sonin.mn

Бусдад буян хийнэ гэдэг юугаар ч хэмжигдэшгүй үнэт зүйл. "Дэлхий ээж уяхан" ТББ-ын тэргүүн С.Сэржмаагийн хувьд нийгмийнхээ сайн сайхны төлөө ихийг хийж бүтээхийн зэрэгцээ өдөр бүхэн бусдад буян болж яваа нэгэн аж. Тиймээс сэтгүүлч миний бие ийм нэгэн сайхан сэтгэлтэй эмэгтэйтэй тааралдсандаа олзуурхаж байлаа. Түүнтэй ярилцсанаа уншигч танаа хүргэе.

-Монголчууд хүнтэй уулзахдаа нутаг усыг нь асуудаг сайхан заншилтай. Та аль нутгийн хүн бэ?

-Намайг С.Сэржмаа гэдэг. Увс аймгийн Малчин суманд төрсөн. Ойн инженер мэргэжилтэй.Төв аймгийн Атрын САА-гаас ажил амьдралын гараагаа эхэлж байлаа. Төв шүүдрийн усаар цай чанаж ачийг нь хариулаагүй ч гэсэн дуурсах нэрээ бүтэн байлгаж цаашлаад үр аймгийн залуучуудын байгууллагад ажилласан. Энэ утгаараа би залуучуудтай ажиллах маш дуртай. Дараа нь Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгт сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн удирдлаган дор олон жил ажилласан даа.

-Хүн зөв явах, зөв алхам хийх нь аав ээжийн сургаалиас эхтэй байдаг шүү дээ?

-Тийм ээ. Аав маань арван хүүхдээ бүгдийг нь зөв сайхан өсгөж хүмүүжүүлж, бүгдэд нь дээд боловсрол эзэмшүүлсэн, нутаг усандаа нэр хүнд бүхий эгэл нэгэн байлаа.Тиймээс үр хүүхдүүдээ "Хүнд дандаа сайн сайн санаж, буян үйлдэж бай" гэж захидаг байсан нь надад өвлөгдсөн юм болов уу даа. Би дандаа л хүнд тусалж явах юмсан гэж боддог.

 

Аав маань жаргал зовлон ээжлэн байдаг энэ орчлонд хүн дандаа жаргаж явдаггүй, өөрөө өлсч байсан ч хүнд өгч сур, ингэж чадсан үедээ чи хүн чанартай хүн болжээ гэдгээ ойлгох болно. Тэгээд ч өглөг өгсөн хүнийг баялгийн дээд гэж үздэг. Энэ бол нэг ёсны буян гэж хэлдэг байсан нь санаанаас гардаггүй юм.

 

Ингэж аавын минь үр хүүхдээ гэсэн сэтгэлээр ярьж хэлж байсан сургаал үг бүр нь биднийг одоо ч гэрэлтүүлж явдаг байх аа. Тийм учраас хүн бүр эжий аавдаа шүүдрийн усаар цай чанаж ачийг нь хариулаагүй ч гэсэн дуурсах нэрээ бүтэн байлгаж цаашлаад үр удамдаа хүндлэгдэх үйл хэргийг өөрийнхөө хэрээр бүтээж яваарай гэж бусдад хэлэх байна даа.

-Сайхан юм бүхэн дэлгэрдэг гэдэг. Танай гэр бүлийнхэн ч мөн л тан шиг сайхан сэтгэл тээж явдаг байх даа?

-Миний ханийг Ч.Пэрэнлэй гэдэг. Өвөрхангай аймгийн хүн. Хөдөө аж ахуйн яаманд газрын дарга, сайдын зөвлөх хийж байсан. Одоо Монголын Тариаланчдын Холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Аав маань анх Пэрэнлэйг эцэг хүний нүдээр шинжээд " Энэ хүүгээс өө эрээд олсонгүй" гэж хэлж байсан цагаас хойш бид амьдралынхаа олон жилийг хамтдаа үдэж байна. Хоёр хүүхэд маань хоёул эдийн засагч мэргэжилтэй. Одоо ач зээ нараараа хөл хөгжөөн нэмсээр ам бүл олуулаа болоод байна.

-Таныг эмэгтэй хүнийхээ хувьд гэр орны, хүмүүнлэгийн их ажлын хажуугаар мэргэжлийнхээ ажлыг өөрийн хобби болгочихсон хийж явдаг гэж сонссон юм байна. Энэ талаараа дэлгэрүүлж ярихгүй юу?

-Би уг нь ойн инженер мэргэжилтэй хүн л дээ. Гэсэн хэдий ч тухайн үед нөхрөө дагаж Төв аймгийн сангийн аж ахуйд очсон болохоор мэргэжлээрээ ажиллах боломж байгаагүй. Түүнээс хойш мэргэжил нэгт найз нартайгаа хамтраад залуучуудад экологийн боловсрол олгох зорилгоор тасалгааны болон цэцгийн мандлын цэцэг тарьж үрслүүлэх аргыг зааж, нийслэлийн 10 жилийн сургуультай хамтран ажилласан.

 

Мөн Төрийн ордны урд талд савтай цэцэг байрлууллаа, Хэнтий аймгийн Баян-адрага суманд байгуулагдсан Монгол хатдын өргөөний урдах цэцгийн мандал, Баянзүрх дүүргийн  захиргааны шинэ байрны урд хийсэн цэцгийн мандал гээд дурдаад бүтээлч ажлууд олон бий. Мөн олон албан газарт тасалгааны цэцэг бэлэглэсэн дээ. Мөн энэ жил Дорнод аймгийн Мэнэнгийн отрядын хашаан дотор салхинаас хамгаалах зорилгоор шар хуайс тарьсан.

-Түүгээр ч барахгүй таны хүмүүнлэгийн ажил зөвхөн улс орондоо биш, хил дамнан түүчээлдэг гэх юм билээ?

-Миний хувьд болж л өгвөл бусдад тусалж юм хийх гэж оролдож байгаа залуучуудад урам өгч дэмжихийг хичээдэг. Аливаа тус багадаггүй. Би гадаадын орнуудад явж байхдаа засагчилж буй хүмүүсээс загасыг нь худалдаж аваад усанд нь тавьчихна. Торонд хийсэн шувууг нь худалдаж аваад тэнгэрт нисгэчихнэ. Энэ нь хэдийгээр хүн сонсоход хөнгөн юм шиг хэрнээ эрх чөлөө хамгаас чухал учраас өөрийн эрхгүй тэдний амьдрах хугацааг чадлаараа уртасгаж өгч байгаагаа миний сэтгэл гэж үздэг.

 

Энэ хүрээндээ 2012 оноос эхлэн "Дэлхий ээж Уяхан" ТББ-аа байгуулж Хилийн цэргийн анги нэгтгэлүүдээр явж эх орноо хайрлан хамгаалах сэтгэлээр ижий ааваасаа хол торгон хилээ манаж яваа эх орны хилчин хөвгүүдийг эхийн сэтгэлээр эргэж тойрох ажлыг ч мөн хийж байна. Тухайлбал 2013 онд эх орны хойд хилд болсон Алтанбулагийн 0101-дүгээр анги, Алтанбулаг боомт, хилийн заставт зочилсон бол мөн энэ онд өмнөд хил Замын - Үүдийн 0108-дугаар анги, Дорнод аймгийн хилийн цэргийн анги алдарт Мэнэнгийн талын, Монгол Улсын хошой баатар маршал Х.Чойбалсангийн нэрэмжит , байлдааны гавьяаны одонт домогт Халх голын отрядуудад ажилласан.

 

Бас Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангийн хилчид дайчидтай уулзан тэднийхээ дунд бужигнан хээрийн хоол хамтдаа идэж нэг цэргийг онцгойлон сонгож ээж аав, эмээ өвөө найз охинтой нь уулзуулах, гэнэтийн бэлэг барих гэх мэт олон талт ажлуудыг хийж ирлээ. Мөн сэтгэл зүйч багш нар лекц уншиж, урлаг уран сайхны тоглолт үзүүлдэг.

 

Цаашид зөвхөн цэргийн анги отряд гэлтгүйгээр бусад газруудаас сонгож авч үйл ажиллагааг нь сурталчлах ялангуяа хилийн цэргийн ахмад, дунд, залуу үеийг төлөөлөн гурван гэр бүлд батламж гардуулах, бэлэг дурсгалын зүйл өгөх, анги салбарын номын санд байгаль хамгаалах ,мод тарих арга туршлагын талаархи гарын авлага ном, сэтгүүл, CD бэлэглэх зэрэг хандивын ажлуудыг оновчтойгоор зохион байгуулна гэж бодож байгаа. Энэ мэтээр цаашип улам ихийг хийхийн төлөө зорьж явна.

-Одоо удахгүй монголын уламжллалт cap шинийн баяр боллоо. Та бас л бусдыг баярлуулна гэж бодож байгаа биз дээ?

-Баярлуулсаар л явна. Бусдад чадах чинээгээрээ тусалж үүнийхээ үр дүнд сэтгэл ханах нь дараа дараагийн үйл хэргийг бүтээх урам зоригийг минь хөглөж байдаг гэж би боддог. Өнгөрсөн жил Баянгол дүүргийн өндөр настан иргэдэд сэтгэлийн дэм хайрлаж гарын бэлэг гардуулсан.

 

Харин энэ жил Баянзүрх дүүргийн өндөр настнуудад гарын бэлэг гардууллаа. Хүн ер нь эцэг эх, ураг төрөл, найз нөхөд, уул усаа хайрлаад зогсохгүй өв уламжлал, түүх соёлоо ч мөн ирээдүй хойчдоо аль болох байгаагаар нь үлдээх хэрэгтэй гэж бодож явдаг даа.

Д.Нэргүй

Эх сурвалж: