sonin.mn

 

“Хүчит шонхор” захын павильоны сарын түрээс 250 мянган төгрөгөөс 1.5 сая болсон гэв  Өнгөрсөн жилүүдэд инфляцийн гол хүчин зүйл болж байсан махны үнэд дахин өөрчлөлт орж мэдэхээр болж байна.
 
 
Учир нь “Хүчит шонхор” захын лангуу, павильоны түрээсийн төлбөр сард 250 мянган төгрөг байсан бол энэ сарын 20-ноос захын удирдлагууд түрээсийг нэг сая төгрөг болгож гэнэт нэмэгдүүлэх шийдвэр гар­гасан байна.
 
 
Бодит байдлын талаар Мон­голын үйлдвэрчний эвлэлийн холбоо, “Хүчит шонхор” захын тү­рээс­лэгчид сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэсэн боловч тодорхой шалтгааны улмаас хойшилсон гэв. 
 
 
Энэ талаар МҮЭХ-ны Жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа хариуцсан үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Г.Дүгэрээгээс зарим зүйлийг тодрууллаа.
 
 
-Өнгөрсөн онд “Хүчит шон­хор” захын түрээслэгчид удирд­ла­гуудынхаа дарамтыг эсэргүүцэж жагсаал зохион байгуулж байсан. Энэ удаа тус зах дээр ямар асуудал үүсээд байна вэ?
 
-“Хүчит шонхор” захын удирд­лагууд түрээслэгчдийнхээ эрх ашгийг бүдүүлэгээр зөрчдөг, янз бүрийн байдлаар шахалт дарамт үзүүлдэг байдал гурван жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. 
 
 
Энэ удаагийнх бол махыг бөөн­дөж зардаг гадна талбайн па­вильоны түрээсийн үнийг дөрөв дахин өсгөж байгаатай холбоотой юм. Тодруулбал 250 мянган төгрөг байсан түрээсийг нэг сая төгрөг болгожээ. Түрээсийн төлбөрөө төлж чадахгүй гэсэн хүмүүсийг гар­гаж, оронд нь өөр хүн оруулж байна.
 
 
Намайг даваа гарагт очиход хоёр түрээслэгчийг гаргаад оронд нь хүн оруулсан байна лээ. Мөн нэг сая төгрөгийн түрээсийг бүрэн төлж чадахгүй, 750 мянган төгрөг тушаасан хүмүүсийн түрээсийг 1.5 сая төгрөг болгосон талаар түрээслэгчид хэлж байна. 
 
 
-Яагаад та бүхэн мэдээлэл хийхээсээ татгалзав?
 
-Нэгдүгээрт тус захын удирд­лагуудын үгийг сонсмоор байна. Ямар учраас ийм шийдвэр гар­гасан талаар бидэнтэй ярилцсан юм алга. Хоёрдугаарт энэ талаар ШӨХТГ, Нийслэлийн холбогдох газруудад албан бичиг хүргүүлсэн. Тэдгээр газар ямар арга хэмжээ авахыг хүлээж байна.
 
 
Түрээсийн мөнгөө бүрэн төлөөгүй гээд павильоныг маань лацадчихлаа Бодит байдал дээр асуудал ямар байгаа талаар сурвалжлахаар тус захыг зорилоо. Биднийг очих үед гадна талбайн мах бөөнддөг павильонуудын ихэнх нь хаалттай, цөөн хэд нь онгорхой байв.
 
 
Цоожтой павильоны үүдэнд сандал тавиад тухалсан хоёр гурван хүн дээр очлоо. Тэдгээр хүмүүс түрээсийн мөнгө болох нэг сая төгрөгөө өгч чадаагүй учраас павильоноо нээж чадахгүй байгаа гэнэ. 
 
 
Ингээд тэдгээрийн нэг н.Оюун­болд гэгчтэй цөөн хором ярилцлаа. 
 
-Та яагаад павильоноо нээхгүй байгаа юм бэ?
 
-Бид өмнө нь байгуулсан гэ­рээнийхээ дагуу 250-300 мянган төгрөгийн түрээс төлдөг байсан. Гэтэл өнгөрсөн бямба гарагаас шууд нэг сая төгрөг болгох шийдвэр гарч, мөнгөө нэхэж эхэлсэн. Мөнгө өгч чадахгүйг нь гаргаж, өөр түрээслэгч оруулах маягаар удирдлагууд ажиллаж байна. 
 
 
Миний хувьд 750 мянган төг­рөг тушаасан. Гэтэл “Яасан их шийд­вэр зөрчдөг юм бэ” гээд 750 мянган төгрөг төлсөн хүмүүсээс 1.5 сая төгрөг авах шийдвэр гаргаад павильоныг минь лацадчихлаа. 
 
 
-Танай удирдлагууд түрээсийн гэрээ байгуулахдаа Үйлдвэрчиний эвлэлд оролцохгүй байх, телевиз сонинд ярилцлага өгөхгүй байх гэх мэт дарамт үзүүлдэг гэсэн. Энэ үнэн үү?
 
-Үнэн. Чамд энэ хавиар ярилц­лага өгөх хүн бараг олдохгүй. Хэрвээ өгчих юм бол маргааш хөөг­дөх магадалтай учраас тэгж байгаа юм. Мөн гэрээгээ бай­гуу­лахдаа балын харандаагаар гарын үсэг зуруулдаг. Хэрвээ эздэд таа­лагдахгүй бол баллуурдаад өөрчлөх нөхцөл бүрдэж байна шүү дээ. 
 
 
Бид болохгүй бол “Нарантуул-2” руу нүүнэ
 
“Хүчит шонхор” захын үйлд­вэрчний эвлэлийн тэргүүлэгч Г.Энх-Амгалан
 
 
-Та бүхэн ингэж өндөр үнэтэй түрээс төлж байхаар өөр газар хайж болдоггүй юм уу?
 
-Зах зээлийн нийгэмд шилж­сэнээс хойш махны наймаа эр­гэлдүүлсэн бидэнд хувиараа юм хийхээс өөр өөдтэй ажил олдохгүй нь мэдээж. Тиймээс л энд хэрүүл уруул хийн байж ажлын байраа авч үлдэх гэж үзээд байна. 
 
 
Өнгөрсөн жил намайг хэвлэл мэдээлэлд ярилцлага өглөө гээд миний лангууг сар лацтай нь байл­­гасан. Би шүүхдэж байж лан­гуугаа нээлгэсэн. Нөхөн төлбөр авах гэхээр миний дансны хар дэвт­рийг шүүхийн байгууллага авч хэлэлцээгүй юм. 
 
 
-Өөр зах дээр лангуу олдохгүй юу?
 
-Манай захаас өөр захуудад яг ийм м.кв-тай павильонууд хямд­хан байдаг. Тухайлбал манай хойно байгаа “Нарантуул-2” захын па­вильоны сарын түрээс 200, лангуу нь 100 мянган төгрөгийн үнэтэй юм билээ. Тэр зах дээр биднийг хүлээж авах павильон байхгүй. Харин талбай байгаа. 
 
 
Хэрвээ манай удирдлагууд энэ дарамтаа зогсоохгүй бол бид “Наран туул-2” зах руу нүүх бо­долтой байгаа. Өмнө нь энд асуу­дал гарснаас болж манай зарим түрээслэгчид хойд зах дээр очсон. Тэд өнөөдөр хямдхан түрээс төлөөд амар тайван ажлаа хийж байна.
 
 
Энэ байдлаар павильоноо лац­дуулсан иргэд ихэд бухимдалтайгаар түрээсийн үнэ нэмэгдүүлсэнд дур­гүйцлээ илэрхийлж байв. Бид ямар шалтгаанаар тү­рээсийн үнийг нэмэгдүүлснийг тод­руулахаар “Хүчит шонхор” захын удирдлагуудтай уулзах гэсэн бо­ловч захиргаанд нь нэг ч хүнгүй, үүд нь цоожтой байлаа.
 
 
Тус захын түрээслэгчид бүгд түрээсийн үнэ өссөнд дургүй бай­гаа биш бололтой. Дарга нараа өмөөр­сөн хүмүүс бас байна. Тэдгээр хүмүүсийн хэлж байгаагаар “Хүчит шонхор” захын захирал Т.Сайнхүү нь нэг павильон дээр хэдэн ч хүн мах худалдаалж болно. Бүгд нийлээд нэг сая төгрөг төлөх ёстой гэсэн байдлаар гэрээ хийхээр болсон гэнэ. 
 
 
Харин павильоноо лацдуулсан иргэд эрс эсэргүүцэж байв. Учир нь нэг павильонд таван хүн мах зарахаар өдөрт олдог орлогоо тав хуваана гэсэн үг. Тэр мөнгө нь амьдралд нь хаанаа ч хүрэхгүй гэдгийг хэлж байлаа.
 
 
Задарсан иргэдэд төрийн байгууллагууд ямар хариуцлага тооцох бол  Уг нь тус захын газар нь тө­рийн өмч атал түрээслүүлж, үйл ажиллагаа явуулдаг эзэд нь хэтэр­хий нэг талыг баримталсан гэ­рээ байгуулдаг гэнэ.
 
 
Тухайлбал, түрээс­лэгчидтэй хууль бусаар харь­­­цах, шударга үнэн асуудал тавь­сан түрээслэгчдэд ажлын байр­­­ны болон сэтгэл санааны да­рамт үзүүлж, нэр хүндэд нь халд­даг аж.
 
 
Захын түрээслэгчдийн үйлд­вэрчний эвлэлийн хорооны дарга, тэргүүлэгч, гишүүд эрх аш­гийнхаа төлөө хууль ёсны асуу­дал тавихад гүжирдэж, шүүх цагдаагийн бай­гуул­лагад үндэс­­лэлгүй нэхэмж­лэл гаргах, аж­лын байрыг нь хааж лац­дах зэрэг дарамт үзүүлж, хөдөл­мөрч­дийг ноцтой хохироож байгаа үйлдэл нь нэг удаагийнх биш. 
 
 
Түүнчлэн захын түрээсийн үнэ тогтвортой бус байдгаас гадна өглөө 07.00-07.30 цагийн хооронд түрээсээ авдаг, бага зүйлд торгууль тавьдаг, үндсэн түрээслэгчээс гад­на хамтран эзэмшигч, туслах ажилтнаас нь хүртэл түрээс авдаг байна.
 
 
Тэдний хэлж буйгаар зах дээр зогсож байгаа хүн ганцаараа зог­сох боломжгүй аж. Заавал зөөж, тээвэрлэх хүн хэрэгтэй бай­даг. Мөн хамтран эзэмшигчээс ту­хайн лангуу павильонд зогсдог, зогсдоггүй хамаагүй түрээс авдаг байна. 
 
 
Түрээсийн үнэ ийнхүү огцом өсөх нь зөвхөн “Хүчит шонхор” захын удирдлагууд, түрээслэгч на­рын хоорондын асуудал биш. Үүний цаана нийслэлийн хүн амын хүнсний гол хэрэглээ бо­лох махын үнэ дор хаяж 500 төг­рө­гөөр нэмэгдэнэ гэдгийг түрээс­лэг­чид хэлж байна.
 
 
Бөөний үнээр зар­даг “Хүчит шонхор” захын “ченж” нараас махаа авдаг бусад захуудын худалдаачид үнээ нэг кг тутамд нь 500-гаас дээш төгрөгөөр нэмэх нь тодорхой. Цаашлаад ресторан, хоолны газ­рын хоолны үнэ, бусад мах махан бүтээгдэхүүний үнэ хөө­рөгдөх нь гарцаагүй. Тиймээс ШӨХТГ, нийс­лэлээс ямар арга хэмжээ авах нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.
 
 
Д.Баяржаргал
 
Эх сурвалж: