sonin.mn


Өмнөх дугаар дээр төрсний дараа эхийн бие махбодид гардаг өөрчлөлтийн талаар оруулсан бөгөөд одоо төрсний дараах үед баримтлах зарим зөвлөмжүүдийг танд толилуулж байна.

Төрсний дараах үе нь амаржсанаас хойш 6 долоо хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд биеийн эсэргүүцэл суларсан байдаг тул халдвар орохоос сэргийлэхийн тулд эрүүл ахуйн дэглэмийг баримтлах нь чухал. Дөнгөж төрсөн эх аль болох тайван байж, өдөрт 8-12 цаг унтана.

Усанд орох

Төрсний дараах үеийн хугацаанд буюу 42 хоногт төрсөн эмэгтэйг усанд орж, биендээ ус хүргэж болохгүй, толгойгоо угааж болохгүй гэх мэт хүмүүсийн дунд яригддаг яриа нь үнэнд нийцэхгүй явдал юм. Учир нь энэ нь таны болон хүүхдийн тань эрүүл мэндэд муу нөлөөтэй бөгөөд эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй. Харин энэ үед онгоцонд бус бүлээн устай шүршүүрт орж, толгойгоо угааж байх шаардлагатай. Гадна бэлэг эрхтний эрүүл ахуйн дэглэмийг маш сайн сахиж, ариун цэврийн хэрэгслийг ойр ойрхон сольж, гадна бэлэг эрхтнээ өдөр бүр бүлээн усаар угааж байх хэрэгтэй.

Гараа тогтмол угаах

Ариун цэврийн хэрэглэлээ солих, угаалгын өрөөнд орсны дараа, хүүхэд болон хөхөндөө хүрэхийн өмнө, хүүхдийнхээ даавууг сольсны дараа гараа заавал угаах шаардлагатай.

Төрсний дараах үеийн хооллолт

Жирэмсэн үеийн хооллолт чухал байдгийн адил төрсний дараах үеийн хооллолт ч мөн адил чухал ач холбогдолтой. Хүүхдээ хөхүүлж буй, хөхүүлээгүй байгаа тохиолдолд ч хоол ундаа зөв тохируулах нь таныг хурдан тэнхэрч, эрүүл байхад тусална. Тиймээс төрөл бүрийн хоол хүнсийг бага багаар, ойр ойрхон хэрэглэнэ. Хөхүүл эмэгтэйн хувьд шингэнийг хангалттай хэмжээгээр хэрэглэх нь зайлшгүй чухал юм.

Хоол ундаа зөв тохируулахын тулд:

• Ногоо жимсийг өдөрт аль болох ахиу хэрэглэх

• Талх, тариа будаа, сүү сүүн бүтээгдэхүүн өдөр тутам хэрэглэх

• Хүнсний зүйлийнхээ нэр төрлийг олшруулах

• Чихэр, тослогоо багасгах

• Спиртийн төрлийн ундаанаас зайлсхийх

• Өтгөн хатахаас сэргийлж бүдүүн тарианы талх, гурил хэрэглэх

Та хүүхдээ хөхөөр хооллож байгаа бол

Хөх болон хөхний толгойгоо бүлээн усаар тогтмол угаах хэрэгтэй. Харин саван хэрэглэж болохгүй. Шүршүүрт орж байхдаа суганаас хөхний толгой руу чиглэлтэйгээр зөөлөн иллэг хийх нь хөхний булчирхайн сувгууд сүүгээр бөглөрөхөөс сэргийлэх ач холбогдолтой. Усанд орсны дараа болон хүүхдээ хөхүүлсний дараа хөхний толгойг арчилгүйгээр хатаах хэрэгтэй. Биед таарсан, хөвөн даавуун материалаар хийгдсэн, хөхүүл эмэгтэйчүүдэд зориулсан хөхний даруулга хэрэглэх нь зохимжтой.

Хүүхэд хөхүүлэх зөв байрлал

Хүүхдээ зөв байрлалаар хөхүүлэх нь хөхний толгой хагарч шархлахаас сэргийлнэ. Хүүхэд хөхний толгой орчмыг бүхэлд нь үмхэж хөхөх нь зөв байрлал юм.

- Хүүхдийг хөх рүү харуулан, эхийн биед сайн хүрэлцсэн байхаар тэврэх

- Хүүхдийн толгой бие тэгш байж, хамрын үзүүр нь хөхөнд хүрч байх

- Хүүхдээ өөртөө эвтэй байдлаар хөхүүлж, хэт бөхийхгүй байх

Хэрэв хөх зангирсан бол хөхүүлж байх үедээ 10-15 мин орчим бүлээн алчуураар жин тавих, шүршүүрт орж байх үедээ бүлээн усаар хөх рүүгээ 10-15 мин шүрших нь үр дүнтэй. Хэрэв таны хөхний толгой хагарч шархалсан бол хүүхдээ богино хугацаагаар ойр ойрхон хөхүүлэх шаардлагатай. Таны хөх хүүхдээ хөхүүлэхэд хэт чинэрсэн, хатуу байвал хөхүүлэхээсээ өмнө бага зэрэг саах хэрэгтэй.

Хэзээ бэлгийн харьцаанд орж болох вэ?

Шавхарга бүрэн гарахгүй болтол бэлгийн харьцаанд орж болохгүй. Танд хярзангийн урагдал үүссэн бол шарх бүрэн эдгэртлээ зургаан долоо хоног болдог. Хэрэв эмч үзээд бүрэн эдгэрсэн байна гэвэл бэдгийн харьцаанд орж болно.

Кесарев хагалгаа хийлгэсэн бол...

Кесарев хагалгаа буюу мэс заслын аргаар төрсөн бол өрх, сумын болон эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиж, шархаа цэвэрлүүлж арчилна. Шархаа байнга цэвэр, хуурай байлгах шаардлагатай. Эмч тань зөвшөөрөх хүртэл онгоцонд орж болохгүй. Зөвхөн шүршүүрт орох бөгөөд шархаа наалтаар наах буюу шүршүүрт орсны дараа арчилгүйгээр хатаана. Шарх хувисанд үрэгдэхээс болгоомжлоорой. Мөн шарх бүрэн эдгэхээс нь өмнө хүрч оролдож болохгүй.

Жирэмслэлтээс сэргийлэх дааврын эм хэрэглэх шаардлагтай бол..

Хэрэв та хүүхдээ хөхүүлж буй бол дааврын бэлдмэл хэрэглэхээсээ өмнө эмчтэйгээ зөвлөх шаардлагатай. Учир нь эстроген, прогестерон даавруудыг хоёуланг нь агуулсан бол хөхний сүүг багасгах нөлөө үзүүлж болно. Иймээс хөхүүл эхчүүдэд зөвхөн прогестерон агуулсан дааврын бэлдмэл хэрэглэхийг зөвлөдөг гэдгийг анхаараарай.

Эх сурвалж: "Эрчүүд ба эрүүл мэнд" сонин