэ.Ардчилалгүй бол бид чинь үхэж мехнө шүү дээ, хэ хэ хэ гэсхийн орос генерал ардчиллыг үзэн ядаж б^йгаа нууж үл чадан дуу хоолой нь төмөртөж, царай зүс нь зэврээд ирж байнаа.

Л.ПҮРЭВДОРЖ(Соёлын гавъяат зүтгэлтэн,МЗЭ-ийн шагналт зохиолч)

Үргэлжлэл бий