sonin.mn

...Айргийн үнэр ханхийж, шувуудын ганганаан хөгжим мэт эгшиглэж, хүмүүний сэтгэл амсхийж нэгэнтээ тайтгарах намар цагаар алс холын Америк орон дахь монголчуудын дунд жил болгон уламжлал болсон  "Уран үгсийн "ТУЛГА" наадам тохиодог.

Эх нутгаа санаж бэтгэрсэн сэтгэлээ эгшиг яруу монгол хэлээрээ аргадаж, зүрхнийхээ чанадад хадгалсан уярал хайраа их найргийн онгодоор илбэж, тархиныхаа багтаамжинд орших ухаарлаа сувд мэт ухааны хэлхээсээр хэлхдэг "уран үгсийн 4 дэх удаагийн чуулган" Холливуудын өлгий нутаг Лос-Анжелос хотноо ирэх 8 сарын 2-3 ны өдрүүдэд болно.

Денвер-Чикаго- Вашингтон ДС-Лос- Анжелос хотуудад өртөөлөн зохиогдож, уламжлал болон хэвшиж буй энэ арга хэмжээ нь ямар нэгэн байгууллага холбоод бус сайхан сэтгэлт хэдэн анд нөхдийн сэтгэлийн их чагтага, итгэлийн их холбоос дээр түшиглэн, дэмжигч олон түмний өглөг дээр тулгуурладаг.

Зүгээр л нэгэн намуухан оройг аялгуу сайхан монгол хэлний гайхамшигт тансаг шаглаасанд ертөнцийн түмэн өнгийг хэрхэн урлахыг сэтгэл зүрхэндээ мэдрэх гэж хүмүүс зорьж очдог юм.

Сэтгэлийнхээ гүнд ямагт найраг, яруу тансаг эгшгийг дуурсгаж байдаг эрхэм хүмүүс энэ нэгэн үдэш тэр л эгшиг найргаа үзэгчдийн өмнө дэлгэж, найргийн хурыг сэтгэлийн хадаг дээр дэлгэн барьдаг юм.  Харь хол оронд ч гэлээ сэтгэлийн их цэнгэлийг эдлэх гэдэг ямар сайхан байдаг гээч. Төсөөлөхөд ч сайхан.

Нэг. Уран уншлагын тэмцээн.

*8 сарын 2 ны үдээс хойш 3 цагаас Garden suite hotel & Resort зочид буудалд эхэлнэ. Хаяг нь: 681 S.Western Ave. Los-Angeles  CA 90005
* Энэ жилийн арга хэмжээнд Америкийн хотуудаас нийтдээ 19 уран уншигч  Монголын яруу найраг, богино өгүүллэгүүдээс уншиж оролцоно.

1. Т. Оюун \Сан-Франциско\   Ц. Хулан "Би дургүй"   Г. Цагаанхүү  "Манжуурын толгод"
2. Б. Энхдулам  \Чикаго\  Д. Пүрэвдорж  "Светланагийн өчил буюу хүүхэлдэйн дууль"  
                                                 Т. Бум-Эрдэнэ  "Охид"
3. Ч. Нарангэрэл  \Сиэтл\  П. Бадарч  "Эхийн сэтгэл"    С. Баттулга  "Ижий зул"
4. Д. Ганчимэг  \Лос-Анжелос\  Г. Мэнд-Ооёо  "Хүлээж буй ээж"
                                                           Ц. Түмэнбаяр  "Цагаан сүүний домог"
5. Б. Амгаланбаяр  \Денвер\   Б.Лхагвасүрэн  "Монголын их нүүдэл"  До. Цэнджав  "Хоёрын даваа"
6. Б. Намуунбайгаль  \Денвер\  Д.Нямсүрэн  "Амитаба"   Т. Бум-Эрдэнэ  "Түнтүүлэй"
7. П. Энхээ  \Денвер\          Б.Лхагвасүрэн  "Цэцгэн эрхи"
                                                 Б. Цоожцулуунцэцэг  "Диваажинд байгаа ээждээ"
8. Энхболд  \Денвер\   Б.Лхагвасүрэн  "Аргагүй амраг"  Ц.Доржготов "Нохой гэрт хүн урдаггүй"
9. Ц. Нарангэрэл \Денвер\  Р. Чойном  "Миний цонхны өмнүүр"    "Кондуктор минь уучлаарай"
10.  Ч. Өнөрцэцэг  \Денвер\   Ц. Хулан  "Аавдаа"   Б.Наранцацралт   "Захидал"
11.  Б. Амгалан  \Денвер\   Т.Кана  "Гуниглах дуртай"
12. Б. Баярмаа  \Денвер\   И. Цэрэнжамц  "Эргэлт"  
                                                  Х.Болор-Эрдэнэ  "Охины минь дурлалт хархүүд илгээх захидал"
13. М. Эрдэнэбат  \Денвер\  Ж. Мөнхбат "Дутах эс дутах"   Ж.Лхагва  "Бид ялав"
14. Н. Батдэлгэр  \Лос-Анжелос\  Ш. Гүрбазар  "Би монголоороо гоёдог"  
                                                               И. Баярсайхан "Эртний явдал"
15. Э. Сосорбарам \Лос-Анжелос\  Б.Явуухулан  "Би хаана төрөө вэ?"
16. С. Байгалмаа  \Сан-Франциско\   С. Байгалмаа  "Уйлахуй учир"  Э. Татлог  "Давидын түүх"
17. Ш. Байгалмаа  \Денвер\  Г.Мөнхцэцэг  "Дагуулахдаа л дагуулна"
18. Д. Баттулга  \Денвер\   Б.Лхагвасүрэн  "Сайхан цэнхэр хөдөө"  Мөнгөнхүү  "Сэтгэлийн хоосрол"
19. Б.Энхжаргал                     Ц. Хулан  "Ганцхан ижийдээ унших шүлэг"  Ж.Лхагва  "Эвэр"

* Хэдийгээр энэ уралдаан 1500 $ -ын шагналын сантай боловч оролцогсод шагналаас илүүтэй сайхан найргаар нөхөрлөж, сэтгэлийн их дотно холбоосыг үүсгэдэг. Өөрсдөө хөгжиж дээшлэхийн хэрээр өсч яваа залуу үедээ монгол хэлний гайхамшигт хийгээд яруу тунгалаг хэллэгийг мэдрүүлдэг.

Тийм болоод жилээс жилд энэ арга хэмжээнд оролцох залуусын тоо нэмэгдэж байгаа. Өмнөх жилүүдийн "шилдэг"-ээр шалгарч байсан уран уншигчид оролцож байгаа нь найргийн морьд уяан дээрээ уурсэн дүүхэлзэх шиг, үзэх хүмүүсийн сэтгэлд их баяр бахадлыг авчрах болно.

Миний л хувьд энэ их бахдалтай наадмыг сэтгэлээ чилээн байж хүлээдэг. Энэ үдэш сэтгэлд минь хоногшиж үлдсэн яруу тансаг бүхэн нь нэгэн жилдээ сэтгэлд минь эгшиглэж, баяр бахадлыг минь бадрааж байдаг. Сайхан тансаг, гайхам яруу өдрийг хүлээнэ гэдэг сайхан шүү дээ, яг л холоос ирэх амрагаа санан хүлээх мэт.

Хоёр:  "Мянган номын баяр буюу зохиолч уншигчдийн уулзалт цэнгүүн"

*Энэ арга хэмжээ 8 сарын 3 ны оройн 7 цагаас эхэлнэ. Болох газрын хаяг:  3020 Wilshire blvd  # 150 Los-Angeles  CA 90010
*Энэ жилийн арга хэмжээнд Монгол Улсаас МУСГЗ, уран уншлагын нэрт мастер, нэвтрүүлэгч Ж.Батбаяр,  "Сансрын салхи" яруу найргийн түүвэр, "Сорхугтани", "Сайн хаан Бат" романуудын зохиогч, МЗЭ -ийн шагналт яруу найрагч, зохиолч Б.Сарантуяа нар зочноор ирж оролцоно.

Намрын  чимчигнэсэн айрагны амтыг найргийн сайхнаар орлуулан байж, зөөлөн шиврээ борооны бөнжигнөх дуслуудыг аньсага юундаа шингээн байж, эх орны минь урьхан хонгор салхийг цээж юундаа дүүргэн байж эх болсон Монгол орноос минь уран бүтээлээ дээжлэн авч ирэх эрхэм хүмүүс энэ үдшийн хамгийн хүндтэй зочид байх болно.

*Энэ жилийн арга хэмжээг зохион байгуулж байгаа Лос-Анжелос хотын "Монгол номын сан" энэ үдэш "1000 номын баяр"аа хийх юм. 5 жилийн өмнө Лос-Анжелос хотноо "Монгол номын сан"-г санаачлан үүсгэж байсан Г.Алтанхуяг, Б. Ган-Энхбаяр нар маань өдгөө номын сангийн фондоо 1000 хүртэл арвижуулж буй.

Тэд Лос-Анжелос хотноо "Монголчуудын Холбоо"той хамтран олон арга хэмжээг санаачлан зохион байгуулдгаас гадна, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Утгын чимэг" богино өгүүллэгийн наадам нь "Америк дахь монголчуудын "Тулга" уран үгсийн наадам"д нэгэн цучил нэмж буй. Энэ үдшийн цэнгүүнийг зорин ирэгсэд нь өөртөө буй нэгэн номыг дээжлэн авч ирвээс энэ их үйлсийн "Далайд дусал нэмэр" болох буйз.

*  Жил жилийн энэ өдрүүдэд их гүрний том хотуудаас зорин ирж, сэтгэлийн их сацлаа өргөдөг хүмүүсийн нөхөрлөл энэ үдэш батжидаг. Дотно сэтгэлийн хууч яриа, дараа жилийн наадмын тухай хүүрнээн, шинэ өгүүллэг, яруу найргийн тухай мэдээлэл, өөрсдийн хичээл зүтгэлийн алдаа онооны дэнсээр энэ үдшийн дуу хуур, бүжиг наадам хөглөгддөг.

Тийм хүмүүсийг харах сайхан байдаг юм. дотоод сэтгэлээс нь гэрэл сацрах мэт. Бусдын сэтгэлд  итгэл найдвар, уянга эгшиг, баяр бахадлыг төрүүлдэг болохоор тэр. Энэ залуус зөвхөн үүний төлөө л амаргүй ажлын өдрүүдээ зохицуулж, алс ч гэлээ энэ газарт өөрийн зардлаараа зорин ирж, сэтгэлийн их амар амгалангаа эдэлдэг юм. Бахархмаар.

* Холливуудын их хотыг зорин байж ирэх зочиддоо хоттой танилцах аялалыг зохион байгуулахаар бэлтгэсэн гэсэн. Үзэсгэлэнт Номхон далайн эрэгт орших 100 жилийн түүхтэй, жуулчдын очих дуртай Santa Monica Pier, дэлхийн кино урлагийн томоохон төвийн нэг болох " Universial studio", Холливуудын "Од"-дын гудамж, Холливууд уул, Лос-Анжелос хотын төв хэсэгт орших түүх өгүүлсэн олон дурсгалт газруудаар аялах боломжтой.

"Суусан сэцнээс явсан тэнэг дээр", "Мянга сонсохоор нэг удаа үз" хэмээн нүүдэлчин монголчуудын их өвөг дээдэс сургасан сан. "Уран үгсийн чуулган" хэмээх энэ арга хэмжээ нэгэн хотод суурилдаггүй, хот хотуудад "нүүдэллэн" зохион байгуулагддагийн учир энэ.

3. Та ирж үзсэндээ ердөө ч харамсахгүй

*  Яг ийм арга хэмжээг гардаж зохион байгуулна гэдэг амаргүй. Ёстой л "махаа зулгаасан" ажил. "Ийм арга хэмжээ зохион байгуулах гэсэн юм аа, тусалж дэмжээч" хэмээн итгэж найдсан хүмүүстээ "өөртөө мөнгө зээлэх" гэж байгаа юм шиг л учирлаж гуйна.

Заримдаа монгол зангаараа "нутгийн нэрээ бодох" гэдэг шиг "манай хотод болох гэж байгаа шүү дээ" хэмээн "гэрээ гоёх гэж байгаа юм шиг " л ичингүйрч хандана. Хөндлөнгөөс харж байгаа хүмүүст заримдаа "өөртөө гай чирж" байгаа юм шиг харагдах авч, яс юман дээр тэд өөрөөр байж чаддаггүй юмаа.

Хэрдээ л бусдыг баярлуулж, бусдад хэрэгтэй зүйл хийхсэн гэдэг хүсэл нь дийлээд байдаг юм. Энэ жилийн арга хэмжээний ноён нуруу нь болж байгаа Б.Ган-Энхбаяр, Г. Алтанхуяг, Л.Мөнхтөр, Э.Сосорбарам нар дээр Лос-Анжелосийн Монголчуудын Холбоо нь дэмжиж нэгдээд, бас найз нөхөд дэмжигчид нь оролцоод бэлтгэл ажлаа амжуулж  байгаа.

* Ингэж зовж байж зохион байгуулсан арга хэмжээн дээр нь сэтгэл амар, баясаж суугаад үзэх шиг амар сайхан нь хаана байх билээ. Бас болоогүй ээ, "уг нь ингэчихвэл зүгээр байж" хээв нэг хурууны үзүүрээр амархан хийчих юм шиг сэтгэж шүүмжлэхийг нь яана.  Энэ жил 4 дэх удаагаа зохион байгуулж байгаа энэ арга хэмжээ улам улмаар чанаржиж, сайхан болж байгаа.

Үүнийг ойлгож дэмждэг олон хүний сэтгэл, зүтгэл шингэж байгаа. Энэ бүхний ард албархуу бус шууд утгаараа, "сэтгэлийн их цэнгэл" оршиж байдаг юм даа. Хүн болгон мэдэрч чадахгүй ч үүнийг зорьж ирж үзэж байгаа, ирж оролцож байгаа хүн болгон мэдэрдэг л юм даа.

* Над шиг энэ өдрийг сэтгэлээ чилээн байж хүлээж, итгэлээ өвөрлөн байж зорьж ирдэг хүмүүс олон бий. Денверээс Лхамаа маань  "бүхэл бүтэн арми" аа дагуулж ирээд уншигч болгоныхоо дээлний захыг тасартал мушгина. Чикагогоос Пүрэвсүрэн маань донжтой хэдэн шүлгээ цээжиндээ тэрлээд очно.

Ойр болж байгаа болохоор Сан-Францискогийнхон бөөнөөрөө ирэх байх. Лос-Анжелосийнхон "нүүрээ улайлгахгүй" г хичээнэ. Сиэтлээс "ганц дайчин" Ч.Нарангэрэлийгээ дагаад хэдэн андууд ирэх биз. Монголд минь болж байгаа сумын наадмуудад "ногт ганзгалж" ирдэг уяачид шиг сэтгэлдээ "гал асаах" гэж ирдэг хүмүүс олон бий. Сайхан шүү дээ "уран үгсийн наадам" гэж.

*Ийм арга хэмжээний мэдээллийн дараа хүмүүс "Тийм сайхан юм болсон юм уу? Би мэдээгүй шүү дээ. Мэдсэн бол очдог байж" хэмээн шүүрс алддаг. Зарим нь "дэмжиж байгаа шүү, та нартаа амжилт хүсье" хэмээн мэндчилдэг. Алив сайхан арга хэмжээний хамгийн сайн дэмжлэг нь, өөрөө болоод  найз нөхдөө дагуулж очин тасалбраа худалдаж авч үзэх.

Тэгэхэд зохион байгуулагчид ямар их баярладаг гээч. Таны төлж буй тасалбрын үнэ нь энэ арга хэмжээний зардлыг төлөхөд нэмэр болдог юм шүү дээ. Тэгж үзсэн "уран үгсийн наадам"д  та ердөө ч харамсахгүй.  Тэр өдрүүдэд :

Монголын их амар амгаланг
Сэтгэлийнхээ чанадад мэдэрч
Монгол хэлний яруу тансгийг
Зүрхнийхээ гүнд сонсож
Эх орноо санасан сэтгэлээ
Найргийн сайхнаар аргадаж
Ээждээ учирлаж амжаагүй хайраа
Нулимсандаа шингээж илчилнэ
ТЭР САЙХАН ӨДРҮҮД АЙСУЙ.
                    
 Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: gala_mn@ yahoo.com