sonin.mn

Дэлхийн сэтгүүлзүйн түүхэнд "Узтергейтийн хэрэг" гэх зэрэг дуулиант нийтлэлүүдээрээ алдаршиж шинэ сэргэг, хурц зоримог санаа дэвшүүлэх талаараа зөвхөн АНУ-ын ард түмний төдийгүй, нийт дэвшилт хүн төрөлхтөний анхааралд аль хэдийнэ орсон "Вашигтон пост" сонин 1995 онд аугаа их Чингис хааныг хоёрдугаар "Мянганы суут хүн"-ээр тодруулжээ. Хүн төрөлхтөн түүхийнхээ хоёр дахь мянганыг ардаа орхин туулж гурав дахь мянган жил рүүгээ алхан орохын босгон дээр тулж ирээд байлаа. Энэ нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн түүхт ойн өмнөхөн болсон үйл явдал юм.

Монгол нутгийн газар шороон дээр мандаж буурч явсан Хүннү, Сяньби, Нирун, Түрэг, Уйгар, Хятан зэрэг өмнөх овог аймгуудын төр улсын түүхээр нөхцөлдөж боловсорсон төрт ёсны уламжпалд суурилсан Их Монгол Улсыг эзэн Чингис хаан 45 насандаа байгуулж, "Их засаг" хэмээх "Эцэг хуулиа" тунхаглан хэрэгжүүлснээр урьд өмнө хаана ч байгаагүй их эзэнт гүрнийг хүн төрөлхтөний түүхэнд мандуулж, дэлхийн улс орны цаашдын хөгжилд хүчтэй нөлөө түлхэц үзүүлжээ. Үүнийг нь Нэгдсэн Үндэстний Байгууллага зүй ёсоор үнэлж Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий нийтээр өргөн дэлгэр тэмдэглэхийг уриалж 2005 онд тогтоол гаргасан байна.

"НҮБ-ын Ерөнхий Ассамблей Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн тухай тогтоолыг ийнхүү 2005 оны арваннэгдүгээр сард батлан гаргасан нь олон улсын хамтын нийгэмлэгээс нүүдлийн соёл иргэншлийн баялаг өв соёл хоорондын яриа хэлэлцээг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь хүлээн зөвшөөрч байдгийг харуулсан түүхэн ач холбогдолтой юм" гэж тухайн үеийн ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Койчиро Мацуура онцлон тэмдэглэжээ.

Их Монгол Улс байгуулагдсан нь "Манай Монгол Улсын түүхийн хамгийн бахархалт, мөнхийн дурсгалт, онцгой гайхамшигт, тод содон үйл явдал мөнөөс мөн. Их Монгол Улс байгуулагдсан нь "Хагацсан улсыг хамтатгаж, бутарсан улсыг бүрдүүлж...", "Эсгий туургат улсаа шулуутган...", энх амрыг тогтоон, монгол угсааны нэгдмэл үндэстнийг бүрдүүлж мандан бадрахын эхлэлийг тавьсан түүхэн ач холбогдолтой" гэж Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр уг ойд зориулсан хүндэтгэлийн чуулган дээр хэлсэн үгэндээ онцолжээ.

Эсгий туургатнуудын төдийгүй даян дэлхийн хамтын нийгэмлэгийн баяр болгож тэмдэглэсэн уг түүхэн үйл явдалд зориулж  Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын санаачилсан "Их Монгол Улс" хэмээх номыг бүтээж, 2007онд хэвлүүлжээ.

Эл номд дэлхийн улстөрийн газрын зураг дээр өнгө өнгийн будгаар ялгаж зааглагдсан их, бага олон улсын Эзэн хаан, Ерөнхийлөгч, Султан, Эмир, Ван, Гүн, Ерөнхий сайд зэрэг төр, засгийн тэргүүнүүд, шашин соёлын нэрт тавиад зүтгэлтнүүдийн сэтгэгдлийг багтаажээ. Тэд төрт ёсны олон зуу, мянган жилийн түүхтэй монгол түмэн дэлхийн соёл иргэншлийн сан хөмрөгт ямар хувь нэмэр оруулав, эзэн Чингис хаан хүн төрөлхтөн, дэлхийн улс орнуудын хөгжлийн түүхэнд ямар үүрэг гүйцэтгэж, яаж нөлөөлөв гэдэг талаар өөрсдийн үгээ хэлжээ.

Урьд өмнө энэ талаар эрдэмтэд судлаачдын бүтээлүүд энд тэнд гарч байснаас биш Эзэн хаан, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг дэлхийн томоохон улстөрчдийн санал бодлыг тусгасан ийм ном нэг ч удаа гарч байгаагүй тул ихэд сонирхон уншиж, хэн юу гэж хэлснийг харьцуулан жишиж үзлээ. Энэ нь "Монголын нууц товчоо" зохиолын гол баатар эзэн Чингис хааны талаарх өмнөх мэдээлэл, үнэлэлт дүгнэлтийг баяжуулж баталгаажуулах чухал ач холбогдолтой гэж бодсон билээ.

Манай эзэн хааны тухай бусад улс орны эзэн хаан, төрийн тэргүүн нар ямар санал бодолтой байдаг нь ихэд сонирхолтой юм. Уншигчдад илүү ойлгомжтой болгох зорилгоор би гадаадын улс орны төрийн тэргүүнүүд, шашин, соёлын нэрт зүтгэлтнүүдийн хэлсэн үгийг агуулгаар нь багцалж сэдэвчлэхийг оролдсон болно.

Монголын Төрийн тэргүүнүүдийн хүсэлтэд хүндэтгэлтэй хандаж албан ёсоор хариу ирүүлсэн илгээлт, захидал сэлтэд юуны түрүүнд Монголын Эзэнт гүрнийг Чингис хаан байгуулсан нь засаглалын цоо шинэ хэлбэрийг үүсгэж, төрт ёсны төлөвшил, хууль цаазыг буй болгосон гэсэн санаа байлаа.

Бүгд Найрамдах Австри улсын холбооны Ерөнхийлөгч ноён Хайнц Фишер "Миний бодлоор цэрэг дайны ололтоос ч илүү чухал зүйл бол өнөөгийн хэмжүүрээр ч шинэлэг хэмээн үзэж болох XIII зууны Монголын Эзэнт гүрний засаглал болно...

Бараг Чингис хаантай нэгэн цаг үед Ромын герман үндэстний эзэнт гүрний хаан Кайзер Фридрих Итали, Германы нутагт орчин цагийн, үр нөлөөтэй засаг захиргааг байгуулсан юм. Ер нь үр өгөөжтэй, сайн зохион байгуулалт бүхий засаглал нь аливаа амжилт дагуулсан бодлого, сайн сайхан амьдрал хийгээд дэвшил хөгжлийн суурь үндэс болдог.

Үүгээрээ чухал ач холбогдолтой агаад хөхиүлэн дэмжүүштэй зүйл гэдэг нь улстөрийн үндсэн сургамж болно. Төрийн ийм шинэ зохион байгуулалт хоёрдугаар Фридрих хаанаас ч хамаагүй илүү өргөн хүрээнд XIII зууны Монголын Эзэнт гүрэнд бий болсон байна. Чингис хаан, түүнийг залгамжлагч Өгөөдэй болон дараагийн хаад ч төрийн нэгдмэл тогтолцоо, засаг төрийн албан хэргийг хөтлөн явуулах дэг жаяг бий болгож, тэр нь Монголын төдийгүй Түрэг, Парс, Түвд, Оросын тухайн үеийн баримт бичгүүдэд ч хэрэглэгдэж байв. Засаг захиргааны нэгдмэл ажил үйлсийн үр дүнд бий болсон бат тогтвортой, тайван байдал нь XIV зууны дунд үеийг хүртэлх цаг үеийг "Монгол хэв ёсны энх амгалан"-гийн эрин үе хэмээн хожим нь нэрлэхэд хүргэсэн билээ" гэжээ.

"Санаанд багтамгүй асар богино хугацаанд Чингис хааны байгуулсан Эзэнт гүрэн дэлхийн улстөрийн газрын зургийг үндсээр нь өөрчилсөн юм. Тэрээр хүчирхэг цэргийн зохион байгуулалт, харилцаа холбооны систем бүхий улстөрийн цогц бүтцийг байгуулж чадсан юм. Чингис хааны үндэс суурийг нь тавьсан Монголын хууль цааз бол тэр үеийн ёс зүйн хэм хэмжээг илэрхийлж байсан бөгөөд эзэнт гүрнийг удирдан зохион байгуулахад асар их үүрэг гүйцэтгэсэн билээ" гэж Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч ноён Ильхам Алиев онцолсон байна.

Австри, Азербайжаны Ерөнхийлөгч нар Чингис хааны цэргийн гарамгай жанжин болохыг тэмдэглэхийн сацуу XIII зууны Монголын Эзэнт гүрний хүчирхэг засаглал, түүний шинэлэг хэлбэр, амжилт дагуулсан үр нөлөө, сайн зохион байгуулалт, засаг захиргааны нэгдмэл тогтолцоо, төрт ёсны дэг жаяг, улстөрийн цогц бүтэц, хууль цаазыг илгээлтдээ онцлон товойлгож тавьжээ.

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч ноён Георги Пьрванов "Найман зууны тэртээ Монголын овог аймгуудыг нэгтгэж, нэгдсэн төр улсыг байгуулснаар монгол үндэстэн бүрэлдэн бий болсон нь онцгой ач холбогдолтой юм. Энэхүү үндэстэн нь цаашдаа Чингис хааны байгуулсан хязгааргүй Эзэнт гүрний гол цөм нь болсон билээ. Энэ бүхний гол гавьяа өнөөдрийг хүртэл дэлхий дахины хамгийн суут монгол хүн Чингис хаанд ногдох учиртай...

Чингис хаан зөвхөн Монголын төрт улсыг үүсгэн байгуулаад зогсоогүй тэрхүү улс орныг хөгжүүлэх хууль дүрэм, зохион байгуулалтыг бий болгосон юм" гэж үнэлээд Болгарын монголч эрдэмтэн, профессор, Александр Федотовын 1990 онд болгар хэлээр орчуулсан "Монголын нууц товчоо" хэмээх 1240 онд зохиогдсон бүтээлээс Чингис хааны амьдралтай болгар хүмүүс танилцсан юм хэмээн дурьджээ.

Монгол Улсад анхны эрхт төр байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэж байгаа нь чухал үйл явдал мөнийг тэмдэглээд Бүгд Найрамдах Вьетнам Улсын Ерөнхийлөгч ноён Нгуен Минь Чиет "Энэхүү төр нь нүүдэлчин Монголчуудын анхны нэгдмэл төр юм. Монгол үндэстний эв нэгдлийг хангаж, дэлхий дахины бусад үндэстний дотор өөрийн нэгдмэл үндэстнийг бүрдүүлсэн билээ" гэж онцолсон байна.

"Чингис хаан хэдхэн жилийн дотор хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн агуу гүрнүүдийн нэг болох Монголын Эзэнт гүрнийг байгуулж чадсан юм... Түүний эзэнт гүрний хил хязгаар нь Номхон дайлайгаас Хар тэнгис, Сибириэс Зүүн өмнөд Азийн хойд хил хүртэл үргэлжилж байсан юм" гэж Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Мохамед Хосни Мубарак бахархан тэмдэглэжээ.

Болгарын Ерөнхийлөгч Чингис хаан Монголын овог аймгуудыг нэгтгэж нэгдсэн төр улсыг байгуулснаар нэгдмэл монгол үндэстнийг буй болгосон,Чингис хаан зөвхөн Монголын төрт улсыг үүсгэн байгуулаад зогсоогүй тэрхүү улс орныг хөгжүүлэх хууль дүрэм, зохион байгуулалтыг буй болгосныг онцлон дурьдсан бол

Вьетнамын Ерөнхийлөгч нэгдмэл үндэстнийг бүрдүүлсэн нүүдэлчин монголчуудын анхны нэгдмэл төрийг буй болгосноор эв нэгдлийг хангасан гэжээ. Египетийн Ерөнхийлөгч Монголын Эзэнт гүрнийг хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн агуу гүрнүүдийн нэг гэж нэрлэсэн байна.

"Чингис хааны чухал гавьяа бол монгол угсаатныг нэгтгэн Эзэнт гүрнийг байгуулсан явдал юм" гэж Камбожийн хаан Нордом Сихамони үнэлсэн бол

"Чингис хаан нь олон ястан үндэстнээс бүрдсэн Монголын ард түмнийг нэгтгэн улс төр, цэргийн хүчирхэг тогтолцоот Монголын Эзэнт гүрнийг байгуулсан" гэж Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсын Ерөнхийлөгч ноён Чуммали Саясон тэмдэглэжээ.

Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч ноён Жоржо Наполитано тухайн цаг үед дэлхийн улс орнуудын хөдөлгөгч төв нь Азид, тодруулбал Монголд байсныг онцлоод "Евроазийн шинэ эзэнт гүрэн нь айдас хүйдэс хийгээд ашиг сонирхлыг, аль алиныг нь төрүүлж байсан юм" гэжээ.

"800 орчим жилийн тэртээ, орчин үеийн эд өлгийн зүйлс бий болох, хийгээд Европчууд Азид ирэхээс бүр өмнө Азийн нэг үндэстэн дэлхийн хуурай газрын гуравны нэгд ноёрхож байсан нь итгэмээргүй гайхалтай санагдана... Гол төлөв энгийн нүүдлийн амьдралын хэв маягтай, моринд гарамгай, нум сум хэрэглэдэг эдгээр хүмүүс маш сайн зохион байгуулагдсан иргэншил бүхий улс орнуудын эсрэг аугаа их ялалтуудыг байгуулж чадаж байсан ньгайхамшигтай" хэмээн Малайзын XII Ян Ди Агонг Туанку Саид Сиражуддин Путра Жамалуллайл гайхширсан байх жишээтэй ажээ.

Европын шинэ эзэнт гүрэн гэсэн нэр томьёог нэг нь хэрэглэж, нөгөө нь европчууд Азид хөл тавихаас бүр өмнө Азийн нэг үндэстэн дэлхийн хуурай газрын гуравны нэгд ноёрхож байсан нь итгэмээргүй гайхалтай, тэд маш сайн зохион байгуулагдсан иргэншил бүхий улс орнуудыг байлдан дагуулж. чадаж байсан нь гайхамшигтай гэсэн байна. Үнэхээр ч гайхамшигтай бөгөөд гайхалтай санагдах нь аргагүй биз.

Монако улсын ван Алберт II "Хосгүй чадварлаг, баатарлаг дайчин Чингис хаан өөрийн үеийн түүхэн нөхцөлд их гүрнийг захиран залах төрт ёсыг үүсгэн буй болгож чадсан юм. Алс дорнодыг нээлттэй болгохыг хүссэн тэрбээр нэгэн зууны амар амгалангийн суурийг тавьж чадсан билээ" гэсэн байна.

"Дэлхийн түүхийн өрнөлд ихээр нөлөөлсөн Чингис хааны эхийг нь тавьсан Монголын төр улсын тэмдэглэлт ой" гэж Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путин Их Монгол Улсын 800 жилийн ойг тодорхойлоод "Энэ үйл явдал нь тэмдэглэлт өдрүүдийн нэг байх нь эргэлзээгүй юм... Манай улс ч тогтоолын хамтран зохиогчдын нэг байлаа" хэмээжээ.

Хосгүй чадварлаг Чингис хаан их гүрнийг захиран залах төрт ёсыг үүсгэж алс дорнодыг нээлттэй болгохыг хүссэн гэж ван Алберт II үнэлсэн бол В.Путин дэлхийн түүхийн хөгжлийн цаашдын өрнөлд ихээр нөлөөлсөн гэж тодорхойлжээ. Саяхныг хүртэл Чингис хааныг дан ганц хараар будаж, өдий төдий ном зохиолд зэрлэг бүдүүлэг, дошгин xapгиc хэрцгийг нь ам нийлүүлэн шуугилддаг байсан Орос орны Ерөнхийлөгчийн амнаас дээрх үг унасан нь цаг үе өөрчлөгдсөнийг эрхгүй илтгэн харуулж байна.

ОХУ-ын нэгэн субьект болох Буриад улсын Ерөнхийлөгч Л.В.Потапов, Бүгд Найрамдах Татарстан улсын Ерөнхийлөгч М.Ш.Шаймиев нар юу юу гэж хэлснийг одоо уншигч танд сонирхуулья.

Л.В.Потапов өөрийн илгээлтийг "Чингис хаан бол Евроазийн улс гүрнийг үндэслэгч аугаа их удирдагч мөн" гэж гарчиглаад "Евроазийн ертөнцийн ирээдүйг огт өөрөөр тодорхойлж, ач холбогдлын хувьд хойшдоо түүхийн цаг хугацаа, орон зайд хүрээ хязгааргүй өрнөсөн аугаа их үйл явдал болсон" гэж онцлохын хамт "Их засаг" хууль цаазын талаар ихэд дэлгэрэнгүй өгүүлжээ. Нэн сонирхолтой нь тэрбээр "Орос болон ЗСБНХУ нь /нэр нь чухал биш/ Чингис хааны үндэслэсэн Монголын их эзэнт гүрний нэг хэсэг юм" гэсэн Евроазийн үзлийг баримтлагч оросын эрдэмтэн М.С.Трубецкойн үгийг иш татаад "XVI-XIX зууны Оросын түүх, Зөвлөлтийн түүхийн ухаанд Чингис хааны үйл амьдрал, Монголын эзэнт гүрнийг муу талаас нь үнэлэх явдал давамгайлж байлаа. Тэгэхдээ Чингис хааны үетэй холбоотой түүхийн баримтыг зориудаар гуйвуулах тэр ч байтугай урвуулах явдал гарч байв" хэмээн хүлээн зөвшөөрөөд

"1. Чингис хаан дэлхийд хамгийн том, тив дамнасан Евроазийн гүрэн улсыг байгуулсан билээ. Түүний нутаг дэвсгэр дээр өнөөдөр бараг 3 тэрбум орчим хүн ам бүхий 30 гаруй орчин үеийн улс орон байгаа...

2. Монголчуудын байлдан дагуулалтын улмаас хүн ам их гүрэн улсын хил хязгаарын дотор үй олноороо шилжин суурьшиж эцсийн дүнд одоо ОХУ-ын бүрэлдэхүүнд байгаа олон шинэ үндэстэн этносыг бүрдүүлсэн билээ...

З. Монголын Эзэнт улсыг байгуулсан явдал нь геополитикийн ихээхэн өөрчлөлтөд хүргэсэн бөгөөд тэр нь одоогийн хэллэгээр бол XIII зууны даяарчлал байжээ...

4. Чухамдаа монголчуудад эзлэгдсэнээр Орост төрт ёсны бат бэх уламжлалтай болж, Оросын эзэнт гүрэн үүсэн бий болох угтвар нөхцөл бүрдсэн юм...

5. Монголын Эзэнт гүрний геополитикийн болон төрт ёсны туршлагыг судлах явдал нь орчин үед чухал ач холбогдолтой юм" гэсэн дүгнэлтүүдийг хийсэн байна.

Евроазийн Монголын их Эзэнт гүрэн улсыг үүсгэн байгуулах үед их Тэмүүжиний дэргэд өнөөгийн буриадуудын гарамгай өвөг дээдэс байж байсан нь няцаахын аргагүй түүхийн үнэн билээ гэдгийг ч хамтад цохон тэмдэглэжээ.

Л.В.Потаповын ирүүлсэн энэхүү илгээлт нь эрдэм шинжилгээний өгүүллийн зохиомжтой, баримт үндэслэлд баттай тулгуурлаж, үнэн бодитой үнэлгээ гаргалгаа хийснээрээ миний сонирхлыг илүүтэй татсан болно.

Дээрх санааг Татарстан Улсын Ерөнхийлөгч М.Ш.Шаймиев хуваалцаад Их Монгол Улсын залгамжлагч нь болсон " Алтан Ордны Улсыг байгуулан хөгжүүлэх явцад олон ард түмэн, улс орон, тэдний оюун санааны болон материаллаг соёлд дэлхийн царцдас нүүсэнтэй зүйрлэм нүсэр их хөдөлгөөн өрнөсөн билээ" гэж дүгнэжээ.

Румын Улсын Ерөнхийлөгч ноён Траян Бэсеску Чингис хааныг "Хүн төрөлхтөний түүхэнд урьд өмнө байгаагүй Бээжингээс Волга мөрөн хүртэл үргэлжлэн сунасан бүхэл бүтэн дэлхийн түүхэнд нөлөө үзүүлсэн хамгийн том их гүрний эх үүсвэрийг бүрдүүлсэн юм" гэжээ.

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд ноён Рэжэп Тайип Эрдоган "1206 онд байгуулагдсан Их Монгол Улс нь дэлхийн түүхэнд гарсан хамгийн том, үргэлжилсэн хуурай газрын Эзэнт гүрэн байлаа" гэсэн байна.

Франц Улсын Ерөнхийлөгч ноён Жак Ширак "Чингис хааны үлдээсэн нэн чухал өв бол "Монгол хэв ёсны энхийн журам юм". Энэхүү журам нь Европ Азийг холбосон харилцааг олон зууны туршид хөгжин цэцэглэх боломжийг олгосон нэгэн хүчин зүйл гэдгийг түүхчид хүлээн зөвшөөрдөг" хэмээжээ.

Тэдний үнэлгээнээс харахад Чингис хаан хүн төрөлхтөний түүхэнд урьд өмнө байгаагүй том Эзэнт гүрнийг байгуулсан нь дэлхийн хөгжилд хүчтэй нөлөө үзүүлж, энх амгалан байдлыг тогтоосон гэсэн санааг илэрхийлсэн байна.

Үргэлжлэл бий.

Т.Баасансүрэн /МУСГЗ Доктор/