sonin.mn

Гадаадын монгол судлаач залуу эрдэмтдийг  бэлтгэх, монгол судлалыг хөгжүүлэх, санаачлах зорилгоор энэ жил “БШУ-ны сайдын ивээл дор” зохион байгуулж буй зуны сургуулийн нээлт өнөөдөр боллоо.

Энэхүү зуны сургалтыг энэ жил 25 дахь удаагаа зохион байгуулж буй юм. Зуны сургуулийн үйл ажиллагааг БШУЯ-ны харьяа Монгол судлалыг дэмжих сан, Монгол судлалын үндэсний зөвлөл, МУИС хамтран өнөөдрөөс ирэх сарын 11-нийг хүртэл зохион байгуулна. Сургалтад ШУА, МУИС, МУБИС болон Кембрижийн их сургууль, ОХУ-ын Санктпетрбург их сургуулийн профессор зэрэг монгол судлалын чиглэлээр нэрд гарсан эрдэмтэн, судлаачид оролцож монгол орны түүх, соёл, хэл шинжлэл, утга зохиол, археологи, нүүдлийн мал аж ахуйн чиглэлээр залуу судлаачдад хичээл зааж буйгаараа онцлогтой.

Монгол судлалын үндэсний зөвлөлийн Нарийн бичгийн дарга Д.Заяабаатар, “Гадаад дахь монгол судлалын хүрээ улам өргөжих хандлагатай байгаа учраас залуу судлаачдын тоо өсч байгаа. Сүүлийн үед уламжлалт хэл, түүхийн судалгаанаас гадна Монголын эдийн засаг, улс төр, хууль эрх зүй, уул уурхай зэрэг орчин үеийн судалгаа хүчтэй өрнөх хандлагатай байна. Олон улсын монгол судлалыг Монголын төр засгаас дэмжиж байна гэсэн мэдээлэл гадаадын монгол судлалын төвүүдэд таатай мэдээ болсон. Тухайлбал, Канадад монгол судлалын төвийг албан ёсоор нээх хүсэлт тавьж байгаа” гэв.

Сургалтад ОХУ, БНХАУ, Япон, Солонгос, Герман, Турк, Казахстан, Монгол зэрэг орны 45 залуу судлаач оролцож байна.  

Сургалтын үеэр  залуу судлаачид Хархорин, Эрдэнэ зуу хийд, Мэлхий толгой, Шанхын хийд, Түрэгийн Билэг хаан, Культегин жанжны  дурсгалын хөшөө зэрэг түүх дурсгалт газраар аялахаас гадна Үндэсний  музей,  Богд хааны ордон музей, Төв номын сангийн ховор хуучин, үнэт номын үзэсгэлэн зэргийг үзэж сонирхоно.

Энэхүү Гадаадын залуу монгол судлаачдын зуны сургуулийг зохион байгуулснаар залуу судлаачид нь монголын түүх, утга соёлтой танилцан,  ирээдүйн судалгааныхаа чиглэлийг тодотгох,  монгол улсын шинжлэх ухааны байгууллага,  эрдэмтэдтэй цаашид хамтран ажиллах бололцоотой. Мөн хилийн чанад дахь монгол судлалыг өргөжүүлэх, түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой юм.

Өнгөрсөн хугацаанд АНУ, Англи, Герман, Канад, Япон, ОХУ, БНХАУ, Австрали, Чех, Унгар, Польш, БНСУ, Турк зэрэг 20 орны 500 гаруй залуу судлаач тус сургуульд суралцжээ.

 Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг