sonin.mn

 “Гудамж” төслийн хөрөнгөөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандангийн дэнж өнгө нэмлээ. Төслийн хүрээнд Гандан орчмын гэр хорооллын тохижилт,  дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэхээр төлөвлөж эхний ээлжинд Гандангийн дэнжийн Орхоны 6 дугаар гудамжийг авто болон явган зам, бетон суурь бүхий нэг загварын хашаатай болгон тохижуулж дууссан байна.

Цаашид 30 гудамжийг яг энэ загвараар тохижуулах бөгөөд цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээ, инженерийн сүлжээнд холбох юм байна.   Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Гандангийн дэнжийн гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг нийслэлийн аялал жуулчлал хөгжүүлэх бодлогын зорилттой уялдуулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Гандангийн дэнжийн гэр хороолол нь нийт 55 га талбайг хамардаг бөгөөд нийт 31 гудамжны 857 хашаанд 1875 өрх оршин суудаг. Мөн 60 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.