sonin.mn
Жил бүр Италийн хойд хэсэгт оршдог Феррара хотноо зохиогддог ардын урлагийн олон улсын “Ferrara Buskers” хөгжмийн наадмын 27 дахь удаагийн арга хэмжээнд ардын урлагийн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Хулан, Хөх Монгол, Седаа, ТрансМонголиа зэрэг хамтлаг, дуучид хүндэт зочноор уригдан оролцохоор болжээ.
 
Уг наадам энэ сарын 21-31-ний өдрүүдэд болох бөгөөд хөгжмийн наадмын хөтөлбөрийг танилцуулах хэвлэлийн бага хурлыг БНИУ-ын Соёл, аялал жуулчлалын яам, Феррара хотын захиргаа болон Монгол Улсын ЭСЯ хамтран Ром хотноо өчигдөр зохион байгуулав.
 
Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар энэхүү олон улсын томоохон баяр наадамд Монгол Улсын ардын урлагийн төлөөллийг хүндэт зочноор урьсанд зохион байгуулагчдад талархал илэрхийлээд тус арга хэмжээ нь хоёр орны соёлын харилцааг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.
 
Италийн хойд хэсэгт оршдог Феррара хот нь жил бүр ардын урлагийн олон улсын “Ferrara Buskers” хөгжмийн наадам зохион байгуулдгаараа Европ болон дэлхий нийтэд танигдсан хот бөгөөд уг наадам нь 1988 оноос хойш зохиогдож байгаа аж.