sonin.mn

Хот гэдэг сэтгэл татам байж жуулчдын хөл тасрахгүй, бас иргэд ч гудмаар алхахдаа баяр баяслыг мэдэрнэ. Хойд хөршийн нийслэл Москва хотыг зорих жуулчдын дийлэнх нь хөшөө дурсгал, уран баримлыг нь сонирхохоор очдог гэсэн судалгаа бий. Барилга, орон сууцны бөөгнөрөл үүсээд байгаа нийслэлд маань “чимэг зүүлт” шиг хэрэгтэй байгаа зүйл бол уран баримал.

Тиймээс нийслэлийн Захирагчийн ажлын алба, Монголын урлагийн зөвлөл хамтран энэ төрлийн уран бүтээлчдийг дэмжих, баримлын урлагийг хөгжүүлэх, иргэдэд сэтгэл ханамж мэдрүүлэх зорилгоор “Улаанбаатар уран баримал-2014” наадмыг анх удаагаа зохион байгуулсан юм.

Үүний хүрээнд монголчуудын домог, түүхээс сэдэвлэсэн, ёс заншлыг харуулсан 30 гаруй баримал үндэсний цэцэрлэгт хүрээлэнд наадмын өмнө сүндэрлэсэн билээ. Зохион байгуулагчдын зүгээс цаашдаа энэ наадмыг уламжлал болгон зохиохоос гадна нийслэлийн 150 гаруй хөшөө дурсгалыг монгол, англи хэлээр бичсэн нэр, тайлбар бүхий пайзтай болгож эхлээд байна.

Мөн энэхүү 30 уран баримлыг пайзжуулна гэж ярилаа. Уншигч та Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр очиж сонирхвол эрих, таягаа гартаа бариад бодолд дарагдан суух эмээ, эвэртэй тэмээ, уран нугараач охин, хоёр ихэр хүүхэддээ ангир уургаа хөхүүлж буй ээж, хэвлийдээ үртэй хатантайгаа хамт хос морь унасан ноён зэрэг урлагийн бүтээлүүд музей, галерейд биш газрын хөрсөн дээр буйг харах болно.

Эдгээр уран баримлаас шилдгүүдийг тодруулах арга хэмжээ өнгөрсөн бямба гаригт болсон юм. Тэргүүн байранд Төрийн шагналт, уран барималч Ц.Амгалангийн “Талын зэрэглээ”, дэд байранд уран барималч Д.Халиуны “Дуртмал” бүтээл шалгарч дурсгалын цом, таван сая төгрөгөөр шагнууллаа.

Мөн уран барималч Н.Оргилын “Гэр бүл”, Ш.Галбадрах “Янгир ямаа”, С.Бадралын “Монгол домог”, Б.Бат-Эрдэнийн “Ижил хайр” бүтээлүүд шилдгээр шалгарч нэг сая төгрөгөөр шагнуулсан бол бүх оролцогчдод батламж, дурсгалын зүйл хадгалуулав. Энэ үеэр эцэг, эхчүүд хүүхдүүдээ уран баримлан дээр авируулж, суулгуулж зураг авч байсан нь уран бүтээлчдэд эвгүй санагдсан нь лавтай.

Нийслэл хотод минь шинэ өнгө төрх нэмж буй түүх дурсгалын газрууд нэг ёсондоо нийслэлчүүд бидний өмч. Тиймдээ ч бид үр хүүхдийнхээ ухамсарт уран баримал, хөшөөн дээр авирч гаргах бус хайрлаж, хамгаалахыг сургах хэрэгтэй болов уу.

Тэргүүн байранд шалгарсан Төрийн шагналт, уран барималч Ц.Амгалантай ярилцлаа.

Тэргүүн байрын шагнал хүртсэн Төрийн шагналт, уран барималч Ц.Амгалангийн “Талын зэрэглээ” бүтээл

-Ямар утга агуулга шингээн бүтээлээ урласан бэ?

-Швейцарийн гэрэл зурагчин Валтер Боссхард манай орноор аялсныхаа дараагаар “Монголын сэрүүн сайхан нутаг” гэсэн ном бичсэн байдаг юм билээ. Би тэр номыг уншаад энэ сайхан нутгаа уран баримлаар яагаад дүрсэлж болохгүй гэж бодсон. Тиймээс алс холоос зэрэглээтэх тал нутгаа хуш модоор урласан даа.

-Уран бүтээлчдэд ийм наадам үгүйлэгдэж байсан юм шиг ээ?

-Энэ наадмыг зохион байгуулсан нь уран барималчдыг хөгжих, суралцахад нь өндөр ач тустай юм. Бидний хийж бүтээх хүсэлд минь жигүүр хайрласанд баярлаж байна. Уламжлал болгон зохион байгуулагдаасай гэж хүсэж байна. Дараа жил ч гэсэн би оролцох болно. Хар модоор сийлбэр хийнэ гэж бодож байгаа.

-Уран бүтээлчдэд уран баримал, хөшөөний материалын олдоц, үнэ ямар байдаг вэ?

-Монголд бүх л төрлийн материал бий. Харин чулууг том хэмжээтэйгээр нь ухаж гаргах, зөөж тээвэрлэх техник байдаггүй. Уран бүтээлд ашигладаг сайн чулуунууд Хөвсгөл аймагт бий. Тэндээс наашаа зөөнө гэхээр зардал нь өндөр болдог. Гаднын орнууд шиг материалын үйлдвэр нээвэл зах зээл байдаггүй. Тиймээс л бид ихэнх хөшөөгөө БНХАУ-д цутгуулж байгаа.

-Хүүхдүүд зургаа авахуулах гэж уран баримлууд дээр авирч суух юм. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Уран бүтээлчид бүтээлээ хийхдээ хүн хүрэх, авирах эрсдэлийг урьдчилан тооцоолж бүтээлийнхээ чанарт нь анхаардаг. Гэхдээ уран барималд гар хүрч болохгүй, авирч болохгүй, торгуультай гэсэн бичиг байрлуулбал хүүхдүүд хүрэхээ болчихно. Ер нь эцэг эхчүүд энэ үнэт зүйлд хамаагүй хүрч, гэмтээж болохгүй гэсэн ухамсрыг хүүхдүүддээ багаас нь сургах хэрэгтэй.

 Т.Болор-Эрдэнэ