sonin.mn

Холливудын нэрт жүжигчин Жулия Робертс дэлгэцийн дүр бүтээхээс илүүтэй сайн ээж, гэрийн эзэгтэй байхдаа сэтгэл хангалуун гэдгээ сэтгүүлч Хиллари Моргантай ярилцахдаа хэлсэн аж. 1990-ээд оны үед “Хөөрхөн хүүхэн” кинонд тоглосны дараа шүтэн бишрэгчид нь бүчих болсноос “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд очиход нь харуул хамгаалалтыг чангатгаж байжээ.

-Жулия, та сүүлийн үед кинонд тоглох нь цөөрсөн. Гэхдээ үзэгчид та­ныг хайр­ладаг хэвээрээ учраас хаа­яа дүр бүтээхийг тань хү­лээ­сээр байгаа...

-Баярлалаа, хүмүүс на­майг янз бүрээр л боддог байх. Би хүүхдүүдтэйгээ хамт байж, тэдэндээ цаг за­ваа зориулах нь кинонд зу­раг авахуулахаас илүү сай­хан мэдрэмж төрүүлдэг. Гур­ван хүүхэд минь том болж байгаа. Ихэр хүү, охин маань одоо естэй, бага хүү Хенри зургаан настай.

Тэдэнд ээж нь хамт байх хэрэгтэй шүү дээ. Хэрвээ кинонд тог­лох бол хүүхдүүдээ хэсэг хугацаанд орхих болно. Түүний оронд гэртээ байж, нөхөр, хүүх­дүүддээ өдөрт гурван удаа хоол хийх дуртай. Энэ нь надад ямар ч эрх ямбанаас илүү санагддаг. Жүжигчид гэлтгүй жирийн эмэгтэйчүүдэд ч олдох бол­омж биш.

Найз бүсгүйчүүд маань ажлаа хийхдээ гэр орон, хүүхдүүдээ удаан хугацаанд орхихийг хараад өөрийгөө азтайд тооцдог. Би гэртээ л байх дуртай. Өөр хаана ч гэртээ байдаг шиг сэтгэл санаа сайхан байна гэж бодохгүй байна.

-Гэхдээ та супер од, гэрийн эзэгтэй байхдаа ч сайхан харагддаг хэ­вээрээ л байна...

-Энэ их амархан. Ямар ч нууц байхгүй. Би аз жаргалтай, үр­­гэлж инээм­сэглэдэг боло­хоор хү­мүүс намайг сайх­наар хар­даг. Бас нэг шалтгаан нь халамж­тай нөхөртэй болсных байх. Мөн миний аав, ээж их сайхан хүмүүс байдаг.

-Тэгэхээр гэр бүл нь аз жаргалтай байхад бүс­гүйчүүд үзэс­гэлэнтэй бай­на гэж ойлгож болох уу?

-Аз жаргал хүнийг сай­хан хараг­дуулдаг гэдэгт би итгэдэг. Хүн хэр их аз жаргалтай, байр сууриа ний­гэмд хэр зөв тодор­хойлсон байна төдий чинээ за­луу, сайхан байдлаа удаан хугацаанд хадгалдаг гэж боддог. Амьдралаа аз жар­гал­тай өнгө­рүүлсэн эсэх нь нас тогтох үед хүний нүүр царайнд нь үлдсэн ул мөрөөс харагддаг.

Зөвхөн эмээ ч биш өвөө нарын нүүр царайнаас харж болно. Төр­сөн өдрөө тэмдэглэхийн өм­нө нэг нас нэмж байгаа бо­лохоор ямар байх бол гэж би боддог ч гэр бүл, найзуудтайгаа тэмдэглэсний дараа баяр хөөрийг л мэдэрдэг. Найз бүс­гүйчүүд минь миний дуртай хоолыг хийж, авч ирдэг юм.

-Та нөхөртэйгөө хамт гэр бүлийн аз жаргалыг бүтээж чаджээ. Тийм болохоор ху­вийн амьдралаа ажил мэр­­гэж­лээсээ илүү хайрлах бол­сон гэж бодож байна...

-Тийм ээ, бидний харил­цаа зөвхөн урагшаа харж, өнөөдрөөрөө амьдрахыг эр­мэлздэг болохоор илүү бат бэх байдаг байх. Өмнөх амьдралын бүтэлгүйтэл, ал­­­даа­тай зууралдахыг хүс­дэггүй. Мөн бидэнд хамгаас үнэ цэнтэй хүүхдүүд минь байдаг.

Гэхдээ хүний амьд­ралд тохиолддог зовлон шаналал тойрохгүй. Хам­гийн гол нь бие биеэ ойл­годог, хайртай хүнтэйгээ хамт бэрхшээлийг туулахад хэцүү биш ээ. Бид гэрлээд 11 жил болж байна.

-Жүжигчин Мерил Стрип­тэй хамт кинонд тоглохыг эртнээс мөрөөддөг байсан гэсэн. Таны мөрөөдөл “August” кинонд тоглосноор биел­­сэн, бас “Оскар”-д нэр дэвшсэн...

-Тийм ээ, Мерил Стрип бол миний шүтээн. Бүр түүн­тэй хамт цай уугаад, ярилцаад сууж байна гэж хүртэл зүүдэлж байсан. Олон жүжигчин Мерил Стриптэй хамт тоглохыг хүсдэг. Харин би мөрөөдлөө бие­лүүлсэндээ их баярласан.

Гэхдээ “August” кинонд Мери­лийн аз жаргалгүй нэг охины дүрд тоглосон. Өвчтэй, хар тамхи татдаг охинтой айлын дотоод зөр­чил. Нэг нууц дэлгэхэд намайг тарган харагдуулахын тулд өмдөн дотор тусгай зузаавч хийж өгсөн.

Зураг авалтын хамгийн хэцүү нь ээжийгээ зоддог хэсэг. Би орлон тоглогч авахыг хүссэн ч Мерил татгалзсан юм. Шүтээн рүүгээ гар далайна гэдэг маш аймаар байсан. Гэвч тэр намайг ятгасан. Би гараа хөхөртөл нь түүнийг цохисныхоо да­раа тамд унах байх гэж бодсон шүү. Зураг авалт есөн долоо хоног үргэлжилсэн нь надад их урт санагдсан.

Гэрээ, хүүхдүүдээ, нөхрийгөө их санасан. Жүжигчдийг нэг жижиг байшинд хамт­даа байхыг зөвлөсөн болохоор бид тэнд амьдарч, хоолоо хийж, Буддын шашны бя­салгал маягийн дасгал хийн тайвширдаг байлаа.

-Энэ кинонд та ээжтэйгээ муу харилцаатай охины дүр бүтээсэн. Харин амьдрал дээр ээжтэйгээ ямар харил­цаа­­тай байдаг вэ?

-Миний ээж бол үлгэр дуу­риаллын амьд жишээ. Ээж минь үргэлж л ажил­­лаж, ямар ч ажлаас хойш суу­даггүй хөдөлмөрч хүн. Хүүхдүүдээ зэмлээд байх­гүй. Ээжийнхээ ачаар би зорьсондоо хүрч чадсан. Жүжигчин боло­хоос хал­ширч, гэртээ харимаар са­наг­­даад ярихад намайг зориг­жуулж чаддаг байсан юм. Гэхдээ хүн хэн нэг­нийг дууриах хэрэг­гүй. Өөрийн­хөө­рөө байх нь дээр. Өөрийгөө нээж олох нь чухал.

-Таныг хүнтэй хэрэлд­дэггүй, ха­раал, муухай үг огт хэлдэггүй гэж сонссон...

-Тийм болохоор надад зарим дүр бүтээхэд хэцүү байдаг. Учир нь янз бүрийн зан гаргах хэрэгтэй болдог. “Эрин Брокович” кинонд тоглох үеэр най­руулагч С.Содерберг надад “Жулия хэрүүл хийхдээ бит­гий ичээд улайгаад бай. Ямар ч үнэмшилгүй харагдаад бай­на” гэхээр би “Хичээе” гэдэг байсан.

-Хүүхдүүд тань таныг супер од Жулия Робертс гэдгийг мэдсэн үү?

-Тэд бага багаар мэддэг болсон. Хэзел охин минь бүр их сонирхож, янз бүрийн юм асуудаг. Би тэр бүрт зөв хариулж чадахгүй. Жишээ нь “Ээж ээ, таныг алдартай гэдгийг Донни мэдэх үү” гэнэ. Миний хам­гийн сайн найзыг хэлж байгаа юм. Би “Мэдэх байх аа” гэхээр “Та өөрөө хэлсэн юм уу” гэх мэтийн зүйл асуу­даг.

-Тоглосон киногоо хүүх­дүүддээ үзүүлдэг үү?

-Бид “Capitan Crook” киног саяхан хамтдаа үзсэн. Тэд анх удаа дэлгэцээр на­майг харсан. Үүнээс өм­нө хүүхдүүд минь сониуч асуулт асуудаггүй байсан юм. Одоохондоо тэд жаахан байгаа болохоор тог­лосон киногоо үзүүлэхийг хүсдэггүй. “Цасан цагаан” киног өн­гөрсөн онд гарахад ан­гийн­хан нь үзээд тэдэнд ярьсны дараа яагаад үзэхийг зөв­шөөрөхгүй байгааг надаас асуусан. Би “Ээж нь хөөрхөн Лили Коллинзийг алгадаад, үснээс нь зулгааж байгааг та нарт харуулмааргүй байна” гэж хариулсан.

- Залуу насандаа эргэн очиж чаддаг байсан бол юу хийх байсан бол?

-Хэлж мэдэхгүй байна. Юуг хийж чадаагүй үлдээсэн бэ гэж бодож байгаагүй. Миний жүжигчин болсон үе одоогийн интернэт хөгжсөн үеэс огт өөр. Би хайртай үеэл Эммадаа хүртэл сайн зөвлөгөө өгч чаддаггүй. Түү­нийг манайд ирэхээр амттай хоолоор дайлаад тэвэрч унтах дуртай. Хэлж чадах зүйл гэвэл чин сэтгэлээсээ амжилт хүсье л гэнэ.

Эх сурвалж: