sonin.mn

 

Энэ өдрүүдэд дээрхийн гэгээнтэн Шри Шри Рави Шанкар манай улсад айлчилж буй. Тэрбээр өчигдөр Буянт-Ухаа спорт цогцолборт “Чакра крияа” буюу энергийн хүрдний төвийн бясалгалыг өөрийн биеэр удирдан явуулжээ. Шри Шри Рави Шанкар нь дэлхий дахинаа танигдсан оюун санааны багш, хүмүүнлэгийн тэргүүн гэгддэг.
 
 
Шанкар багш амьдрах урлаг олон улсын байгууллагыг 1981 онд үүсгэн байгуулсан, боловсролын болон хүмүүнлэгийн чиглэлээр дэлхийн 152 оронд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Энэ хүрээнд уншиж та бүхэнд бясалгал хийхийн ач тусаас хүргэж байна.
 
 
Бясалгал гэдэг нь анхны утгаараа сэтгэлийн соёл буюу сэтгэлийн хөгжил гэсэн утгатай үг аж. Энэ нь ямар нэгэн зүйлийн тухай бодож бясалгах гэсэн утга илэрхийлэхгүй. Бясалгалын маш олон арга байдаг бөгөөд ерөнхийд нь хоёр ангилдаг байна.
 
 
Эхнийх нь зориуд тусгай газар болох агуй, уул хад, ой, тусгайлан бэлдсэн өрөө тасалгаа, гэртээ сууж амьсгал болон биеийнхээ аль нэг хэсгийг анзааран мэдэрч байх. Аль эсвэл гаднын дуу чимээг анхааралтай ажиглан чагнах гэх мэт олон төрлийн бясалгал байх.
 
 
Хоёр дахь хэлбэр нь хүний хувийн амьдрал, ажил алба буюу өдөр тутмын хэвшиж заншсан биеийн болон бодол сэтгэлийн үйлдлүүдээ анхааралтай анзаарч, ухаарч мэдрэх аж. Энэ нь яг одоо юу хийж, бодож байгаагаа ухааран мэдэрч сурах юм.
 
 
Өөрөөр хэлбэл, хүн тухайн агшинд байгаагаараа байх буюу сэтгэлийн хөдлөлөө нуух гэж оролдох биш харин ухааран мэдэрч байх нь бясалгал аж. Үнэн хэрэгтээ хүмүүс яг одоо юу хийж байгаа, сэтгэлийн үйл ажиллагаагаа ухамсартайгаар анзаарч чаддаггүй байна.
 
 
Учир нь хүний бодол, сэтгэл нь болоод өнгөрсөн болон ирээдүй рүү байнга тэмүүлж байдаг гэнэ. Ер нь бясалгал нь дотоод ертөнцөд аялах боломжийг олгож, өөрийн сэтгэл оюунаа танин мэдэх үнэний ухаарлыг олгодог.
 
 
Мөн дотоод ертөнцөд далд нуугдаж буй эерэг шинж чанаруудыг нээн илрүүлэх, түүнийгээ ашиглахад туслах, мөн бие хүний зан төлөвийг хөгжүүлэх боломжийг нээж, улмаар амьдралд хандах шинэ хандлага төлөвшлийг бий болгодог байна.
 
 
Өдөр бүр багахан хугацаанд бясалгал хийж өнгөрөөх нь тархины үйл явцад сайнаар нөлөөлөөд зогсохгүй, дотоод сэтгэлийн амар амгаланг мэдэрч оюун бодлын хязгааргүй орон зайд чөлөөтэй дүүлэн нисч бодлын хүч нэмэгддэг хэмээн тодорхойлсон байдаг.
 
 
Тэрхүү багахан хугацаанд гадаа болж буй бүх чимээ шуугиан, асуудал бухимдал гэх мэт стресс өгдөг хүчин зүйлсийг мартаж өөрийн дотоод ертөнц болох анир чимээгүй атлаа хүчирхэг газар очиж, тархиа амраан сайн сайхныг мэдэрч чаддаг байх дадлыг эзэмшиж чадвал бид амьдарч буй орчин тойрноо сайн сайхнаар харж сэтгэл хангалуун амьдарч чадах аж.
 
 
Бясалгал хийхэд ямар нэгэн өвөрмөц дадал зуршил, шинэ содон зүйл шаардагдахгүй бөгөөд хамгийн гол нь тухайн хүн бясалгал хийх чин сэтгэлтэй байхад л хангалттай. Бясалгал хийж байх зуур тархинд маш өвөрмөц эерэг энерги бий болдог байна.
 
 
Энэ энерги ой санамж, цээжлэх чадварт сайнаар нөлөөлдөг болох нь шинжлэх ухаанаар тогтоогдсон байна. Бясалгагч хүмүүс аливаа зүйлд хандах хандлага нь тайван, анхаарал сайтай, мөн мэдрэмтгий байдаг аж.
 
 
Дөнгөж бясалгал хийж эхэлж байгаа бол хамгийн хялбар аргаас сонгож амьдралдаа дадал болгох шаардлагатай гэнэ. Гэртээ бясалгал үйлдэхийн тулд бясалгалд зориулсан цэвэр цэмцгэр суудал бэлтгэхэд л хангалттай.
 
 
Өдөр тутмын хувийн бясалгал үйлдэхдээ аль болох ганцаар байхыг хичээх хэрэгтэй. Бясалгалын өмнө усанд орж, биед эвтэйхэн цэвэр хувцас өмсөх нь илүү ач тустай. Өглөө эрт амгалан тайван, аниргүй үед бясалгах нь хамгийн сайн бөгөөд өдөрт нэг удаа бясалгахад хангалттай аж.
 
 
Бясалгал үйлдэхэд нуруу цэх шулуун, бие сул чөлөөтэй байх шаардлагатай. Ингэснээр дотоод ертөнц аяндаа тохьтой зөв байрлал олох ба түүнийг хадгалж занших нь чухал юм байна. Зарим хүмүүс хэвтэж бясалгахыг сонирхдог ч, энэ нь зохимжгүй.
 
 
Хэвтээд бясалгах гэж оролдсон хүн нойр нозоорлын ертөнцөөр зорчиход хүргэдэг байна. Хэрэв өмнөө цэцэг тавин, зул барьж, хүж уугиулбал илүү төгс бясалгал болдог аж. Хүжний анхилам үнэр ариусал, урам зориг өгч, дотоод баялгийг арвижуулж, бадамлах зулыг харахад улам өөдөө асч буй тэмүүллийнхээ дөлийг дотоод гүндээ мэдрэх боломжтой юмсанж.
 
 
Зөв амьсгал нь бясалгалд тун чухал үүрэгтэй. Амьсгал авахдаа аль болох аажуухан, удаан амьсгал авах хэрэгтэй. Тэгээд амьсгал гаргахдаа амьсгал авснаасаа ч удаан гаргахыг хичээх хэрэгтэй. Амьсгал авах бүрдээ асар их амгаланг биедээ буулгаж байна гэж төсөөлөх.
 
 
Амьсгал гаргахдаа дотроо болон эргэн тойрондоо байгаа тогтворгүй байдал, зовлон түгшүүрийг хөөж зайлуулснаа мэдрэх чухал юм байна. Мөн бясалгал нь аливаа муу зуршил, сөрөг бодол, мэдрэмж, үйлдэл зэргээс ангид байхад тусална.
 
 
Энэ нь ухамсарт үйл ажиллагаа, эерэг энергийн үр дүн бөгөөд эдгээр нь хүний хандлага, үйл хөдлөл, харилцан нөлөөлөлд сайнаар нөлөөлдөг байна.
 
 
Б.Цэцэгдэлгэр
 
Эх сурвалж: