sonin.mn

Домогт тагнуулч Бүркитбайн Сейлханыг Баян-Өлгий аймгаас ирээд байхад нь уулзаж ярилцлаа. Энэ хүн бол Монголын ард түмний эрэлхэг хилчин, гадаад тагнуулын албаны "далд фронтын" ахмад дайчин, төр нийгмийн зүтгэлтэн хүн.

-Сейлхан гуай, таны тухай ном зохиолоос мөн ч их уншсан. Нүүр тулан уулзана гэж бодолгүй явлаа. Тантай танилцсандаа баяртай байна. Хоёул яриагаа нэлээн дээрээс эхлэх үү?

-Бололгүй яахав. Би Баян-Өлгий аймгийн Толбо нуур сумын Хар нуур гэж газар 1928 онд төрсөн. Аав ээж минь жирийн ядуу хүмүүс байлаа. Харин аавын ах Хуваан гэж занги хүн байсан юм билээ. 1940-өөд оны үе чинь баруун хязгаар нутгаар дайн самуунтай хүндхэн үе байлаа шүү дээ. Миний хувьд, хүүхэд ахуй наснаасаа хүнд хэцүү ажилд зүтгэж амьдралын эрээн барааныг бие сэтгэлээрээ туулсан хүн.

-Сургуульд суралцав уу?

-Толбо нуур сумынхаа бага сургуульд суралцаж байсан. Азаар Монгол айлд зарцлагдаж байх хугацаандаа "монгол хэл, уйгаржин бичиг үсэг сурчихсан. Энэ бол тухайн үедээ өндөр боловсролтой хэмээн үнэлэгдэж байсан юм. Тэгээд 14 настайдаа Монголын хувьсгалт залуучуудын эвлэлд элссэн. Эвлэлийн ажилд шаргуу явна. Биеэр нэлээн өсгөлүүн. Энэ бүхэн маань удирдах хүмүүсийн анхааралд өртөөд байсан юм шиг билээ.

-Тэгээд яав?

-Намайг 16 настай байхад Дотоод яамны баруун хязгаарынхан анхааралдаа авч. Нэг өдөр намайг тусгай албаны нэлээн том дарга дуудаж уулзаад ахуй амьдралын талаар сонирхсон. Би үнэнээ л хэлсэн. Аав шоронд, ээж нас барчихсан. Бидний хэдэн хүүхэд амьдралын эрхээр янз бүрийн зовлон бэрхшээл туулж явна гэсэн.

Өнөө дарга намайг үе үе дуудаж уулзах болсон. Тэгээд Ховд аймгийн Булган суман дахь Хилийн отрядын туслах группт ажиллах болсон. Энэ нь гадаад тагнуулын үүрэг гүйцэтгэх групп юм л даа. Гадаад тагнуулыг үүрэг зорилтын тухай, яаж ажиллах, бүх бэлтгэл сургуулийг энд хийсэн.

-Хаашаа тагнуулд явдаг байв. Ер нь тэгээд насанд хүрээгүй бага хүүхдийг тагнуулд явуулж болдог юм уу?

-Хил давж Алтай Шинжаанд тагнуулын үүрэг гүйцэтгэх үүрэг өгсөн. Манай нутагт 16 нас хүрсэн эрэгтэй хүүхдийг эрийн цээнд хүрсэн гэж үзнэ. Казак, Монгол хэлтэй, бичиг үсэгтэй хүн тэр үед ховор байж. Тэгээд л намайг сонгосон байх

-Хил давна, үүрэг гүйцэтгэнэ гээд хэцүү алба биз дээ. Яаж шүү хил гарахав?

-Шинжаан, Монголын хилээр янгиа тохсон морьтой, ядуу хүү Шинжаанд алба хашдаг нагац ахындаа очихоор яваа гэж танихгүй хүний нэр зааж өгсөн. Тэр нь дээр үед таалал төгссөн хүн билээ л дээ. Ер нь тэгээд тагнуулд бол хүний анхаарал татахааргүй хүүхэд, өвгөд хөгшид, хүн харахад бие муутай юм шиг хүмүүсийг голдуу явуулна. Маш нарийн үүрэг даалгавар өгч, улсын нууцыг амиараа хамгаалах баталгаа авч үлдэнэ шүү дээ.

-Та тэгээд үүргээ биелүүлж байв уу. Ямар үүрэг даалгавар авч биелүүлсэн бол. Одоо хэрнээ нууц уу?

-Өгсөн үүрэг даалгавар бүхнийг биелүүлсэн. Гол нь Гоминдааны цэрэг, байлдааны хэрэгслийн байрлал, тоо хэмжээг ар тийшээ үнэн зөв мэдээлэх, жирийн иргэдийг тэдний цэрэгт элсүүлэхгүй байх, нүүж дүрвэсэн казак иргэдийг Монгол нутагтаа эргэж ирэхэд нь туслах зэрэг ажил үүргийг гүйцэтгэнэ.

-Оспаны дээрэмчид гэж их ярьдаг байлаа. Та тагнуулд явж байхдаа Оспантай ойр хавь байв уу?

-Байлгүй яахав. Оспаны байрлал, хаана ямар янзтай байгааг үргэлж ар тал руугаа мэдээлж байсан. Оспан чинь Монголын хилээс 200 км орчим зайтай Цонж хотод байрлаж байсан. Ууланд олон давхар хамгаалалттай байсан.

Маршал Чойбалсан, ял шийтгэгдээд байсан Дандар баатрыг суллаж Ховдын Булганы отряд руу нэмэлт хүчтэй явуулахдаа Оспаныг барьж ир гэсэн юм билээ. Сүүлд шүүдээ. Дандар баатар Оспаны байрлаж байгаа газар руу хоёр удаа дайраад нэвтэрч чадаагүй буцсан.

-Тэр байлдаануудад та явж л байв уу?

Явалгүй яахав.Тусгай группт тагнуулынхаа ажлыг л хийж явсан. Сүүлд 1951 оны долдугаар сарын 1-нд гоминданы 80 мянган цэргийг Урумчийн дэргэд бут цохин, Оспаныг баривчилж Урумчид хороосон. Оспан чинь хоёр хүү, нэг охинтой байсан. Хоёр хүүгий нь баривчилж Хятадын эрх баригчдад хүлээлгэж өгсөн. Охин нь ууланд зэрлэгшиж зүйл дууссан гэдэг юм.

-Та чинь аль байлдаанд нь сохорсон гэлээ?

-1944 оноос 1952 он хүртэл зургаан жил Баруун хязгаарын хилийн отрядад тусгай үүрэг гүйцэтгээд халагдсан. Баруун хязгаарыг тохинуулах, дайсны удаа дараагийн дайралтад хариу цохилт өгөх үүргийг сүүлд генерал болсон Б.Дорж, Ж.Жамъян нар удирдаж байсан. Байтаг богд, Бага хавтагын гэхчлэн олон тулалдаанд орсондоо.

1947 оны зургадугаар сарын 5-нд Хужирт голын Уушигийн Эхэн-Ус гэх газар том байлдаан болсон тухай хэвлэл номонд их бий дээ. Монголын талаас Зайсанов, Гунгаа, Нэргүй нарын жолоодсон гурван онгоц оролцсон. Дайсны талаас ч онгоц, их буугаар дэмжүүлсэн их хүчтэй байлдаан болж билээ.

Энэ үеэр бөмбөгний хэлтэрхий зүүн нүдийг минь сох цохьсон. Ингээд би өрөөсөн нүдтэй болсон юм. Сүүлд, нөгөө нүдэндээ нөлөөлөх нь гээд бүр авчихсан л даа. 19-хөн настайгаасаа ингэж би өрөөсөн нүдээр хорвоог харж тууллаа.

-Удирдаж байсан дарга нартайгаа сүүлд уулзаж байв уу?

-Уулзалгүй яахав. 2004 оны арваннэгдүгээр сарын 26-нд генерал Ж.Жамъян маань намайг хүлээн авч хүндэтгэл үзүүлээд, хамт зурагаа авахуулсан дурсамж үлдээсэн. Тэр дурсамж бичиг нь "Эх оронч, интернациональч гавшгай хилчин Бүркитбайн Сейлханд" гэсэн байгаа. Генерал маань дурсамж дотроо ийм нэг өгүүлбэр оруулсанд өвгөн би насан туршдаа баярлаж явдаг юм.

Би танд бүтэн эхээр нь үзүүлье гээд "Хилчид болон орон нутгийн оршин суугч иргэн түмний амь нас, өмч хөрөнгийн аюулгүй байдлыг хангаж, баруун хилийн Бага хавтаг, Байтаг уулын байлдаанаас эхлэн Ховд, баруун хилийн олон жилийн ужиг дайн бүрэн төгс ялах хүртэл Б.Сейлхан биеэр галын шугаманд тулалдаж, төр түмэндээ үл мартагдах гавьяат үйлстэн болсон гэдгийг командлагч би нотолж байна. Б.Сейлхан танд сайн сайхан бүхнийг ерөөе. Жамбын Жамъян. Улаанбаатар хот. 2004 оны арваннэгдүгээр сарын 26" гэжээ.

-Тантай ярилцаж байхад нэг зүйл үгүйлэгдээд байна. Мэдээж та энэ олон жил гадаад тагнуулын албанд зүтгэхэд олон сонирхолтой үйл явдал таараа даа. Тагнуулын нууц гэдгээр тойроод байх шиг?

-Тагнуулын нууц гэж байлгүй яахав. Гэхдээ олон жилийн өмнөх нууцуудаа ОХУ-аас эхлээд тайлж ил болголоо шүү дээ. Сталины үеийн олон сонин баримтыг зурагтаар дэлгэн тавьж байна. Манайхан ч тэгэх л байх. Гэхдээ тагнуулч хүнд тангараг өргөсөн онцгой зүйл байдаг. Тэр бүхнийг дээд газрын шийдвэргүйгээр ил задгай дэлгэн тавьж болохгүй л дээ.

Жишээ нь, Алтай Шинжааны алдартай тагнуул, таван улсын хэл мэддэг М-ыг баривчлан хороосон, бараг адал явдал гэмээр зүйлийн амьд гэрч би байж л байна. Тэр бүхнийг сурвалжлагч та нарт хамаагүй ярьж болохгүй. Дээд байгууллагаас албан ёсны зөвшөөрөл олгосон нөхцөлд ном болгоод гаргасан ч бэлэн л байна.

-Тусгай үүрэг гүйцэтгэхэд, хэл чухал биз. Та ер нь ямар хэл мэддэг хүн бэ?

-Би Казак, монгол хэлийг бол сайн мэднэ. Бас, орос, хятад хэлээр бол муухан ойлгоод байна. Ер нь тэгээд тусгай үүрэг гүйцэтгэж явахад хэл шиг чухал зүйл байхгүй. Хамгийн гол нь хүний ярьж байгаа зүйлийг л ойлгоод  байх хэрэгтэй болдог.

-Та бага залуу насандаа тусгай үүрэг гүйцэтгэн " далд фронтод" амь бие хайргүй зүтгэж байгаад тайван цагийн хөдөлмөрт шилжсэн. Хаана юу хийж байвдаа?

-Би, мэргэжлийн дагуу холбооны салбарт насыг элээсэн. Тусгай үүрэг гүйцэтгүүлэх болоход хэлнээс гадна холбооны мэдлэг чухал. Булганы отрядад над зааж сургасан гол зүйл бол холбоо. Өнөө л морз, ил далд холбоонууд. Энэ маань энх цагийн бүтээн байгуулалтын үед ч чухал хэрэгцээтэй байсан.

Би нутагтаа, цэрэгжүүлсэн холбооны холбоочноор ажиллаж байтал 1959 онд Баян-Өлгий аймагт Ус, цаг уурын алба байгуулагдсан. Энэ албаны тулгын чулуу тулалцаад холбоочин-цаг уурчаар 32 жил ажиллаж тэтгэвэртээ гарсан.

-Бага залуу насандаа сурч мэдсэн холбооны мэдлэг чинь орчин үеийн холбоо, ус цаг уурын шинжилгээний ажилд гологдсонгүй юу?

-Нэг өдөр аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Мусахан дуудаж уулзаад, аймагт цаг агаарын шинжилгээний станц байгуулагдах гэж байгаа тухай танилцуулан радио станц морз мэддэг,  холбооны мэдэгдэхүүнтэй, сонсгол сайтай нэг хүнийг хотод зургаан сарын курст явуулах болоод байна. Аймгийн намын хорооны товчоо шийдчихсэн гээд шууд курст илгээж мэргэжил эзэмшүүлсэн. Тэгээд л энэ албыг 32 жил удирдан тэтгэврээ тогтоолгосон.

-Таныг албан ажлынхаа зэрэгцээ олон сонгуультай, цаг наргүй ажилладаг хүн гэж дуулсан.

-Тэгэлгүй яахав. Өлгий хотын ОСГ-ны хорооны даргын сонгуульт ажилд 20 жил, орон нутгийн хурлыг сонгох сонгуулийн зургаан удаагийн сонгуулийн депутат байлаа.

-Сейлхан гуай, танд ОХУ, БНСВУ-ын дээд байгууллага хүмүүсээс ирүүлсэн олон тооны шагнал байдаг. Энэ тухайгаа дурсах уу?

-Би бол Оросын ард түмэнтэй ах дүүгийн барилдлагатай явж ирсэн хүн. Эх орны дайны хүнд жилүүдэд монголчууд Оросын улаан армид бэлэг хуримтлуулж явуулдаг байсан. Би эвлэлийн гишүүний хувьд Толбонуур сумандаа энэ бэлгийг цуглуулах ажлыг зохион байгуулж, нөхдийн хамт тэмээн жингээр аймгийн комисст аваачиж тушааж байсан сан.

Өөрөө ч олон тооны сугалаа нэмэрлэж байсан. Дараа нь тусгай албанд томилогдон ажиллахад гол нөлөөтэй хүмүүс бол Оросын дотоодыг хамгаалах газрын Алтай Шинжааныг хариуцсан газрынхан байлаа. Үргэлж холбоотой ажиллаж байсан. Вьетнамын дайны үед би цалингийнхаа тодорхой хувийг байлдаж байгаа вьетнамчууддаа илгээдэг байсан. Энэ бүхнээс үүдэн БНСВУ-ын дарга Ле Дык Ань, ОХУ-ын элчин сайд С.С Разов нарын олон хүний ирүүлсэн шагнал, дурсгалын зүйлүүд хадгалагдаж байдаг

-Та, тусгаар тогтнолын санал асуулгад яаж оролцлоо?

-1945 оны намар биднийг гэнэт ард тийш нь татсан. 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр Монгол даяар явагдсан тусгаар тогтнолын гарын үсэг зурах ажиллагаанд оролцуулах гэсэн юм билээ. Би Ховдын Булган сумын зургаадугаар багт томилогдон ажилласан.

Сурагчийн дэвтэр шугамдаж нэр бичээд л гарын үсэг зуруулаад байгаа. Олонх нь бичиг үсэг мэдэхгүй, эрхий хурууны хээгээ л дарцгааж байсан. Нэг лам байрын настай хүн уйгаржин монгол бичгээр өөрийн болон хөгшнийхөө нэрийг бичээд "төрийн минь сүлд өршөө" хэмээн магнайдаа адис авч байж билээ.

-Сейлхан гуай, гэр бүлийнхээ амьдралаас сонирхуулах уу?

-55 жил ханилж 10 хүүхэд төрүүлж өсгөсөн хайрт хань А. Рисжангаа 2009 онд 70 настайд нь алдчихсан. Хүүхдүүд, төр түмэндээ нэр хүндтэй ажиллаж амьдарч байна.

 

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамьян