sonin.mn

Цахилгааны тоолуурын заалтыг байцаагчид нэмж бичдэг гэх иргэд олонтоо тааралдах болов. Учир нь урьд нь айлууд хашаандаа хар тоолууртай, гэрлийн байцаагчид ирэхэд тоолуурынхаа заалтийг харж бичүүлдэг байсан цаг саяхан. Нэг л мэдэхэд бидний хэрэглэж байсан тоолуур жагсаалтаас гарсан.

Учир нь иргэд цахилгааны мөнгө бага төлөх арга бодож тоолуурыг хэлтийлгэх зэрэг янз бүрийн арга хэрэглэх болжээ. Ингээд хар тоолуурыг халж, зургаан айлын дунд нэг цахилгаан тоолуур тавьсан. Түүнийгээ нэг айлынх нь хашаанд байрлуулаад цоожилчихсон. Иргэд тоолуурын мөнгө хэд гарч байгааг хянах ямар ч боломжгүй болсон.

Тэгвэл энэ байдлыг гэрлийн байцаагчид ашиглаж эхэлсэн гэнэ. Өмнөх сараар нь тооцоолоод л бичдэг болсон ажээ. Тогоо яаж ч хязгаарласан яг л өмнөх сараараа гардаг.

Очоод хэрүүл уруул хийхээр дараа сард нь бага гардаг гэх иргэдийн бухимдал ихэсчээ. Хар тоолуурыг цахилгаан тоолуураар сольж байдлыг дээрдүүлэх гэсэн боловч бодит байдал дээрээ нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчийн зүйл болоод байна.

М.Янжин

Эх сурвалж: