sonin.mn

Улаан-Үдийн Ерөнхий консулын газраас сүүлийн 5 жилд 69729 хүнд консулын үйлчилгээ үзүүлсэн байна. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, Байнгын хорооны ажлын албаны ажилтнуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн гишүүд ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хотноо энэ сарын 22-28-ны өдрүүдэд ажиллалаа.

Байнгын хорооны гишүүд ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд дахь Монгол Улсын Ерөнхий Консулын газруудын үйл ажиллагаа болон консулын газрын байр, ажиллах нөхцөл, ажилчдын орон сууцны асуудалтай тус тус газар дээр нь очиж танилцаж, шийдвэрлэх асуудлуудын талаар ярилцав. Ажлын хэсэг ОХУ-ын болон гадаадын иргэдэд Монгол Улсын виз олгох, урилга гаргах, буцаах үнэмлэх олгох, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулж байгаатай биечлэн танилцсан юм.

Мөн УИХ-ын гишүүд Эрхүүгийн Ерөнхий консулын газрын сүүлийн 3 жилийн, Улаан-Үд дахь консулын газрын сүүлийн 5 жилийн төсвийн гүйцэтгэлтэй танилцаж, төсвийн урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардлын талаар зарим тодорхой чиглэл саналуудыг өглөө. Эрхүү, Улаан-Үдийн хотын Ерөнхий консулын газрын тойрогт харъяаллагддаг ОХУ-ын субъектүүдэд ажиллаж, амьдарч байгаа нийт 2000 орчим монгол иргэдэд консулын болон хууль зүйн зөвлөгөө өгч ажилладаг байна.

Байнгын хорооны гишүүд ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хот дахь Ерөнхий консулын газруудын үйл ажиллагааг сайшаан, зарим тулгамдаж байгаа асуудлын талаарх саналаа Гадаад харилцааны яамаар уламжлуулан Байнгын хороонд ирүүлэхээр тогтов.


Байнгын хорооны дарга, гишүүд Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын дарга Берлина Людмила Михайловна тэргүүтэй төлөөлөгчид, Буриад Улсын Ардын Хурлын орлогч дарга Павлав Владимир Анатольевич, Байнгын хорооны дарга Ирильдеев Вячеслав Германович, Батуев Цыденжап Бимбаевич, Тамгын газрын дарга Эрдынеев Владимир Батоцыренович нартай тус тус уулзалт зохион байгуулж, хууль тогтоох байгууллагууд хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг