sonin.mn

Монголоо умартагсад эх орноо хөгжүүлье гэхээр боловсрол, боловсрол гэдэг. Ямар боловсрол гэхээр өрнөдийн, өндөр хөгжилтэй орны боловсрол гэнэ. Тэнд ганц хоёр сургууль төгссөн нь бусдыгаа бүдүүлэг харанхуй гэцгээнэ. Өөрийгөө ухаантан гэгээнтэн хэмээн алхам тутамдаа ярих хэдий ч хамраасаа цааш үл харна.

Өнөөгийн барууны дөнгөж хүрсэн улс төр нийгэм, засаг захиргаа, цэрэг болон иргэний зохион байгуулалтыг аль эрт дээр үед эцэг өвгөд байгуулчихсан, Хуралтай нэртэй парламентаа чуулдаг, Их засаг хууль хэмээх үндсэн хуультай, ихэс дордгүй хуулиа хатуу дагаж мөрддөг, хулгай тонуулгүй, садар самуунгүй, гэр нь цоожгүй, хамгийн шудрага хүмүүнлэг хүчирхэг нийгэм бүтээгээд байсныг үгүйсгэцгээнэ.

Тэр үед Монгол Улс, монгол хүний эрх ашиг хамгийн ихээр хамгаалагдсан байв. Монголчууд боловсрол гэгээрэлгүйгээр эзлэгдсэн өргөн уудам нутаг даяар энэ бүгдийг тогтоох, барих, өөрсдийн эрх ашгийг хамгаалах боломжгүй байсан нь тодорхой юм. Гэтэл одоо л нэг ардчиллын буянд гэгээрч байгаа мэт төөрөлдүүлнэ.

Үндсэндээ сүүлийн 25 жил АНУ гайхамшигтай сайхан улс, ардчиллын эцэг, үлгэр жишээ мэтээр тархи угаасаар ирлээ. Гэтэл тийм биш гэдэг нь бодит үнэн. АНУ бол цэрэг, зэвсэгт хүчиндээ асар их мөнгө зарцуулдаг онцлогтой, бусдаар бол байдаг л орон, хангалттай саар муу зүйлтэй, өөрийн ужиг өвчинтэй, өөрсдийгөө бусдаас илүү ухаантай, хүчтэй гэж бодчихсон болохоос ерөнхийдөө бүдүүлэгдүү.

Тэдэнтэй харьцахад биднээс дээрдэх юм лав үгүй. АНУ-ын Төрийн департаментын хэвлэл мэдээлийн албаны Джэн Псакийн ярилцлага, мэдэгдлийг үзвэл өдөр болгон үүнийг нотолно. Тэрээр АНУ-ын нүүр царай, дуу хоолой бөгөөд түүний ярихыг “дэвшилтэт хүн төрөлхтөн” бүгдээр доог тохуу болгоно.  

АНУ-ын боловсролын системийн талаар онолын физикч Мичио Какугийн ярилцлага тайлбар хийжээ. Доорхи эх сурвалжийн 3 минутаас эхлэн түүний яриа эхлэнэ. Тэрээр 1947 онд Калифорнийн Сан Хосед төрсөн, онолын физикийн салбарт дэлхийд алдартай суут нэгэн гэгддэг. Мичио Каку сан хэлэхдээ:

“Миний мэдэх бүх боловсролын систем дотроос АНУ хамгийн муу боловсролын системтэй. Манай төгсөгч нарын мэдлэг боловсрол гуравдагч орныхноос дорд хэмжээнд байдаг. Тэгээд АНУ-ын эрдэм шинжилгээний элит яагаад нурчихгүй байдаг вэ?

Бид тэнэгүүдийг үйлдвэрлэдэг. Манай телевиз, реалити шоуг л үзээрэй. Би нэг юм та нарт хэлье. Америкт нууц зэвсэг бий, гадаадын эрдэмтдийн виз гэж нэрлэдэг H-1B.

Google-ийг март, Silicon Valley-г март. Энэ бүгдийг америкчууд өөрсдөө хийгээгүй юм, дандаа дүрвэгсэд хийсэн юм. АНУ бол Энэтхэг, Хятад, Орос гээд дэлхийн өнцөг булан болгоноос ухаантнуудыг сорж татдаг. Өөрсдөө бол бид тэнэгүүдийг л үйлдвэрлэдэг ”.


Энэ ухаант эрдэмтний үгэн дээр нэмээд байх юмгүй ч АНУ-ын үндсэн хуулийн дагуу бүх Обама, Буш, Рейган, Клинтон нар нь уугуул америкчууд юм. Тэгэхээр Мичио саны хэлснээр АНУ-ын ерөнхийлөгч нар ихэнх нь тэнэгүүд байж таарах нь. Үүнийгээ нотолсон олон ч холион бантан хийсэндэг.

Мөнгөний төлөө мөн ч их аян дайн, үхэл хагацал, гай зовлон тарьлаа. 3000 иргэнээрээ ч тахил өргөж их ашиг оллоо. Афганистаныг ардчилал нэрэн дор №1 хар тамхины үйлдвэрлэгч болгов ...

Одоогийн манай Төр засгийн удирдагч нар ихэнх нь мөн тэнд л боловсорсон улс. Тэгээд боловсрол ярьдаг. Яаж ийгээд англи хэлтэй болчих юм бол боловсролтой болчих юм шиг мунхагладаг. Өнөөдөр Монголд англи хэлэндээ онц сайн боловч монгол хэлгүй, монголоор бичиж чадахгүй, монгол сэтгэхүйгүй, өөрсдийгөө гэгээрлийн замд яваа гэж эндүүрэгсэд улам ихэссээр байна.

Ийм хүмүүс гадны бодлого, гадны эрх ашгийг хамгаалж амь зуухаас өөр аргагүй байдалд орцгоодог. Барууны боловсролын систем тэр, зөвхөн өөрийн эрх ашигт үйлчлэх бүтээгдэхүүн гаргадаг. Эхлээд Монгол хэл соёлдоо шамдан суралцаагүй, Монгол хүн болоогүй хүнд ямар ч гадны боловсрол тус үгүй. Эцэст нь улс орны эрх ашиг эрсдэлд орно. Орж байна.

"Гэгээрээгүй сэтгэлтэн боловсролтой боловоос босоо ороолон лугаа онгон газар шороогоо онгичож, олон түмнээ үймүүлэх болно"   

Гэгээрэл гэж англи хэл, өрнөдийн боловсрол биш юм. Гэгээрэл гэж язгуур гарвалаа таних, агуу баян үүх түүхээсээ суралцах, Монгол үндэстний эрх ашгийг эрхэмлэн дээдлэх, Монголоороо бахархан сэргэн мандахын нэр юм.

Гэгээрэл гэж Монгол хүн байхын нэр юм.

Эх сурвалж: http://blog.chron.com/sciguy/2011/06/how-come-the-scientific-establishment-of-the-united-states-hasnt-collapsed-because-it-has-a-secret-weapon/ 

Эмч, уулчин Л.Баярсайхан