sonin.mn
Дархан хотоос холгүйхэн хөдөөх нутгийн буйдхан газарт зуны ногоон бай­шинд хамаатны маань эгч нөхөр гурван хүүгийн хамт амьдар­даг байлаа. Ойр ха­вийн ай­луудаасаа хэмжээ­гээрээ ду­тахааргүй өргөн цэлийсэн ха­шаатай. Намайг бага бай­хын л хашаандаа хоёр улиас мод тарьж билээ.
 
Тэр хоёр улиас их со­нин. Олон  жил ургаж бай­гаа хэрнээ хашаанаасаа ер өндөргүй, дээ­шээ ургаж шальдаггүй юм. Жаахан байхад хамаагүй өн­дөр том мод мэт харагддаг бай­сан ч  жил ирэх тусам улам л намхраад байгаа юм шиг санагддаг байв.
 
Яг л ца­гаан цайлган сэтгэлтэй хамаатны маань Дуяа эгч шиг.  Тоодойсон хүрэн дээлтэй та­ван настай бор хүү аав­­тайгаа анх Дуяа эгчийнд очиж билээ. Тэр өдрөөс хойш жил дараалан төр­сөн гурван хүү­тэй нь тоглож, өдрийн уртыг өнгөрүүлдэг болов. 
 
Дуяа эгч хэзээний ном унших дуртай. Үнээгээ сааж бидэнд хоол хийж өгчихөөд зуны ногоон бай­шингийнхаа том орон дээр ном бариад хэвтээд өгнө. Тэгснээ үе үе инээд ал­даж,  хааяадаа нулимс нь ций­лэгнэж харагддагсан. 
Хожим намайг сэтгүүлч болно гэдгийг сонсоод эгч маань “Сэтгүүлчид бол жи­рийн хүн биш. Их л судалж, унших хэрэгтэй дээ. Эгч нь номын дуу сонссон бол шаггүй сэтгүүлч болох байсан юм шүү” гэж билээ. Харин намайг нэгдүгээр курсээ төгсөөд очиход “Сэтгүүлч гэж ямар хүнийг хэлэх вэ” гэх ерөнхий асуулт тавьж, гөжүүд занг минь хөдөлгөсөн юм.  
 
Үүнээс нь ч болсон уу яасан эгчтэйгээ уулзах минь цөөрсөөр нэг л өдөр сураг та­сарч холбоогүй болсон юм. Гэтэл түүнээс хойш дөрвөн жилийн дараа надад эгчээс минь захидал ирэв. “Миний дүүгийн ажил төрөл нь сайн уу. Эгч нь хүндээр өвдсөн. Зав гаргаад эгчтэйгээ ирж уулзаач” гэжээ. Гэвч тэр яа­гаад ч юм ямар өвчин тус­санаа бичсэнгүй. 
 
Сонсох нь ээ, өглөөхөн зүв зүгээр үнээгээ сааж бай­сан эгчийн маань бие гэнэт муудаж. Ингээд эр нөхрөөс нь эхлээд саахалт айлын эмээ хүртэл “түргэн” авч хөдөөгийн бараг бүхий л эмнэлгээр явж үзүүлсэн байна.
 
Онош нь тодрохгүй олон зовлон тоочин хоног хороо­соор эгч маань нэг л өдөр эмнэлэгт хэвтжээ. Тэр даруйд нь эд, эсийн шинжилгээнд оруулж, ул­маар ходоодны хорт хав­дартай болохыг нь мэдсэн байна. 
 
Хэдийгээр эгчид маань шаард­лагатай бүхий л эм­чилгээг хийл­гэсэн ч тусыг эс олов. Өдөр ирэх бүр бие нь улам л дордож, яс арьс болтлоо турсан эгчийг маань ердөө хагас сарын дараа эмнэлгээс гаргасан. Учир нь эмч нар түүнийг гуравхан сарын настайг нь хэлж, хав­дар нь бусад эрхтэнд тарх­сан гэх гашуун мэдээг дуул­гав. Эгч маань ч эмч на­рын хэлснээр удаагүй юм. 
 
Дуяа эгчийн нөхөр манайд хааяа ирэхдээ 20 гаруй жил ханилсан эх­нэрээ дурсан ярина. Тэрбээр жаахан халамцсан үедээ “Эгчийг чинь хар мэдээ аваад эмнэлгээс гарч явахдаа эмнэлгийн үүдэнд асгартал уйлахад нь их л өрөвдөж билээ. Түүнээс хойш амьд­ралынхаа сүүлийн мөчийг хүртэл дахиж нэг ч нулимс унагаагүй хатуу сэтгэлтэй эм” гэж ирээд эр хонгор нулимсаа үзүүлнэ. 
 
Харин эгчийгээ насан өөд болохоос нь хэд хоногийн өмнө би дүүгийн ёсоор эргэж очсон юм. Удаан уулзаагүй эгч маань өнөөх танил болсон зуны ногоон байшингийнхаа том орон дээр инээмсэглэсээр намайг угтав. 
 
Арван хэдэн жилийн тэртээ яг энэ өвчнөөр аа­выгаа алдсан би яах учраа олох­­гүй өмнө нь удаан гэгч нь сууж билээ. Эгч маань ч хэсэг чимээгүй хэвт­сэнээ “Би баргийн өвчинг тоодоггүй хүн дээ. Тэгсэн энэ муу хорт хавдар гэх гайх­лыг л барахгүй шиг байна” гэв. Яагаад ч юм эгчийн маань энэ үг “Чи бид хоёр сүүлийн удаа уулзаж байна” гэж хэлэх шиг болж, сэтгэл маань хоосон оргиод явчихаж билээ. 
 
Төд удалгүй эгч маань аавтай минь уулзахаар тэнгэрийн орон руу одсон дуулдав. Зуны ногоон байшин ч эзгүйрч, өнөөх хоёр улиас мод яагаад ч юм хатчихсан гэдэг. Гэвч юу юунаас илүү эгчийгээ энэ хорвоод байхгүй гэж бодохоор үгээр илэрхийлэхийн аргагүй гуниг төрөх юм.
 
Зуны ногоон бай­шингийнхаа том орон дээр ном уншингаа үе үе инээд алдах эгчийн минь дүр зураг одоо ч нүдэнд үзэгд­сээр. Ингэхдээ “Энэ хорвоод амьдрахад олон зүйл хэрэггүй, эрүүл явахад бүх юм болно” гэж аминчлан захисан үг нь хаа нэгтэйгээс сонсогдож, үлдсэн биднийгээ аюулт өвчнөөс сэрэмжлүүлэх шиг болно.  
 
Эгчийнхээ туулж өнгө­рүүл­сэн амьдралыг бодохоор хэлж ирдэг­гүй хийсч ирдэг өвчинд хэн хэн нь бэлэн баймаар. Ингэхийн тулд хүн өвдөхөөсөө урьтан эмнэлэгт хандаж, эмчид үзүүлж байх хэрэг­тэй ч юм шиг. 
 
Амьсгал ху­раах мөч хүртлээ хорт хавдар гэх аюулт өвчинтэй тэмцэж, цон­­хийж хар­ласан ца­райн­даа инээмсэглэл тод­руул­саар хор­воогоос явсан эгчийн минь амьдрал надад ийм л зүйлийг ойлгуулсан. 
 
Учир нь хүний биеийн эд эс байнга солигдож, хуучин эс үхэж улмаар да­­хин шинээр урган төл­жиж байдаг. Харин 25 наснаас эхлэн энэ хэвийн үйл ажиллагаа удааширч эд эсийн түвшинд хөгшрөл яваг­даж  эхэлдэг  байна.
 
Энэ л үеэс та бид­ний дотор хорт хавдраар өвчлөх магад­лалтай болдог аж. Үүнийгээ мэдэлгүй бид биед харш архи, тамхи зэрэг хортой зүйл хэрэглэж, хоол­ны буруу дэглэм нь биеийн эсэргүүцлийг сулруулж ул­маар хав­дар үүсгэх эрсдэ­лийг өдөөж өгдөг гэнэ.   
 
Өнөөдөр манай улсад 100 гаруй төрлийн хавдраар өв­чилсөн тохиолдол бүрт­гэгдсэн ч үүнээс элэг, ходоод, улаан хоолой, уушгины хорт хавдар нь 80 гаруй хувийг эзэлдэг байна. Гэвч энэ бүгдээс ходоодны хорт хавдар хам­гийн аюултай нь гэж хэлж болно.
 
Учир нь ходоодны өмөн­гийн эрт үед ямар нэгэн зовиур илэрдэггүй, харин хавдрын эд ургаж томорсны дараа хожуу үедээ доорх шинж тэмдэг илэрч, бидний хайртай хүмүүсийг чимээгүйхэн нэг нэгээр нь авч одсоор байна. 
 
Үүнд ямарч шалт­гаан­гүйгээр турах, хоолны дур­шил муудаж до­тор муу­хайрах, өтгөн хатаж хэв­лий аюулхай орчим өвдөх улмаар горойх болон цусаар бөөлжих зэрэг шинж тэмдгүүд баг­тана. Дээрх зовиур ил­рэх аваас яаралтай эмчид үзүүлж эмчилгээ хийлгэх шаард­лагатай гэд­гийг хүмүүс мэ­дэж байх хэрэгтэй юм билээ. 
 
Ингэж л бид хорт хавдар гэх хүн төрөлхтний чимээгүй тахлаас өөрийгөө болон өрөөл бусдыг бага атугай ч гэсэн хамгаалж чадах юм. Тиймээс өвдөхөөсөө урьтаж эмчид үзүүлж хэв­ших нь чухал байна. Өө­рөөр хэлбэл Их зохиолч Д.Нацагдоржийн “...Эрүү­лийг хүсвэл эмнэлгийг хүс...” гэдэг үгийг ямагт бодож, эрүүл мэндээ хайр­лаж явах хэрэгтэй шүү. 
 
Эх сурвалж