sonin.mn

ЭДИНБУРГ. /ВВС/. Зургаахан секундын эрчимтэй дасгал хөгшчүүлийн эрүүл мэндийг өөрчлөх боломжтой гэж Шотландын судлаачид мэдэгдлээ. Маш богино хугацааны идэвхтэй дасгал цусны даралт бууруулж, биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулдаг болохыг тэтгэвэрт гарсан 12 хүнийг хамруулсан туршилтын судалгаагаар тогтоожээ.

“Abertay” их сургуулийн судлаачдын багийн үзэж буйгаар, маш богино хугацаанд ингэж эрчимтэй дасгал хөдөлгөөн хийснээр настай хүмүүс сул дорой биеэ эмчлүүлэх гэж “тэнгэрт хадсан” их мөнгө зарцуулах шаардлагагүй.

Мөн аль ч насныханд дасгал хөдөлгөөн хийх нь маш чухал болохыг судлаачид онцлон тэмдэглэсэн юм. Хагас цаг гүйж, цөөн хэдэн км унадаг дугуйгаар явахын оронд богино хугацаанд өөрийгөө дайчлан эрчимтэй дасгал хөдөлгөөн хийснээр үр дүнгээ өгөх болно гэж судлаачид хэлэв.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг