sonin.mn

1. Түүхэнд төөрөлдсөн төрийн наадам

Наадам шувтарлаа. Бид юуны ой, хэний баяр тэмдэглэн  бужигнаад өнгөрвөө гэж гайхаж сууна. Их гүрний 2223 жил ч юмуу, Их монголын 808 жилийн ой байсан гэхэд тэр сэдвүүдээр юу ч хийгдсэнгүй, тоймтой юм ер ажиглагдсангүй. Модун хаан, Хүннүгийн үеийн гайхамшигтай ганц ч  дурсгал олдвор үлдвэр түүх дурссангүй, Чингис хааны есөн хөлт Их цагаан тугийг нэг хөл дутуу эрэмдэг залж байгаа нь ихэс  дээдсээ тохуурхаад ч байгаа юм шиг.

Ардын хувьсгалын ой гэж дурдах ёстой гэсэн хэл үг ч цухалзсан. Хонины тухай ярьж байхад сүүлийг нь онцлох хэрэг юу байнаа.  Цагаан сарын ууц гэдэг шиг л бяцхан санаа юм. Тэр сүүл хониныхоо бие буюу 2223, 808 гээд байгаа тоонуудын дундах нэг л өвөрмөц мөчлөг үнэлэмж.  Тэгж жижиглээд байвал ардчилсан хувьсгалын төдөн жил гэх мэтээр өчнөөн юм дуржигнуулах болно.

Харамсалтай нь энэ наадам гэгч ерөөсөө төрийн их баяр биш, бөхчүүдийн харваачдын уяачдын алдартай тэмцээн юм шиг явцуу сурталчилгаа, өрөөсгөл үйл ажиллагаанд дарагдах хэвшил тогтлоо. Ж.Мөнхбат аварга хүнээр сугадуулчихсан жагсаал тэргүүлээд, Улсын мэргэн А.Цэвээн өвөө ганцаараа хөдөлмөрийн баатар, бас хоорондоо таардаггүй хоёр бөхийг аргадан адилхандуу цол өгсөн ч бас л арцалдаж зиндаархалдан наадам үймүүлсэн төрх.

Уяачид гэж нүүрэндээ үстэй нэг малыг хэдэн зуун хүнээс илүү үнэлэн хөөрцөглөсөн цээж баячуудын аархал, улстөрчдийн баярхал цолорхолын атаа өрсөлдөөн, битүү сөргөлдөөний уралдаан уралцаан болж хувирсан гажуудал мэт. Ноцолдоод, уралдаад, харваад түрүүлсэн хүмүүст гоё тэрлэг өмссөн дарга нар шагнал гардуулдаг гол арга хэмжээг бас дурдах ёстой байх.

Иймэрхүү юманд хөөрцөглөж наадам сайхан боллоо, хуушуур идлээ гэж амны бэлгэдэл бодоод наадмын түүх соёлоо мөхөөмөөргүй байна.  Түвдэч Ням- Очир зэрэг зарим хүн улсын наадам хос ёсны бэлгэдэл байх ёстой тул майдар цам, ном гүрэм, цан хэнгэрэг голлож лам нарыг наадмын үеэр хүндэтгэн дээгүүр залах ёстой гэж баахан сурталчлав.

Энэ мэт санаа хамба ламд жанжин Сүхбаатарын одон өгч төр хувьсгалд хэт ойртуулснаас үүдсэн хийрхэл биз. Одоо Чингисийн одон өг!, Богдын одон бүтээ! гэж төр, засгийн шавь зүтгэлтнүүдээ дарамтлахын дохио боловч үндэсний баяраа өнөө хийгээд маргаашийнхан арай ч түвдчлэхгүй биз.

“Хонхны дуу”-гаар наадмаа улс төржүүлэх, ардчилал эрх чөлөөний эцэг С.Цогтсайхан гэж сүнсийг нь хөөргөн өндөлзүүлэх, “Э.Бат-Үүл хэлэхдээ” гэж Ленинчлэн нийт ард түмний баяраа явцууруулж нэг хэсгийг нь бухимдуулах ямар хэрэг байсан юм бол гэж бас  эргэлзэх.

Хонхны дуу гэдэг үг нь ламын уншлага, үхэгсдийн цээр, талийгаачийн сүнсийг үдэж түвд хэлээр ерөөл унших утгатай ч Гарсиа Лоркагийн нэгэн шүлгийг бүрээ уриа дуудлага гэсэн санаагаар “хонхны дуу”-ны  утгыг социализмын үед  шинэчлэн хувьсгалжуулах гэснээс үүдэлтэй чимээ л дээ. Ямар ч гэсэн наадмын уур амьсгалд зохимжгүй л дурсамж болоод өнгөрлөө.

Хүмүүс талбай дээр жагсч байгаа нь буруу биш л юм бол тэр жагсаалын манлайд төрийн ахмад зүтгэлтнүүд (Үе үеийн сайдууд, Ардын их хурлын депутатууд, Их хурлын ахмад гишүүд) алхаж ард олондоо бараа зүсээ харуулж яагаад болдоггүй юм. Төрийн их баяр биз дээ. Наадмын өмнө төрөөс шагнал хүртэгсэд жагсч ард олонтойгоо баяраа хуваалцаж яагаад болохгүй гэж. Ард түмний баяр биз дээ.

Сэцэд мэргэд буюу академич, доктор, эрдэмтдийн төлөөлөл монголчууддаа зүсээ харуулж бас яагаад болохгүй гэж. Энэ бол хөнгөмсөглөл бус хүндэтгэл. Иймгүйгээс насаараа эрдэмд зүтгэсэн алдартай том эрдэмтдээ хүмүүс ер таньдаггүй, харин хоёр дуу дуулсан уран сайханчийг бүгд андахгүй “гавьяат өгөөч ээ” гэж орилцгоож байх.

Нэгэнт төр түмний их баяр наадам юм бол жил бүр 23 аймаг бүхэн хамгийн содон гоц урлагийн төлөөлөгчөө төрийн их наадамд оролцуулж их цэнгэл үүсгэн гурван жил дараалан шалгарч оролцсон авьяастнаа дархан дуучин гэх мэтээр өргөмжлөх, бас түрүү болон үзүүр шөвгийн байрыг шалгаруулж төрөөс цол  шан хүртээж байх зэрэг өргөн баяр зохиох уламжлал бий л юмсан.

Богдын үед гэхэд Алтайгаас дархан дуучин Поврон, Хэнтийгээс Мөр, Лувсангомпил гэх мэт олон авьяастныг наадамд залдаг байсан гэлцдэг. Чингэвээс хөдөөний жинхэнэ гавьяат ардын гэх мэт үнэн алдартнууд цолгорон ялгарч улс олондоо танигдаж үнэлэгдэм санагдана.Энэ бүхнээс эргэцүүлбэл жинхэнэ үндэсний  их баяр наадмаа нийт монгол түмний болгохын тулд анхаарах анзаарах зүйл маш олон байх шиг.

2.Түүхийн зарим улбааг санавал...

 Юуны өмнө үндэсний их баяр наадам зөвхөн бөхчүүлийн, уяачдын харваачдын баяр биш гэдгийг хатуу санах ёстой. Тэд бол зөвхөн үзвэр үйлчилгээний зарим төрлүүд.  Наадамчиддаа сонирхуулах уралдаан тэмцээнд голлон оролцогсод. Үүсэл нь бүр Хүннүгийн тэртээгээс эрчүүдийг жилд гурван удаа цуглааж цэрэг дайны сорилго тэмцээн хийдэг.

Бяр тэнхээний бөх, хурд хүчний морьд, эрхий мэргэний харваан гурвууланд нь баас хамбал боол цэрэг зарц болж үлдээд дараачийн сорилго хүртэл бэлтгэл давтлага хийж мултардаг, гурвууланд нь магнайлбал бахтай эр буюу баатар гэдэг цол олгодог байсан гэж ойлгохоор тэмдэглэсэн харагддаг. Харин өнөөгийн бөх, сур, морь бол эрийн гурван наадам биш Үндэсний гурван наадам болтлоо шинэчлэгдсэн  монголчуудын бахархал юм.

Охид эмс багаасаа морь унаж уралддаг, сур харвадаг, тэр бүү хэл барилддаг байсан түүх домог түгээмэл бий. Ямартаа нэгэн эм эрчүүлтэй барилдаж  түрүүлэх шахсан тохиолдол гарсан учир энгэр задгай өмсгөлтэй болгосон гэдэг сэн.

“Эртний сайхан” гэдэг саяхны уртын дууг “Чингисийн төрийн сүлд дуулал” гэж худлаа онгирч түүхээ самууруулан ирээдүйгээ төөрөгдүүлэх ямар хэрэг байсан юм бол. Дундад зууны төрийг хэдий үеийнхэн “эртний” гэж хүндлэн үгүйлэх вэ.Тэгээд ч уг дууны үг нь цэвэр шарын шашны утга будагтайг  анзаараагүй ямар шинжлэх ухааны байгуулага хэн гэдэг “судлаач”-аар тэгж тогтоолгосон юм бол.

Төрийн цагаан туганд 500 гаруй бөхчүүд, араас нь үргэлжлээд харваач, уяачид адис авна гээд бөөгнөн баахан цаг авах юм. Энэ хаанахын хэзээний ямар ёс вэ. Давсан түрүүлсэн бөхчүүд л тойрно биз. Тэр тугийг үнэхээр тойрмоор байгаа бол барилдаад дав, олон тойрч хийморь цолоо дуудуулъя гэвэл унахгүй сайн барилд, хичээ гэж хэлмээр санагдах.

Сүүлийн үед хэдэн залуу лам нараар боорцог өгүүлдэг түүнийг бөхчүүд хүмүүс рүү цацдаг ёс гарч ирсэн. Уг нь настан дархан бөхчүүл давсан бөхчүүдэд давааны хишиг мялаалга хүртээдэг эртний ёс л доо. Идээ ерөөл хүртсэн залуу бөхчүүл бэлгэшээж баярлаж хүч урам авдаг байсан юм гэдэг.

Шашныхан  бөх бол нүглийн үйл тул номын засал хийлгэж байх ёстой гэж сурталдан ашиг орлого хайдаг болж. Энэ жил нэг аймгийн галын бөхчүүд баахан лам нараар түвд хэлний ном хуруулж зардал сүйтгэл гаргуулсан ч гурвын даваанд нэг нь ч хүрээгүй гэж дуулдах.

Тэр байтухай ид барилдаж байгаа аварга тэргүүтэй хэсэг том цолтон бөхчүүл бас баахан түвд номын буян үйлдсэн ч бүгд тавын даваанд бүдэрсэн гэж сонсогдох. Мухар сүсэг, сохор итгэл наадмаар маань ийнхүү даажигнаж тэр нь  шашны нэр хүндийг гутаан хэдэн хүний тэрхэн зуурын олз ашиг  боллоо.

Үнэндээ би л гэхэд ямар ч мундаг ном судар уншуулаад надаас арав ах Х.Баянмөнхийг хөлөө өгсөн ч хаяж чадахгүй дээ. Баянмөнх ч лам ном хоёрын сайнаар дархан аварга болоогүй удам заяа, зүтгэл итгэлийн хүчээр арав түрүүлсэн гэж итгэх. Түвд улс мөхсөн ч түвдизм дэлгэрэхийн шалтаг наадмын гүн ухаан руу шургалсаар. Шашны ухаан дэлгэрэхээсээ мухар сүсэг болон наадам дунд хавтгайрсаар.

Монгол бөхчүүлд гарьд, арслан, заан гэх мэт гаж цолыг анх манжийн хаан өгч эхэлсэн гэж эзэнтэй онтойгоо түүхэнд харагддаг. Гарди гэдэг амьтан энэ дэлхийд байхгүй самгарди буюу санскрит домгийн,  арслан нь манжийн төрийн шүтээн гэдгийг ихэнх хүмүүс мэднэ. Өмнөд Азийн заан, Энэтхэг буюу Инд мөрний самгарди (санскрит) угсааны гарьд бэлгэдэл хоёр буддын шашныг дагаж орж ирсэн аж.

  Арслангийн тухайд тэд анх манжийн хаан гүрний ван гүн хошуудын тамганы бариул болон амбаны үүд, яамны хаалгыг чулуун арслангаар мануулж сүүлдээ айл өрхүүдийн хуучин авдрыг хураан авч арслантай авдар тарааж шүтээнээ Монголд хойморлуулсан харь ёс. Манж мөхсөн ч манжизм ийнхүү Монголын төр соёлд амиа хадгалсаар.

Монголыг мөхөөх ёр цондон агуулсан хоёр ховдог бодлого холилдсон наадмыг ҮНДЭСНИЙ гээд Модун Чингис хоёр их хаанаа тэдэнтэй хамаатуулна гэдэг язгуурт маань харш л баймаар. Монгол ёсонд бөхчүүлд цол өгдөг ёс эртний гаралтай. Лав л улсын бөхөд начин, харцага, шонхор, бүргэд, аварга гэх мэт тэнгэрийн жигүүртнээр нэрлэсэн цол зэргүүд олгодог байж.

Тиймээс гараа дэвээ (далавчны дэвэх үйл) шаваа (жигүүртэн тэнгэрээс бууж шавах) нь ч шувууны хөдөлгөөн жигүүртний хүчийг илтгэсэн байдаг. Өвөрмонгол бөхчүүдийн гарааг манайхан хачирхдаг ч бүргэдийн шүүрэг дэгдэлхэйлт билээ. Мөнхбаатар арслангийн дэвээ том цолтны өндөр давааны ёс юм. Мөнх тэнгэрийн шүтлэг бөхөд ийнхүү шингэсэн учраас монгол наадам болмуй.

3. Зуны энэ их наадам юуны баяр вэ?

Цаг хугацааны хувьд нүүдэлчдэд жилийн хамгийн билэгтэй өдөр нь зуны тэргүүн сарын 16-ны тэргэл дүүрэн өдөр байдаг. Тэр нь Европын тооллын зургадугаар сарын 22-ноос хойш гарсан анхны тэргэл сар юм.  Монголын нууц товчоонд энэ өдрийг дурдан “Тайчууд Ононы эрэг дээр хуримлалдаж наран шингэвээс тархав” гэж 81-дэх зүйлд тэмдэглэсэн байдгаас мөшгөвөл Тэмүжинийг Тайчуудад баригдаж байх арван хэдэн насанд энэ наадам хуучин уламжлал байж.

Энэ л хуримлалдаан өнөөгийн наадам маань юм. Ингэхээр уг эх нь эртний Хүннүгээс эхтэй төрийн наадмыг ёсчлон дурсч байгаа ёс юм. Тэгээд ч  Модун хаан зуны сар төрөө байгуулж намрын эхэн сард их хуралдай хурж, Хаанд бараалхан  шинэлэн золгосон уламжлалын тухай Сы Ма Чан “Түүхэн тэмлэглэл” болон Бань Гу “Хан шу” зэрэг тэр үеийн сурвалжуудад байдгийг өвөрлөгч эрдэмтэн Тогтохын “Эсгий туургатны түүх –Хүннүчүүд” хоёр боть (Хөх хот 1992 он) зэрэг олон судлагаанд тэмдэглэсэн байдаг. Иймээс энэ лав тулгар төрийн 2223 жилийн ой мөн болж таарах нь гээч.

Тэгвэл Их Монгол улсын 808 жилийн ой мөн байсан уу. Их хаан Чингис болон Өгэдэй хаан хоёул намрын эхэн сард эртний монголчуудын улирлын зурхайг баримтлан  хаан сонгогдсон байдаг. Энэ цаг хугацаа одоогийнхоор бол есдүгээр сарын 22 болж таарна.

Түүх бичигт идээ цагаа дэлгэрсэн баян намар цагт гэх мэтээр түүхчилсэн нь элбэг. Иймд энэ ой ташаа болох нь. Түүх үнэнээрээ байх ёстой. Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 93 жилийн ой бас биш. Үүнийг бид жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд ёслол төгөлдөр тэмдэглэж байх Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлж эхэлсэн.

Тодруулж хэлбэл энэ өдөр төр улсаа сэргээн мандуулсан 103 жилийн ойн өдөр бас биш байнаа даа. Тэгвэл дорд би Ардын хувьсгалын 93 жилийн ой бас биш байх гэж бодном. Бид Ардын хувьсгалын эх үндсийг 1921 оны гуравдугаар сарын 1 буюу Ардын нам байгуулагдсан өдөр гэдгийг мэднэ.

Анхны их ялалт нь гэвэл мөн оны гуравдугаар сарын 18 буюу Хиагтыг чөлөөлсөн хувьсгал. Тэр баярыг бид бас л өргөн тэмдэглэж байгаа. Харин яг Ардын хувьсгалын гэхээсээ цэргийн баяр эрчүүдийн баяр гэж ач холбогдлыг нь хувирган ёслож байгаа гэм бий. Иймд:

1. Зуны их баяр цэнгэлээ зөвхөн “Монголын тулгар төрийн 2224 жилийн ойн баяр наадам” гэж ёслон үндэс язгуурын агуу том өдөртэй байж бусад  юмтай үл хольж хутгах.

2. Чингис хааны их төрийн ойг түүхэн ёсоор намар тэмдэглэж байх,

3. Үндэсний эрх чөлөөний өдрөө баримт сурвалж ёсоор нь өвөл 12 сарын 29-нд

4. Ардын хувьсгалын ойгоо хавар гуравдугаар сарын  1 юм уу 18-нд ёсчлож байх

Эртний түүх соёлын улбаагаар дөрвөн цагийн хурим наадам, дөрвөн улирлын тахилга хүндэтгэлийн баяр хэмээн хуучин ёс уламжлалаа дээдлэн шинэ цагийн өнгөндөө нийцүүлэн шинэчилж баярлаж наадацгааж байвал эрхбиш түүх соёлын өнгөндөө нийцэх юм биш үү таминь.


 Түүхч зохиолч, Бэсүдэй Н.НАГААНБУУ