Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын Сансар, радио холбооны хэлтсийн дарга. Б. Отгончимэгтэй ярилцлаа.
-Энэ зун тоон системд шилжинэ гээд байгаа. Тоон систем гэж яг юу вэ?
-Өнөөдер телевизийн өргөн нэвтрүүлгийг олон янзын технологиор хүлээж авч байна. Тухайлбал кабель, IP TV, хөдөө орон нутагт DDSHTV-ээр телевизүүдийг үздэг. Тэд аль хэдийн тоон системд шилжээд дуу дүрсний өндөр чанартай гаргаж байна.
Гэтэл антеннаар хүлээж авдаг буюу захын гэр хороолол, зуслангууд, хөдөө орон нутагт сумын айлууд гэх мэт антеннаа тавиад үздэг айлууд орхигдоод байна шүү дээ. Тэдгээр аналогиор хүлээж авч байгаа хүмүүсийг тоон системд шилжүүлэх гэж байгаа юм.
Антеннаар хүлээж авч байгаа айлуудын зурагт ямар ч жирэлзээгүй, тунгалаг, IP TV шиг гардаг болно гэсэн үг. Америк, Япон, Европ, Хятад гэсэн дөрвөн стандарт байдаг.
Бид судалж үзээд хамгийн өргөн дэлгэрсэн Европ стандартыг сонгосон. Ерөнхийдөө дэлхийн улс орнууд аль хэдийн тоон технологи руу бүрэн шилжих зорилт тавиад эхнээсээ бүрэн шилжээд дууссан.
-Шууд бүрэн шилжих үү. Гадуур тоон системд шилжихэд аналогиор хүлээж авдаг зурагт гарахгүй болно гэсэн яриа байна?
-Асаах, унтраах гэж юм бий. Бид асаахад тодорхой хэмжээнд бэлэн болоод байна. Асаасны дараа эфирийн телевизүүд тоон технологийг хүлээж авах боломжтой болно хажуугаар нь аналогио давхар хүлээж авна. Бусад орны туршлагад бүгдийг нь шууд шилжүүлдэггүй.
Тэгэхээр зарим нэг суваг нь тоогоор зарим нь аналогиор явж байгаад аажмаар аналогийг бүрмөсөн зогсоодог туршлага бий. Бид 2014 оны долдугаар сарын 31 гэж яриад байгаа. Энэ хугацаа нь аналогио асаах өдрийг хэлээд байгаа юм.
Бүх орон даяар телевизүүд тоон системийг хүлээж авах боломжтой болж байна гэсэн үг. Гэхдээ аналогио бүрэн унтраахгүй. Тодорхой хэмжээнд нутаг орны хүмүүсийн 80-аас дээш хувь нь тоон системийг хүлээж авахад бэлэн болоход унтраана.
Өөрөөр хэлбэл аналоги нь унтраахгүй учраас аналоги дээрээ явж байгаа тодорхой сувгуудыг үзээд явах боломжтой. Тооныгоо үзье гэвэл зурагтаа солих шаардлагагүй. DVB-T2 гээд стандартыг хүлээж авах боломжтой бидний хэрэглэгчийн төхөөрөмж гээд байгаа set up box-ыг авахад болох юм.
-Set up box-ыг аль улсаас ямар үнээр оруулж ирэх вэ?
-DVB-T2 европын стандарт. Гэхдээ стандартын дагуу үйлдвэрлэсэн бол тоног төхөөрөмж нь хаанаас ч орж ирж болно. Энэ стандарт бол цэвэр дамжуулах төхөөрөмж станцууд дээрээ л тавьж байгаа. DVB-T2 стандартын телевизор гээд гарсан байна.
Түүнийг авчихсан бол set up box буюу хувиргагч төхөөрөмж ашиглахгүйгээр шууд хүлээгээд авчихна. Мөн DVB-T2 стандартын биш шинэ зурагт, хуучин зурагтаа ашиглаж болно. Ингэхийн тулд жижигхэн хувиргагч төхөөрөмж set up box-ыг ашиглана.
Үүний үнэ жил ирэх бүр буурч байна. 2014 оны долоодугаар cap гэхэд хэд болсон байхыг хэлж мэдэхгүй байна. Одоогоор функцээсээ хамаараад 20-иос дээш ам.долларын үнэтэй байгаа. Бид зах зээлд хамгийн хямд үнээр set up box-ыг тараах ажлыг давхар зохион байгуулна.
Тэгэхээр зурагтны хувьд сонголт бий гэсэн үг. Түүнээс заавал өөр зурагт авахгүй бол болохгүй гэдэг ойлголт буруу юм. Бид гэнэтийн шинэ юм хийгээгүй олон улсын жишгийг дагаж байна.
-Монгол орны бүх аймаг суманд станцыг нь байгуулах юм байна. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ. Аль хэр хөрөнгө мөнгөөр бүтэх вэ?
-Говийн бүсэд 100 вт, 50 вт, 20 вт-ын станц аль хэдийн 48-ийг суурилуулаад байна. Энэ жил дахиад 50 орчмыг суурилуулна. Бид 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцсон. Гэхдээ энэ хөрөнгө оруулалт улсын төсөвт бүрэн сууж чадахгүй байгаагаас болоод солих үйл явц удаан байгаа.
Тооцоолсноор мөнгө нь байх юм бол жилийн дотор буюу долдугаар сарын 31-ний дотор бүх аймаг, суманд суурилуулах боломжтой. Бид бүсчилсэн байдлаар хийж эхэлсэн. Говийн бүсээс эхлээд зүүн бүсрүүгээ дуусгая тэгээд төвийн бүсрүүгээ гэх мэтээр бүсчилсэнээр зохион байгуулалтаа сайжруулж байгаа юм.
Мөн энэ бүсэд тоон системд шилжсэн шүү гээд бага багаар асаагаад явж болно гэсэн үг. Бүрэн хамартлаа долдугаар сарын 31 гэж тооцоод байгаа. Яг үүнтэй адил радио бас тоон технологид шилжинэ.
Радиогийн хувьд одоохондоо зөвхөн Баян-Өлгийд суурилагдсан байгаа. Энэ бүрэн хэрэгжсэнээр сумын ойролцоогоос сонсогдож байгаад алга болчихдог нь арилж орон даяар хаана ч явсан радио сонсох боломжтой болно.
-Айлууд зурагтны хажууд set up box-ыг суурилуулна гээд байгаа. Үүнийг хаанаас авах боломжтой вэ?
-Гаднаас авчрах, өөрсдөө үйлдвэрлэх, зарах борлуулах нь нээлттэй эсэх талаар бодлогын хувьд тодорхой болгоно. Яг тоон системээ асаагаад хэрэглээд эхлэхээрээ зэрэг зохион байгуулаад явна.
-Төрөөс set up box авахад хямдрал хөнгөлөлт өгөх үү?
-Бас л бодлогын хүрээнд шийдэгдэнэ. Нийгмийн маш бага хэсэгт мэдээж урамшуулал байхыг үгүйсгэхгүй. Ерөнхийдөө шинэ технологиор өөрийнхөө юмыг сайжруулж байгаа болохоор нэг өрхөд 20-30 ам.долларын зарлага байх ёстой гэж үзэж байгаа. Гар утас, комьпютер шиг л технологийн хувьд шинэчлэгдээд явж байгаа шүү дээ.
-Одоо аналоги системээр хэдэн томоохон суваг цацагдаж байгаа. Тоон системд шилжсэнээр илүү олон суваг үзэх боломжтой болох уу?
-Радио давтамж гэдэг хязгаарлагдмал нөөц юм. Давтамжийн нөөц дэлхий нийтэд маш бага болчихсон. Шинэ технологи гарахдаа дандаа утасгүй холбоо ашиглаж байна. Тэр шинэ давтамж хоорондоо давхцахгүй байх ёстой. Аналоги дээр өргөн нэвтрүүлэг явахад өргөн давтамж ашигладаг.
Тоон системд шилжсэнээр тэр давтамж хэмнэгдэх юм. Аналогийн нэг суваг дамжуулж байсан давтамж дээр тоон системийн хэд хэдэн суваг дамжуулах боломжтой болно. Тэгэхээр цаана нь нөөц буюу давтамж нь суллагдаж байна гэсэн үг.
Суллагдсан зайн дээр шинэ технологи оруулж ирж, хэрэглэх боломжтой болж байгаа гэдэг утгаараа улс оронд маш их хэрэгтэй. Шийдэгдсэн юм биш зүгээр жишээ авахад LT гээд үүрэн холбооны дөрөвдэх үе гэгдэж байгаа технологийг оруулж ирэх боломжтой болно гэсэн үг.
Нөгөө талаас сувгийн тоо нэмэгдэх нь технологийн хувьд боломжтой болчихож байгаа юм. Гэхдээ хэдэн суваг байх вэ гэдгийг бодлогын хувьд хязгаарлахыг үгүйсгэх аргагүй шүү дээ.
-Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Хиймэл дагуул хөөргөлөө гэхэд ажиллах боловсон хүчин манайд хангалттай бий юу?
-Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 24-ний 131 дүгээр тогтоол гэж бий. Монгол Улсын үндэсний хиймэл дагуул Шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрөөр тандан судалгааны, холбооны гэсэн хоёр төрлийн хиймэл дагуултай болно гэж яриад байгаа.
Хиймэл дагуулаа 2016 оны эхний хагаст багтаад хөөргөнө гэсэн том амбицтай ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд маш олон ажил хийгдэж байгаа. Сансрын дагнасан хэлтэс буюу манай Сансар радио холбооны хэлтэс Монгол Улсад бий болоод ердөө нэг жил болж байна.
Өмнө нь ямар нэгэн төрийн байгууллага үүнийг хариуцдаггүй байсан. Бидний хувьд цөөхөн хүнтэй. Гэхдээ газрын станцыг ажиллуулах, удирдлага, хяналт хийх нь бидний ажил биш. Тусдаа төрийн өмчит ч юм уу компани бий болох ёстой.
Тэнд ажиллах хүний нөөц бол яг энэ хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдээд явах юм. Хиймэл дагуулын газрын станц 24 цагийн ажиллагаатай учраас ээлжээр 30 инженер ажиллах ёстой гэж үзэж байгаа. Тиймээс шинээр олон инженер бэлдэх шаардлагатай.
Хиймэл дагуулаа удирдах хянах гэдэг дээр бидний хувьд ямар ч туршлага байхгүй. Тэгэхээр хөтөлбөрийн сургалтын дагуу хуваарийн дагуу хүмүүсийг бэлдэнэ.
Мэргэжлийн сургууль төгссөн бол хоёр сарын курс, баклавраас нь эх-лээд сургах, магистр, докторт сургах, яг хэрэгжүүлэгч агентлагт нь ажиллаж байгаа хүмүүсийг менежментийн түвшинд нь сургах гээд маш олон ажил хийгдэж байна. Хүний нөөц бэлдэх боломжтой. Манай залуучуудын оюуны чадамж маш сайн байгаа нь батлагдсан.
-Яаж?
-Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Хиймэл дагуул бидний тэмүүлэл" нэртэй хиймэл дагуул бүтээж хөөргөх уралдаан оюутнууд дунд зарлаад, сургалтыг нь явуулсан. Энэ сарын 19-ний өдөр Яармагийн дэнж дээр зохиож бэлтгэсэн хиймэл пуужинг нь хөөргөсөн.
Ерөнхийдөө 400 метрт хөөрж байгаа юм. Үүнд долоон их сургуулийн оюутнууд маш сайн оролцсон. Бүх зүйлийг стандартын дагуу хийгээд нэмэлт төхөөрөмж суулгаад сая хөөргөөд буух хооронд нь удирдах ажлыг оюутнууд ямар ч эрсдэлгүй маш сайн хийсэн.
Тэгэхээр бид энэ чиглэлрүү явах юм бол ажиллах чадамжтай залуус хангалттай байгаа юм. Энэ тэмцээний гол зорилго энэ чиглэлрүү хүмүүсийн сонирхлыг татах байсан.
Тэмцээнийг үзээд ядахдаа таван хүүхэд ийм мэргэжилтэй больё гэсэн хүсэл эрмэлзэлтэй болох зорилготой. Яармагийн дэнжид хөөргөх үзүүлбэр тоглолтыг хийхэд 1000 гаруй хүн цугларч сумын наадмын хэмжээний юм болсон.
-Үндэсний хиймэл дагуулыг аль улсаас хөөргөх вэ?
-Хаанаас хөөргөх нь тодорхойгүй байна. Хөөргөдөг хэдхэн улс байдаг. Бид хэнээр үйлдвэрлүүлэх, хөөргүүлэх вэ гэдэг асуудлын хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард дэлхийн шилдэг гэсэн арав гаруй компаниудтай уулзалт, танилцуулга хийсэн. Компаниуд уулзалтад маш уриалгахан ирсэн.
Бүх том компаниуд ирээд илтгэлээ тавьсан байгаа. Хөөргөлтийн тал дээр Америк, Европ, Оросын томоохон компаниудтай уулзсан. Үйлдвэрлэгчээ сонгочихоод хөөргөх компаниа ярилцаж сонгодог.
Хэрвээ цаг хугацаандаа багтаад хиймэл дагуул хэнээр хийлгэх шийдвэр гарчих юм бол хугацаандаа багтаад хөөргөчихнө. Олон улсын жишгээр үйлдвэрлэх, хөөргөхөд гурван жилийн хугацаа ордог.
-Хиймэл дагуулын шууд худалдаад авчих бэлэн загвар байдаггүй юм уу?
-Ерөнхий модел, стандарт гэж байдаг л даа. Гэхдээ доторх нарийн хэмжээ нь зөвхөн Монголд зориулж хийж байгаа учраас цорын ганц байдаг. Олноор нь хийдэг юм байхгүй.
Тийм болохоор гурван жилийн хугацаа ордог олон улсын жишиг бий. Бид хиймэл дагуулаа 2016 оны эхний хагаст амжуулж хөөргөхөөр маш шахуу хөтөлбөртэй, өдөр хоног бүр графиктай ажиллаж байна.
Ж.Баярсайхан
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Естой ажлаа мэддэггуй, хуний амаар сонссоноо бууддаг хуухэн байна даа. Хэн нэгний сэтэрлэсэн ямаа биздээ.
манай монголчууд чадийшдээ гол нь юумаа хийх боломжоор нь бүрэн хангаад өгчихөө