sonin.mn

Нэг. Дээшээ доошоо хоёр

Хүн эхээс төрөхдөө доошоо унаад дараа нь дээшээ босдог. Тэрэн шигээ үйлдлийг насан туршдаа хийдэг. Ноён юмуу дарга болохыг хүсдэг. Хаан болох санаатай ч бас байдаг. Ноён ч бай, дарга ч бай, хаан ч бай дээшээ өргөгдсөн өндөрлөгт гарсан хэрэг. Гэвч тэр дээшлэлт мөнх биш. Ноёныг ч юмуу, даргыг ч юмуу, хааныг ч юмуу түүхэн унагаах, огцруулах, тэр ч байтугай цаазлах ч удаа байдаг.

Тэр бүхнийг үзэлгүй босоогоороо байж байвал хөгшрөлт гэдэг байгалийн хуулиар доошоо унадаг. Ер нь ч тэгээд өгсөхөөс уруудах нь хэцүү байдаг. Өгсөж буй хүн баяртай, уруудаж буй хүн гунигтай байдаг болой. Оргилсон гал өөдөө ноцдог Урссан ус уруугаа явдаг гэдэг ертөнцийн жам юм. Түүний эсрэг

"Дэлхийн шороог дээш нь цацвал доошоо унана
Дэнгийн гэрлийг доош нь харуулавч дээшээ босно"

Тэгэхээр хүн өөд нь чулуу хаяхыг болгоомжлохгүй бол өөрийн нь толгой дээр унадаг. Зарим нь үүнийг ухаардаггүй. Өөд нь чулуу шиднэ гэдэг давхар утгатай үг. Жинхэнэ чулуу шидэх нэг утга нь, Үгэн чулуу шидэх бол бас нэг утга нь юм. Өндөрт гарсны дараа тэр хүн өөд чулуу ч шиднэ, үг ч шиднэ.

Өндөр хүн доог, тохуун суманд оногдохдоо амархан. Харин одой намхан хүнийг бол оноход бэрх гэдэг билээ. Бас "өндөр уулан дээр гарахад толгой эргэдэг" шиг өндөр албан тушаалд гарвал толгой бас эргэж мэднэ. Өндөр болох тусам сүүдэр нь уртасдаг. Гэтэл наран өөд хараад л яваад байвал сүүдрээ хэзээ ч үзэхгүйд хүрнэ.

Тэгэхлээр алдар нэр чинь сүүдэр шиг чинь өмнө хойн гарч, заримдаа өөрөөс чинь өндөр болж заримдаа өөрөөс чинь намхан болж байдгийг санах явах учиртай. Өндөрт авирч явахдаа бусдад тус болж байхгүй бол буцаж буухад замд чинь тэд нар ахиад дайралдана гэдгийг санаж байхад хэрэгтэй.

Хүн болгон бусдаас ялгаатай бас өдөр ирэх тусам өөрөөсөө ялгаатай болдог.Тэгдэг нэг гай бол өндөр хэргэм бас хөрөнгө мөнгө нь эзэмшдзг эзнээ эвддэг, түүнд атаархагч ядуу, доодсыг ч бас адилхан эвддэг удаа цөөнгүй. Энэ бүхнийг тунгаан бодож явахгүй бол "Гэрийн хий дээшээ, гэдэсний хий доошоо" гардаг түгээмэл явдал бий шүү.

Монгол эртний мэргэдийн амнаас ч өрнөдийн цэцдийн бичлэгээс ч ийм санааг мэдлэгийн аргал түүхээр араг үүрч, үзгэн савар барьж явахдаа би олж мэдсэнээ исгэж, тараг бүрэхээр үүнийг бичвэй.

Хоёр. Оюуны итгэлцүүр

Одоо үед буюу шинжлэх ухаан, мэдээллийн зуунд хүний оюуны хэмжүүрийг арван итгэлцүүрээр авч ярьдаг болоод байна, Урьдын цагт бол өөр хэмжүүр байв.

-Монгол хүн билгээрээ

-Түвд хүн ид шидээрээ

-Хятад хүн наймаагаараа, гэдэг онцлогоор нь хэмждэг ардын уламжлал байсан. Амьдралд бол энэ нь үнэмшилтэй хэмжүүр байсан ажээ. Орчин үед оюуны итгэлцүүр их нарийсгасан хэмжүүрт орсон юм.

Нэгд. (IQ-inteltigence quotient) буюу танин мэдэх чадвар. Үүнд тунгаан асуудал шийдэх, шинийг судлах чадварууд багтдаг байна.

Монголчууд IQ-гийн ерөнхий үзүүлэлтээрээ дээгүүр байранд орж байгааг гадаадын зарим судлаач нар тогтоосон байна, Европчуудын тархи 1330 грамм бол Монголчуудынх 1382 грамм ажээ. Профессор Ричард Линк Тату Венховенкий судалснаар дэлхийн 185 орноос 21 дүгээрт нь монголчууд IQ-гээрээ дээгуур байрт оржээ.

Уул нь хүн ная наслах юм бол тархи оюундаа цуглуулан боловсруулах боломжтой мэдээлэлийг нь цахим пянзанд бичих гэвэл 71428571428870000 дискотек (пянз) (17 оронтой тoo) хэрэгтэй болох юм байна гэж хэдэн жилийн тэртээ тооцоо гаргасан байдаг билээ. Харамсалтай нь энэ их чадамжаас сайтар ашигладаг мэдээллийн оюуны сангаа их баяжуулдаг хүн ховорхон байх ажээ.

Энэтхэгийн "цээж тооны" рекорд тогтоогч Шакунтала Дэеи гэгч 1980 оны 6-р сард ердөө л 28 секундын дотор гучин оронтой тоог хоёроор үржүүлэхэд түүнийг нь зөв эсэхийг шалгах гэж цахим бодогчоор хэдэн цаг ажиллаж"байж бодож гаргасан байна. Хүний QI ийм чадалтай нь цахим техникээс давуу байгааг харуулж чаджээ.

Хоёрт. (EQ - emotional quotient) буюу сэтгэл хөдлөл харилцааны чадварын итгэлцүүр.

"Нэгэн сэтгэлт эр болбоос эр бус эрдэнэ
Хоёр сэтгэлт эр болбоос эр бус эм гэгдэнэ
Нэгэн сэтгэлт эм болбоос эм бус эр хэмээгдэнэ" гэж монголын эртний сургаал байдаг билээ. Харилцааны чадварын хуучин хэмжүүр юм. Харин өнөө үед "Олон ургалч үзэл" гэх шиг хэлбэрийг бусдаас хуулж "Олон санаат оргож чаддаггүй" үлгэрээр орж олон намын тогтолцоо буй болгосоор байгаа нь "Эр бус эм гэгдэх" маягтай харагдахад хүрч байна.

Гуравт. (AQ - adversity quotient) Өөдрөг санаа бэрхшээл давах зориг эрмэлзлэл ,зүтгэлийн итгэлцүүр юм.

-"Хүний тамир бодолдоо байдаг, Хүлгийн тамир туурайндаа байдаг"

-"Сүүжиндээ хүчтэй хүн ганц биеэ тэжээх, Сэтгэлдээ хүчтэй хүн түмэн хүнийг тэжээх"

-"Харанхуйг туулбал гэгээнийг үзэх, Холыг туулбал жаргалыг үзэх" гэхчилэнгээр монголчууд сургадаг байсан нь өөдрөг санаа, бэрхшээл даван туулахын зөвлөмж байлаа. Одоо үед бол "Идэвхитэй зарчмын номлол "юм.

Дөрөв, (CQ - creative quotient) бүтээх чадвар, шинийг эрэлхийлэх, зохион бүтээхийн итгэлцүүр юм.

-"Бичгийн хүмүн бэхэнд эргэх, Балт зөгий цэцгэнд эргэх "

-"Эр хүний уран нь чөдрийн дэгээвч дээр, Эм хүний уран нь дээлийн шилбэн дээр"

-"Эрхийдээ эрдэмтэй, Долоовортой домтой" гэж монголын эртний сургаал бий.

Монголчууд орчин үед уран бүтээлийн салбарт ч, дархлан бүтээхийн салбар ч оёосон бүтээлийн салбарт ч, байгуулан бүтээхийн салбарт ч, тариалан ургуулахынталбарт ч ,оюун ухаанаа, авьяас чадвараа дайчилаж эхэлсэн гэж болно, Баруун зүгийн соёлт гэх ертөнцөд одоо л гараагаа авч байгаа нано технологи (бичил арга) эзэмшихээс бас хоцорсонгүй.

Тэр тусмаа Ховдын Дарвийн хөдөөний гаралтай хүүхэн Р.Мядагмаа цахиурын хэт ислээр анхдагч нано бүтээгдэхүун гаргаж авлаа. Тэгтэл бас нэг монгол залуу үнэт ховор Очир-Эрдэнэ гэдэг (алмааз) чулууг гардан бүтээж дэлхийг шуугиулж эхэллээ.Ийм чадвар залуу үеийнхэнд маань байгаа нь CQ оюуны өндөр итгэлцүүртэй байгаагийн шинж. Гагцхүү тэрийг нь дэгжээж, дэмжиж улам бадруулахад л төр засгийн CQ хэрэгтэй байна.

Тав. (SQ - search quotient) оюун санааны мэргэн ухаан, суу заль, зорьсондоо хүрэх чадлын итгэлцүүр

-Өрнөдийнхөн оюун ухаанаа тархи толгойд гэдэг

-Хятад хүмүүс түүнийгээ гэдсэнд бий гэдэг

-Монголчууд түүнийгээ цээжиндээ бий гэдэг байлаа.

"Цээж сайтай хүн" , гэж монголчууд ярьдаг нь өргөн ханхар цээжтэйн тухай үг биш. Харин үндэстнийхээ соёлын уламжлалт өвийг сайн цээжилж хадгалсан хүн буюу ер нь мэргэн ухаалаг болсон этгээдийг "цэжтэй хүн" гэдэг. Тийм хүний цээжнээс хэдэн түмэн мөр бадаг бүхий баатарлаг туульс ундран гардаг.

Тууль хайлагч монгол хүн гурван өдөр, гурван шөнө ч "Гэсэр" "Жангар" тэргүүтэн туульсаа цээжнээсээ ундруулж чадна. Эзэн Чингисийн их гүрний үед бүрэн эрхт элчийн нотолгоо болж байсан "Гэргээн" эхэнд "Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн иггээн дор" гэсэн хоёр мөр бичээстэй байдаг асан.

"Суу заль" гэдэг бол оюун ухааны дээд хэмжүүр байлаа. Иймээс ч "Суут" хүн гэж ярьдаг, бичдэг байлаа. Гэтэл "зах зээлийн харилцаанд " орсон одоо үед "заль" гэдэг үгийг доош нь унагаж "заль мэх" хэмээн ойлгож зальдах, мэхлэхэд толгойгоо өгдөг хүмүүс олширч байна. Залилах мэхлэх арга бол эцэстээ заавал илэрдэг "занга" тул өөртөө тийм занга тавих нь аюултайг ойлгох ёстой.

Зургаа. (DQ - development quotient) бие даах өөрийгөө хөгжүүлэх ухааны итгэлцүүр

-"Агт морь бүдрэхгүй бол заан болох, Ард хүн эндэхгүй бол хаан болох"

-"Ухааныг утсаар уяж болохгүй, Санааг саванд савлаж болохгүй"

-"Сэцэнд хоёр чих илүүдэх үгүй Тэнэгт ганц хэл цөөдөх үгүй" гэж монголчууд сургамжилдаг билээ.

Дэлхийшин (глобальчлагдаж) байгаа өнөө үед дангааршин алдарших, хөрөнгөжих тухайд санаа тавьж үндэстнээ авч үлдэхэд ухаан зарах хэрэгтэй байна. Монгол ардын урлаг (морин хуур, хөөмий, биелгээ, уртын дуу гэхчилэн) маань дэлхийд хосгүй гэдгийг үзүүлхэд залуу үе их идэвхитэй ажиллаж байна.

Харин эдийн засгийн үзүүлэлт, үйлдвэрлэн бүтээх зүйлээрээ өөрийгөө хөгжүүлэх, бие даасан онцгой юмтай болох нь чухал. "Гартаа байхад Гаднаас эрэх" хэрэг юун

Долоо. (MQ - moral quotient) ёс суртахууны ариусал, харилцааны зохицуулалтын итгэлцүүр,

-"Залуу цагт эцэг эхийн эрхээр, Идэр цагт эхнэр, нөхрийн эрхээр, Өтлөх цагт үр хүүхдийн эрхээр" гэж хуучны ёс суртахууны нэгэн сургамж байлаа.

Одоо бол "хүний эрхээр"гэдэг үг дэлгэрч "Хүний эрх" хэмээх далбаан дор эрхээ хэтрүүлж, эрх нь дэндэх, эрхээ гажуудуулах муу нөлөө хүчтэй болж байгаа тул

-"Эв түмэн лан, Эрдэм мянган лан",

-"Инээх хацартай, Ичих нүүртэй"

-"Цээжиндээ бодлоготой яв Чихэндээ сонортой яв" гэдэг ардынхаа аман хуулийн эрхээр эрхээ эдлүүштэй билээ.

Найм. (NQ net quotient) мэдээлэлжих, мэдээлэл ашиглах, мэдээлэлжүүлэх ухааны-итгэлцүүр

Хорин нэгдүгээр зуун бол мэдээлэлийн зуун гэж оношлогдоод байгаа. Бид тэрхүү зууны босгоор алхан ороод анхны мөчлөг дуусч "арван гуравны агт араа" ургах боллоо. Монголчууд дэлхийн талыг ноёрхсон их эзэнт гүрнийхээ үед "мэдээ" хүргэгчтэй байсан.

Тэрнийгээ "дуун бариулах"гэж нэрэлдэг байсан бөгөөд буухиа морин элч тэрхүү "дууг" цээжлээд зав зайгүй довтолгосоор дараагийн элчид халаагаа өгөхөд нөгөөтөх нь залгаж аваад цааш бухиалан дараачийн бухиад хүргэн тэр нь цааш өдөр шөнөгүй давхисаар Монголоос Европын наад хаяанд гурав хоногийн дотор мэдээг хүргэж чаддаг байлаа.

Энэ бол тэр үедээ цахилгаан цахих адил хурдтай мэдээлэл дамжуулах морин буухиа байлаа. Гэвч өнөөдөр мэдээлэл дамжуулах хурд нүд ирмэх зуур дэлхийн аль ч өнцөг буланд хүрдэг боллоо. Цахим эрний энэ ололтоос монголчууд хоцорсонгүйгээр барахгүй одоо хүн амын 90 гаруй хувь нь гap утастай, 20 гаруй хувь нь интернет "ухдаг" ,бас төчнөөн хувь нь цахим тоглоомоор зугаацаж цахим аргаар жиргэдэг, "электрон зугаатай" болчихоод "Э-засаглал" тогтоох зүгтээ явж байна.

Энэ бол NQ итгэлцүүрийн хувьд монголчуудын оюуны чадавхи тун ч өндөр байгааг харуулж өглөө. "Мэд" гэдэг ганцхан үетэй үгийг 30 хүртэл үсэгтэй болгон хэлж чадах монгол хэлний гайхамшигт чадал ч харагдах бөгөөд "мэдээлүүлэгдчихсэнээрээн эрин зуунтайгаа хөл нийлүүлэх, аягүй бол түрүүлэх бололцоогоон харууллаа.Одоо олсон мэдээллээ үйлдвэрлэл ,бүтээл болгохыг зорих л үлдлээ.

Ес. {BQ - bonding quotient) Эцэг эх байх элбэрэл, гэр бүлийн ухаалагийн итгэлцүүр

-"Аавын үгүйд ах нь аав, Ээжийн үгүйд эгч нь ээж"

-"Үүд өрх тэлэх хүүтэй, Ураг төрөл татах охинтой"

-"Хань биендээ түшиг, Хатан эрдээ түшиг" гэж монголчууд айл гэрийн журмыг тодорхойлдог байв, Харин орчин үед, ялангуяа зах зээлийн замыг сонгосноос хойш гэр бүл салах, хүүхдээ өнчрүүлэх, тэр ч байтугай нялх амьтнаа гудамжинд хаях бузар нүглийг эх, эцгүүд үйлдэх болсон нь үйлийн үр, эргэж буудаг, үрийн заяа хаяж гомддогтоо хүрсэн төдийгүй ер нь хүн ёсны эсрэг гэмт хэрэг юм.

Иймээс эцэг эх байх гэр бүлээ ухаалагаар авч явах итгэлцүүрийг бүүр төр, засгийн хэмжээнд маш нарийвчлан сажруулах асуудал бүүр Үндэсний Аюулгүй байдал, үндэстэн мөхөх эсэхийн зэргэмжинд авч үзэх шаардлагтай байна. Энэ талаар ялангуяа идэр насныхны "ухаанд нь ухна үхэж" хэрхэвч болохгүй юм.

Арав. (FQ - Financaial) санхүүгийн ухаан саятан болох чадварын итгэлцүүр

-"Малтай хүн бага баян, Үртэй хүн өнөр баян, Эрдэмтэй хүн эрхэм баян" гэж монгол аман сургаал бий. Энэ нь одоо үед бол манайх тавиад сая малтай болсон нь гурван сая хүрэхгүй хүн амтай улсад маань "бага" биш "том" баян болсонтой адил юм.

Учир нь малаас мах, сүү, өөх, тос, арьс ,шир,ноос,ноолуур, эвэр, туурай гээд олон тооны жинхэнэ төрийн бодот баялаг авдаг. Тэгвэл нүүрс бол ердөө л ганц төрлийн баялаг. Тэгээд бас нөхөн сэргэгддэггүй зүйл. Малынх бол мал өөрөө өөрөөсөө ургуулдаг нөхөн сэргээгдэх (мал өсөхөд) баялаг юм.

Хүн тэр баялагаар нь хүнс,хувцас,эсгий,архи хүртэл үйлдвэрлэдэг тул цогцолбор баялаг тээгч нь мал юм. Гагцхүү мал нь зүгээр өгдөг тэр буяныг нь дэлхийн стандартад хүртэл нарийн боловсруулж үнэ хүргэхэд хөнгөн хүнсний үйлдвэртээ хөнгөмсөглөхгүй хандах ёстой. Тэгэх IQ монгол хүнд төрлөхийн заяасан байгаа.

Түүнээ л дайчилж саятан болоход өчүүхэн чармайлт л хэрэгтэй байна.Элдэв бордоогоор тордоогүй байгалийн цэвэр өвс ургамалаар хооллодог бэлчээрийн малын сүү мах нь одоо аль ч орныхоос илүү цэвэр сайн чанартай юм. ГМР (генетически модифицированные растения) хэрэглээгүй манайх шиг мал аж ахуй одоо дэлхийд байхгүй (гарвал хувиргасан) таван төрлийн малтай айл таван зуун жил ч амь зуулга тасрахгүй. Харин зэс, төмөр, молибден, нүүрс бол их байгаа ч гэсэн ёроолтой тул түр баяжихаас үүрд баяжихгүй гэдгийг мэдрэх FQ итгэлцүүр эрх баригчдад хэрэгтэй.

Оюуны хүчин чадлын арван итгэлцүүрийг ярихад манайд зарим үзүүлэлт цаг үеэсээ хоцорч явааг анзаарайсай гэх үүднээс хандлаа.

Зарим итгэлцүүр тэг заахаар байна.

Монгол улсын хөдөлмөрийн баатар Лодонгийн Түдэв