sonin.mn

Жалайр Лувсангийн Пүрэвдорж нь 1938 онд Говь-Алтай аймгийн Хасагжаргалан /одоогийн Шарга/ сумын нутаг, Их Номгон уулын энгэр дэх "Хөтөлийн бууц" гэдэг газар мэндэлжээ. Зохиолч, нийтлэлч. 1960 онд АА-д цэргийн алба хааж, 1962 оноос салааны туслах, ротын дарга, ангийн улс төрийн орлогч, Улстөрийн газрын хэлтсийн орлогч, "Улаан од" сонины тасгийн дарга, Намын Төв Хорооны зааварлагч, хэлтсийн орлогч эрхлэгч, Армийн улс төрийн газрын дарга зэрэг алба хааж, хошууч генерал цолтой болжээ.

Мөн Офицер бэлтгэх сургууль, 1972 онд ЗХУ-д Цэрэг улс төрийн академи, 1977 онд мөн академийн дээд курс, 1985 онд ЗХУКН-ын нийгмийн ухааны академийн дээд курс тус тус төгсжээ. 1993 он хүртэл АА-д байлдагчаас БХЯ-ны Улс төрийн газрын дарга хүртэл нэр төртэй ажиллаж, гавьяаныхаа амралтанд суужээ.

Эрхэм генерал Монгол дахь чөлөөт хэвлэлийн үндэс суурийг тавилцаж, "Ил товчоо" сонин, "Ийгл" телевизэд сэтгүүлчээр ажиллаж, олон арван хурц нийтлэлийг уншигчдын хүртээл болгосон тэрбээр өдгөө МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж буй. 1970-аад оноос зохиол бичиж, үгүүллэг, туужийн олон түүвэр хэвлүүлжээ.

"Туг зээрд" Өгүүллэгүүд, "Нүхгүй цэнхэр сувд" Тууж, "Сэтгэлийн гэрэл сүүдэр" Тууж, "Егүүтгэл" /1998/, "Бэтэг" /1999/, "Эрлэгийн бошго" /2000/, "Гилийн дадар" /2004/ романууд, "Чингис хаан буюу тэнгэрийн увдис" хоёр дэвтэр/2007/ түүхэн баримтат бүтээлүүдийг нь өнөөдөр ч хүмүүс амтархан уншдаг.

2004 онд "Бэтэг", "Эрлэгийн бошго" романаараа МЗЭ-ийн нэрэмжит шагнал гардсан бол төр засгаас түүний Монголын оюуны салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Монгол улсын "Соёлын гавьяат зүтгэлтэн" хэмээх эрхэм дээд цолыг хүртээсэн билээ.

-...Үндэсний телевизээр уран зохиолын сэдэвт нэвтрүүлэг тогтмол явуулж эхэлнэ гэв үү, болж.

-МҮОНРТ нь бусад арилжааны мэдээллийн хэрэгслүүдийг бодвол мэдээллээс гадна соён гэгээрүүлэх гол үүрэгтэй. Соён гэгээрүүлэх чинь мэдээж урлаг соёл, утга зохиол байж таараа. Сүүлийн арваад жилийн нэвтрүүлэг цацалтыг судалж үзэхэд радиогоор уран зохиолын нэвтрүүлэг нэлээд явдаг бол телевизээр бүр ховордсон.

Яагаад ингэв гээд лавласан чинь хоёр талын шалтгаантай юм билээ. Нэгд, телевизийн соёл урлагийн албанд уран зохиолын талаар мэргэшсэн хүн маш ховор. Голдуу театр, хөгжмийн чиглэлийн улс байх жишээтэй. Нөгөө талаар уран зохиолын боловсрол, мэдээлэл илт дутуу байгаа нь ажиглагдсан. Манай зохиолчид ч ханддаггүй юм байна.

Утга зохиолын байгууллагууд мэдээлэл өгдөггүй юм байна. Тийм болохоор сая МЗЭ-ийн удирдлагатай уулзаж, зарим гол асуудлаар санал солилцлоо. "Соёл эрдэнэ" теле сэтгүүлээр номын мэдээ тогтмол явуулж байх, мөн сард хоёр удаа томоохон туурвилыг задалж шинжилсэн нэвтрүүлэг бэлтгэж цацах зэргээр утга зохиолын нэвтрүүлгийг өргөжүүлнэ.

-Уран зохиолын ач холбогдлыг та юу гэж ойлгодог вэ?

-Монгол хүн харгис болж байна. Эцэг эх, эхнэр хүүхдээ ч тоохгүй байна л гэх юм. Өнөөдөр математикийг машин бодож байгаа. Гэтэл тооны машин уран зохиол бичихгүй. Түүнийг авьяастай хүн л бичнэ. Иймээс уран зохиол бол хүний үзэгдэл юм. Тэр дундаа сэтгэл зүрхний үзэгдэл. Уран зохиол зүрхнээс үүсдэг юм бол зүрхэнд л очиж шингэнэ.

Гэртээ номын сантай айл нэг л өөр байдаг биз дээ. Уран зохиолыг сургалтын хөтөлбөрөөс хасна гэсэн яамны мэргэжилтэнг би бодохдоо их нарийн юм хийдэг хүн байна гэж бодсон шүү. Харийн захиалгыг энэ мэтчилэн далд нарийн хийдэг албан тушаалтан одоо их ховордсон. Ихэнх нь ил хийх гэж заваардаг биз дээ.

Гэтэл уран зохиолыг монгол хүүхдэд заахаа больё гэж байгаа хүн бол айхтар нарийн ухаантай хүн гэхээс өөр юу гэх билээ. Тэр нөхрийн ухааныг өөр сайн юманд ашиглах юм сан. Шинжлэх ухаан нь оюун ухаан болон ухамсраар тодорхойлогддог бол уран зохиол бол цэвэр зүрх сэтгэлийн асуудал.

Уран зохиолыг устгая гэсэн ч зүрхнээс зүрхэнд очдог болохоор барагтай л бол мөхөхгүй болов уу. Оросууд уран зохиолд их элэгтэй. Тиймээс тэд хүн талаасаа илүү улс. Ер нь биднийг урлаг, уран зохиол хоёр л адгуус төрлөөс ялгаж өгч байдаг. Бусад бүх салбар хүнийг мэргэжилтэн болгодог.

-Яг одоо та ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Жа ламын тухай "Цусан тахилга" гэдэг романаа дуусгах дөхөж байна. Орост хадгалагдаж байсан нууцын зэрэглэлийн нэлээд баримтууд энэ романаар ил гарч байгаа. Нацагдорж гуай нэлээд хэцүү цаг үед "Ичээнд нь" зохиолыг бичиж кино болгосон. Үйл явдал нь нэлээд ташаарсан бүтээл. Миний роман эхлэхдээ Элдэв-Очир гэдэг зохиолчоор эхэлж байгаа. Төгсгөл нь бас тэр зохиолчийн бодлоор өндөрлөж байгаа.

-Газар дэлхийн онгон дагшин байдлын эсрэг уул уурхайн хар, улаан тахал газар авлаа. Улс төрчдөөс авахуулаад энэ бол хөгжлийн үндэс гэж завьжаа цууртал ухуулж байна. Гэтэл...

-Ер нь радио, телевизийн нэвтрүүлгийн цаг улс төр, эдийн засаг хоёроор дүүрчихсэн байгаа. Дээрээс нь чанаргүй захиалгатай ийм сэдэвт нэвтрүүлгүүд оргил цагаар гаргаж байгааг судалж үзнэ. Гэтэл түүх, соёл урлаг, уран зохиолын сайн нэвтрүүлэг гаргаж байвал үр өгөөжтэй. Бид гажуудлыг өөрсдөө л засах ёстой.

-Саяхан "Женко" Баттулгын төмөр замын асуудлыг хөндсөн тун дажгүй нэвтрүүлэг арилжааны телевизүүдээр цацагдаж байна лээ. Иймэрхүү бядтай, сэтгэлтэй нэвтрүүлгүүд цувралаар тогтмол явуулж ард олны эсийг сэргээхгүй бол монгол ингээд дууслаа шүү дээ.

-Хүн бүрийн үзэл бодол өөр. Өнөөдөр дэлхийд хоёр юм их даяаршиж байна. Нэгдүгээрт, мэдээлэл. Хоёрдугаарт, эдийн засаг, арилжаа. Хүн төрөлхтөн байгалийн баялгаа үндсэнд нь идээд дуусаж байна. Том гүрнүүд үлдсэн жаахан юмыг хувааж авахыг бодно. Хамгийн гол нь бид өөрсдөө идэгдэхгүй байх ёстой.

-Сая Украинаар тоглочихлоо шүү дээ.

-Украин 50 шахам сая хүнтэй, 260 мянган цэрэгтэй хүчирхэг улс. Цөмийн зэвсгээс бусад бүх зэвсэг хангалттай бий. Пуужин, байлдааны онгоц үйлдвэрлэдэг. Гэтэл нутгийг нь таслаад авчихаж байгаа биз. Биднийг бол зүгээр л залгичихна байна шүү дээ. Хэдэн жилийн өмнө бидэнд эх оронч үзэл хориотой байлаа. Тийм улсыг үндэсний үзэлтнүүд гэж шоронд хийж, хугацаагүй цөлдөг байлаа. Өнөөдөр бид гавьтай юм хийж чадахгүй ч эх орноо хамгаалъя гэж орилж чадаж байна.

-Монголын төр "Даяар монгол" хөдөлгөөн, "Хөх монгол" бүлгэмийн зарим эх оронч залуусыг ингээд та нар эх орны төлөө элдэв юм ярьж, тэмцэж бай гэж бүгдийг нь чандармын мүглэнд илгээж, заримыг нь цаазалсан шүү дээ.

-Тэд хүн алаад байсан биз. Шийтгэлээ хүлээхээс өөр аргагүй.

-Эх орны төлөө, хувийн шунахай сэдэл хоёр тэнгэр, газар мэт ялгаатай билээ.

-Гэхдээ одоогийн залуучууд бидний үеийнхийг бодвол хамаагүй эх оронч болсон шүү. Үзэл суртлын үед бид дэндүү үхээнц байлаа. Мэдээлэл хаалттай. Монгол гэж хэлэх хэрэгтэй болбол өмнө нь Зөвлөлт гэдэг тодотгол хийдэг байлаа. Бид өнөөдөр байгалийг минь сүйтгэлээ гэж хэлж чаддаг болж. Энэ бол том дэвшил. Залуучууд биднээс илүү үндэсний үзэлтэй байгаад би баярлаж байдаг.

-Түүхээ мэдэхгүй, өлбөгөр, сэтгэлгүй тийм л залуучууд өт хорхой шиг үржээд байгаа юм биш үү?

-Үгүй, би тэгж бодохгүй байна. 1957 онд Монголын газрын хойноос нь, 1964 онд урдаас нь аваа биз дээ. Авах ч юу байхав, бид өөрсдөө өгсөн. Ю.Цэдэнбал өгсөн шүү дээ. Гадаад яамны сайд байсан Аварзэдийг Зөвлөлтөд газар өгөхгүй, олон таван юм ярилаа гээд ажлаас нь хусаж хаяад газар бэлэглэсэн.

Хүмүүс ганц Увсын Давстыг өгсөн гэдэг. Үгүй, Хөвсгөлийн үзэсгэлэнт газруудыг таслаад таслаад өгчихсөн байдаг. Тэгэхэд Монголоос газрыг минь өгчихлөө шүү дээ гэж нэг ч хүн дуугараагүй.

-Тэгэхгүй яах юм. Бид мэдээгүй шүү дээ.

-Яагаад гээ. Мэдээгүй бидний хохь. Нутгийг нь таслаад өгч байхад яагаад мэдэхгүй байгаа юм. Би тэр үед хөдөө, бүр ч мэдэхгүй хүүхэд байсан. Бүр сүүлд далаад оны эхээр би үүнийг мэдсэн. Гэтэл огтолж өгөх байтугай баялгийг минь ашиглаад байна гэж хашгирч чадаж байна. Тийм болохоор би залуучуудад баярладаг.

-Өмнөд Монголын хойд хэсгээр хятадууд хилээ татаж байхад тухайн үед малчид огт мэдээгүй байсан юм гэнэ лээ. Түүн лүгээ урд хөршийн бодлогод дагаар орсон үндэсний компаниуд нэг л өглөө төмөр зам тавьчихвал яана аа.

-Тавьж л таараа. Тавихаас өөр аргагүй. Ганц төмөр замдаа байгаа юм биш. Ухаандаа би Монголд газрын тосны үйлдвэр байгуулна гэхэд огт итгэдэггүй. Юу боллоо гэж оросууд Монголд газрын тосны үйлдвэр байгуулж байхыг хараад зүгээр сууж байх юм бэ.

Магадгүй Монгол улс тавдугаар цахилгаан станцаа бариад, газрын тосны үйлдвэр байгуулчихвал Оросоос хараат биш болчихно. Гэтэл тэд Монголыг харааныхаа гадна талд орхихыг хүсэх үү.

-Өөрсдөө сэмхэн байгуулчихаж болдоггүй юм уу?

-Яах ч арга байхгүй. Америк, Япон хөдөлж чадахгүй. Тэд Оросоос айна.

-Манайх тусгаар улс байх хэрэг байгаа юм уу?

-Төр асуудлыг уул нь шийддэггүй юм. Ард түмэн л шийдвэр гаргана. Ийм л зарчимтай. 300 гаруй жил бид бусдын хөлд хэвтсэн. Ахиад л тиймэрхүү янзтай байвал бид улсаа алдана. Өөр ямар ч гарц үгүй. 100 жилийн дараа Монгол улс гэж байхгүй болно.

-Сүүлийн үед Монголын элит давхаргынхан гэгдэх улс солиорч эхэллээ. Тэд хүүхдээ Хятад, Англи, Орос, Япон руу хар багаас нь сургая гэх гаж үзэл газар авлаа. Монголын бага, дунд боловсролын тогтолцоо гадны бодлогоор бүрмөсөн дампуурлаа.

-Үнэхээр эд нар сэтгэлээр үр хүүхэддээ хандаж байвал Монголыг ирээдүйгүй гэж үзэж байгаагийн шинж. Өөрөөр хэлбэл монголын баячууд өөрийнхөө улсыг, өөрийнхөө төрсөн эх орныг ирээдүйгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагийн наад захын жишээ. Чи эргэн тойрноо яваад үз, хүү минь. Байгалиа монголчууд яаж бузарлаж байна.

Би Өгий нуур дээр очоод бид эх орноосоо урвасан юм байна гэж өөрийн эрхгүй бодсон. Эх орондоо хайртай хүн тэр сайхан нуур усыг яавч тэгж бузарлахгүй. Үндэсний соёл үгүйрлээ. Өнөөдөр монгол хүн соёлтой боловсон аж төрөх тухайд энэ дэлхийн шаар шавхруу, нүдний булай болж байгаа юм байна.

Хүн өөрөө эх орноо хайрлахгүй бол бусдын албадлагаар эх орноо хайрлана гэж байхгүй. Чи бод доо. Еврей нар улс нь мөхөөд 2400 гаруй жилийн дараагаар дөчин хэдэн онд улсаа байгуулсан. Тэгээд хэдхэн жилийн дотор улсаа цэцэглүүлж хүчирхэг болгосон. Зургаахан сая хүн. Гэтэл өнөөдөр дэлхий дээр арваад сая монголчууд байна. Тэднээс дутуу байгаа биз дээ.

-Сүүлийн үед Монголын төр том том дарга, бизнесменүүдээ авлигын хэргээр шоронд хийснээс улсын эдийн засаг уналаа гэх асуудал ч босож ирэх нь.

-Эрүүл ухаантай хүн ингэж бодохгүй биз. Харин ч энэ олон хулгайчдыг хатуу шийтгэх хэрэгтэй. Төр ихэнхийнх нь толгойг нь илбээд байгааг гайхдаг.

-Бүгд шоронд орчихвол хэн төр барих болж байна?

-Төрийг улс төрчид биш ард түмэн барина. Тэд дундаасаа сонгодог. Том бизнесмен хүн хамгийн шударга байдаг гэсэн. Тэд бизнест хөл тавихдаа зарим нь луйврын арга бас үгүйсгэж болохгүй. Гэхдээ тэд манайх шиг хэзээ ч хулгай хийгээгүй. Тэдэнд нэр төр нь хамгийн нандин үнэт зүйл байдаг. Гэтэл манайхан боловсролгүй, бүдүүлэг, арчаагүй, жигтэйхэн хачин байна шүү дээ.

-Хамаг үндэс нь бага, дунд боловсролын түвшинд салаалаад байна гэж бодогдоод байдаг юм.

-Хүн өөрийнхөө мөн чанараар сэтгэлийн боловсролыг олж авдаг юм. Маш олон хүн өнөөдөр Монгол улсаа ирээдүйгүй гэж боддог байх. Хэрэв Монгол улс ирээдүйтэй гэж бодвол боловсролын гажуудал, авлига хээл хахууль ийм хэмжээнд хүрэхгүй.

Бидэнд гурван бузар байна. Үүнээс салахгүй бол өөд нар харахгүй.

Нэгд, архи уух. Монголчууд архи уухдаа их бузартай ууна. Дэлхийн бусад үндэстний эрчүүд ингэж уудаггүй байх. Тасартлаа уугаад, нэг нэгнээ гэмтээнэ, хөнөөнө, өмдөндөө шээж баана.

Хоёрт, хулгай хийх. Бидэнд хулгай хийхгүй юм байхгүй.

Гуравт, залхуурах. Цалин буусан л бол ажилчид зэсрээд алга болчихно. Бид хятад шиг үхэн хатан ажиллаж гэмээнэ сая Монгол улс хөгжинө.

Албадлагаар юу ч урагшлахгүй. Би чамд нэг сонин юм ярья. Тэр жил Германд явж байлаа. Тэр хотод ядуусыг хооллодог үнэгүй гуанзууд байдаг юм байна. Орж үзье гэтэл хэлмэрч маань "Та ор. Би үүдэнд нь зогсож байя" гэдэг байгаа. Орлоо, хоол авлаа. Их сайхан амттай юм.

Гарч ирээд хүмүүс үнэгүй газар яагаад ихээр орохгүй байгаа юм бэ гэж хэлмэрчээсээ асуутал "Ийм газар орон гэргүй хүмүүс хооллодог. Энгийн хүний хүн ийшээ орвол ичгэвтэр явдал болно" гэв ээ. Би гайхаад хэнээс ичдэг юм гэсэн. Өөрөөсөө ичнэ гэж байна . Манайхан бол өөрөөсөө ичихгүй, хүнд мэдэгдвэл ичнэ. Тэрнээс биш өөрөөсөө ичихгүй хулгай хийнэ, архи ууна, бусдыг айлгана.

Ний нуугүй хэлэхэд их том гүрний үлдэгдэл тулдаа л бид амьдраад яваад байна. Тэрнээс биш бид сайндаа Монголын голомтыг унтраахгүй яваад байгаа юм биш. Гадны ил, далд түрэмгийлэл даяаршлын явцад улам ихсэнэ. Өөрсдөө л өөдтэй байхгүй бол биднийг идэх ам эргэн тойрон байна.

-Та дээхнэ "Үнэн гарахын орон" гэдэг нэг дүүрчихсэн ноцтой зохиол хэвлүүлж байсныг тод санаж байна. Улсын нууц задруулсан гээд сүйд хийчихвэл яана, цаадуул чинь.

-Уншигчид маш сайн хүлээж авсан. Ганц хоёр аймгийнхан дургүйцсэн байсан. Сүхбаатар, Завхан аймгийнхан. Юу гэвэл, жанжны тухай бас Жалханз хутагт Дамдинбазарын нэг булай юмыг гаргаад тавьчихсан юм. Ингэсэн байна лээ гээд л архивын баримтыг гаргаад тавьчихсан юм. Миний зүгээс үнэлэлт дүгнэлт юу ч өгөөгүй.

-Амралтаа аваад энэ зун хаашаа хөдлөх бодолтой байна?

-Мөдхөн амарна. Өнгөрсөн жил Хөвсгөл явсан. Тэнд үүлний зураг авсан. Монголын нутагт ганцхан Хөвсгөлд шөнийн цагаар үүл газарддаг. Учир нь далайн чийг дээшээ ууршин, үүлийг хүндрүүлээд буулгачихдаг. Үүрээр харахад л их сонин дүрс гаргаад үүл суучихсан байдаг. Тэр зургаараа цаглабар хийгээд үнэгүй тараачихсан.

Насалсан нас минь зуурч зулгаагаад

Наслаагүй нас минь зуларч зугтаагаад

Заяа төөргийн нэхэл хаяа сөхье гэвэл

Дөрөө мулталсан орчлондоо мөрөө үлдээгээд мордоно оо.
Энэ жил  нутаг нэг явна аа. Манай Шарга сумын өмнөд талаар хойдууд, зүүн ууланд нь жалайрууд, хойд талдаа юншөөбү овогтнууд оршин суудаг юм. Энэ жил 90 жилийн ой нь болно. Мань мэт тэр хавиар нэг их очихгүй биз. Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг биз дээ. Манай нутагт эртний галт уулсын хагалбар байдаг.

Шаргын говь очих Хужиртын талд тэр хагархай их тод мэдэгдэнэ. Тал дунд Битүүгийн хүрхрээ байдаг. Өөр тийм тогтоц хаана ч байхгүй. Миний таван ботийн эхний нүүрэн дээр нутгийн маань тэр зураг байгаа даа.

-"Утга зохиол, урлаг" сониныхоо уншигчдад зориулж та юуг хэлэх сэн бол?

-Эцэг эхчүүд хүүхдүүддээ аль болохоор уран зохиол уншуулж баймаар байна. Гэхдээ албадаж болохгүй. Улам дургүйцнэ. Хүүхдэд ганц сонин зохиол уншуулчихад л цаашаа хорхой нь асаад явчихдаг юм. Ялангуяа П.Лувсанцэрэнгийн "Борзооны явдал"-ыг заавал уншуулах хэрэгтэй.Маш гоё зохиол.

Гадаадын уран зохиолоос Марк Твений "Том Сойерын адал явдал", "Гекльберри Финнийн адал явдал" гээд л дэлхийн олон үндэстний хүүхдийг уран зохиолд хорхойтой болгосон бүтээлүүдийг манайхан орчуулчихсан байгаа. Хүүхэд уншиж байхдаа инээд алдаад л байдаг юм. Ер нь албадах хэрэггүй. Албадвал дургүйцдэг адгуусны зөн хүн бүхэнд бий.

-Завгүй ажлын завсар чөлөөгөөр сэтгэл гарган молхи бичээчтэй хөөрөлдсөн эрхэм генералд гялайлаа. Сайхан наадаж, зун сайхан амраарай! Дүү хүү нь Халхын гол мордлоо.

Авгаржин Жа.Баяраа

Эх сурвалж: "Утга зохиол урлаг" сонин