sonin.mn

“Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнхтэй ярилцлаа

-Мэргэжлийн хяналтын газар үйл ажиллагаандаа нэлээд өөрчлөлт хийж, шинэ арга барилаар ажиллаж байгаа гэсэн. Энгийнээр бол хүнд сурталгүй болох нь гэж ойлгож болох уу?

-Миний хувьд 2013 оноос эхлүүлсэн мэргэжлийн хяналтын байгууллагын шинэчлэлийн бодлогыг аль болох тууштай үргэлжлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Өмнө нь байсан алдаа дутагдлыг аль болох засаж, залруулах, үйл ажиллагаа явуулахад олон жилийн турш чөдөр, тушаа болж, хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхийг зорьж байгаа. Өмнө МХЕГ гэхээр учиргүй том байгууллага. Тэгсэн хэрнээ хаалттай. Хэвлэлийнхэн ирсэн ч нэвтрүүлдэггүй. Дарга, удирдлагууд нь мэдээлэл өгдөггүй. Байцаагч нар нь юм ярихаар бол даргаас асууна гэдэг байсан шүү дээ.

-Тийм шүү?

-Харин одоо бол тийм биш. Улсын аль ч байцаагчаас тодруулахад өөрийнхөө хол­богдох хяналтын чиглэлээр нээлттэй ярьж байгаа. Зарим шаардлагатай зүйлсийг удирдлагын тодорхой зөв­шөө­­­рөлтэйгөөр өгдөг бол­сон. Ил тод, нээлттэй. Удирд­лагуудын хувьд ч гэсэн хэвлэлийнхэн, иргэний нийг­мийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааныхаа хүрээнд нээлт­тэй байх түншлэлийн арга хэмжээнүүдийг хийж байна.

Дээр хэлсэнчлэн ажил хийхэд хүндрэл, саад уч­руулдаг эртнээс ул­баатай дүрэм, журмууд бай­сан. Тэдгээрийг халахын тулд ажлын хэсэг байгуулан ажилласан. Тухайлбал ба­рилга обьектийн хяналт, шалгалтын зааг ялгааг тод­руулсан 57 дугаар ту­шаал гэж байсан. Шуудхан хэлэхэд мөнгөтэй, мөнгө­гүйгээр нь ялгасан гэх хардлага төрүүлэхүйц ту­шаал л даа.

Нэг ёсондоо жи­жиг обьектийг аймаг, нийслэл, дүүрэг шалгадаг. Харин гадаадын хөрөнгө оруулалттай эсвэл үндэсний томоохон үйлдвэрлэгчийнх зэрэг ихээхэн хөрөнгөтэй гэгдэх том обьектуудыг МХЕГ шалгадаг байсан юм. Тиймээс тэрхүү 57 дугаар тушаалыг цуцалсан.

Ингэснээр аймаг, нийслэл, дүүргийн мэргэжлийн хаяналтын газар, хэлтсүүд обьектийг бүгд нэг ижил түвшинд шалгана. Харин МХЕГ обьектийн шалгалт хийхгүй. Зөвхөн бодлогоо барьж ажиллах шинэ нөхцөл байдлыг бий болгосон.

-Засгийн газраас бай­гуул­сан ажлын хэсгийнхэн хэлэхдээ танай байгууллага замбараагүй зөвшөөрөл олгодог гэж байсан. Харин одоо бол ихэнхийг нь байх­гүй болгож байна уу?

-Ч.Сайханбилэг сай­даар ахлуулсан ажлын хэ­сэг дээр Мэргэжлийн хя­налтын газраас эхний ээл­жинд өгөгдсөн 88 тусгай зөв­шөөрлийн асуудлыг авч хэлэлцээд 44 болгосон. Сүү­лийн хэлэлцүүлгээр нө­гөө 44-ийгөө 17 болгож цөө­­рүүлсэн. Хүнсний бү­тээг­дэхүүний аюулгүй байд­лын тухай хууль болон хүнс­ний тухай хуулийн нэ­мэлт, өөрчлөлтийн зарим зүйл заалтаар энэ салбарт олгодог байсан 24 тусгай зөв­шөөрлийг цуцалсан.

Ингэснээр мах, сүү, өндөг зэ­рэг бүтээгдэхүүний анх­ны үйлдвэрлэл дээр л дүг­нэлт гаргана. Өөрөөр хэл­бэл анхлан үйлдвэрлэл эрхэлж байгаа нөхцөлд л мэргэжлийн хяналтын бай­гууллагаас ажлын байрны болон эрүүл ахуйн дүгнэлт авна. Бусад тохиолдолд үйлд­вэрлэгч, нийлүүлэгч, ху­далдаалагч өөрөө хүнсний бүтээгдэхүүнийхээ бүх шат дамжлагын эрсдлийг ха­риуцна гэж хуульд заасан.

Мөн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг хамгийн их чирэгдүүлдэг, ашиг со­нирх­лын зөрчил, авлигын асуудал үүсгэдэг хүнсний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд олгодог тусгай зөвшөөрлийн асуудлыг үнд­сээр нь байхгүй болгосон. Ингэснээр авлигаас ангид, ашиг сонирхлын зөрчилгүй, хүнд суртал, чирэгдэлгүй байх нөхцлийг бүрдүүлж байна.

-Хамгийн өргөн цар хү­рээтэй ажилладаг бай­гууллагыг толгойлж бай­гаа­гийн хувьд нэлээд ярвиг­тай салбарыг нэрлэ гэвэл?

-Дэд бүтцийн салбар. Монгол Улсад сүүлийн үед бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил маш өр­гөн хүрээтэй, хурдацтай явагдаж байна. Гэтэл нөгөө талаараа эрдэнэт хүний амь нас үрэгдэх тохиолдлууд гарч байгаа. Бидний өдөр тутмын амны уншлага болсон хөдөлмөрийн бо­лон техникийн аюулгүй байдал алдагдсаар байна.

Ингээд ч зогсохгүй тухайн байгууллага ажилтан, албан хаагчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ч энэ асуудал тухайн байгууллагаас ха­лиад гарчихлаа. Гудамжинд явж байгаа хүүхэд, кино үзэх гээд явж байсан залуу эсвэл зорчих хэсгээр ма­шинаа бариад явж бай­сан жолоочийн дээрээс тө­мөр унаад амь насыг нь хохироочихлоо.

Гэтэл энэ хөдөлмөрийн аюулгүй байдал, техникийн аюулгүй байдал, ерөөсөө ба­рилга, техникийн стан­дарт­чилал, норм, дүрэм, журмын хэрэгжилтийг хан­гуулах аюулгүй байдлын асуудал маань тухайн нэг байгууллага эсвэл төрийн эрх бүхий хяналтын байгууллагын асуудлаас давчихсан. Өөрөөр хэлбэл энэ асуудлыг бүх нийтээрээ анхаарах шаардлагатай болчихсон байна.

Тодруулбал тухайн барилга бай­гууламж барих гэж бай­гаа бол нийслэлийн Засаг дарга газрыг нь олгохдоо хяз­гаарлалтын бүс, хяналтын зурвас бусад аюулгүй байдлыг нь бодолцдог. Нийс­лэлийн ерөнхий төлөв­лөгөөний газар барилга эхлүүлэх зөвшөөрлийг өгөх­дөө аюулгүй байдал болон норм, дүрэм, журмын хэрэгжилтийг бүрэн хан­гасан нөхцөлд олгодог болмоор байна.

Түүнлчэн техникийн нөхцөл өгөгдсөн, зургийн хяналт хийгдсэн, эрх бүхий байгууллагын хяналтын процесс хийгдсэн ийм л тохиолдолд барилга эхлүүлэх зөвшөөрлийг нь өгөх хэрэгтэй.

-Үндсэндээ төрийн бай­гууллагуудын хамтын ажиллагаа л хэрэгтэй юм биш үү?

-Тийм ээ. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо шаардлагатай. Мөн төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодын хяналтыг цуцлан гүйцэтгэх үйл ажиллагаа бидэнд их чухал. Манай байгууллага явцын хяналтыг төлөвлөгөөт байдлаар шалгалт хийгээд хоёр жил болж байгаа.

Энэ жилээс хяналтын шинэ механизмаар буюу урьдчилан сэргийлэх хяналт, тандалт судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийх байдлаар ажиллаж байна. Үүгээрээ бид хяналтыг илүү өргөн хүрээнд хийж, давтамжийг нь ойртуулна. Нөгөөтэйгүүр улсын байцаагч аливаа барилга байгууламжийг зөвхөн акт, албан шаардлагаар зогсоох биш зөрчлөө арилгатал нь тухайн байгууллагад ажиллах ёстой.

-Байгууллагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураад байдаг. Харин үр дүн нь хэр байдаг юм бол?

-Мэргэжлийн хяналтын байгууллагын хувь өмнө нь тодорхой байгууллагуудаар хязгаарлагддаг байсан юм билээ. Гэхдээ үр дүн нь тийм ч сайнгүй гарсан. Бид энэ жилээс боломжтой гэсэн бүх яам, агентлаг, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллахаар гэрээ байгуулж байна.

Миний хувьд ингэж гарын үсэг зурснаар цаасан дээр битгий үлдээсэй, нүдэнд харагдаж, гарт баригдах, бодит ажил болж, иргэдэд үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөл бололцоог хангахад чиглэгдээсэй хэмээн хи­чээж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага мэр­гэжлийн хяналтын үүргээ гүйцэтгэсэн шиг гүйцэтгэе гэсэн том зорилт тавьсан. Гүйцэтгэл нь дараа жилийн өдийд гарах байх.

-Ажилд тань чөдөр болоод байсан журмуудыг цэгцэлсэн гэсэн. Харин хүмүүсээ яасан бэ. Танай байцаагч нарыг хүнд суртал гаргаж, авлигад өртдөг гэж ирээд л цоллодог шүү дээ?

-Би ажлаа хүлээж аваад дөрвөн сар гаруй болж байна. Энэ хугацаанд аль болох авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, шударга ажиллахыг нэгж, удирдлага бүрт хэлж, ярьж, үүрэгдэж байгаа. Хүн хэлэхээс, цаас чичихээс нааш гэдэг шиг л. Гэсэн хэ­дий ч асуудал мэр сэр гарч байгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ч, олон нийтийн байгууллагууд ч хэлж, зар­лаж байгаа.

Өнгөрсөн онд л гэхэд 10 литр сүүнээс болж ажлаасаа халагдсан нэгжийн удирдлага байсан. Барилгын угсралт, үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагаас авлига авсан хэмээн шалгуулсан улсын байцаагчид ч байна. Аж ахуйн нэгж байгууллагаас хандив, тусламж аваад АТГ-т шалгуулж байгаа хү­мүүс ч бий. Энэ мэтчилэн асуудлууд байна.

Тиймээс бид үүнд үнэ­лэлт, дүгнэлт өгч сэтгэлгээнд нь өөрчлөлт хийхгүй бол зүтгэлд өөрчлөлт гарахгүй гэдэг үүднээс ажилтан, албан хаагчид руугаа хандсан соён гэгээрүүлэх, сэтгэлгээний өөрчлөлт хийх, хувь хү­ний хөгжлийг дэмжсэн сур­галтуудыг хийж байна. Гэхдээ энэ маань төдийлэн бүрэн дүүрэн арилгах асуудал биш.

Өөр юу хийх вэ гэдгийг удирдлагын түвшинд, хамт олны хү­рээнд, нийт системийн хэмжээнд авч үзэж байна. Нөгөөтэйгүүр үнэхээр ашиг сонирхлын зөрчил үүссэн, авлигатай холбогдсон хү­мүүстэй хатуу хариуцлага тооцож байгаа.

Үүнээс болж ажлаас халагдсан хүмүүс ч бий. Би өөрөө АТГ-т ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг шалгаад өгөөч гэж нэр бүхий 3-4 хүнийг албан тоот өгч шалгуулж байгаа. Зарим нь эхнээсээ тогтоогдоод, нөгөө хэсэг нь үндэслэлгүй гэсэн хариу албан бичиг ирсэн.

-Асуудалгүй хүмүүс нь хардлаа гээд даргадаа дургүйцэж байгаа даа?

-Бид АТГ-т өгч шалгуу­лахаас илүүтэйгээр хамт олон дунд нь төлөвшүүлэх ямар арга байж болох вэ гэдгийг судалж байна. Эсвэл ажлын байрыг нь сэлгэн байршуулах тушаалаа эр­гэж харъя. Нэг газраа удаан ажиллахаар бүх аж ахуйн нэгжээ таньдаг болоод хуйвалдаж, найзан дундаа ордог, хяналт шалтгалтын үйл ажиллагаа сулрах сөрөг үзэгдэл гардаг. Тиймээс ажлын байрны нөхцөл байдлыг нь харъя.

Мөн тухайн байцаагчийн ар гэр, үр хүүхэдтэй нь холбож асуудлыг авч үзэх шаардлагатай. Ар гэрийнх нь нөхцөл байдал ямар, өрхийн орлогын түвшин нь хэр вэ гэх зэргээр хүний нөөцийн хэлтсээрээ судалгаа шинжилгээ хийлгэж байна. Ер нь нийгмийн асуудлыг шийдэхгүйгээр авлигыг тас­лан зогсооно гэж байх­гүй. Тиймээс бүхий л арга хэм­жээг авахыг хичээж байна.

Үүний үндсэн дээр МХЕГ-аас санаачлан Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга болон ИТХ-ын дарга нарт хүсэлт тавьсаны хүчинд Найлах дүүрэг, Төв аймгийн нутагт 100 айлын 0.7 га эдэлбэр газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлүүлсэн. Харин одоо орон сууцны асуудлыг шийдэх талаар судалгаа явуулж байна.

Хэрвээ газрын асуудлыг нь шийдвэрлэчихвэл арил­жааны банкуудаар эхний хөрөнгө оруулалтын зээлийг авахуулах, дараа нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр барилгын компаниудтай хамтран ажиллаж, ажилтан, албан хаагчдын орон сууцны асуудлыг шийдвэрлье гэсэн судалгааны ажлууд яриа хэлцлийн түвшинд явж байна.

Аймаг орон нутагт асуудлыг тодорхой түвшинд шийдсэн. Тухайлбал Ховд аймагт 60 айлын орон сууц барьсан. Одоо Замын-Үүд хилийн мэргэжлийн хяналтын албанд ажиллаж байгаа 108 хүний орон сууцны асуудлыг шийдэхээр 120 айлын орон сууцны эхлэлийг тавьсан.

Өмнөговь аймагт төрийн бусад бай­гууллага, агентлагуудын салбар нэгжүүдтэй хамтарч орон сууцны асуудлыг шийд­вэрлүүлэх талаар ярил­цаж байна. Шадар сайдын эрхлэх хүрээний зур­гаан агентлагийн нэг учраас бусад агентлагийнхаа орон нутгийн нэгжүүдтэй хамтарсан байдлаар орон сууцны асуудлыг шийдвэрлье гэсэн зорилт тавьсан.

-Улсын байцаагч нар нэлээд дээгүүр эрхтэй байх. Түүнийг нь дагаад олон нийт төрийн өмнөөс хүн дарамталлаа гэж ихээр шүүмжилдэг. Энэ байдал ч алга болж байгаа гэж ойлгож болох уу?

-Маш том эрхтэй. Аж ахуйн нэгж, албан бай­гууллага үнэхээр хууль, стан­дарт зөрчсөн, хүний болон хүнсний аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал зэргийг зөрчсөн бол хаах, торгох, шийтгэх эрхтэй. Түүнчлэн хяналт шалгалт хийх обьектод чөлөөтэй нэвтрэх гэх мэт эрхтэй шүү дээ.

Гэхдээ шинэчлэлийн бод­логын концевц бол бусдад тусладаг, сэтгэлийг нь татаж ажилладаг, зөвлөдөг, тухайн байгууллагын хөгжлийг дэмждэг арга барил руу шилжих юм. Бид өнгөрсөн онд үүнийг хэрэгжүүлэх эхлэл болгон зөвлөн туслах үйлчилгээг нэвтрүүлсэн.

Ингэснээр олон аж ахуйн нэгж, иргэний талархлыг хүлээсэн. Нөгөө байцаагч нар чинь аашилж, загнадаг, айлгаж сүрдүүлдэг, торгож, хаадаг, дарамталдаг байдлаа больчихож гээд ам сайтай байгаа.

Ж.Нарангэрэл

Эх сурвалж: