sonin.mn
Түүний гэрт 3000 орчим пянз, "Вега" пянз тоглуулагч, маш олон CD, төгөлдөр хуур, нот бичсэн хуудас цааснууд, нотны дэвтэр бүхий дуу хөгжмийн содон тэмдэглэгээнүүд дүүрэн байлаа...
 
Хилчид хилээ манаж байгаа бол бид хэлээ манах хэрэгтэй
 
-Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
 
-Хэд хэдэн уран бүтээл дээр л ажиллаж байна даа. Хэнд хэр зэрэг хэрэг болох юм, мэдэхгүй. Би хөгжим судлаач, зохиолч мэргэжилтэй хүн. Би энэ насаа базаж хэлбэл дөрвөн зүйлд зориулж яваа. Миний хувьд хамгийн чухал зүйл бол хөгжим судлал. Хоёрдугаарт хөгжмийн зохиол, гуравдугаарт албан ажил. Харин сүүлийн 20 гаруй жилийг Монгол угсаатны соёлын харилцаанд зориулж байна.
 
Ойрын үед монгол хэлний тухай асуудап их яригдах болж. Би хөгжмийн нэр томъёог цэгцтэй болгохыг зорьж байна. Саяхан "Хөгжмийн онолын нэр томъёоны хэрэглээг боловсронгуй болгох нь" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан. Монгол хэлийг хамгаална, хөгжүүлнэ, дархлаажуулна гэдэг зөвхөн монгол хэлний мэргэжилтэн, багш, эрдэмтдийн ажил биш. Энэ бол монгол хүн бүрийн хийх ёстой ажил.
 
Түүнээс биш хэдхэн хүн монгол хэлийг тогтоон барина гэдэг боломжгүй зүйл л дээ. Тиймээс би хөгжмийн урлагийн салбарт нэр томъёогоо монголоор хэлж, зөв томъёолж, ухагдахууныг нь зөв ойлгохыг уриалсан. Анх 1914 онд Европын хөгжим Богд хаант Монгол Улсын торгон цэрэгт орж ирсэн цагаас хойшхи 100 гаруй жил бид энэ Европ хөгжимтэй холбоотой байна шүү дээ.
 
Ихэнхи нэр томъёо, хэрэглэгддэг грек, латин гаралтай үгс оросоор дамжин орсожсон олон улсын нэр томъёогоор л бид явж байна. Ийн хэрэглээд байвал монгол хэлэнд үйл үг л үлдэх шинжтэй болчихоод байгаа юм. Хэрэв үйл үг үлдээд, энэ нь ямар нэгэн хэмжээгээр хөдлөх юм бол үнэн чанартаа үндэстний сэтгэлгээнд өөрчлөлт орно гэсэн үг. Тийм учраас хил манах ч хэрэггүй болно.
 
Өөрөөр хэлбэл үндэсний өвөрмөц сэтгэлгээ гажна. Ийм учраас бүх салбарт ингэж ажиллаач гэдгийг уриалж байгаа юм. Үүнийг Шинжлэх ухааны академи ч соргогоор хүлээж авсан байна лээ.  Энэ үүднээс бид Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө хил дээр буу үүрээд, дуран бариад зогсч буй та бүхэнтэй адилхан хилчид юм. Газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах нэг хэрэг.
 
Бүрэн улсыг хамгаална гэдэг бас нэг хэрэг. Тиймээс хүн бүрийн оролцоо чухал. Гэхдээ гадаад үг бүрийг монголчилно гэвэл бид бусдаас тасарч харанхуй байдап руу орно. Орчин цагийн Хятадын соёлд ийм бэрхшээл бий. Хятадууд бүх үгийг орчуулдаг. Бүх дэлхий АНУ-г Америк гэж байхад хятадууд л "mei guo" гэдэг. Францыг "fa guo" гэнэ. Энэ нь тэдэнд зарим талаар хүндрэлтэй байгааг бид харж байна.
 
Харилцаа байгаа тохиолдолд ямар нэгэн хэмжээгээр харь хэлний үг хэрэглэгддэггүй хэл гэж үгүй. Харин ямар хэмжээгээр үндэсний оюун санаанд нөлөөлөх вэ гэдэг нь л гол асуудал. Өнгөрсөн зууны 70-80-аад онд орос хэл манай сэтгэхүйд үнэхээр их нөлөөлсөн. Харин одоо англи хэл хүчтэй нөлөөлж байна. XVII-XVIII зуунд төвд хэл нөлөөлж байжээ. XIX зууны заагаар манж, хятад хэл нөлөөлсөн байдаг.
 
Монголын нүүдэлчдийн хэл нь технологийн түвшинд очихоороо зарим талаар оноход их хэцүү болохоор хэвээр нь хэрэглэж монгол үгийн хэрэглээ улам бүр цөөрч байна. Ингэсээр байгаад ер нь ямар үндэстэн болох юм бэ гэдэг асуудал гарч мэднэ шүү дээ. Хилчид хилээ манаж байгаа бол бид хэлээ манах хэрэгтэй. Энэ чиглэлээр би 1996 оноос эхлэн тайлбар толь хийж эхэлсэн. Оксфордын толь, Британика, Орос-Монгол толь бичгийн хөгжимтэй холбоотой бүх нэр томъёо /тэрбээр авчирч үзүүлэв. Сурв/ миний тогтоосон системээр явж байна.
 
Үндсэндээ нэг мөр болсон. Харин үнэхээр гадаад үгээр хэлэхээс өөр аргагүй үгийг үлдээж байхад гэмгүй. Эхлээд гадаад үгээр нь хэвшчихээд дараа нь монголчилоход их хэцүү байдаг. Болвол хэрэглээнд орж ирэхэд нь хүчээр монголчлох хэрэгтэй юм. Чой.Лувсанжав багшийн оруулсан монгол үгнүүд бий. Жишээлбэл, электрон буюу "цахим" гэдэг үгийг бид бүгд ойлгож байна шүү дээ. Нэр томъёо маш чухал. Энэ бол Үндэстний оюуны аюулгүй байдлын нэг чухал зүйл.
 
-Тэгвэл бусад чухал зүйлсийн тухайд...?
 
-Би дууг хүмүүсийн хүсэлтээр хийдэг. Дууг би миний үндсэн уран бүтээл гэж хэзээ ч хийж байгаагүй. Би мэргэжлийн сургууль төгссөн хүн учраас байдаг цагаа дуунд үрчихгүй санаатай байдаг. "Аргалд явсан ээж", "Бурхан бумбын орон" зэрэг дууг өөрийн хүслээр хийсэн л дээ.
 
Гэхдээ дуу бол миний гол хөдөлмөр биш. Би концерт, дан хөгжим, бүжгэн жүжиг, киноны хөгжим олныг бичсэн байдаг юм. Монголын хөгжмийн зохиолчид дундаас хамгийн олон киноны хөгжим бичсэн хүн нь би юм байна лээ. Л.Мөрдорж гуай 23, Ц.Нацагдорж 21, би 28 байв уу даа. Би саяхан Хөлөнбуйр яваад ирлээ. Бээжинд радио жүжгийн том уралдаан болох гэж байгаа юм байна.
 
Үүнд нь хятадын 56 үндэстэн өөр, өөрсдийн домог түүхийг өгүүлсэн бүтээл хийх гэнэ. Өвөрмонголчууд алтан эмээлийн домгоор жүжиг хийж байгаа тул жүжгийн дуу, хөгжмийг бичиж өгөөч гэдэг санал тавьсан. Би хоёр дууг С.Жавхлан, А.Долгор хоёроор дуулуулсан. Саяхан түүнийгээ дууслаа. Ирэх жил Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ой болно. Энэ хүний оюуны чадал, чансааг дэлхийд таниулах хэрэгтэй.  Би түүнийг Чингис хааны дараа орох монгол хүн гэж боддог.
 
Үнэндээ Өндөр гэгээн шиг XVII зууны үеийн уран баримапч дэлхийд байхгүй байх аа. Түүнийг Монголд шарын шашныг ихээр дэлгэрүүлсэн гэж буруутгаад байлгүй уран бүтээлийг нь таниулж чадвап Монголын түүхийн хоёр дахь агуу хүн дэлхийд алдаршина гэсэн үг.
 
Өвөрлөгчид дотор мундаг том хүмүүс бий л дээ. Ванчинбалын Инжиннаш "Хөх судар" роман бичсэн. "Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадвал хөнгөн бийрийг хөших хэрэг юун" гэж хэлсэн хүн шүү дээ. Өндөр гэгээн чинь соёмбыг зохиохсон хүн. Бид соёмбын учрыг тэр бүр мэддэг билүү ? Би олон жил төрийн алба хашиж байлаа. Одоо бол өөртөө байгаа зүйлийг хурааж, хуримтлуулан юм хийхийг бодож байгаа учраас гурав дахь чухал зүйл болох албан ажлаа орхисон. Харин СУИС, МУИС-ийн урлаг судлалын чиглэлээр ажиллаж буй магистр, докторуудад хичээл заадаг. /Г.Урианхай туульд хийсэн ажиглалт, эргэцүүлэл" дипломын ажлыг гаргаж харуулав. Сурв/
 
Гэх мэтчилэнгээр эрдэмтэд төрүүлдэг ажил, албатай болсон доо. Хэрэв хүн өөрийгөө монгол хүн гэж үзэж байгаа бол монгол хэл соёлыг тээгч байх ёстой. Пакистанд өөрсдийгөө монгол хүн гэж үздэг хоёр том армийн генерал байна шүү дээ. Эдгээрийг амьд ахуй насандаа хэл, соёлын хувьд бага ч гэсэн ойртуулж дөхүүлэх юмсан гэдэг миний сүүлийн 20 жил хийсэн гол ажил байгаа юм.
 
100 жилийн дараа хүмүүс намайг үнэ, цэнэтэй ажил хийжээ хэмээн бодож магадгүй гэж горьдоод байгаа юм. Гэхдээ үүнийгээ би түүхэнд нэрээ үлдээх биш, монгол хүн байсныхаа хариуцлагыг үүрч яваа гэж ойлгож байна. Дэлхий дээр өөрийгөө монгол гэж үздэг хүн 60 орчим сая гэсэн тоо бий. Хэрэв тийм бол Монгол Улсын монгол хүн өөрийнхөө хэл соёлыг тэдэнд хүргэхийн төлөө тэмцэх ёстой.
 
Тэднийгээ манлайлах ёстой. Хэрэв зээ Монгол Улс өөдтэй байхгүй бол тэд юу боллоо гэж Монгол руу тэмүүлэх юм бэ. Монгол Улс шившгээ тарих юм бол тэр хүмүүс өөрийгөө Монгол гэж хэлэхээс ичнэ биз дээ? Би Өвөрмонголчуудтай хамтраад сүүлийн таван жил Улаанбаатар, Улаан-Үүд, Шилийн гол, Тувад Монгол туургатны бөхийн барилдааныг зохион байгуулсан.
 
Энэ жилэх Алтайн хязгаарт хийх санаатай байна. Анх удаа Монгол Улсад бөхчүүдийг барилдуулахад Алшаа бөх монгол бөхийг тэвэрч аваад, "Бид 400 жил нийлж барилдсангүй шүү дээ" гээд уйлж байсан юм. Монгол үндэстэн сүүлийн 400 жил ихээхэн зовлон үзжээ. Харин Монголын дөрвөн улирал, газар нутаг, нүүдлийн соёл иргэншлийн ачаар бид оршин тогтнож байсан.
 
1913 онд Монголын говьд анх удаа моторт тэргээр зорчсон тухай "National Geographic" сэтгүүлд "Ламын моторт тэрэг” гарчигтай нийтлэл гарсан байгаа юм. Саяхан түүнийг Монгол "National Geographic" сэтгүүлд захиалгаар нийтлүүлсэн. Богд хаан 1912 онд моторт тэрэгтэй болох гээд АНУ-тай ярьж Тянжин хот руу усан боомтоор оруулж ирсэн байна. Одоогоос 100 гаруй жилийн өмнө шүү дээ.
 
Тэндээсээ төмөр замаар Бат хаалга руу авчирч, Монголын их говийг туулаад нийслэл хүрээнд иржээ. Тухайн үеийн монголчууд ийм л байж. /Тэрбээр сэтгүүл дээрээс тухайн үеийн монголчуудын зургийг харуулав. Сурв/ Богд хааны Засгийн газар бас их айхтар.
 
Урьдчилаад өртөө болгон дээр 38 литр шатахуун тэмээгээр татуулсан байгаа юм. Харин би эндээс нэг өгүүлбэр олж харсан. "Монгол бол өнөө цагийн дэлхийн хамгийн сонирхолтой бөгөөд балар эртний улсын нэг" гэжээ. Тэгвэл бид 100 жилийн өмнө балар эртний улс байж.
 
Усанд ордоггүй, бөөсөө түүдэггүй, дотуур өмдөө сольдоггүй... Дорноговьд билүү дээ, өч төчнөөн зээр машин гээч юмыг үзээгүй учраас 90 километр дагаж давхисан гэж байгаа юм. Бид 100 жилийн дараа гайгүй сайн хөгжсөн ч энэ эрчээ сулруулалгүй бусад монголчууддаа оюуны болоод бусад хүчийг өгөхийн тулд би, чи, бид бүхэн манлайлах хэрэгтэй. Би телевизээр ичиж, зоволгүй хэлдэг.
 
"Монгол Улсын хөгжмийн зохиолч Буриад, Тува, Өвөрмонгол хөгжмийн зохиолчдоос гурав дахин илүү чадвартай байх үүрэгтэй шүү" гэж. Тэгж байж Монгол Улс оршин тогтнох ёстой. Бид өөрийгөө монгол гэж боддог 60 сая хүний өмнө Монгол гэдэг улсыг авч яваа хүмүүс. Тиймээс энэ бол онцгой үүрэг, хариуцлага. Бид "Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сан" байгуулсан.
 
Монгол судлалаар сайн бүтээл хийж байгаа оюутнуудыг дэмждэг юм. Мөн уртын дууны олон улсын уралдаан, яруу найргийн тэмцээн гээд олон зүйлийг зохион байгуулсан даа. Би чадалтай, мэдэлтэй байхдаа хүчээр хүртэл юм хийж л явсан. Бид 1990-ээд онд хамгийн шилдэг нэвтрүүлэгч, оёдолчин, эсгүүрчнээ Өвөрмонгол руу явуулж байсан. Тэд яагаад бидэнтэй адилхан байж болдоггүй юм?
 
Бид өнөөдөр харамлах тусмаа алдана. Би морин хуурынхаа төлөө зүтгэдэг. Энэ тавдугаар сард олон улсын морин хуурын IV их наадам болно. Японд монгол морин хуур "хөрөөддөг" 600 гаруй япон хүн байна. Өнгөрсөн жил би "Миний бүтээлийг монгол морин хуураар хэн сайн хөгжимдөх вэ" уралдааныг Японд зохион байгуулсан. Япон хуурчид миний бүтээлээр концерт тоглосон. Юу нь буруу гэж?
 
Япончуудын цагаан будаан дээрээ барилддаг байсан жудо бөхөөр дэлхий даяар барилдаж, монгол хүн жудо бөхөөр олимпийн аварга болоход япончууд баярлаж л байна шүү дээ. Бусад үндэстэн түүнийг нь гайхамшигтай зүйл гэж хүлээн зөвшөөрсөн үед үндэстний соёл дархлааждаг. Ганцхан бид чаддаг байхдаа гол нь биш юм. Тийм учраас би дэлхий дахин уртын дууг дуулаасай гэж хүсч байна. Бид өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлснээр Монгол улсын чадамж дээшлэх ёстой.
 
Хэнд хурд байна, түүнд хүч байна. Хэнд хүч байна, түүнд манлайлал байна 
 
-Монгол Улс маань бидэнд ямар үнээр өвлөгдөж ирсэн гэж та боддог вэ?
 
-Би телевизээр нэг удаа хэлсэн. Юмыг соргогоор хүлээж авдаг хүмүүс хүлээж аваад, анзаардаггүй хүмүүс нь анзаараагүй л юм билээ. Би энэ үгийг хэлье гэж хэлсэн. "Монголчуудын багш бол мал" гэж. Монголчуудыг би мал шиг гэж хэлсэн юм биш. Хүн эхэлж бий болсон уу, мал эхэлж бий болсон уу гэдгийг би хэлж чадахгүй. Харин би юу мэдэж байна вэ гэхээр, хүнд зөн билэг буюу инстинкт гэж байдаг даа.
 
Зөн билэг гэдэг зүйл миний баталгаатай ухаарч байгаагаар газрын хөрстэйгөө хэдий чинээ ойрхон байна, төдий чинээ өндөр байдаг. Хэдий чинээ нийгэмшиж, байгалиасаа хөндийрнө тэр чинээгээр инстинкг буурна. Харин мал бол үргэлж байгаль дээр байсан. Малын инстинкт асар өндөр. Хүн энэ чадвараа алдахгүйн тулд танин мэдэхүйн чадвараа ашиглаж малын инстинктийг ухаарах чадвар нь сайжирсан байна.
 
Жишээлбэл cap хиртэхэд нохой хуцдаг. Газар хөдлөхөд аргаль, янгир уулнаас буудаг. Мал бүгдийг ялгаж мэддэг. Монгол хүмүүс нүүдлийн соёлтой байхдаа байгалийн шинжлэлийн дээд зэргийн "эрдэмтэд" байв. Гагцхүү цаасан дээр бичиж нээлт хийгээгүй л болохоос.
 
Монголчууд инстинктээс холдсон сүүлийн нэг жишээг би хэлье. Монгол малын сүргийн бүтцэд, хотон дахь ямаа хэзээ ч 15 хувиас дээш гарч байгаагүй юм билээ. Ямааг байлгах учир шалтгаан байсан. Нэгдүгээрт ямаа үргэлж захалж явдаг учраас чоно нохой ирэхэд хамгийн түрүүнд мэдэрдэг байна. Ингэснээр сүрэг хумигддаг. Хоёрдугаарт ямаа салхины чигийг огт алддаггүй амьтан.
 
Тиймээс хонь далд орсон тохиолдолд салхи хаашаа байна ямаатай сүрэг тэр чигт явжээ гэдгийг тодорхойлж болдог. Эдэлгээний хувьд сүүлд ширгэдэг учраас ямааг сааж, тослог багатай зөөлөн тараг өрөм зэргийг авдаг. Түүнээс биш ямааны махыг голлож иддэггүй шүү дээ.
 
Гэтэл гэнэт улс оронд мөнгө хэрэгтэй болсон учраас ноолуурыг үнэд оруулсан. Малчид ямаа үржүүлж, хоёр жилийн өмнөх мал тооллогоор ямаа монгол малын сүргийн бүтцийн 50 хувийг эзлэх дөхсөн. Бэлчээрт 40 төрлийн ургамал ургадаг байсан бол долоо, наймхан төрөл болж цөөрсөн. Ямаа бэлчээрт халтай мал.
 
Үүнийг монголчууд мянга, мянган жил мэддэг байсан учраас ямааг тэгтэл нь олшруулж байгаагүй юм. Ямааны ноолуураар жишиж хэлбэл, 300 сая доллар олоод гурван миллиард доллараар ч сэргээж чадахгүй бэлчээртэй үлдсэн. Өөрөөр хэлбэл 10 дахин алдсан байна. /"Ингээд хөгжмийн зохиолч хүн шал дэмий юм ярьж байгаа юм даа" хэмээн өгүүлээд яриагаа цааш нь үргэлжлүүлэв. Сурв/ Өнгөрсөн жилээс хонины ноосонд урамшуулал олгосон.
 
Энэ жилийн мал тооллогоор хонины тоо замбараагүй ихээр өссөн, Нийгэм зөвхөн амьжиргаанд тулгуурлаад ирэхээр сүргийн бүтцэд хүртэл өөрчлөлт оруулж байгаа юм. Хуучин ийм хэрэгцээ, шаардлага байгаагүй учраас байгальтайгаа зөв зүй тогтолтой, маш тогтвортой харьцаж амьдардаг байжээ.
 
Нөгөө талаар монголчууд морь эдэлж, дэлхийд байхгүй хурд эзэмшсэн. Нум сумтай, хурдан морьтой тэр хэдэн монгол цэргийг 40 орчим килограм зэвсэг, өмсгөл хуягтай оросын явган цэрэг яаж гүйцэж байлдах юм бэ? Агуу их хурд хүчийг бий болгохоос гадна манлайллыг бий болгож байгаа юм. Тэр манлайлал нь Монгол Улсыг хүчирхэг болгосон. Морьгүйгээр Чингис хааны үеийн 600-гаад монгол хүн дэлхийг эзэлнэ гээд бодоод үз л дээ.
 
Гэтэл өнөөдөр АНУ технологийн хурдыг гартаа барьж байна. Хэнд хурд байна, түүнд хүч байна. Хэнд хүч байна, түүнд манлайлал байна. Тиймээс дэлхийг миний юм, чиний юм гэж булаацалдах эрх бий болсон. Бид тэр хурдыг алдсан. Их Монгол Улсын өртөө дэлхийд пуужингийн хурд адил мэдээлэл түгээж байсан.
 
"Монголын хууль гурав хоног" гэдгийг бид мушгиад байгаа болохоос Их Монгол Улсын хууль гурав хоногийн дотор Их Монгол Улс даяартаа хүрч байсан байхгүй юу. Хятадын өмнөд хэсгээс зүүн Европ хүртэл. Тэр бол хүч. Урлагийн бид энэ хурд, хүч сайхныг дагуулдаг гэж үздэг. Монгол хүүхэд үсээ шараар будуулж, монгол бүсгүй хамраа өндөрсгөн давхраа хийлгэж байна. Яагаад гэвэл хүчтэй газрын хүн нь сайхан байна шүү дээ.
 
Уг нь давхраагүй нүдтэй хүн жигтэйхэн гоё байхгүй юу. Өнөөдөр Монгол Улс АНУ шиг хүчтэй байсан бол хүн болгон давхраагаа авахуулж, хамраа намсгах мэс засал хийлгэх байсан. Монгол эмэгтэй, монгол хөгжим хамгийн сайхан нь байх байсан. Тийм учраас энэ бол сайхан уу, хүч үү гэдгийг ялгах ёстой юм. XIII зууны тэр хүчирхэг Монголыг одоогийн Иран, Иракууд дуурайж байлаа шүү дээ.
 
Тэр хүчийг монгол хүн бол сэлэмдэхээр цус гардаггүй, төмөр мэт биетэй тэнгэрийн хүн гэж ухаарч болохгүй. Морь эзэмшсэн айхтар хурд, ертөнцийг танин мэдэх инстинктээс авсан асар том мэдлэг туршлага бидний нөөц хүч байсан. Чингис хаан бол манай мянганы хүн. Гэхдээ 800 жилийн өмнөх хүн шүү дээ. Тэр үед түүнд тийм хувь заяа оногдсон. Тэр хувь заяа өнөөдөр надад оногдохгүй.
 
Бид Чингис болох гэхээсээ илүүтэй өөрсдийнхөө цаг үед амьдрах ёстой. "Чингис хаан яагаад дэлхийн том хаан болсон юм бэ? Тэр үед дэлхийн хүч суларсан уу, Чингис хаан хүчтэй байсан юм уу? Түүний орон зай гарч ирсэн үү?" гэдэг асуудал гарч ирнэ. Бид бусдыг судалж үзэхгүйгээр өөрийгөө товойлгох нь буруу зүйл.
 
Тиймээс бид өөрийн үеийг бүтээх хэрэгтэй. Монгол хүний байгалиас заяагдсан давуу чанарууд  бий. Сумогийн их аварга Мөнхбатын хүү учраас тодроогүй шүү дээ. Мянга мянган жил малтай ноцолдсон монгол хүний хөдөлгөөний генетик гэж бий. Гэтэл хятад хүмүүст биднээс илүү зүйл их бий.
 
Хятад, оросууд биднээс муу байх албагүй. Оросууд муу байсан юм бол манайд нөгөө Менделеев, Ломоносов хаана байна? Хятадууд муу үндэстэн юм бол Күнз, Сүнз шиг нь хаана байна? Тэд биднээс муу байх ёсгүй. Хамгийн гол нь өөр байгаа юм. Бид тэднээс, тэд биднээс өөр. Өөр гэдэг нь давуу чанар. Давуу чанараа бид их сайн гаргаж, дэлхий ямар зарчмаар явж байгааг ухаарах хэрэгтэй. Би бол хүн төрөлхтөн буруу замаар явж, бид тэднийг хөөж буруу замаар явж байна гэж ойлгодог хүн.
 
Ямар нэгэн хязгаартай, тэнд тулж очно гэдгээ ухаарсан цагт хязгаартай амьдрах тухай бодож болно
 
-Яагаад буруу болоод явчихав? 
 
-Үүнийг ойлгохын тулд "Бид яах гээд байна?", "Бид юунд хүрэх гээд байгаа юм?", "Яг хаана очиж зогсох юм, эсвэл зогсохгүй байх юм уу?" гэдэг асуултад хариулах ёстой. Хүн төрөлхтөн явган явсан, морь унасан, үхэр тэрэг, машин, онгоц унаж, пуужингаар хөөрсөн. Одоо цаашаа юугаар явах юм бэ? Ер нь хаа хүрэх гээд яараад байгаа хэрэг вэ? Юу идэж, юу өмсөх гээд тэмүүлээд байгаа юм?
 
-Хөгжлийн дээд цэг нь юу вэ гэж үү?
 
-Тийм. Хөгжил гэдгийг хязгааргүй хэрэглээ, хязгааргүй залхуурал хоёрыг хангахын төлөө гэж ухаарч боломгүй. Одоо чинь зуслангийн байшингаа гэрээсээ товчлуур дарж халаадаг систем рүү "явж" байна. Улам залхуурч, үүнийгээ сайхан амьдрал гэж бодоод байна. Манай Л.Балхжавын "Талын монгол айл" гээд дуу бий. Энэ бол жинхэнэ эрх чөлөө, аз жаргал, тусгаар байдлын дээд дуулал.
 
Тэнд юу дутуу юм гэж асуувап хүмүүс, "Хөргөгч байхгүй шүү дээ" гэж хариулах байх л даа. Гэтэл манай гэрт хөргөгч байна. Харин гудамжаар пиг бөглөрөө. Нөгөө стресс. Хүнс нь хор. Тэгвэл хүн төрөлхтөн өнөөдөр энэ бөмбөрцөг ийм сан хөмрөгтэй, ингэвэл энэ бөмбөрцөг дээр олон жил тэсэх юм байна гэдгийг тогтоох ёстой. Эндээс хэрэглээ болоод хүслийн хязгаар тодорхой болно.
 
И.В.Сталин нэг удаа, "Аливаа юм ухаалаг хязгаартай" гэж хэлсэн байдаг юм. Ямар нэгэн хязгаартай, тэнд тулж очно гэдгээ ухаарсан цагт хязгаартай амьдрах тухай бодож болно. Бид хар үгээр хэлэхэд АНУ-г хөөж яваа улс. 100 жилээр ч юм уу хоцорч яваа л даа. Бид бар улс болчихоод нэг юм идэх юм байна л даа. Гэтэл АНУ болохоо болив. Тэд "Ногоон эдийн засаг" гэж яриад эхэллээ.
 
Дэлхийн эрдэмтэд "Ёс суртахуун, оюун ухаант мандлын соёл иргэншил, үндэслэл, хэтийн төлөв" сэдвээр хэлэлцжээ. Тэд, "Алтайн нуруу бол дэлхийн дөрвөн далайн яг голд, дөрвөн улсыг дамнан байрлаж байна. Энэ бол дэлхийн шинэ соёл иргэншлийн гол төв нь болж чадах газар.
 
Алтайн нурууг 20-30 жил энэ хэвээр нь хадгалж хамгаалсан тохиолдолд хүн төрөлхтөн үүнээс үлгэр авч, ийм соёл иргэншил рүү очих юм байна" гэж бичиж байна Үүнийг үндсэрхэг үзэлтэй хүмүүс биш нэртэй философичид бичээд байна шүү дээ. Монголчууд хэдий чинээ хэрэглээг ухаалаг хязгаарлаж, хуучии хэв маягаа шинэ технологийн түвшинд аваачиж чадвал манай хуучин хэв маяг хамгийн үнэтэй зүйл нь болох юм байна гэдэгт итгэж үзвэл ямар вэ.
 
Дотуур хувцасаа солихгүй, англи хэл cypaxгүй, усанд орохгүй байж болохгүй гэдгийг би сайн ойлгож байна. Өөрөөр хэлбэл Монголчууд өөрсдийгөө болгож яваа цагт ямар ч асуудал байхгүй. Түүнийгээ тэтгэхийн тулд ямааны ноолуурт мөнгө өгсөн шигээ тэтгэх ёстой. Аргал түлдэг айлдаа урамшуулал өгч, үнсийг нь худалдаж аваад нүүрстэйгээ хольж хотын айлуудад өгвөл хоёр жилийн дараа хаймар, мод биш аргал түлдэг болно. Аргал маш их үнэд орно. Бид бусдыг хөөж яваад дунд нь таг зогсох ямар хэрэг байна.
 
Хилчид хүчтэй байх ёстой
 
-Ингэхэд хилчид маань ер нь юуг хамгаалаад байгаа хэрэг вэ?
 
-Хилчид асар үнэ цэнэтэй дэлхийн зулайг хамгаалж байгаа гэж ойлгодаг. Зулай бол хамгийн сүүлд бэхэждэг, хамгийн ариун эмзэг хэсэг. Газар зүйн байршлаар бол зулай ертөнцийн цонх юм. Хүмүүс "Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд Шамбалын орон байна" гэж бичсэн байна.
 
"Хортын ягаан толгойн хадыг уранаар хордуулснаас цагийн уртад хад нь бутарч том, жижиг олон чулуу газрын хэвлийгээр тархжээ. Үүнийг МУИС-ийн цөмийн физикийн лабораторийн шинжилгээгээр баталсан. Тэгвэл олон мянган жилийн өмнө ураныг хэрэглэж байжээ.
 
Асар хүчтэй хий тээгч байсан учраас чулуу газраас хөндий тогтсон байна. Гэтэл бид үүнийг байгалийн зүй тогтоц гэж ойлгоод байдаг” гэх мэтээр бичсэн байх юм. Итгэхэд хэцүү ч анзаарахгүй хаяж болмооргүй санагдсан. Энэ нь амьд бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй гэдэг ойлголтыг батлах оролдлого юм.
 
Миний яриа хилчдэд уран сэтгэмжийн мэт санагдаж магадгүй. Үүнийг бидний үеийнхэн одоо дөнгөж ухаарч байгааг ойлгоорой. Бид чинь дэлхийн асар том орон зайг манаж байгаа юм байна. Зөвхөн монголчуудын төлөө биш, дэлхийн ирээдүйн төлөө хамгаалж байгаа хэмээн жаахан ч атугай сэтгэл хөөрөлтэй ухаармаар юм шиг ээ.
 
Тийм учраас хил дээр байгаа чулуу бүхэн, хил дээр байгаа өвс бүхэн зөвхөн Монголын өмч биш, ирээдүйн дэлхийн өмч юм. Энэ бол дэлхийд бэлэглэж буй бэлэг. Хүн төрөлхтөн газраас хөндий амьдрахгүй нь ойлгомжтой. Бүр 2000 жилийн өмнө Модун Шанью "Газар бол улсын үндэс" гэж хэлээ биз дээ? Дэлхий, хүн хоёр оршин тогтнох амин чухал цэг дээр зогсч байна гэж бодоод эрдэмтэд нь ч, хилчид нь ч бахархалтай байвал сайхан шүү дээ.
 
-Эх орон, тусгаар тогтнол гэдэг ойлголтод өнөөгийн хүмүүс хэр хариуцлагатай хандаж байна гэж та боддог вэ?
 
-Ep нь бол бид муу биш нийгмийн тогтолцоог сонгож авсан. Энэ хувилбараа хэрхэн зөв ашиглаж байна вэ гэдэгт л асуудлын гол нь оршиж байна. Хувь иргэн хүмүүст нийгмийн соёл гэхээс илүү нийгэм байгуулах ёс суртахуун дутаж байна. Төр ажпаа хийж байна уу, бизнес хийж байна уу гэдэг асуудал гарч ирсэн.
 
Төр оролцсоноор ямаа олширсон гэдгийг би түрүүнд хэлсэн. Тэгэхээр төр оролцвол юмыг өөрчилж болдог юм байна гэдгийг харуулж байна. Эх оронч сэтгэлгээ олон зүйлээс шалтгаална. Манайх чинь хуурай газрын арлын орон шүү дээ. Цунами байна уу, байна. Гэхдээ цунами бидэнд усаар ирэхгүй л дээ. Бас нэг их буудаад ч сүйд болохгүй л болов уу.
 
Гэхдээ дэлхийн бүх хүчирхэг орнууд батлан хамгаалах салбарынхаа төсвийг замбараагүй ихээр нэмсэн шүү дээ. Хэзээ нэгэн цагт түүнийг хэрэглэнэ л гэж тэгж байгаа юм. Тиймээс хил дээр хүчтэй байх ёстой. Энэ бол дохио. Эх оронч үзэл гэдэг нь хувь хүний үр удмаа мөнхөд үлдээхийн төлөөх сэтгэл, зүтгэл юм. Эх оронч үзлийн хамгийн ойр бөгөөд хүчтэй утга санаа үүнд л оршиж байна.
 
Түүнээс биш эх оронч үзэл гэхээр л тугаа хараад зүрх нь цохилох тухай асуудал биш. Хил дээр зогсч байгаа цэрэг нутагтаа очоод Цэцгээтэйгээ сууж, гурван хүүхэдтэй болно л гэж бодож байгаа. Хүүтэй болвол энэ заставт алба хаалгана, гэхдээ хүү маань өнөөдрийнхөөс өөр, илүү сайхан орчинд амьдрах ёстой гэж бодохыг л эх оронч үзэл гэж би ойлгож байна. Үүний тулд хилээ хамгаалахаас өөр аргагүй.
 
Хэрэв тэгэхгүй бол бидний зүс царай, хэл яриа өөрчлөгдөнө. Үр хүүхдийн маань ирээдүй ч мөн ялгаагүй. Ингэснээр бид монгол аз жаргал гэдэг зүйлийг мэдрэхгүй гэсэн үг. Хүн төрөлхтөнд сайн сайхан амьдрах гэсэн ганцхан аз жаргал бий. Африк, Хятад, Орос, Монголд сайн сайхан амьдралын талаарх төсөөлөл өөр өөр. Бид Монголдоо сайн сайхан, аз жаргалтай амьдармаар байна шүү дээ.
 
-Хилчдийн тухай мэдээлэл таны нүдэнд хэр үзэгдэж, чихэнд хэр сонсогдож байна?
 
-Би ойрын жилүүдэд хилээр яваагүй. Халх голын Нөмрөгийн заставт очиж үзсэн. Яг хил дээр очсон. Бас хил давж баригдсан хятад хүнийг ч үзсэн. Надад маш сайхан сэтгэгдэл төрсөн. Хилчид хийморьлог байдаг юм байна гэдгийг олж харсан. Агаар, ус... сайхан задгай эрх чөлөө байна аа, тэнд.
 
Яахав цэргийн дүрэм журам байлгүй л яахав. Дуугаа дуулж, хоолоо хийж байгаа тэр бүхэн нь надад бахархалтай санагдаж байсан. Хүүхдүүдийг харж байхад ер нь залуусынхаа бие бялдрыг их сайхан бэлтгэж байх хэрэгтэй юм гэж бодогдсон. Гуталдаа түүртсэн хүүхдүүд ч харагдаж байсан л даа. Гэхдээ хилчид маань их цэвэрхэн, сайхан болчихсон юм билээ.
 
Би хилийн талаар яана, ийнэ гэж санаа зовохгүй байна. Мэдээж хэрэг техник хэрэгсэл, үзэж харах юмнаас эхлээд дутуу, гуцуу юм байдаг л байлгүй. Ерөнхийдөө би хилд соёлын зүйлс их дутагддаг байж магадгүй л гэж ойлгосон доо. Соёл ахуйн зүйлүүд буюу биеийн тамирын талбайн тоноглол нь орчин үеийн, хөгжим хэрэгсэл зэрэг нь сайн дуугардаг байх хэрэгтэй.
 
Монголын орчин үеийн хамтлаг дуучдын бичлэгтэй хуурцгууд, хамгийн сүүлийн үеийн концертын бичлэгүүдийг төр нь мөнгө гаргаад хилчиддээ аваад өгчих хэрэгтэй юм. Гэхдээ "Суварган цэнхэр уулс"-аас мэдээж хэрэг өөр болсон байх л даа.
 
-Оюун санааны тал дээр цэргийнхэн хайрцаглагдсан сэтгэлгээтэй гэж шүүмжлүүлдэг. Та хилчдийн хандлага, сэтгэлгээнээс юу анзаарав?
 
-Тийм ээ. Гэхдээ би цэргийн амьдрап мэдэхгүй хүн. Цэрэгт өөрийн гэсэн гортиг, өөрийн гэсэн хатуу чанга дэг журам, сахилга бат байх ёстой. Энэ бол хүнийг хүн болгоход тус болдог хүчин зүйлүүд. Хилчид нийгмийн элдэв зүйлд нээлттэй байх албагүй. Харин олон улсын нөхцөл байдал, технологийн талаар нээлттэй ярилцах ёстой гэж боддог. Цэргүүдийн сэтгэлгээ, сэтгэлзүйн хувьд цэргийн алба хаах хугацаа нь тун хариуцлагатай үе. Тэвчээр заасан, хориг саад ихтэй байснаар ийм хариуцлагыг үүрч сурна. Гэхдээ би энэ тал дээр дутуу бодож байж болох юм.
 
-Цэргийн алба хаагчдын сэтгэлгээг задалж, хүн байх талаас нь ойлголт өгөхийн тулд манай үндсэн бүрэлдэхүүн өөрсдөө мэдлэгтэй байх ёстой болдог. Байгууллага маань ч хүнээ хөгжүүлэх зорилтыг эрхэм болгодог юм. Та энэ тал дээр ямар бодолтой байна?
 
-Энэ бол гарцаа байхгүй маш чухал санаа байна. Хүн болж төлөвшихийн тулд өөрөөсөө л бүхнийг асуух ёстой. Өөртөө үргэлж асуулт тавьж сурах хэрэгтэй. "Би хэн бэ?", "Би хаана явна?", "Тэр хүн яагаад сайхан зантай байна?", "Тэр хүн яагаад уур бухимдалтай байна?", "Би юуг мартав?", "Би монгол хүн юм бол юу мэдэж байх ёстой юм?", "Монголынхоо бүх ан амьтдыг нэрлэ гэвэл би хэдийг нэрлэж чадах вэ?", "Монголчуудын хамгийн эрхэм шүтээн нь ямар бурхан байдаг юм?", "Монголчуудын тэнгэрт хандаж хэлдэг зан үйлийн хамгийн үнэтэй нь юу байдаг юм, би хэлж чадах уу?”, "Яагаад монголчууд нар зөв тойрдог юм?", "Яагаад биеийн тамирын талбайг нар буруу тойрдог юм?", "Яагаад аав маань овоон дээр гарахдаа дөрөв биш заавал гурван чулуу тавиулдаг юм?", "Энэ бүхэнд би хариулж чадах уу?"... Эдгээр асуултыг өөрөөсөө асууж байгаа бол хүн болж буй хэрэг.
 
Мэдэхгүй бол асуу, олж унш, сурагла. Мэдье гэхгүй бол чи хүн болох тухай өөрөө бодохгүй байна гэж ойлго. Их энгийн зүйл. "Яагаад би ээжийнхээ гэдсэнд толгой нь дээшээ харж байснаа урвуугаа харж гардаг юм бол?", "Яагаад хүн есөн cap, ингэ ботгоо жил хоёр cap тээдэг юм бол? Дээр үед хэдэн cap тээдэг байсан юм бол. "Арван cap тээлээ" гэж ардын дуунд гардаг. Намайг найман cap хагас тээсэн нь юунаас болсон юм бол?... Хүн хувьсан өөрчлөгдсөн байна уу?" гэдгийг бодох хэрэгтэй шүү дээ. Энгийн болохоор нь бид тоодоггүй. Тэгвэл энэ бүхэн хамгийн их хамаатай.
 
Би бүх зүйлийг мэдэхийг хичээсэн 
 
-Таны оюун санааны ертөнц хэрхэн бүрэлдэн тогтсон юм бэ?
 
-Би багадаа хилчид шиг хээр хөдөө хонь хариулаад, тэнгэр харж хэвтдэг хүүхэд байлаа. Нар, үүл хоёроос өөр харах зүйл үгүй. Үүлсийн хэлбэрийг өдөржин харж, хэлбэр дүрсийнх нь учир шалтгааныг олохыг хүсдэг байсан. Өөрөөр хэлбэл юм бүхнийг мэдэхийг хүсч байлаа. Би математикт авъяастай хүүхэд байсан. Too бол маш чухал. Манай хилчид тоонд сайн байх хэрэгтэй. Too хүний сэтгэлгээг "замбараагүй" хөгжүүлдэг эд байхгүй юу. Сэтгэлгээний хурдыг асар их нэмэгдүүлдэг. Хурд бол хүч.
 
Хэний сэтгэлгээ хүчтэй байна, тэр манлайлагч байдаг. Ертөнцөд хурд л бүхнийг тодорхойлдог. Too миний сэтгэлгээг хөгжүүлсэн. Би нэг зүйлийг ярих дуртай. Энэ удаад ч мөн яримаар байна. Намайг Киевийн хөгжмийн сургуульд анх суралцахаар очиход нэг сайхан багш хүлээж авсан юм. Тэр 14 хоногийн дараа хичээл орно гэж надад хэллээ.
 
Би нэлээд хэдэн дуу зохиочихсон, хөгжмийн зохиолч болох дөхөөд очсон хүн байхгүй юу. 7000 километрийн цаанаас ирж байхад 14 хоногийн дараа хичээл эхэлнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Би яарч байлаа. Ингээд хичээл ч орж, өвлийн амралтаараа нутагтаа ирээд 11 ширхэг бурхны зураг бүхий ил захидал худалдан аваад багшдаа бэлэглэсэн юм. Манайх бурхнаа ийм сайхан хэвлэж, шүтдэг гэдгээ л харуулах гэсэн хэрэг.
 
Гэтэл багш маань "Ямар гоё бурхан бэ, Жанцаан. Энэ бурхан чинь яагаад ядам хуруугаа алгандаа хийчихсэн юм бэ? Энэ бурхны толгой дээр гурван хохимой толгой, нөгөөгийнх нь толгой дээр долоо байдаг нь ямар учиртай юм бэ?" гэх зэрэг тав, зургаан асуулт асуулаа. Би нэгийг нь ч хариулж чадсангүй. Тэгсэн багш, "Чи намар 14 хоног хичээл ороогүйг санаж байна уу? Би анх удаа буддын шашинтан шавьтай болсон учраас танаас айж 14 хоног Украйны бүх номын санд байсан буддын шашинтай холбоотой номуудыг уншсан. Таныг ойлгохын тулд шүү дээ...
 
Гэтэл та өөрийнхөө соёлыг мэдэхгүй байж хүний соёлыг сурна гэж ирдэг нь ямар учиртай юм бэ?" гэж асууж билээ. Би газар доогуур орчихмоор байлаа. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатууг тэгэхэд мэдэрсэн дээ. Ичмээр, аймаар, амиа хорломоор. "Би яах гэж 20 хүрсэн хүн юм бэ?" гэж бодов. Хичээл тарлаа. Байрандаа очив. Нулимс гараад, гомдоод. Хэнд гомдож байгаа юм мэдэхгүй.
 
Хавар нь нутагтаа ирээд ганданд очтол бүх юм туйлын сонин харагдаж байлаа. Бүгдийнх нь учрыг олмоор... Тэгээд гандангийн дэд хамбад нууцаар шавь орлоо. Би 1975 оны үйл явдлыг ярьж байна. Зунжингаа би тэднийд байлаа. Тэгээд яахав, нөгөөдүүлийнхээ учрыг оллоо доо. Үүний учрыг олохын тулд бүх юмны учрыг олох шаардлага гарсан. "Богд хаан гэж хэн байсан юм бол?", "Яагаад заавап наймдугаар гэж?
 
Тэгвэл долоо дахь, зургаа дахь, анхдугаарх нь хэн байсан юм бол?..." гээд бодлоо. "Монгол Улс яаж бүтсэн, Д.Сүхбаатар юу хийсэн нөхөр байв?, Улаанбаатарын хамгийн анхны том барилга хаана байв?" гээд л. Тэр нь 1905 онд хэвлэлийн комбинатыг барьсан юм байна шүү дээ. Хамгийн өндөр барилга нь "Өндөр хоршоо" гэх одоогийн дүрслэх урлагийн музей байж. Хоёр давхар байшин нь Шар гүвийн дөрөлжөөс харагддаг байсан гэнэ шүү дээ.
 
Замбараагүй өндөр барилга байжээ. Ингээд би бүх зүйлийг мэдэхийг хичээсэн. Одоо ч надад мэдэхгүй юм зөндөө л байна. Энэ бүхэн намайг төлөвшүүлж, дэлхийн хэнтэй ч юу ч яриад байж болохоор болгосон юм. Сүүлд аавын философи ойлголтууд хэрэг болсон л доо. Жишээ нь аав, "Чи бол бидний хүү. Гэхдээ ээж бид хоёроосоо өөр хүн. Ертөнц дээр чамтай ижил нэг ч хүн байхгүй. Чи өөрийгөө хамгийн мундаг хүн гэж бод.
 
Гэхдээ хажууд чинь байгаа хүн чамаас дор биш. Тэр бол өөр нэг ертөнц. Гуйлгачин ч чамаас илүү. Чи эцэг, эхийнхээ сайнаар гуйлга гуйхгүй явна. Чиний боддогийг ч тэр хүн бодож л байгаа" гэсэн юм. Тэгэхээр хүнд зиндаа гэж байдаггүй, насны зааг, ялгаа ч гэж байдаггүй байх нь. Тэр бүхэн хүн болоод нийгмийн харилцааны үзэл баримтлалыг минь тодорхойлсон.
 
Би үсээ урт ургуулж, сахал тавьж, үргэлж монгол дээл өмсдөггүй. Тэглээ гээд хүн намайг монгол биш гэж хэлэхгүй. Хүн гаднаа монгол хүн байх гэж хичээх хэрэггүй. Би дотроо монгол хүн баймаар байна.
 
 
Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншаарай