sonin.mn

 

Хэдэн жилийн өмнө болсон хип хопчдын цугларалтын үеэр Женнитэй уран бүтээлээр нь эчнээ танилцаж байсан юм. Түүнийг нөхөд нь Монголын хип хопын “Загалмайлсан эх” хэмээн хүндэлдэг ажээ. Женнитэй амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
 
 
-Таны урлагийн нэр Женни. Эцэг эхээс хайрласан нэрээ танилцуулаач? 
 
-Миний нэрийг Б.Дуламсүрэн гэдэг. Хүмүүс намайг нэрээ голоод гадаад нэртэй болох гэж ядлаа гэж ярьдаг л юм. Гэхдээ би нэрээ голоогүй. Реппэр хүний хувьд сонсогдох байдал нь зохимжгүй санагдсан. Женни гэдэг нэрийг надад “Дайн ба энх” хамтлагийн Энхтайван ах өгсөн. Gennie гэдэг нь суу билэг, ген гэсэн утгатай. 
 
 
-Уран бүтээлийг тань сонсолгүй уджээ. Мэргэжлээрээ ажиллаж байгаа юм уу? 
 
-Би орон сууцны конторт машинист хийж байгаа. Хүмүүс намайг эрэгтэй хүний урлаг, мэргэжил сонгосон дээрээс нь эршүүд гэж хэлдэг. Энэ мэргэжлийг сонгоход бэр эгч маань нөлөөлсөн. Ажил хүнийг голдгоос хүн ажлыг голдоггүй гэдэг үг байдаг даа.
 
 
Одоо мэргэжлээрээ ажиллаад гурван жил болж байна. Уран бүтээлийн хувьд шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа. Хүмүүс намайг уран бүтээлээ хийхээ больсон хэмээн буруу боддог. Би уран бүтээлээ орхиогүй. 
 
 
-Тэгвэл шинэ цомгоор бут авах нь ээ? 
 
-Хичээж л байна. Цомог гаргах гээд өөрийнхөө дуунуудыг харсан чинь дандаа хамтын бүтээл байдаг юм байна. Тиймээс одооноос ганцаарчилсан уран бүтээл хийж байгаа.
 
 
Гэхдээ санхүүгээс болоод удааширч байгаа боловч намайг дэмждэг найз нөхөд, гэр бүлийнхнийхээ дэмжлэгээр энэ жилдээ багтаагаад цомгоо гаргачих байх аа. Зарим хүн мэдэх байх.
 
 
Би 2010 онд “Дайн ба энх” хамтлагийн Энхтайван ах, “Хэрээ” мюзикийн Мянганбаярын дэмжлэгээр “Монгол суу билэг” цомог гаргаж байсан. Гэхдээ Монголд албан ёсоор борлуулж чадаагүй юм. Мөн шинэ цомог гаргаач гэсэн сонсогчдынхоо хүсэлтийг сонсоод зориглоод үзэхээр шийдсэн.
 
 
Түүнээс гадна би “Mongolian bling” нэртэй Австралийн кинонд оролцсон. Кино Испани, Америк, Англи, Швед зэрэг улсад нээлтээ хийсэн юм билээ. Кино гарснаас хойш гадаад дотоодоос цомгоо гаргаач гэсэн санал ирэх болсон. Зарим нь тусалж дэмжье гэсэн санал хүртэл тавьсан шүү. 
 
 
-Австралийн найруулагч яагаад заавал Монголын хип хопчдыг сонгосон юм бол. Та түүнээс асууж байв уу? 
 
-Австралийн найруулагч кино хийхээсээ өмнө манай улсад ирээд хип хопын хөгжлийг судалж сурвалжилсан юм билээ. Түүнээс хойш хэдэн жилийн дараа Күйза, Жий, бас намайг сонгоод ардчилсан оронд хип хоп хэрхэн хөгжиж буйг сонирхсон гэсэн.
 
 
Миний “Хип хоп элемент” гээд дуу байдаг. Тэр дуундаа би хип хоп элементийг Монголын язгуур урлагтай холбоотой гэж тайлбарласан. Жишээлбэл, MC сүүл толгой холбодог нь дэмбээтэй, ертөнцийн гуравтай төстэй. Мөн breakdance гэхэд биелгээтэй адил.
 
 
Графикт буюу чөлөөт дүрслэх урлагийг манай эртний хадны зургийн олдворуудаас харж болохоор байгаа юм. Дээрээс нь хөөмий байна. Ямар нэгэн техник технологи ашиглаагүй хэрнээ гайхалтай дуу авиа гаргадаг нь битбокстой адилхан.
 
 
Ингээд бодохоор хип хоп манай урлагтай ойролцоо байгаа биз дээ. Дээрээс нь олон улсын наадамд оролцоод өөрийн эрхгүй Монголоороо бахархах сэтгэл төрсөн. Намайг Францын наадамд оролцож байхад Монголын дуучид, хип хопчдын талаар гадаадынхан мэдэж байсан.
 
 
Тэр үед Данийн залуус надаас “Татар” хамтлагийн тухай асууж байсан юм. Мөн 50 cent-ийн цомгийн цуглуулгад “Татар”-ын цомог бас байдаг гэж ярьж байсан. Францын наадам дуусаад нэг залуу надаас цомгийг маань худалдаж авсан. Тэр үед “Монгол хэл чинь хип хоп дуулахад зориулагдсан юм байна” гэж хэлж байсныг санаж байна. 
 
 
-Монголын хип хопчдод дисслэх /дуугаар дайралцах төрөл/ боломж хэр их олддог юм бол? 
 
-“Click click boom”, “Gangsta service” хамтран freestyle тэмцээн зохиодог. Ер нь манайд freestyle муу хөгжсөн. Цаг нь тулбал яах юм гэхээс би ч freestyle-даа муу. Бас “Реп дэмбээ” гэж зохиодог. Тэр нь надад таалагддаггүй.
 
 
Оролцож байгаа хүүхдүүд нь үгээ өмнө нь бичээд маргааш нь үрчийсэн цаасаа хараад өрсөлддөг. Ингэхээр хэтэрхий хэрүүлийн шинжтэй, нэг хэвэнд цутгасан юм шиг болдог. Тиймээс тухайн үед нь диссэлбэл илүү сонирхолтой амьд болно. 
 
 
-Танд олон раймын дэвтэр бий юу? 
 
-Надад раймын дэвтэр байдаггүй. Тэгээд үгээ зохиохдоо өмнө нь тодорхой цаг гаргаж суудаггүй. Тухайн мөчид нь аяа сонсч байгаад бичдэг. Тэгэхээр тогтсон хадгалсан зүйл байдаггүй дутагдалтай л даа. Харин одоо цомог гаргах гээд бэлэн болсон дуугаа нэг шинэ дэвтэр гаргаад бичиж байгаа. Сүүл толгой холболтыг райм гээд байгаа юм. 
 
 
-Хип хоп дуу дуулах хүсэлтэй охид бий. Гэхдээ тэд замын дундаас буцдаг. Харин Та одоо айлын эзэгтэй, хөөрхөн хүүгийн ээж болсон ч урлагтаа үнэнч байна. Энэ нь магадгүй Таны зорилго, хүсэл мөрөөдөл хип хоптой холбогдсон болохоор ийм байгаа юм болов уу? 
 
-Магадгүй дуртай ажлаа хийж байгаа учраас шантрах бодол төрдөггүй байх. Гэхдээ надаас өөр реппэр болох авьяастай охид олон байсан. Одоо ч байгаа. Гэхдээ боловсролоо дээшлүүлэх, гэр бүл болох, гэрийнхэн нь дургүйцсэнээс болоод энэ урлагийг орхиж байсан хүнтэй таарсан.
 
 
Тэр ч гэсэн амьдрал шүү дээ. Миний хувьд хип хоп амьдралын минь салшгүй хэсэг. Магадгүй Монголд хип хопчдыг хөгшрүүлээд байдаг болохоос гадаадад ид уран бүтээлээ хийж яваа хүмүүс нь 40 гаруй насныхан байдаг.
 
 
Энэ насанд амьдралыг харах өнцөг тогтворжиж үүнийгээ дагаад уран бүтээл нь чанарждаг юм шиг санагддаг. Тийм болохоор хөгшрөхөөрөө үглэхгүй ч залуусаа бэлтгээд явах байх гэж боддог юм. 
 
 
-Өнөөдөр ч гэсэн хип хопчид байгаа ч хулгайн ая гээд жижиг сажиг зүйлээс болоод үнэ цэнээ алдаад байна. Үзэгчдийг тэнэг гэж боддог ч юм уу зарим нь улайн цайм байдаг. Түүнээс нь болоод үзэгчдэд буруу сэтгэгдэл төрүүлэх нь цөөнгүй ажиглагддаг юм? 
 
-Олны танил биш, уран бүтээлийг нь сонсоогүй, чанартай дуу хийдэг бүлэг хүн бий. Тэд өөрсдийгөө дараад байдаг болохоос хэнээс ч дутахааргүй авьяастай. Бас бэл бэнчинтэй, ая, шүлгээ худалдаж авдаг нөхөд ч бий.
 
 
Ерөнхийдөө миний үеийг бодоход нийгэм нь ч өөрчлөгдөөд их сайхан болжээ. Техник технологи нь ч хөгжсөн байна. Бидний үед хэцүү байсан. Ихэнх нь хулгайн аятай байсныг нуухгүй. Учир нь ая хийдэг хүн ховор байжээ. Одоо залуус олон талын боловсролтой болоод хип хопыг монголжуу болгож байна. 
 
 
-Хип хоп урлагийг нийгмийн бурууг шүүмжилж хүмүүсийн үгийг хүргэдэг гэдэг утгаар нь нийгмийн эм гэж тодорхойлбол уран бүтээлчид нь эмч болно. Та эмчийнхээ үүргийг хэр гүйцэтгэж байгаа гэж боддог вэ? 
 
-Бид сэтгүүлчидтэй адилхан шүү дээ. Та нар бүтээлээ цаасан дээр буулгаж хоточ нохойнхоо үүргийг гүйцэтгэдэг. Бид урлагаар дамжуулж уран бүтээлээрээ нийгэмд юу болохгүй байна, юу болж буйг хүмүүст хүргэдэг.
 
 
Тэгэхээр бидний хүргэж байгаа хэлбэр, арга нь өөр болохоос зорилго нэг юм. Иймээс ч би хип хопыг сонгосон. Би зохиолын дуу дуулж чадахгүй. Харин зохиолын дуучид хип хопоор үглэж амжихгүй.
 
 
Бас хүн хүний үзэл бодол өөр байдаг учраас олон нийтэд хүргэж байгаа хип хоп дууны хүргэх мессэж хүртэл ондоо. Одоо ч гэсэн нэр төр хөөгөөд ганцхан хайрын дуу дуулаад гүйдэг дуучид байна. 
 
 
-Таныг Монголын хип хопын загалмайлсан эх гэдэг. Ер нь одоо Тантай диссэлчихээр хүн байна уу? 
 
-Загалмайлсан эх гэдэг нэр надад хүндэднэ гэж боддог юм. Одоогоор өрсөлдөөд байгаа хүн анзаарагддаггүй. Үнэхээр охид реп хийгээд гараад ирвэл би дэмжинэ. Огт танихгүй хүн намайг туслаад өгөөч, арга эвээ олохгүй байна гэж ч хүртэл ирдэг. Тэдэнд би чадахаараа тусалдаг. 
 
 
-Реппэр бэрээ хадмууд тань хэрхэн хүлээн авсан бэ? 
 
-Манай хадмууд их сайн хүмүүс байдаг юм. Миний уран бүтээлийг үзэж, надад олон зүйлээр тусалж дэмждэг. Заримдаа уран бүтээл хийгээд оройтох үе гардаг. Миний уран бүтээлийн хүрээлэл ихэвчлэн залуус байгаа ч манай нөхөр хадмууд их сайн ойлгодог. 
 
 
-Энэ жилийн “Universe best song” шоу нэвтрүүлэгт Дөлгөөн гээд реппэр охин оролцож байгаа. Та дуулахыг нь үзсэн үү? 
 
-Би Дөлгөөнтэй танилцсан. “S and I” хамтлагийн Мо ах Солонгост суралцаж байгаа. Тэнд суралцах хугацаандаа Дөлгөөн гэдэг охинтой танилцаж хуурай ах болоод олон зүйл дээр зөвлөж байсан гэсэн. Тэр нь энэ Дөлгөөн юм билээ.
 
 
Хүмүүс Дөлгөөнийг хүний хийсэн дууг дууриаж дуулж байгаа гэсэн. Тэгээд би Дөлгөөнд “Би чамаар бахархаж байна. Чамайг дэмжиж байгаа шүү. Гран-прийг нь аваарай гэж хүсэн ерөөсөн. Тэгээд чи цаашдаа уран бүтээлээ хийх юм бол өөрөө үгээ бичээд аяа зохиогоорой” гэж хэлсэн. 
 
 
-Та сэтгэл хөдлөлөө хэрхэн гаргадаг вэ? 
 
-Би их уйланхай шүү дээ. Баярлахаараа уйлчихна. Миний дэмждэг хөлбөмбөгийн баг гоол оруулбал бас л уйлчихдаг. Тэр болгоныг хараад өөрийгөө сэтгэл хөдлөл ихтэй гэж боддог. Ерөнхийдөө эршүүд, хээгүй, тодорхой хэмжээний өөртөө таарсан зарчимтай.
 
 
Миний дутагдалтай зан нь шунал багатай. Заримдаа шунал багатай болохоор хурдан хөгжихгүй байгаа юм шиг санагддаг. Гэхдээ өссөн орчин ч нөлөөлсөн байх. Би чинь өвөө, эмээгийн охин шүү дээ. 
 
 
-Өвөө эмээтэй өссөн гэж байна. Аав, ээж тань байдаггүй юм уу? 
 
-Ээж маань байдаг. Зах зээлийн үед наймаа хийгээд урагшаа хойшоо явдаг байсан. Тэгээд л өвөө, эмээ дээрээ өссөн хэрэг. Намайг ээж маань залуудаа гаргасан болохоор одоо ээжтэйгээ найзууд шиг л байдаг юм.
 
 
Эмээ маань урлагийн хүн учраас гадаад дотоод уруу явна шүү дээ. Өвөө маань 2002 онд бурхан болсон. Өвөө эмээгийнхээ ачаар өдий чинээтэй явж байгаа гэж боддог. 
 
 
-Та сүүлд “Аnemone” хамтлагийнхантай уран бүтээл хийсэн байна лээ. Хамтран ажилласан сэтгэгдлийг чинь сонсмоор санагдлаа? 
 
-Хөөрхөн ааштай охид байсан. Гэхдээ дуу, цомгийнхоо танилцуулган дээр миний нэрийг буруу биччихсэн байсан. Тэр нь надад их эвгүй санагдсан шүү. Мэдээж надтай хамтран ажиллахын өмнө судалсан л байх. Том, Жерри гэж байгаа юм шиг миний нэрийг бичсэн нь таалагдаагүй.
 
 
Б.Сэлэнгэ
 
Эх сурвалж: