sonin.mn

1910 оны 11-р сарын 15-нд Нойтон Эльмут гэдэг газар төрсөн. 1918-1927 он хүртэл сургуульд суралцаж, 1927 онд улаан армид сайн дураараа элсэж, 1930 онд Кавказын морин цэргийн сургуулийг төгсөөд Хойд Кавказын цэргийн тойргийн 12-р морьт дивизийн 76-р хороонд салаан захирагч болж анх офицер цол авчээ.

Москвад 1938 онд Фрунзын нэрэмжит цэргийн академийг амжилттай төгсөж, хошууч цолоор шагнагджээ. 1938-1940 онд 115-р морьт хорооны захирагч, 1940 оны 10-р сарын 25-наас 1941 оны 4-р сард цэргийн нисэх хүчний академид суралцаж, дараа нь Серпуховын цэргийн нисэхийн сургуулийг төгсөж нисгэгч болсон байна.

1941 оны 10-р сарын 19-нд Баасан Бадьминович Городовиковын захирсан партизаны морьт хороо Крымд фашистуудтай амжилттай тулалдсан учир хурандаа цол, ЗХУ-ын Улаан тугын одонгоор шагнагдсан байна.

Крымд тулалдаж байсан Германы 11-р армийн захирагч Манштайн Гитлерт бичсэн рапортдаа: "Монгол гаралтай офицерээр удирдуулсан зөвлөлтийн 48-р дивизийн үлдэгдэл манай цэргийн ангиудад өдөржин амар заяа өгөхгүй байна" гэж бичсэн байдаг. Баасан Городовиков партизаны дайнд монголчуудын уламжлалт тактикыг амжилттай хэрэглэсэн гэдэг.

1942    онд Украйны боом хот Севастополийг хамгаалсных нь төлөө медалаар шагнажээ. 1944 онд түүнийг Белорусын фронтын 5-р армийн 184-р буудлагын дивизийн захирагчаар томилсон юм. Белорусын нутагт 1944 оноос эхэлсэн давшилтын "Багратион" операцид хошууч генерал Городовиковын 184-р дивиз амжилттай оролцож, Витебском орчим Германы 206-р явган дивизийн ухрах замыг хааж, 3000 гаруй цэрэг офицерийг даргатай нь олзлон дивизийг нь устгажээ.

Дэлхийн 2-р дайнд Баасан Городовиковын байгуулсан гавъ-яаг үнэлж 1945 оны 4-р сарын 19-нд ЗХУ-ын Баатар цол, 4 удаа Лениний одонгоор, 4 удаа Байлдааны гавъяаны улаан тугийн одон, Суворовын 2-р зэргийн одон, Кутузовын 2-р зэргийн одон болон бусад олон одон медалиар шагнасан байдаг.

Тэрээр 1944 оны 12-р сард хүндээр шархдаж, Москвад эмчүүлж байгаад 1945 оны 2-р сараас 184-р буудлагын дивизийн захирагчийн үүрэгт ажилдаа дахин орсон байна.

Дайны дараа Баасан Городовиков Брест, дараа нь Южно-Сахалинскд томилогдон ажиллаж байгаад 1955 онд жанжин штабын академи төгсөж, 8-р армийн цэргийн зөвлөлийн гишүүн болсон байна. 1960 оноос Прикарпат орчмын цэргийн тойргийн командлагчаар ажиллаж байгаад ЗХУ-ын коммунист намын шийдвэрээр Халимаг улсын коммунист намын хорооны 2-р нарийн бичгийн даргаар томилогдон очжээ.

Тэр үед Сибирт цөлөгдөн хэлмэгдсэн халимагууд цагаатгагдан төрөлх нутагтаа буцан ирж байлаа. Дайнд балгас болон сүйдсэн тосгон, Элст хот тэднийг угтжээ. Баасан Городовиковын үед Халимагийн эдийн засаг сэргэн хөрөнгө оруулалтын хэмжээ эрс өсөж, байшин үйлдвэрлэх комбинат, тоосго, керамзитын үйлдвэр, мах комбинат, Чограйн усан сан, Каспийн машин үйлдвэрлэх завод зэрэг үйлдвэр аж ахуйн газрууд ихээр бий болж Элстэй хотод нисэх онгоцны буудал, төмөр зам, засмал замтай болсон нь ЗХУ-д байгуулсан түүний гавъяа нэр хүндтэй нь шууд холбоотой гэж хэлж болно.

Спортын ордон, морин тойруулга, багшийн болон анагаах ухааны сургууль, Халимагийн улсын их сургууль байгуулахад түүний оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй юм. Нэг үгээр хэлэхэд орчин үеийн хөгжилтэй Халимаг улсыг бүтээн байгуулагч гэж хэлж болох юм.

Баасан Городовиков 1983 оны 8-р сарын 17-нд Москвад нас барж Новодевичмйн оршуулгын газар хүндэтгэн хөдөөлүүлсэн байна.

ЗХУ-ын баатар ах дүү халимаг монгол генерал Ока Городовиков болон Баасан Городовиков нар болон олон мянган халимаг монголчуудын Дэлхийн 1, 2-р дайнд байгуулсан баатарлаг гавъяаг Оросын ард түмэн хэзээд мартах учиргүй.

Тайлбар:
Новодевичийн сүм-1524 онд 3-р Василий ноён үндэслэн байгуулсан. 17-р зууны эцэс, 18 -р зууны эхэнд хатан хаан Софья Алексеевнаг хорьж байсан. Смоленьскийн дуганыг 1524-25 онд, хонхыг нь 1689-90 онд барьжээ.1922 оноос сүмийн цогцолборыг музей болгон ашиглаж эхэлсэн түүхтэй.

Новодевичийн оршуулгын газар Москвад 16-р зуунд Новодевичийн сүмийн нутаг дэвсгэрт үүсч, 1898 оноос сүмийн өмнөд хэрмийн гадна Оросын соёлын нэрт зүтгэлтэн, Зөвлөлтийн нам, төр, цэргийн зүтгэлтнүүд, эрдэмтдийг оршуулсан байдаг. Урлагийн дурсгал болохуйц уран баримал бүхий дурсгалын хөшөө элбэг байдаг.

Энд Ока болон Баасан Городовиков нарыг хүндэтгэн хөдөөлүүлсэн байна. Мөн ЗХУКН-ын ТХ-ны 1-р нарийн бичгийн дарга асан Н.С.Хрущевын булш бий.

Эх сурвалж: "Хөх толбо" сонин