sonin.mn

Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга агсан Жамсрангийн Самбуу гуайн амьдрал, үйлсийн тухай "Монгол төрийн мэргэн өвөө" хэмээх номыг Хууль зүйн ухааны доктор, хуульч, сэтгүүлч Ширчингийн Сүхбаатар эмхлэн гаргасан. Нэмж тодотгосон уг ном нь аман түүх, ярилцлага, баримт материалаас бүрдсэн байна. Уг номын нээлт өнгөрөгч пүрэв гаригт "Интерном"-д болсон юм.

Монгол төрийн удирдагчид дотроос хамгийн нэр цэвэр, шулуун шударга, жинхэнэ монгол цөлх ухаантан гэгддэг энэ эрхмийн тухай номын нээлтэд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Д.Очирбат, Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Содном, ардын уран зохиолч Д.Цоодол, П.Бадарч, яруу найрагч Ш.Бадарч, ардын жүжигчин А.Очирбат, гавьяат хуульч С.Нарангэрэл, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Р.Раш, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дашрэнцэн, "Өдрийн сонин"-ы орлогч эрхлэгч Ж.Сандагдорж, ардын эмч Х.Хатанбаатар, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид нар ирсэн байв.

Мөн Ж.Самбуу гуайн хамаатнууд болох хурандаа н.Сосорбарам, УИХ-ын гишүүн асан Н.Тогтох нар болон номын зохиогчийн аав, ээж болоод гэр бүлийнхэн нь, Төв аймгийн Бүрэн сумын ахмадууд, нутгийн иргэдийн төлөөлөл гээд олон хүн цугларчээ. Сонирхуулахад номын нээлтэн дээр гурван ч генерал нэгэн дор зэрэгцээд л сууж байна билээ.

Номын зохиогч Ш.Сүхбаатар, Ж.Самбуу гуайтай нэг нутгийн хүн юм. Олон хүн цугларч хөл тавих зайгүй болсон танхимд нээж үг хэлэхдээ тэрээр "Намайг хүүхэд байхад Ж.Самбуу гуай Төв аймгийн бүрэн сумандаа ирдэг байлаа. Түүнийг ирэхээр хүмүүс цугларч, гэрт багтахгүй болдог байсан сан. Өнөөдөр энд биднийг Ж.Самбуу гуай цуглуулсан. Ж.Самбуу гуайн амьдрал бол санаж сэрэхийн ухаарал юм" гэж байлаа.

Түүний дараа МУГЖ Д.Явгаан гуай Ж.Самбуу даргын тухай аялгуут магтаал хайлав. Магтаалын дараагаас түүний талаар дурсамжууд хөвөрсөн юм. Тухайлбал, Ерөнхий сайд асан Д.Содном "Ж.Самбуу дарга их бодож байж цөөн үгээр жинтэй хэлдэг байв.Түүнийг хараад би маш их биширдэг байлаа. Ж.Самбуу гуай Хойд Солонгосын дайны үед Элчин сайдаар сууж байсан. Тухайн үед бусад орны Элчин сайдууд тус улсыг орхиж байсан гэдэг. Харин Ж.Самбуу гуай тийм хүнд үед нь орхиод явчихаагүй.

Үнэхээр Монголынхоо төрийн төлөө найрсаг харилцаатай улстайгаа яаж зөв харилцах вэ гэдэгт ёстой мэргэн ухаан гаргаж байсан хүн юм. Түүний тухай хоёр зүйлийг тод санадаг. Би Сангийн яаманд ажиллаж байлаа л даа. Ж.Самбуу гуай нэг хурал дээр илтгэл тавих болсон. Ингээд би тэр материалыг нь хамт бэлдсэн юм.

Их л хичээн сууж гурав хоног ажиллав, Сүүлд Ж.Самбуу дарга намайг дуудаад "Надаас хүсэх юм байна уу" гэж асууж билээ. Би ч "байхгүй" гэлээ. Ингэж доод албан тушаалтнаа анхаардаг хүн байсан юм. Нөгөө нь Ж.Самбуу гуайн 70 насны ой боллоо. Би очоод дуулсан юм.

Тэгтэл Ж.Самбуу дарга "баярлалаа" гээд миний духан дээр үнсэж байв. Ингэж агуу хүнтэй хоёр удаа нүүр тулж байлаа. "Монгол төрийн мэргэн өвөө" ном бол төр засгаа удирдаж байгаа хүмүүс Ж.Самбуу гуай шиг байх тухай сайхан бүтээл боллоо" гэж байв.

Ж.Самбуу гуай монголын төрд тасралтгүй 50 жил ажиллажээ. Энэ хугацаандаа монгол орныг ноён нуруутай удирдаж, ард түмэнд жинхэнэ төрийн хүн хэмээн хүндлэгдэж явсан байдаг. Тэрээр хошуу тамгын хавсраа бичээчээс Гадаад яаманд хэлтсийн дарга, Гадаад яамны орлогч сайдаар ажиллаж байв.

Мөн ЗХУ-д есөн жил, хойд Солонгост хоёр жил элчин сайдаар сууж байсан анхны дипломат хүн юм. Насан элтэлээ төрийн өндөр албан тушаал хашиж явсан боловч түүнийг уур уцааргүй, голчтой үнэн үгтэй, бага ярьдаг, шатар тоглох дуртай, хэнийг ч алагчилж харьцдаггүй өндөр суртахуунт хүн байсныг ойр дотно ажиллаж, ажиж явсан эрхмүүдийн дурсамжууд гэрчилнэ. Нэгэнтээ Б.Ренчин гуай "Монгол зантай, монгол ухаантай, монгол зүрх сэтгэлтэй Ж.Самбуу, С.Лувсан хоёр бол манай дээдсийн дотор магнаг дотроо өтөөгүй хоёр өвгөн" гэж хэлж байсан байдаг.

Мөн улсын шалгарсан хошой баатар, маршал Х.Чойбалсан 1949 онд Улсын Бага хурал дээр нам улсын хариуцлагатнуудад хандаж улсын өмч хөрөнгийг хайрлан хамгаалж хямгадах талаар үг хэлэхдээ "Ж.Самбуу Москвад олон жил ажиллаад ирэхдээ барьж явсан хоёр чемодантайгаа буцаж ирлээ. Гэтэл манай зарим нөхөд хэдхэн хонохдоо хэрээс хэтэрсэн ачаа бараатай ирдэг.

Ер нь төрийн хэрэг залгуулж байгаа та нар эдийн талаар Элчин Самбуу шиг бай" гэж зад загнасан гэдэг. Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яамны жолооч асан Дэжидийн Чойжил "Өндөр албан тушаалд насаараа ажиллахдаа өөртөө огтхон ч юм наагаагүй, ганц амбаар ч бариулаагүй. Москвагаас буцахад нь В.Молотов Нямаа гуайтай хоёуланг нь хүлээн авч уулзахдаа тус бүрт нь нэг алтан аяга бэлэглэснийг хүртэл музейд өгчихсөн юм билээ" гэж хуучилжээ.

Ж.Самбуу даргыг 1966 оны тавдугаар сарын 1 -нд Олон улсын энх тайвныг бэхжүүлэхийн төлөө Лениний шагналаар шагнажээ. Шагналд 25000 ам.доллар дагалдаж ирсэн нь тухайн үедээ монголд тоолж байгаагүй их мөнгө байсан гэдэг. Харин Ж.Самбуу гуай Эрүүлийг хамгаалахын сайд Туваанд "Энэ мөнгийг эх хүүхдийн эндэгдлийг багасгахад зориул" гээд өгчихжээ.

Тэр мөнгөөр нь улсын тэргүүний ясли, цэцэрлэг болон шатарын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг урамшуулдаг болсон аж. Дээрхтэй ижил жишээнүүд энэ номонд олон бий. Үүнээс үзэхэд шунал сэдэлгүй, улсынхаа төлөө зүтгэсэн эгэлгүй хүн байжээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө.

"Монгол төрийн мэргэн өвөө" номын нээлтийн үеэр ардын уран зохиолч Д.Цоодол гуайгаас сэтгэгдлийг нь сонслоо.

-Та энэ номын талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Би энэ Ш.Сүхбаатарт бүр баярлаад байгаа юм. Самбуу гуайн тухай дорвитойхон гэмээр ингэж дуугарч байгаа хүн бол хааяа байдаг байх. Гэхдээ харамсалтай нь элбэг биш байна. Самбуу тухай их олон ном, өгүүлэл гарах ёстой. Самбуу гуйан чинээ монгол төрийн зүтгэлтэн хэр олон байдаг бол.

Тэр хүний үндсэн онцлог нь жинхэнэ монгол удирдагч байсан нь юм. Энэ тухай нь их юм гарч байх ёстой. "Монгол төрийн мэргэн өвөө" гэдэг энэ ном бол Самбуу гуайн судлал, Самбуу гуайгаа сурталчлахад үзэгдэхүйц том хувь нэмэр болж байна.

-Ж.Самбуу гуайтай та нэг нутгийн хүн дээ?

-Тиймээ. Би Бүрэнгийн хүн. Манай Бүрэн сум энэ жил 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Ж.Самбуу гуайнхаа тухай ийм сайхан юм хийдэг нь Бүрэнгийнхэн бас ойгоо угтаад хийсэн ажлын нэг боллоо. Олон түмэнд харагдаж үзэгдэх, наадмын маргааш үлдэх ийм сайхан юм хийжээ гэж санаж байна.

-Та "Монгол төрийн мэргэн өвөө"-г уншиж үзэв үү?

-Би номыг нь уншиж үзлээ. Хамгийн гол нь энэ номонд хамарсан онц цагийн хүрээ, хамарсан газар нутгийн хүрээ, хамарсан хүний үйл ажиллагааны хүрээ их сайхан өргөн. Энэ талаараа надад их сайхан санагдлаа. Амьтан хүн таалагдлаа гэх юм аа. Би нээх мундаг дээрээс таалагдсан уу, таалагдсангүй юу энэ тухай ярьж байгаа юм биш.

Надад их сайхан санагдлаа. Би их баярлаж байгаа гэсэн юм. Ж.Самбуу гуайтай хамт ажиллаж явсан хүмүүсийн дурсамж арвин аж. Ж.Самбуу даргыг Хойд Солонгост айлчлахад албан ёсны орчуулагчаар нь эрдэмтэн Б.Сумъяабазар ажиллаж байж.

Тэрбээр нэгэн хууч ярьсан юм. Түүнийг нь товчилбол Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сен нэгэн удаа Ж.Самбуу даргын баатарлаг явдлыг шагшин ярьж "Самбуу дарга бол баатар хүн" гэжээ. Учир нь Солонгосын дайны үед Монголын Элчин сайдын яамыг маргааш бөмбөгдөнө гэсэн мэдээлэл ирсэн тул нүүлгэж л дээ.

Маргааш нь агаарын бөмбөгдөх дохио өгөхөд бие хамгаалагч, нарийн бичиг нар нь бүгд аюулгүй байдлаа бодоод түүнийг орхиход Ж.Самбуу гуай ганцаараа шатраа бариад тайван алхаж явсан байна. Үүнийг нь харсан Ким Ир Сен "Монголын Элчин сайдын баатарлаг үйл" гэсэн гарчигтай нийтлэлийг Солонгосын бүх хэвлэлд гаргах тушаал өгч байсан аж.

Түүний тайван байдал солонгосчуудыг зоригжуулж байсан гэдэг. Мөн нэг удаа Хойд Солонгост айлчлалаар очиж л дээ. Солонгосчууд андуураад монголын далбааг буруу харуулаад өлгөчихсөн байсан гэдэг. Гэтэл Самбуу гуай үг дуугаралгүй хаалганых нь дэргэд очоод зогсчихож. Солонгосын тал сандарч яав ийв гэхэд далбааг буруу харуулсан байна гэж орчуулагч нь хэлж.

Тэд алдаагаа мэдэж дор нь засахад л босгыг нь давж алхсан тухай мөн ярьсан юм. Монголын хүн ам өсөхөд ч Самбуу гуайн гавьяа их гэнэ. Энэ тухай нэрт орой хуульч О.Нарангэрэл нэгэн хууч дэлгэлээ. "Нэг удаа хурал дээр үр хөндүүлэх асуудал яригдаж өдөржин хуралдсан гэдэг. Тэгтэл Ж.Самбуу гуай чив чимээгүй сууж байгаад "Монголын үрс маш олон болтугай. Ингээд хурал дууслаа" гэчихээд гараад явчихжээ. Ийм л агуу хүн байсан байгаа юм" хэмээв.

Маш ухаалаг, цөөн оновчтой үг хэлдэг ийм хүн монголын төрд үгүйлэгдэж байгааг хүн бүр ярьж байсан юм. Тээвэр холбооны яамны орлогч сайд, сайдаар 1964-1979 онуудад ажиллаж Монгол Улсаас ЗХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар 1979-1984 онд ажиллаж байсан Д.Готов хүн чанартай, тулхтай тэр хүний тухай ярьсан нэгэн ярилцлагадаа "Сайн байна уу гээд хурдан хэлчихгүй С-а-й-н байна уу гэж уртаар энтэй хэлнэ.

Айлын хоймор суугаа төрх нь хүртэл намбалаг. Мал сүргийг асуухаасаа өмнө хүнийг нь асууна. Идээ будаанд хүрэхдээ их өөр. Амсахаасаа өмнө өргөж цацах ч юм уу. Хүмүүстэй уулзаад "Бие лагшин тунгалагуу, хэдэн хүүхэдтэй вэ, гурил будаа" энэ тэр гэж асууна. Бид тийм юм асуухаасаа өмнө "Мал сүрэг, төл бүрэн авсан уу" гэх жишээтэй" хэмээсэн нь номонд байна.

"Намайг амьдад Богд уулыг битгий оролд" гэж хэлж байсан тэрээр "Мал аж ахуй дээр яаж ажиллах тухай ардуудад өгөх сануулга, зөвлөмж" (1945 он), "Малчин ардын амьдрал ахуй, хэв заншлаас" (1971 он) гэх зэргээр арав гаруй ном бичиж байж. Ардынхаа зан заншил, ахуй соёлыг нэвт мэддэг энэ эрхэмд академич цол өгье гэхэд нь "Би өндөр албан тушаалтай хүн, ард олон муу хэлнэ" гээд аваагүй юм билээ.

Яагаад ч юм Ж.Самбуу гуай Эх орны дайны жилүүдэд ЗХУ-д, хоёр Солонгосын дайны үед Хойд Солонгост Элчин сайдаар суусан байдаг. Элчингээр суухдаа орос цэргүүдийг тулааны талбарт нэг удаа ч гэсэн цадаг гэсэндээ хоолоо хасч байсан.

Хойд Солонгост бэртсэн хүмүүсийг өөрөө боож эмчилж явсан тухай олон дурсамж бий. Хатуу бэрхийг олон үзсэн энэ дарга Сүхбаатар аймгийн нутагт чонын авд явж байхдаа нэг том чоно буудаад машиныхаа ард хийчихээд цааш яаруухан давхижээ. Хоноглох газраа чоноо буулгах гэтэл нөгөөх нь амилчихсан өөдөөс нь архирч байна гэнэ.

Бие хамгаалагчид нь айж "Бушуухан намная" гэхэд өвгөн дарга учиргүй баясч "Мөн ч эр зоригтой сайхан амьтан шүү" гэж магтаж байсан гэдэг. Энэ мэтээр жишээлээд байвал номыг бүтнээр нь хуулж бичмээр санагдана. Түүнтэй холбоотой олон дурсамж, амьд ярилцлага, домог, баримтыг багтаасан сэтгүүлзүйн даацтай бvтээлийг уншигч танд Ш.Сүхбаатар өргөн барьжээ. Таалан соёрхох буй за.

Ж.Баярсайхан

Эх сурвалж: