sonin.mn
МУГЖ С.Жавхлан 2013 онд “Хамаг Монгол” төслийг санаачлан, амжилттай хэрэгжүүлж соёлын биет бус өвүүдийг хамгаалах ажилд чамгүй хөрөнгө оруулалт хийсэн. Харин тэрбээр ирэх онд уг төслийнхөө үргэлжлэл болгож “Дэлхийн Монгол” төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Түүнтэй төслийнх нь талаар ярилцлаа.
 
-“Хамаг Монгол” төсөл ам­жилттай хэрэгжиж өндөр­лөсөн. Тэр чинээгээрээ хүмүүст хүрч чадсан гэж бодож байна. Таны хувьд уг төсөл зорилгоо биелүүлсэн болов уу?
 
-Төслийн хувьд зорилгоо хангалттай биелүүлсэн. Одоо Монголд Халимагийн дууг дуулж байна. “FM” ра­­диогоор хүртэл Буриад дуу явах нь их боллоо. Энэ бүх зүйл уран бүтээл шиг харагдаж байгаа ч цаанаа маш үр дүнтэй ажлыг да­гуулж байгаа юм. Буриад залуус гэхэд монгол дууны хэв маягийг эх нутагтаа түгээн дэлгэрүүлнэ гэж байна.
 
Орос даяар монгол хэв маягийг түгээнэ гэж байна лээ. Энэ бүх зүйл нь соёлын харилцаанд маш чухал алхам болсон. Бид өвөг дээдсийнхээ ачийг хариулж, эх орондоо нэг ч гэсэн хэрэгтэй зүйл хийх ёстой. Тиймээс төслөө цаашид үргэлжлүүлнэ. Бидэнтэй ёс заншлаа хүндэтгэж, хайр­ла­даг залуус нэгдсээр байгаа.
 
 
-“Хамаг Монгол” төс­лийн ажлаар гадны ор­нуу­даар очиход хүмүүс хэр­хэн хүлээж авч байв?
 
-Би багаасаа Монголоороо омогшиж өссөн хүн. Миний ээж түүхч, аав маань зо­хиолч, яруу найрагч. Гал голомт, түүх ёс заншлыг маш их ярьж өгдөг хүмүүс байсан. Энэ их омогшлоороо эх орон гэдэг үзэл маань дэвэрч байлаа. Ер нь “Хамаг Монгол” төслийнхөө ажлаар маш олон ээж, аавтай уулзлаа.
 
Тувад явж байгаад мал­чин айлд ороход нэгэн ээж бид­нийг хараад бүр баярлаад уйлж байсан. Түүнчлэн “Бид үргэлж монголчууд руугаа цайныхаа цацлыг өргөдөг. Бид байнга л Монголынхоо заяаг их байг гэж боддог шүү дээ” гээд уйлж байсан ээж олон. Айраг, цагаа хоол хүнсээ бэлдээд биднийг угтаж авах хүмүүс ч байсан.
 
Халимагт явж байхад “Та бүгд их ачтай хүмүүс юм. Манайд очъё” гэх, дэлгүүрт яваад ороход ду­гаарлаж байснаа бидэнд зайгаа тавьж өгөх зэргээр хэр хэмжээгээрээ тухайн цаг үедээ нэмэр тус болохыг хичээж, их л дотно байсан. Ер нь биднийг их л санаж хүлээдэг хүмүүс байна лээ. Дэлхийн нөгөө бөөрөнд дайн болж байна. Тэгэхэд Хамаг Монгол бид нэг, нэгнээ гээд сэтгэлээсээ зүтгэж байна. Ингэж байгаа нь үнэхээр гайхалтай.
 
Өвөрмонгол ээж цай­ны­хаа дээжийг өргөхдөө “Мон­голын минь заяа бүтэн байг” гэж хэлдэг. Гэтэл бид тэд­нийг хужаа гэдэг. 6000 км замыг туулаад бид уулзаж, нэг дор цуглаж тоглолтоо хийж чадсан шүү дээ. Бага хаадын задрал болсон 1500 оноос хойш хамаг Монгол уулзаагүй байгаа юм.
 
Бүх хүн биднийг маш сайхан хүлээж авсан. Бүр Халимагийн Ерөнхийлөгч олон хүний өмнө гарч ирээд “Үүнээс хойш бид үргэлж хамтдаа байна” гэж хэлсэн шүү.
 
 
-Одоо шинэ төслийн тань талаар ярилцъя. Дэлхий да­хинд тарсан Монголын соёлын биет өвийг олж, цуг­луулахад чамгүй хугацаа орох байх. Нэг жилийн до­тор амжих болов уу эсвэл “Дэлхийн Монгол” төсөл цааш үргэлжлэх үү?
 
-Миний санаачилсан төсөл хэрэгжээд эхний шат нь дуусч дараагийнх нь “Дэлхийн Монгол” нэртэй боллоо. “Хамаг Монгол” төсөл соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, бие биеийнхээ соёлыг өнгийж харсан, тэр талын мэдлэгийг солилцсон төсөл болсон.
 
Тэгэхээр одоо биет өвөө цуглуулах ажлыг эхлүүлж байна. Алдагдсан, алга болсон соёлын биет өвийг цуглуулах их ажлыг ирэх онд багтааж амжуулна. Дэлхийг эзэлж байсан их түүхийн эзэн өвөг дээдсийн маань биет өв хаана явааг судалж Монголдоо авч ирэх зорилготой.
 
Мөн Монголд хувь хүмүүсийн гар дээр эд өлгийн зүйл олноороо байдаг юм байна лээ. Энэ бүхнийг нэгтгэж, бүртгэлжүүлж, хайрлан хамгаалах цаг бол­сон байна.
 
Харин энэ бүгдийг ирэх жил Чингис хааны мэндэлсэн өдрөөр ард тү­мэндээ дэлгэн харуулна. Гэхдээ үүнийг зохион байгуулахад маш их зүйлс хийх шаардлагатай. ГХЯ болон ССАЖ-ын яамтай хүртэл ажлын шугамаар хамтарч ажиллах байх.
 
 
-Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг шиг эхлээд эх орныхоо музейг үзэж биет өвийн бүртгэлийг хийх үү?
 
-Тэгэлгүй яах вэ эхний ээлжинд Монголынхоо бүх музейгээр явж соёлын биет өвийг бүртгэлжүүлнэ. Мөн соёлын биет өв хадгалдаг хувь хүмүүстэй ч уулзах төлөвлөгөөтэй байна.
 
 
-Эдгээрийг судлаад бүртгээд явж байхад хууль бус зүйлс илэрч магадгүй. Ялангуяа хувь хүмүүсийн эзэмшиж байгаа эд агуурс. Тэгэхээр энэ талаар хууль хяналтын байгууллагуудтай ярьж тохирсон зүйл бий юу?
 
-Төслийн судалгаа хийгдэж байгаа. Хэрвээ шаард­­лага гарвал мэдээж хуу­лийн байгууллагад хан­дах байх. Гэхдээ одоогоор тийм зүйл яригдаагүй бай­на. Бид соёлын өвөө, хам­гаалж байж хойшид түүх, соёлоороо бахархдаг болно шүү дээ. Ирээдүйдээ үлдээх хөрөнгө юм даа.
 
 
-Нэгэнт л миний өмч гээд гэртээ хадгалж байгаа зүйлсээ өгөх тал дээр соё­лын өв хадгалагч иргэд ямар бодолтой байгаа бол. Судалж үзсэн үү?
 
-Иргэд харин их нааштай хариулт өгч байгаа. Нэлээд хэдэн жилийн өмнөөс энэ тал дээр ажиллаж, чамгүй олон хүнтэй уулзсан. Ер нь энэ төрлийн эд зүйлийг хадгалж байгаа хүмүүс бидэнд үнэт өвөө өгөхдөө баяртай байна гэж бодож байгаа. Ямар бид хувьдаа авч байгаа биш. Улсын эзэмшил болгож байгаа болохоор хүмүүс их таатай хандаж байгаа.
 
 
-Ер нь ийм том төсөл хэрэг­жүүлэхэд төсөв мөн­гө нэлээд гарах байх. Ялан­гуяа дэлхийн улс, орнуу­даар явахад зардал их гарна. Эдгээрийг хэрхэн шийдэж байгаа вэ?
 
-Ер нь хүмүүс хэрхэн хүлээж авч, хэрхэн дэмжихээс их зүйл шалтгаална. Ямар ч байсан эхний байдлаар төсвөө гаргачихсан байгаа. Гэхдээ төр, засаг, холбогдох яам харж үзээсэй, бидний хийж буй ажлыг ойлгож, үнэлж дүгнээсэй гэж хүсч байна.
 
 
-Та бүхэн маш их су­далгаа хийсэн гэлээ. Тэгэ­хээр манай түүхтэй хол­­боо­той соёлын өвүүд хаа­гуур арай илүү байдаг бол. Эсвэл газар бүрт тарсан байдаг болов уу?
 
-Дэлхийн талыг байлдан дагуулж явсан. Тэр ч ут­гаараа соёл иргэншил, төрт ёсыг түгээн дэлгэрүүлж явсан гайхалтай ард түмэн. Тиймээс энэ хугацаанд үл­­дээ­сэн түүх, соёлын өв гэ­дэг бол хэмжээлшгүй их. Аме­рикт бол Чингис хаантай холбоотой соёлын эд, агуурс элбэг, бас Өвөрмонголыг нэрлэж болно. Түүнчлэн Япон ч гэсэн үүний салшгүй нэг хэсэг. Японд л гэхэд Ху­билай хааны анх барлаж хийсэн мөнгө байх жишээтэй. Тэр бүхнийг олж, хадгалах хэрэгтэй байна даа.
 
М.Санчир
 
Эх сурвалж: