sonin.mn

1939 онд болсон Халхын  голын дайнд оролцсон  ахмад дайчин одоо Монгол Улсад 30 гаруйхан амьд мэнд байгаа гэж дайнд оролцогсдын Монголын хороонд бүртгэгджээ. Тэр дайнд дивиз, хороо, суман зэрэг цэргийн ангийн удирдах бүрэлдэхүүнд ажиллаж байсан дарга /офицер/ эдүгээ өдрийн од болжээ.

Сайн эрж шүүвээс Дорнод аймгийн Тамсагбулагт Д.Сүхбаатарын нэрэмжит морьт 0Е1 дивизийн 17 дугаар моры хорооны штабын даргаар дайн эхлэхээс дуустал ажиллаж байсан ахмад дайчин Пунцагийн Шагдарсүрэн эдүгээ 96 нас хүрээд Улаанбаатар хотноо Чингэлтэй дүүргийн IV хороонд эрүүл мэнд, энх амгалан аж төрж сууна.

П.Шагдарсүрэн бол Төв аймгийн Баянбараат сумын нутагт 1918 онд морин жил малчны гэр бүлд төрсөн, багаасаа мал маллаж байгаад нийслэл хотноо бага, дунд сургууль төгсч, 18 нас хүрээд 1937 онд сайн дураараа цэргийн ерөнхий сургуульд оржээ.

Уг сургууль нь 1921 онд Д.Сүхбаатар жанжны санаачилгаар анх байгуулсан манай улсын ууган сургуулийн нэг. Цэргийн бага, дунд тушаалын дарга нарыг бэлтгэдэг тус сургуульд П.Шагдарсүрэн суралцсанаараа морин цэргийн дарга болох гэсэн хүүхэд ахуйн хүсэл мөрөөдөлдөө хүрчээ. Тэрбээр үеийн нөхдийн хамт идэвхтэй суралцдаг байв.

1938 оны сүүлчээс манай орны Дорнод хилээр Японы түрэмгийлэгчид халдан довтолсоор байв. Иймээс Бүх цэргийн жанжны тушаалаар төгсөх ангийнхныг хугацаанаас нь өмнө 1939 оны гуравдугаар сарын эхээр төгсгөв. Тэдгээр төгсөгчдөөс хэсэг нөхөд цэргийн анги нэгтгэлүүдэд дээд ахлах тушаалын даргаар шууд томилогджээ.

Пунцагийн Шагдарсүрэн Тамсагбулагийн морьт VI дивизийн моры 17 дугаар хороонд штабын даргаар 21 насандаа ахмад цолтой томилогдон очжээ. Түүнтэй хамт төгсөгчдөөс мөн штабын туслах, байлдааны ангийн даргаар Н.Дугаржав, тагнуул ангийн даргаар Н.Баатар нар томилогдон очсон аж.

Шинэ томилогдож очсон тэднийг 1939 оны гуравдугаар сарын 10-нд VI дивизийн дарга Ч.Шаарийбуу, комиссар Д.Пэлжээ, 17 дугаар хорооны дарга Л .Дандар нар сургагч, бусад дарга нартайгаа угтаж анги, нэгтгэлээ болон цаг үеийн байдлыг танилцуулж, жинхэнэ ажилд нь оруулжээ.

Морьт 17 дугаар хороо бол Ардын хувьсгалт цэргийн анхны ангийн нэг. Харийн дайсны халдлага дайралтанд хатуу цохилт өгч байсан дайчин түүхтэй. Бид богино хугацаанд хорооныхоо ажил, цэргүүдийн аж байдалтай танилцаж, танхимд сурч мэдсэнээ амьдрал дээр нүдээрээ үзэж биеэрээ хийж эхлэв.

Хорооны дарга, комиссар, сургагч нарын зөвлөмж дэмжлэг, өөрийн туслахууд болон хуучин дунд, бага дарга нарын туслалцаа, хамтын чармайлтаар ажил үүргээ амжилттай биелүүлж байдаг гэж П.Шагдарсүрэн гуай дурсан ярьдаг.

Японы түрэмгийлэгчид халдан довтлох нь улам нэмэгдэж дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр Япон-Манжийн цэргүүд Сүмбэрийн заставын чиглэлээр хэдэнтээ халдлага хийв. Тавдугаар сарын 11-нд дайсны хоёр томоохон анги зүүн хилд гэнэт довтлон ширүүн тулалдаан болж манай хилчдээс амь эрсдэж шархадсан билээ.

Тавдугаар сарын 16-ны өглөө дайсны хоёр нисэх онгоц Тамсагбулагт байгаа VI дивизийн дээгүүр нисч тагнан туршив. Тавдугаар сарын 17-нд тус дивизь ангиуд Хамар давааны чиглэлээр хурдавчилсан марш /аялал/-аар довтлон явсаар Халхын голд хүрчээ.

Манай цэрэг дайчид байлдааны бүх бэлтгэлээ хангаад дайран ирэх дайсанд үхлийн цохилт өгөхөд бэлхэн зориг төгөлдөр байсан гэж П.Шагдарсүрэн гуай дурдсан байдаг. Л.Дандарын хорооныхон дайсантай байлдахад тэргүүн шугамд гарахаар байрладаг байв.

Тэднийг Хамар давааны нэг хавцалд түр байрлахад Японы гурван нисэх онгоц гэнэт дайран бөмбөгдөж сандаргасан ч хохирол үзсэнгүй.  Харин их өвсөнд түймэр гарч түүнийг унтраажээ. Тавдугаар сарын 25-нд VI дивиз Халхын голыг гаталж улсын хилд байрлах газраа эзлэв.

Дивизийн дарга Ч.Шаарийбуугаас П.Шагдарсүрэн, Н.Дугаржав хоёрыг дуудаж, дивизийн штабын орон тоо дутуу учир дивизийн штабын байлдааны ангийн даргаар П.Шагдарсүрэнг, тагнуул ангийн даргад Н.Дугаржавыг түр томилжээ. Тэp хоёр шинэ албан тушаал гүйцэтгэх болов. VI дивизийнхэн улсын хилийн дагуу өргөөшөө 15 км, фронтоор тавдугаар сарын 26-ны өдөр байлдааны үүрэг гүйцэтгэн байраа эзэлжээ.

Дайсан ажиглан тагнаж байдал хүндэрч байлдааны гал нээхэд бэлхэн болжээ. Тавдугаар сарын 28-ны үүрээр дайсны хүч нэмэгдүүлсэн явган цэргийн болон моторчилсон ангиуд VI дивизийн чиглэлээр довтлон давшиж ирснээр Халхын голын дайн эхлэв. Өглөөний 7:30 цагт ангиудтай барих утсан холбоо тасрав.

Энэ мөчид дивизийн дарга Ч.Шаарийбуугаас П.Шагдарсүрэнг 17дугаар хороо руу, Н.Дугаржавыг 15 дугаар хороо руу явуулж байлдааны явцтай танилцаад түргэн буцаж ирэхийг тушаажээ. Моры 17 дугаар хорооныхон довтлон ирсэн 800 шахам дайсныг бут цохиж шархдаж бууж өгсөн 20 шахам япон, олон зэр зэвсэг олзолжээ.

Тэд анхны ялалтдаа. баяр хөөртэй байсанд нь штабын дарга байсан П.Шагдарсүрэн талархал хүргээд дараагийн тулалдаанд сайн бэлтгэж сонор соргог байхыг үүрэг болгожээ. Дивизийн штабын байлдааны ангийн дарга түр болсон П.Шагдарсүрэн дивиз рүүгээ буцаж явтал хорооны штабын араас Японы дөрвөн машин цэрэг буугаад давшиж байгаа харагдав.

Их бууны дивизион дээр П.Шагдарсүрэн давхин очиж нөгөө машинаас буусан дайсан руу гал нээх боломжтой байрлал түргэн эзлэх үүрэг өгөөд дивиз рүүгээ явтал дивизийн штабын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Осор тосон ирж, "Дивизийн штаб дайсанд бүслэгдсэн, дарга Шаарийбуу сургуулийн суман руу яваад ирээгүй, сургагч шархадсан учир комиссар Пэлжээ хуягаар ар тал руу аваад явсан. Холбооны цэргээс амьд үлдсэн нь ар тийш гарсан" гэжээ.

Тэр хоёр дарга /П.Шагдарсүрэн, Ж.Осор/ тэндээс их бууны дивизион дээр эргэн очиж арваад цэрэг аваад Халх гол руу гарах зам хайхаар Хайлстын голын эхэнд очтол Японы цэргүүд хэсэг хэсгээр хойшоо сандран гүйцгээж байв. Тэднийг буудав. Өөдөөс буудалцах сөхөөгүй байсан тэд хойт элст манхан тийш зугтан арилав.

"Ингэж атаат дайсныг би анх буудаж билээ. Бид энэ өдөр Японы арав гаруй цэргийг винтовоор онь холбон буудаж устгаад ар талд үлдсэн өөрийн ангиудыг Халх гол руу орох замыг нээсэн" гэж П.Шагдарсүрэн гуай хэлдэг.

Манай Засгийн газрын хүсэлтээр Зөвлөлтийн улаан армийн төрөл бүрийн цэргээс бүрдсэн нэмэгдэл их хүч дөнгөж ирээд байв. Тавдугаар сарын 28-ны үүрээр хил дээр болсон тулалдааны мэдээг сонсонгуут Тамсагбулагт байсан Зөвлөлтийн цэргийн ангийн түрүүч нь Халх голд ирж, японууд Халхын голын гармыг яг эзлэх гэж байхад нь эсрэг тулалдаж дайсны гол хүчийг тавдугаар сарын 29-30-нд бут цохиж, үлдсэн хэсгийг улсын хилээс хөөн гаргав.

Энэ өдрүүдийн байлдаанд япон манжийн 3000 гаруй дарга, цэрэг алагдаж шархдан олон тооны зэвсэг техникээ орхин ухарчээ. Тавдугаар сарын сүүлчийн өдрүүдийн тулалдаанд VI дивиз дайсны бүслэлтэд орж, сургуулийн суман болон холбооны 50 гаруй цэрэг, дарга амь үрэгдэж шархадсан, дивизийн дарга Ч.Шаарийбуу алтан амиа өргөж гүн эмгэнэл хохирол үзэв.

Харин энэ тулалдаанд тус дивизийн ангиудаас Л.Дандарын захирсан 17 дугаар моры хороо гарамгай байлджээ. Дээд командлалаас хороогоо онц гарамгай удирдсан Л.Дандарыг VI дивизийн даргаар дэвшүүлж, П.Шагдарсүрэнг 17 дугаар хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Хэрэв П.Шагдарсүрэн, Н.Дугаржав хоёр Ч.Шаарийбуу даргын үүрэг томилолтоор өөр хороо руу яваагүй бол мөн тэнд дайсны суманд өртсөн ч байж болох.

Ч.Шаарийбуу бол мартагдаж үл болох дайчин дарга ажээ. Тавдугаар сарын тулалдааны дараа VI дивиз фронтын зүүн жигүүрт Баянцагааны Хөх өндрийн нуруунд хориглон Халхын голын цаана буй дайсны хүч хөдөлгөөнийг хянан тагнах үүрэг гүйцэтгэж байв. Халхын голын байлдааны эхний үед Японы сөнөөгч онгоцууд агаараас бөмбөгдөж аюул занал багагүй учруулж байжээ.

Зургадугаар сарын дундуур Зөвлөлтийн алдарт нисэгчид очиж Халх голын тэнгэрт Японы онгоцуудыг хиар цохиж эхлэв. Зарим өдөр хоёр талаас 100-гаад онгоц оролцсон аймшигт тулалдаан болдог байж. Зургадугаар сарын 22-нд Зөвлөлтийн 90-ээд онгоц, Японы 120-иод онгоцтой халз дайтаж агаарын аймшигтай, гайхмаар дайн анх удаа Халхын голын тэнгэрт болсныг тэр дайнд оролцож явсан ахмад дайчид дурсан ярьдаг.

Японы эзлэн түрэмгийлэгчид тавдугаар сарын байлдаанд бут цохигдоод хилийн ойролцоо хүчээ нэмэгдүүлэн дахин довтлох бэлтгэл хийж байв. Долдугаар сарын 2-ны орой Японы тал 30000-аад цэрэг, олон арван их буу, танк, хуягт, автомашинтай үлэмж их хүчээр Халхын голыг эзлэн авахаар шууд давшилтад оров.

Зөвлөлтийн их буучид, танкчдын бригад тэдний эсрэг ширүүн гал нээж, нисэгчид агаараас дайрч дайсны хар хүчийг устгаж эхлэв. Монголын морьт дивиз, хороод техникийн асар их хүчтэй энэхүү галт дайнд шууд орж болохгүй, араас нь оржээ. Баянцагааны дайн өдөржин шөнөжин үргэлжилж, энэхүү аймшигт дайнд Зөвлөлтийн дайчид монгол орон, манай ард түмний төлөө цусаа урсган дайтаж, ялалт байгуулав. Хоёр тал их хохирол үзжээ.

Баянцагааны ялалт нь Халхын голын байлдаанд шийдвэрлэх эргэлт болжээ. Япон бууж өгсөнгүй, дахин дайтах болсноос хоёр тал хориглолтод орж, хүчээ нэмэгдүүлэв.
Японы Квантуны VI армийн ангиуд хүчээ сэлбэн фронтын төв хэсэгт хориглолт хийв. Зургаа долоон сарын турш япончууд аль ашигтай газраар цөмрөн орохоор өдөөн хатган туршсанд манай тал тухай бүр хатуу цохилт өгч байв.

Хоёр тал ойрхон зайнд бие биеэ нуувчнаас харан хориглож байжээ. Долдугаар сарын 24-нд 17 дугаар хороо хориглолтоос байлдан тагнах давшилтыг амжилттай хийгээд дахин хориглох байраа сонгохоор П.Шагдарсүрэн, хорооны сургагч К.Е.Сударев хоёул морьтой давхиж явтал Японы есөн онгоц дайран бөмбөгдсөнөөс хоёр морио алуулж, сургагч хүнд шархдаж, Шагдарсүрэн зүүн гуяндаа хөнгөвтөр шархаджээ.

Дэргэд бөмбөг дэлбэрэхэд ингээд би сурагчтайгаа, морьтойгоо үхэх болж, эх орон минь, ээж аав минь эгшин зуур бодогдож, хари дайсныг заавал ялна, орос нөхөд минь байгаа цагт гэсэн бодол бас санаанд бууж ирлээ. Харин азаар орос, монгол бид хоёр амьд мэнд гарч, хайран сайхан хоёр хүлэг морь минь нам унасан /үхсэн/ байв.

Миний хээр халзан морь ширүүн тулалдаанд хэдэнтээ орсон, маш сайн сургуультай, их хурдан, том биетэй, ижил дасал болсон хайртай морь минь байж билээ гэж П.Шагдарсүрэн гуай ярьж байсан санаанд минь байна.

Наймдугаар сарын ерөнхий давшилтын өмнөхөн П.Шагдарсүрэн фронт командлагч маршал Х.Чойбалсан, Г.К.Жуков, Ж.Лхагвасүрэн нарыг дагаж цэргийн ангиудаар явахад маршал Х.Чойбалсан, Г.К.Жуков нар цэрэг, дарга нарыг эцсийн тулалдаанд зоригжуулан Монгол, Зөвлөлтийн арми энэ дайнд баттай ялна гэж хэлж байжээ.

Наймдугаар сарын 20-ны өглөе 5 цаг 30 минутад манай маш олон бөмбөгдөгч онгоц, Японы хориглолт, ар талыг гэнэт бөмбөгдөж эхлэв. Их буучид бүх фронтоор гал нээв. Агаарт хоёр талын үй олон онгоц тулалдаж гарав. Фронт даяар Зөвлөлт, Монголын цэргийн хүч нэгэн зэрэг давшив. 17 дугаар хороо, VI дивиз зөвлөлтийн болон өөрийн танк, хуягтуудын араас давшилтад оров.

Тэр зуны энэ өдөр фронтын бүх талбарт дайны гал утаа, газрын хөрсний шороо тоос тэнгэр бүрхэж, хүмүүс, зэвсэг техникийн нүсэр их дуу чимээ аянга мэт гарч ямар их аймшигтай, гайхамшигтай байсныг үгээр зүйрлэн хэлэхийн аргагүй байсан гэж тэр дайнд оролцсон ахмад дайчид дурсан ярьдаг юм.

Тийм гэнэтийн хүчтэй дайралтад Японы цэрэг дайчид бут ниргүүлэн байлдааны зэвсэг техникээ хаяад амьд үлдсэн нь хил даван зугтжээ. Дайсны маш олон цэрэг дарга алагдан шархдаж хохирчээ. Зөвхөн 17 дугаар моры хороо гэхэд япон манжийн олон цэрэг, агт морьд, зэвсэг техник устгаж олзолжээ.

Японы квантуны арми Зөвлөлт, Монголын аварга хүчинд бүрэн бут ниргүүлэн өөрийн эрхгүй ялагдлаа хүлээж, есдүгээр сарын 16-нд бүх фронтоор гал зогсоон бууж өгөв. Халхын голд Японы түрэм гийлэгчдийг монгол, зөвлөлтийн цэргийн хүчээр түүхэн ялалт байгуулсан нь манай ард түмнийн бат найрамдал, дайчин нөхөрлөлийг дэлхийн олон нийтэд тод харуулав.

Энэ дайн эхлэхээс нь эцэслэн дуустал фронтод амь биеэр зүтгэж дайсантай халз тулалдаж, шархдан цусаа урсгаж явсам дайчин эр бол Пунцагийн Шагдарсүрэн мөнөөс мөн. Халхын голын дайны дараа эх орныхоо энх тайван, бүтээн байгуулалтад гар биеэр идэвхтэй оролцогчдын нэг бол П.Шагдарсүрэн яах аргагүй мөн.

Халхын голын дайны дараа эх орныхоо энх тайван, бүтээн байгуулалтад гар биеэр идэвхтэй оролцогчдын нэг бол П.Шагдарсүрэн яах аргагүй мөн. Халхын голын дайнд оролцсон морьт 17 дугаар хорооноос дарга байсан Л.Дандар, мөн байлдагч байсан Ц.Олзвой нар гарамгай гавьяа байгуулсан учир БНМАУ-ын баатар цол хүртэж, олон арван дайчид одон, медалиар шагнуулсны дотор П.Шагдарсүрэн Цусан гавьяаны / Цэргийн гавьяаны улаан тугийн/ одонгоор энгэрээ мялаалгажээ.

Тэрбээр бас 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин юм. Халхын голын дайнд ийнхүү идэвхтэй оролцсоны дараа П.Шагдарсүрэн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд маршал Х.Чойбалсангийн гарын нарийн бичгийн дарга, туслагч, Гадаад явдлын яаманд хэлтсийн эрхлэгч, орлогч болон жинхэнэ сайд, Намын төв хороонд хэлтсийн эрхлэгч, гадаадын арваад улс оронд элчин сайд зэргээр Монголын гадаад харилцааг бэхжүүлэхийн тулд дипломат албанд он удаан жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарчээ.

П.Шагдарсүрэн өөрийн амьдрал тэмцлийн туршлага, үйл ажиллагаанаас "Халхын голын байлдааны өдрүүд", "Миний мэдэх Чойбалсан", "Амьдралын хувь төөрөг" зэрэг сонирхолтой номууд туурвин бүтээжээ.

Халхын голын дайны ялалтын 75 жилийн ой энэ 2014 онд болж байгаа учир ОХУ, Монгол Улсад тус ойг өндөр хэмжээнд тэмдэглэхээр өргөн арга хэмжээ зохиож байгаа аж. Энэ 75 жилийн ойн баярыг тохиолдуулан уг дайнд хамгийн идэвхтэй оролцогчдын нэг одоо энх амгалан аж төрж байгаа ахмад дайчин Пунцагийн Шагдарсүрэнд "Монгол Улсын баатар" цол шагнаж хүртээх нь зүйтэй гэсэн хөдөлмөрчин олны саналыг дайнд оролцогчдын Монголын хороогоор уламжлан дороос дэвшүүлж байгаа юм.

Гажидийн Баатарчулуун